Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 183/2022/00033

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 00 дүгээр байрны 00 тоот хаягт оршин суух, Боржигон овогт А О /РД: -ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, БУ-2 байрны 00 тоот хаягт оршин суух, Авга тайч нар овгийн Т Б /РД:/-т

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 0 дугаар хороо, Чингэсийн өргөн чөлөө, 27/00 хаягт байрлах А ХХК /РД:/ нарт холбогдох,

 

30 995 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М биелэн, хариуцагч Т.Б зайнаас оролцсон бөгөөд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа оролцож тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Б нь 2019 оны 07 сард надтай хэд хэдэн удаа уулзаж ...Б ХХК-тай барилгын зориулалттай арматур нийлүүлэх гэрээ байгуулсан. Арматур олох шаардлагатай байна. Хүлээн авагч компани арматур нийлүүлэнгүүт надад мөнгийг нь шууд шилжүүлэх гэрээтэй. Үнийн зөрүүгээс нэлээд ашиг олно. Танидаг төмөрлөгийн үйлдвэртэйгээ ярьж урьдчилж үнийг нь төлөхгүй арматур олж өгч туслаач... гэж гуйсан. Би түүний хүсэлтээр АХХК-ийн захирал Б.М-тай ярьж дараа төлбөрөөр арматур худалдан авахаар тохиролцсон. Уг тохиролцооны дагуу А ХХК-иас 2019 оны 08 сарын 18-ны өдөр тонн тутмыг 1 650 000 төгрөгөөр тооцон, нийт 30 195 000 төгрөгийн үнэ бүхий 4 төрлийн 18 тонн арматурыг 800 000 төгрөгийн тээврийн зардал гаргаж хариуцагч Т.Бт хүлээлгэн өгсөн. Т.Б үнийг худалдагч талд төлөөгүйгээс АХХК-ийн шаардлагаас арматурын үнэ 30 195 000 төгрөгийг миний бие хариуцагчийн өмнөөс төлсөн. Иймд хариуцагч А ХХК болон гүйцэтгэх захирал Т.Б нараас арматурын үнэ болон тээврийн зардал нийт 30 995 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие компанийг төлөөлж бус иргэнийхээ хувиар нэхэмжлэгчид зээлсэн мөнгөний оронд нэхэмжлэгчээр дамжуулан 2019 оны 08 сарын 18-ны өдөр 18 тонн арматур хүлээн авсан. Арматурыг Улаанбаатарт хүлээн авахад би өрөө тээврийн хөлс 800 000 төгрөгийг төлсөн. Анхнаасаа тухайн арматурын үнийг буцаан төлөх үүрэг хүлээгээгүй. Зээлсэн мөнгөний оронд авсан. Мөн тухайн үед арматур төмрийн тонн тутмын үнэ 1 650 000 төгрөг байгаагүй, 1 000 000-1 200 000 төгрөг байсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгчээс АХХК-ийн 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 21 тоот албан бичиг, 2020 оны 02 сарын 10-ны өдрийн А ХХК-ийн кассын орлогын ордер, 2019 оны 08 сарын 18-ны өдрийн АХХК-ийн зарлагын баримт, Хаан банк дах ********* тоот дансны дэлгэрэнгүй хуулга, арматурын тээврийн хөлсний бэлэн мөнгөний зарлагын баримт, Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А ХХК болон Б ХХК нарын хооронд 2019 оны 05 сарын 30-ны өдөр байгуулагдсан Бараа материал нийлүүлэх гэрээ, эд хөрөнгө хүлээлцсэн баримт, Бараа материал нийлүүлэх гэрээний дагуу тооцоо нийлсэн акт, А ХХК болон Б ХХК нарын хооронд байгуулагдсан 2021 оны 03 сарын 17-ны өдрийн эвлэрлийн гэрээ, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 19-ны өдрийн 183/ШШ2021/0000 дугаар Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж, эдгээр баримтуудыг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

 

Хариуцагчаас А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, А ХХК-ийн Голомт банк дахь 00 тоот дансны хуулга, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/000 дугаар шийтгэх тогтоолыг шүүхэд нотлох баримтаар өгсөн.

 

Хариуцагчийн хүсэлтээр нэхэмжлэгчтэй харилцсан зурвас, бичлэгт үзлэг хийсэн, Голомт банк дахь *********** тоот дансны 2019.07.01-2019.07.30-ны өдрийн хугацаанд хамаарах дансны хуулга, Хаан банк дахь ******** тоот дансны 2019.06.01-2019.09.31-ний өдрийг хүртэл хугацаанд хамаарах дансны хуулга, нэхэмжлэгч А.**********ын нэр дээрх харилцах, хадгаламжийн дансуудын 2019.05.01-2019.10.01-ний өдрийг хүртэл хугацааны дэлгэрэнгүй хуулга, эдгээр баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч А.О нь хариуцагч Т.Б, А ХХК нарт холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн 30 995 000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Т.Баас 23 002 000 төгрөгийг гаргуулан, 7 993 000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...А ХХК-ийн захирал Т.Бын хүсэлтээр АХХК-иас арматур төмөр зээлээр авч өгсөн. 18 тонн арматурын үнэ 30 195 000 төгрөг, тээврийн зардал 800 000 төгрөгийг хариуцагчийн өмнөөс төлсөн тул буцаан гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

2. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...хуулийн этгээдийг төлөөлж бус харин иргэнийхээ хувиар нэхэмжлэгчид зээлсэн мөнгөний оронд түүнээс 18 тонн арматур төмөр авсан. Арматурын үнийг төлөх үүргийг би анхнаасаа хүлээгээгүй. Мөн тээврийн хөлс 800 000 төгрөгийг би өөрөө төлсөн... гэж тайлбарлав.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хариуцагч Т.Б нь 2019 оны 08 сарын 18-ны өдөр АХХК-иас нийлүүлсэн 18 тонн арматур төмрийг нэхэмжлэгч А.Оаас хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй байна.

 

Нэхэмжлэгч А.О нь АХХК-д арматурын үнэ 30 195 000 төгрөгийг, тээврийн хөлс 800 000 төгрөгийг 1792 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Түвшинбатад тус тус төлсөн болох нь дансны хуулга, АХХК-ийн 2020 оны 10 сарын 20-ны өдрийн 21 дугаар албан бичиг, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн кассын орлогын ордер, бэлэн мөнгөний зарлагын баримтуудаар нотлогдож байна.

 

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулгаас үзэхэд 2019.06.12-2019.08.03-ны өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч Т.Б 6 удаагийн шилжүүлгээр нэхэмжлэгч А.От нийт 7 993 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч дээрх мөнгөн дүнд тооцон нэхэмжлэгчээс 18 тонн арматур төмрийг хүлээн авсан гэх хариуцагчийн тайлбар, өөрийнх нь ...арматурын тухайн үеийн ханш 1 200 000 байсан... гэх тайлбараар үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь 18 тонн арматурыг бусдын буюу нэхэмжлэгчийн зардлаар олж авсан гэж үзэх үндэслэлтэй. Мөн тээврийн зардал 800 000 төгрөгийг төлсөн гэж хариуцагч тайлбарлаж байх боловч тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар өөрийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь ...хариуцагчаас шилжүүлсэн 7 993 000 төгрөг нь өөр газраас авч өгсөн арматур төмрийн үнийг шилжүүлсэн. АХХК-иас авсан 18 тонн арматурын үнээс хасагдах ёсгүй... гэж тайлбарлаж байх боловч баримтаар нотлоогүй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж заасан.

 

Иймд нэхэмжлэгчээс арматурын үнэ болон тээврийн зардалд төлсөн 30 995 000 төгрөгөөс хариуцагчийн шилжүүлсэн 7 993 000 төгрөгийг хасч үлдэх 23 002 000 төгрөгийг хариуцагч Т.Баас гаргуулах нь зүйтэй.

 

Харин А ХХК эд хөрөнгийг бусдын зардлаар олж авсан, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцвал зохих этгээд гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул А ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

  

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Т.Баас 23 002 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 993 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 312 925 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 272 960 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ