Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхтуяа даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Х.Гүнжидмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Тугчин овогт Баттөмөрийн Очирсүрэнд холбогдох эрүүгийн 201707000069 дугаарын хэргийг 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат, 1994 оны 08 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Говь-Алтай аймгийн Шарга сумын Улаан туг багт оршин суух, аминдаа 1000 гаруй толгой малтай, өмнө нь ял шийтгэлгүй, 2014 онд сумын аварга малчин болсон, ДП94082018 регистрийн дугаартай, Тугчин овогт Баттөмөрийн Очирсүрэн гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Б.Очирсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цаг 20 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 8-3 тоот байрны гадна талд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Уугантунгалагыг зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./Яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Очирсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би тэр орой архи уугаад очоод уулзсан. Надруу дандаа хүүхдээ ав гэж мессеж бичдэг байсан. Би очоод хүүхдээ авья гээд тэрнээс болоод Нямкагийн гэрт очиж маргалдсан. Би толгойнд нь хүзүү, зүүн гарлуу нь цохисон. Хэвлийнд нь өшиглөөгүй. Тухайн үед архи уучихсан байсан. Хохирогчид 2.000.000 төгрөг төлсөн. Уугантунгалаг нь Хөгжил хорооллын тэнд байранд байдаг. Нямкагийнх Есөнбулагт байдаг. Уугантунгалагтай очиж уулзаад Нямкагийнд дагуулж очсон. Уугантунгалагтай өмнө нь үерхдэг байсан. Өмнө нь бид хоёр хамт амьдардаг, үерхдэг байсан. Нэг ирэхдээ над дээр худлаа хэлээд ирсэн байсан. Ээж нь тэр үед намайг цагдаад мэдэгдсэн байсан. Ээж нь надруу ярихад би учраа хэлээд би гэрт нь хүргэж өгсөн. Намар нь бид 2 нэг гэрт амьдарч байсан. Тэгээд надаас юм аа нуугаад худлаа хэлээд байхаар нь хамт амьдрахаа больсон. Нэг удаа би хоолоо хийх гээд мах гаргаад тавьчихсан байсан чинь тэр махыг хогийн саванд хийчихсэн байсан. Тэрнээс болж хэрэлдэж байсан. Надад худлаа хэлж, надаас юм нуугаад байхаар нь салсан. Хүүхэдтэй болсноо би мэдээгүй. Би хүүхдээ огт хараагүй. Өнгөрсөн 11 сард төрсөн байх. Намар энд ирэхэд нь нэлээн том гэдэстэй байж байсан. Хохирогчид учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь миний үйлдлийн улмаас учирсан гэж үзэж байна. Тэр өдөр Уугантунгалагтай унтаагүй. Нямкагийн эхнэрийн өвөрт нь орж унтсан. Анх удаа ийм хэрэг хийсэндээ харамсаж байна. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Дахин ийм хэрэгт орооцолдохгүй. Би ээжтэйгээ хөдөө мал малладаг. Нэг дүү маань оюутан, нэг нь 5 настай. Тийм учраас улсын яллагчаас оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. Энэ хэргийг маань хэрэгсэхгүй болгож өгнө үү. Би дахин ийм үйлдэл гаргахгүй гэдгээ амлаж байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч Б.Уугантунгалагын мэдүүлэг/хх 15-рт/, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт/хх 25-рт/, шүүгдэгч Б.Очирсүрэнгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг/хх 36-рт/ зэрэг баримтуудад,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хүсэлтээр: Хохирогчийн Говь-Алтай аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт/хх 47-рт/, хохирогчийн өмгөөлөгчийн хүсэлт зэрэг баримтуудыг шинжлэн судалж, үзлэг хийв.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

 

Шүүгдэгч Б.Очирсүрэн нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цаг 20 минутын үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Жинст багийн 8-3 тоот байрны гадна талд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Уугантунгалагыг зодож, бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Хохирогч Б.Уугантунгалагын хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн “... 2017 оны 04 дүгээр сарын 16-ны орой 23 цагийн орчимд манай байрлаж байгаа байрны цонхыг хүн нүдээд байсан юм. Тэгээд цонхоороо харсан чинь Очирсүрэн зогсож байсан. Тэгээд намайг гараад ир гэж хэлээд дуудахаар нь би гадагшаа гараагүй. Тэгсэн чинь Очирсүрэн цонх нүдээд байхаар нь хамт байр хөлсөлдөг Даваа гарч уулзахгүй бол цонх нүдээд хагаллаа шүү гэж хэлсэн. Тэгэхээр нь би гадагшаа гараад Очирсүрэнтэй уулзсан чинь Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн согтуу байсан...Очирсүрэнтэй Нямка гэдэг залуу хамт явж байгаад манай гэр рүү хамт явья гэж хэлсэн. Тэгсэн чинь би гэрээсээ явахгүй гэж хэлсэн. Тэгэхэд Нямка тэгэхгүй бол Очирсүрэн унтуулахгүй байна хамт очоод манай гэрт унтчихаач гээд гуйгаад байсан. Тэгээд би хамт Очирсүрэн Нямка нартай хамт гэр рүү нь явсан. Нямкагын гэрт очоод Очирсүрэн надад хандаад хамт унтчихья гэж хэлэхээр нь би унтахгүй гэж хэлсэн чинь Очирсүрэн намайг толгойн тус газарт цохиод үснээс татаад  нуруу болон гэдэс рүү цохиж зодсон. Тэгсэн чинь Нямка салгаж болиулсан. Очирсүрэн намайг зодохдоо миний гэдэс рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд би Нямкагын найз охин Лхагвасүрэнгийн өвөрт орж унтсан… Очирсүрэн 2015 оноос хойш хамт амьдарч байхаасаа эхлээд хардаад 3 удаа цохиж зодож байсан юм. Тэгээд би хамт амьдрах боломжгүй юм байна гэдэгээ ойлгоод 2016 оны 01 дүгээр сарын 10-наас хойш хамт амьдрахаа больсон юм…” гэх мэдүүлэг/хх 15-16-рт/,

Гэрч Г.Даваанямын хэрэг бүртгэлтэнд мэдүүлсэн “...2017 оны 04 дүгээр сарын 16-ны орой 21 цагийн орчимд манай гэрт Очирсүрэн ирсэн. Тэгээд манай гэрт утсаар ярьж байгаад намайг хамт Хөгжил хороолол орж хүнтэй уулзчихаад ирье гэж хэлсэн. Очирсүрэн манай гэрт ирэхдээ тодорхой хэмжээгээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэхдээ нэг их согтуу биш байсан...Тэгэхээр нь би Очирсүрэнтэй хамт яваад Уугантангалагтай уулзаад гэртээ авчирсан... Тэгээд Уугантунгалаг Очирсүрэн нар нь орондоо орж хэвтчихсэн байж байгаад хүүхдээсээ болж маргалдсан. Тэгээд хоорондоо ноцолдоод байсан...” гэх мэдүүлэг/хх 19-20-рт/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №148 дугаар акт:

1.Иргэн Уугантунгалагын биед тархины доргилт, зүүн шуу, хэвлийн баруун доод хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна.

5.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдантанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт/хх 24-25-рт/,

Шүүгдэгч Б.Очирсүрэнгийн хэрэг бүртгэлтэнд сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн: “...2017 оны 04 дүгээр сарын 16-ны орой Уугантунгалагыг зодож цохисон минь үнэн...Уугантунгалагтай хэрэлдэж, маргалдсан. Тэгээд тэрнээс болоод хэрүүл маргаан үүссэн... согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тэгэхдээ нэг их согтуу биш байсан...” гэх мэдүүлэг/хх 30-31, 35-36-рт/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж бэхжигдсэн яллах, өмгөөлөх талын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Хэрэг гарсан байдлыг тодруулбал: Шүүгдэгч Б.Очирсүрэн нь найз Г.Даваанямын хамт Б.Уугантунгалагын байгаа байранд нь очиж Г.Даваанямын гэрт нь дагуулан ирж хамт хонохоор болсон байна. Г.Даваанямын гэрт ирээд Б.Очирсүрэн нь Б.Уугантунгалагтай хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хамт унтсангүй гэх шалтгаанаар түүнийг зодож, бие махбодод нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдох ба энэ нь хохирогч Б.Уугантунгалаг, гэрч Г.Давааням нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн №148 дугаар акт зэргээр хэрэгт хангалттай нотлогджээ.

 

Шүүгдэгч Б.Очирсүрэн нь тодорхой сэдэлттэйгээр буюу надтай унтсангүй гэх маргаанаас болж хохирогчийг зодож түүний бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Очирсүрэнд холбогдох хэрэгт хэрэг бүртгэлтийн шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдон тогтоогдсон байх тул түүнийг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 147 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон байх тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Харин энэ хэргийн хохирогч Б.Уугантунгалаг нь шүүгдэгч Б.Очирсүрэнтэй сайн дураараа эвлэрсэн нь хохирогчийн Говь-Алтай аймгийн Прокурорын газарт ирүүлсэн “...Хохирогч Батаа овогтой Уугантунгалаг миний бие Баттөмөр овогтой Очирсүрэнгээс эмчилгээ, сувилгаа, гэм хорын хохиролд нийт 2.000.000/хоёр сая/ төгрөгийг авсан бөгөөд цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, бид сайн дураар эвлэрсэн тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн хүсэлтийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн байгаагаар нотлогдох бөгөөд Б.Очирсүрэн нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг нөхөн төлж, гэм хорыг арилгасан байх тул түүнд холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хохирогч шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой байна.

Шүүхээс шүүгдэгч Б.Очирсүрэнг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, хэргийг шийдвэрлэхдээ харгалзаж үзэв.

 

Шүүгдэгч Б.Очирсүрэн нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, түүний ДП94082018 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх шилжин ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Тугчин овогт Баттөмөрийн Очирсүрэнг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Очирсүрэнг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн шүүгдэгч Б.Очирсүрэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Очирсүрэн нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Очирсүрэнд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Очирсүрэнгийн ДП94082018 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Очирсүрэнд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.МӨНХТУЯА