Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/2022/00032

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол, Ард аюуш гудамж 00 байр, 00 тоот хаягт оршин суух, ******* овогт ****ын Г /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Peace Town хотхоны 00 давхар, 00 тоот хаягт байрлах, С ХХК /РД: /-д холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 51 860 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Д.Г нь 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр С ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан, гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 0 дугаар хороонд иргэн Б.Бүдийн захиалгаар баригдаж буй Cozy apartment хотхоны 0 блок, 00 давхрын нийт 13 444 м.кв талбайтай барилгын дотор цахилгаан, холбоо дохиоллын ажлыг хийж гүйцэтгэх, С ХХК ажлын хөлс төлөх үүрэг хүлээсэн. Тухайн гэрээний дагуу нийт 63 277 500 төгрөгийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд хариуцагч ажлын хөлс 51 860 500 төгрөгийг төлөхгүй зугтааж намайг хохироож байгаа тул хариуцагч С ХХК-иас ажлын хөлс 51 860 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчээс *********ХХК-ийн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй үйлчилгээтэй 221 айлын барилгын А, Г блокт С ХХК-ийн туслан гүйцэтгэгч иргэн Гын дотор цахилгааны ажлыг дүгнэсэн ажлын гүйцэтгэл /2019.05.26-11.01-ний өдөр хүртэл/ гэх 3 хуудас баримт, С ХХК болон Д.Г нарын хооронд 2019 оны 07 сарын 15-ны өдөр байгуулагдсан Цахилгаан, холбоо дохиоллын ажил гүйцэтгэх гэрээ 4 хуудас баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар болон баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэл Д.Гын хариуцагч С ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 51 860 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч хуулийн этгээдтэй байгуулсан гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсөө гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

Шүүх хариуцагчид нэхэмжлэлийн хувийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх хуульд заасан хугацаа олгосон боловч ирүүлээгүй ба шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Зохигчдын хооронд 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 3 дугаар Cozy apartment барилгад ажил гүйцэтгэгч Д.Г нь цахилгаан, холоо дохиоллын ажлыг 1 м.кв үнэ 18 000 төгрөг, нийт 13 444 м.кв талбайн ажлыг 241 992 000 төгрөгийг хөлсөөр 2019.07.15-2019.12.30-ны хооронд хийж гүйцэтгэхээр, захиалагч С ХХК нь гэрээний үнийн 50 хувийг бартераар, 50 хувийг бэлэн мөнгөөр төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-8-11/

 

Талуудын хооронд байгуулсан гэрээ нь эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хэрэгт *********ХХК-ийн Хан-Уул дүүргийн 0-р хороонд баригдаж буй үйлчилгээтэй  00  айлын барилгын А, Г блокт С ХХК-ийн туслан гүйцэтгэгч иргэн Гын дотор цахилгааны ажлыг дүгнэсэн ажлын гүйцэтгэл гэх баримтад нийт 63 277 500 төгрөгийн ажлыг гүйцэтгэсэн болохыг баталгаажуулан, захиалагч Х ХХК, гүйцэтгэгч С ХХК-ийн холбогдох этгээдүүд гарын үсэг зурж, тамга тэмдгээр баталгаажуулсан байна. /хх-5-7/

 

Дээрх баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч нь гэрээт ажлын тодорхой хэсгийг хийж гүйцэтгэсэн, ажлын үр дүнг хариуцагчийн өмчлөлд шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч гэрээт ажлыг гүйцэтгэж дуусах хугацаа болоогүй байхад буюу 2021 оны 10 дугаар сарын 11-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас үзэхэд талуудын хороонд байгуулагдсан гэрээ нь нэхэмжлэгчийн гүйцэтгээгүй үүргийн хүрээнд цуцлагдсан байна.

 

Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.2-т хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээг талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно. Талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүднээс гэрээний хугацааг үргэлжлүүлэх, сунгахыг шаардах боломжгүй нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх үндэслэл гэж үзнэ. гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг нь хийсэн хэмжээгээр нь хүлээн авсан болох нь баримтаар тогтоогдож байх тул гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэсэн ажлын хөлсийг Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-т Өөрөө гэм буруугүй, эсхүл хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал бий болсон бол ажил гүйцэтгэгч энэ хуулийн 355.4-т заасан нөхцөлийг харгалзахгүйгээр гэрээг хэдийд ч цуцлах эрхтэй. Энэ тохиолдолд захиалагчид учруулсан хохирлыг ажил гүйцэтгэгч нөхөн төлөх үүрэг хүлээхгүй, харин гэрээ цуцлахаас өмнө ажил гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнд захиалагч ямар нэгэн ашиг сонирхолтой байвал ажил гүйцэтгэгч гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсөө шаардах эрхтэй.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, няцаасан тайлбар шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсон ажлын хөлсний хэмжээг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.5, дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-иас 51 860 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Гад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 417 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 417 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ