| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 192/2025/03339/И |
| Дугаар | 001/ХТ2026/00089 |
| Огноо | 2026-04-14 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 04 сарын 14 өдөр
Дугаар 001/ХТ2026/00089
Л.Ж-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06836 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02116 дугаар магадлалтай,
Л.Ж-н нэхэмжлэлтэй
“Г” ХХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн өмгөөлөгч Л.О-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Л.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Л.Ж нь “Г” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06836 дугаар шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг тус тус баримтлан Л.Ж-г “Г” ХХК-ийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны нөхөх олговорт 26,434,877 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулан Л.Ж-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэл нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02116 дугаар магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06836 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Г” ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээхээр шийдвэрлэсэн байна.
4.Хариуцагчийн өмгөөлөгч Л.О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2-т зааснаар ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилсон бол ажилтантай өмнө байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргээгдэхээр нарийвчлан зохицуулсан бөгөөд хэрвээ талууд тохиролцвол хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг өөрчилж болно. Гэтэл хоёр шатны шүүх дахин хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт танилцуулсан байхыг шаардаж дээрх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн. Мөн Г.Ц-г Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д зааснаар гэрчээр оролцуулж, хууль сануулан мэдүүлэг авсан атлаа түүнийг хариуцагч компанид ажилладаг, өгсөн мэдүүлэг нь бусад баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон. Хариуцагч шүүхийн шийдвэр болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, хуульд заасан үндэслэл журмын дагуу ажлаас чөлөөлсөн. Нэхэмжлэгч ажилд эгүүлэн тогтоолгох зорилгогүй, хариуцагч талыг хууран мэхэлж 3 удаагийн үйлдлээс их хэмжээний цалин хөлс авсан хэргийн бодит байдлыг шүүх тогтоон дүгнэж чадсангүй.
Монгол Улсын дээд шүүхийн 2009.10.28-ны өдрийн 30 дугаар тогтоолд “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд” гэдэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасан хэргийн оролцогч хамаарахгүй гэж тайлбарласан. Иймд хэргийн оролцогч бус НШШГГ-с ирүүлсэн хавтаст хэргийн 59-64 дэх талд байгаа баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т хамаарах байтал үнэлж дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болж, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, дээрх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү.” гэжээ.
5.Хариуцагчийн өмгөөлөгч Л.О-н магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.03.19-ний өдрийн 001/ШХТ2026/00274 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Хариуцагчийн өмгөөлөгч Л.О-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч Л.Ж нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснөөр баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.15-ны өдрийн 210/МА2024/00503 дугаар магадлалаар хариуцагч компанид Тээвэр зохицуулагчийн албан тушаалд эгүүлэн томилсон боловч уг компани шүүхийн шийдвэрийг тухайн үед биелүүлээгүй бөгөөд 2024.11.11-ний өдөр Б-24/160 дугаартай тушаал гаргасан. Гэвч хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бөгөөд “захирал дургүй байна”, “ажлын байр байхгүй, удахгүй дуудна” гэх зэргээр ажил хийлгэхгүй байсан тул 2024.03.15-ны өдрөөс 2024.11.11-ний өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг гаргуулахаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд хандсан. Гэтэл “Г” ХХК нэхэмжлэлд хариу тайлбар өгөхдөө 2025.01.24-ний өдрийн Б-25/007 дугаартай ажлаас чөлөөлсөн тушаалыг 2025.01.27-ны өдөр над руу цахимаар явуулсан баримтаа хавсарган өгсөн байсан. Ингээд ажлаас халагдсан болохоо мэдэж **** дүүргийн *** хороонд хандсан боловч шийдвэрлүүлж чадаагүй тул шүүхэд хандсан. Хариуцагч тал тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.2-т заасныг үндэслэсэн боловч би амаар болон бичгээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт огт гаргаж байгаагүй...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.03.15-ны өдрийн 210/МА2024/00503 дугаартай магадлалын дагуу Л.Ж-д 43,456,391 төгрөг, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025.04.21-ний өдрийн 197/ШШ2025/04756 дугаартай шийдвэрийн дагуу 22,510,640 төгрөг тус тус олгож, 2024.11.11-ний өдөр ажилд томилсон тушаал гарсан. Гэвч тухайн өдрөө ирж тушаалаа аваад хүний нөөцийн мэргэжилтэнтэй уулзахдаа 3 хоногийн дараа ажилдаа орно гэж хэлээд огт ирээгүй 10 гаруй хоносон. Утсаар тодруулахад “дахин шүүхэд хандана, өмгөөлөгчтэй холбогдож ярь” гэж хэлсэн тул уг асуудлыг компанийн удирдлагад танилцуулсан. Ингээд 3 сарын хугацаа өнгөрсөн тул 2025.01.24-ний өдөр ажлаас чөлөөлж, тушаалыг Л.Ж-н цахим хаягаар хүргүүлсэн, тушаал үндэслэлтэй...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ; “…хариуцагч компани Л.Ж-той хөдөлмөрийн гэрээ бичгээр байгуулсан, ажлын байрны тодорхойлолт үйлдэж танилцуулсан болохоо баримтаар нотлоогүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгч ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болох тул “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргээ гүйцэтгээгүй” гэх хариуцагчийн татгалзал үндэслэлгүй. Гэрч Г.Ц хариуцагчийн тайлбарыг дэмжиж мэдүүлсэн ч “Г” ХХК-д хүний нөөцийн ажилтай, түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэн зөв гэж үзэх боломжгүй, хариуцагч талаас гаргаж өгсөн баримтууд нь ажлаас чөлөөлсөн тушаал үндэслэлтэй эсэх маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй...” гэж дүгнэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
10.Хэргийн баримтаас үзэхэд хоёр шатны шүүх дараах үйл баримтыг зөв тогтоосон.
10.1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 210/МА2024/00503 дугаартай магадлалаар нэхэмжлэгч Л.Ж-г хариуцагч “Г” ХХК-ийн тээвэр зохицуулагчийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагчаас дутуу олгосон цалин, ээлжийн амралтын болон ажилгүй байсан хугацааны дундаж цалинтай тэнцэх олговор нийт 43,456,391 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, магадлал хүчин төгөлдөр болсон.
10.2.Хариуцагч байгууллага дээрх магадлалыг биелүүлж 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Б-24/160 дугаартай тушаалаар Л.Ж-г тус компанийн Тээвэр зохицуулагчийн ажилд томилсон ба түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулж, ажлын байрны тодорхойлолт танилцуулан баталгаажуулахыг хүний нөөцийн ажилтан Г.Ц, ХАБЭА ажилтан Г.Г нарт даалгасан.
10.3.Хариуцагч байгууллагын захирлын 2025.01.24-ний өдрийн “Хөдөлмөр эрхлэлтийг дуусгавар болгох тухай” Б-25/007 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэг, ажилтны бичгээр гаргасан хүсэлтийг тус тус үндэслэн Л.Ж-г ажлаас чөлөөлжээ.
11.Нэхэмжлэгч дээрх тушаалыг 2025.01.27-ны өдөр гардан авч **** дүүргийн *** хороонд хандсан, улмаар шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасантай нийцсэн.
12.Хэргийн баримтаар ажилтан өөрийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар ажил олгогчид бичгээр мэдэгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, ажил олгогчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 79 дүгээр зуйлийн 79.2 дахь хэсэгт нийцээгүй байна.
13.Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, 48.4-т зааснаар хүндэтгэн үзэх шалтгаанаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүй бол ажилтныг ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш ажил олгогч ажлын 10 өдрийн дотор хөдөлмөрийн гэрээг нөхөн байгуулах үүрэгтэй, энэ үүргээ зөрчсөн.
Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцох бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгч Л.Ж-г ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан ч ажилтнаар ажил үүргийг бодитой гүйцэтгүүлээгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй атлаа дахин ажлаас чөлөөлсөн нь хуульд нийцээгүй гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
14.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөлмөрийн гэрээг ******-д очиж байгуулах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн гэж тайлбар гаргаж, хүний нөөцийн ажилтан Г.Ц-г гэрчээр асуулгасан ба тэрээр “…ажилд томилсон тушаалыг Л.Ж-д гардуулах үед ******-д очиж ажиллах, хөдөлмөрийн гэрээг тэнд байгуулахыг танилцуулсан, нэхэмжлэгч ажилдаа 3 хоногийн дотор очно гэж хэлсэн, утсаар 1 удаа холбогдон ажлын байрандаа очихыг шаардсан ...” гэж мэдүүлсэн байх боловч түүний мэдүүлэг хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдохгүй байгаа талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.
Тодруулбал, хариуцагч байгууллагын оршин байгаа газар нь **** дүүрэгт байх бөгөөд тус компанийн ажил хэргээ байнга явуулдаг удирдах байгууллага байгаа газраас өөр газарт буюу ******-ны салбарт ажилтантай хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах талаар зохицуулсан компанийн дүрэм, дотоод журам, салбарын үйл ажиллагааны журамд энэ тухай мэдэгдсэн бичгийн баримтыг хэрэгт гаргаж өгөөгүй байна.
15.Хариуцагч талаас дээрх тушаал алдаатай гарсан, нэхэмжлэгч ажилдаа ирээгүй зөрчил гаргасан үндэслэлээр тушаал гарах байсан гэж тайлбарлаж байгаа боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-т заасан “...сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаварыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ.” гэснийг мөн зөрчсөн гэж үзэхээр байна.
16.Харин анхан шатны шүүх хэрэгт авагдсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой бичмэл баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзсэн нь буруу боловч энэ нь шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй байхаас гадна эдгээр баримт нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалыг зөвтгөх үндэслэлд хамаарахгүй, өмнө нь гарсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхтэй холбоотой баримтууд байна.
17.Нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажлын байранд эгүүлэн тогтоож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн энэ шийдвэр хүчин төгөлдөр болсноор түүний өмнө эрхэлж байсан тээвэр зохицуулагчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа сэргэх бөгөөд талууд гэрээний нөхцөл өөрчлөх эсэх нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх шатанд үүсэх дараагийн харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1.2, 61.2-т заасан зохицуулалт энэ тохиолдолд хамааралгүй тул эдгээр зохицуулалтыг буруу хэрэглэсэн үндэслэлээр гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангах эрх зүйн үндэслэл тогтоогдоогүй.
18.Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/06836 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 210/МА2025/02116 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Л.О-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн өмгөөлөгч Л.О 2026.01.22-ны өдөр 70,200 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН