Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2223

 

МАГАДЛАЛ

 

2018.10.31                                                 Дугаар 2223                                   Улаанбаатар хот

 

 

 

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/02765 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Д-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 63 840 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Б,

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Б нь Б.Д-ийн хүсэлтийн дагуу 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнд 55 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 13,6 хувийн хүүтэй зээлдүүлсэн юм. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлдэгч нь сар бүрийн 10-ны өдрийн дотор хүү 7 480 000 төгрөгийг төлөх үүрэгтэй ба гэрээний хугацаа дуусахад буюу 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр үндсэн зээл болох 55 000 000 төгрөгийг бүрэн төлж дуусгахаар харилцан тохирсон байна. Гэтэл зээлдэгч нь эхний сараас эхлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн, тухайлбал 2017 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор эхний сарын хүү болох 7 480 000 төгрөгийг төлөх байтал 08-ны өдөр              3 000 000 төгрөг 11-ний өдөр 2 500 000 төгрөг, нийтдээ 5 500 000 төгрөгийг шилжүүлж       1 980 000 төгрөгийг дутуу төлсөн ба мөн дараа сарын хүүг 2017 оны 08 дугаар сарын     10-ны өдөр төлөх байтал мөн дээрхийн адил хугацаа болон мөнгөн дүнг зөрчиж 15-ны өдөр 2 000 000 төгрөг, 24-ний өдөр 1 800 000 төгрөг, 31-ний өдөр 300 000 төгрөг шилжүүлсэн буюу 3 380 000 төгрөгийг дутуу төлсөн, сүүлийн сарын хүүг огт төлөөгүй байдаг. Ийнхүү зээлдэгч нь гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үргэлжлэх хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл 3 сарын хугацаанд нийтдээ зээлийн хүү болох 22 440 000 төгрөг төлөх байтал 9 600 000 төгрөгийн хүү төлж, 12 840 000 төгрөгийн хүүг дутуу төлөөд зогсохгүй гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болох 55 000 000 төгрөгийг төлж дуусгаагүй болно. Гэрээний хугацаа дууссаны дараа 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр 3 000 000 төгрөг, түүнээс хойш удаа дараа шаардуулан байж зээлдэгч нь 2017 оны 10 дугаар сарын 24-нд 10 000 000 төгрөг, 11 дүгээр сарын 01-нд 2 000 000 төгрөг, 12 дугаар сарын 10-нд 4 000 000 төгрөг, 2018 оны 01 дүгээр сарын 12-нд 5 000 000 төгрөг буюу нийтдээ 31 500 000 төгрөг шижүүлсэнийг үндсэн зээлийн төлбөрт суутгаж байна. Дээрх хугацаанд гэрээний үүргээ удаа дараа зөрчиж, зохих ёсоор биелүүлээгүй мөн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдөр үндсэн зээл болох 55 000 000 төгрөгийг бүрэн төлж дуусгаагүй нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхолд хохирол учруулсан байх тул зээлийн гэрээний 5.4-т заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,5%-ийн алдангийг тооцож байна. Иймд Б.Д нь 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээг зөрчиж, зээлдүүлэгчийг хохироож байгаа тул хариуцагч Б.Д-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 23 500 000 төгрөгийн төлбөр, 12 840 000 төгрөгийн алданги нийт 63 840 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: С.Б болон түүний эхнэр Ш.Н хариуцагч Б.Д нар нь хамтарч бизнес хийхээр харилцан тохиролцож 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээнд зааснаар 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай сарын 13,6% хүүтэй 85 000 000 төгрөгийг зээлдүүлжээ. Үүргээ биелүүлээгүй тохиолдолд хоногийн 0,5%-ийн алданги тооцохоор гэрээ байгуулжээ. Нэхэмжлэгч С.Б нь Хаан банкны 5026929968 тоот данснаас өөрийн эхнэр болох Ш.Н-ийн Хаан банкны 5026892608 тоот дансанд 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 25 000 000 төгрөг шиглжүүлсэн байдаг. Уг мөнгөнөөс 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ш.Н нь Хаан банкны 5026892608 тоот данснаас хариуцагч Б.Д-ийн Хаан банкны 5029924810 тоот данс руу 10 000 000 төгрөг шилжүүлжээ. С.Б нь өөрийн данс 5026929968 тоот Хаан банкны данснаас 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч Б.Д-ийн Хаан банкны 5029924810 тоот данс руу дахин 31 100 000 төгрөг шилжүүлсэн байдаг. Ингээд 2 удаагын гүйлгээгээр 41 100 000 төгрөгийг Б.Д авсан байна. Б.Д нь нэхэмжлэгч С.Б болон Ш.Н нарын дансанд 2017 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүртэл үндсэн төлбөрөөс 34 000 000, зээлийн хүүд 11 000 000, нийт 45 000 000 төгрөг буюу авсан зээлээс 4 000 000 төгрөг илүү төлжээ. С.Б-ийн нэхэмжлэл болон зээлийн гэрээнд дурьдсанаас харахад хариуцагчид зээлсэн мөнгө зөрүүтэй, зээлийн хүү хэт өндөр, бусдын дансанд шилжүүлсэн зэрэг харагддаг. Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь анхнаасаа хамтран ашигтай ажиллахаар харилцан тохиролцсон боловч тохиролцсоноо зөрчиж зөвхөн Б.Д-г гэрээний үүргээ зөрчсөн мэтээр үндэслэлгүйгээр их хэмжээний төлбөр нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Б.Д-гаас 63 840 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 477 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримт, нэхэмжлэгч талын гаргасан хууль ёсны хүсэлт зэргийг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөлд байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс үүдэн нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийт хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн 63 840 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжид нийцээгүй байдлаар буюу шүүх дээрх шаардлагыг буруу тооцож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч нь хариуцагч Б.Д-гаас үндсэн зээлийн үлдэгдэл 23 500 000 төгрөгийн төлбөр,               12 840 000 төгрөгийн хүү, 27 500 000 төгрөгийн алданги зэрэг нийт 63 840 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага гаргасан байхад шүүх зөвхөн хариуцагч талын тайлбарт нийцүүлэн мөнгөн дүнг тооцож, хариуцагч талыг гэрээний үүргийн зөрчилгүйгээр зээлийн бүрэн дүүрэн төлсөн мэтээр үзсэн ба ингэхдээ алдангийг огт тооцоогүй шийдвэрлэсэн зэрэг нь үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч талын шүүхэд гаргасан хүсэлтүүдийг хангаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан үндэслэл болон хариуцагч талын гаргасан тайлбар, түүнтэй холбоотой баримтыг няцаах гэсэн агуулгаар шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах боломж олгоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлзэх зарчмыг хэрэгжүүлээгүй нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр буюу шүүх хуралдаан болохоос хоёр 7 хоногийн өмнөг гаргасан "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлт"-ийг шүүх хуралдаанаас өмнө шийдвэрлэх боломжтой атал шийдвэрлээгүй, мөн хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг шүүхийн журмаар буюу гаргуулах тухай 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр гаргасан хүсэлтийг тус тус хүсэлт шийдвэрлэх хуралдаан дээр үндэслэлгүйгээр хангаагүй зэрэг нь мэтгэлзэх зарчмыг бүрэн дүүрэн хангаагүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрсөн болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн гэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй, зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэж байна.

Нэхэмжлэгч С.Б нь хариуцагч Б.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 63 840 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч эс зөвшөөрч, ХААН банкны дансаар 31 100 000 төгрөг хүлээн авч, гэрээний үүргийн дагуу бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагсдан баримтуудаас үзэхэд талуудын хооронд 2017 оны 06 дугаар сарын 10-ны өдөр 85 000 000 төгрөгийг сарын 13,6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлэх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулагдсан боловч зээлдэгчид  дансаар 31 100 000 төгрөгийг шилжүүлэн, үлдэх 53 900 000 төгрөгийг зээлдэгчид өгсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байх боловч нэхэмжлэгч нь    53 900 000 төгрөг буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

Хариуцагч Б.Д нь дээрх гэрээний үүрэгт нийт 43 648 000 төгрөг төлөхөөс       44 400 000 төгрөгийг төлсөн нь ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга болон талуудын тайлбараар тогтоогдсон тул үүрэг дуусгавар болсон гэж үзнэ. Талууд энэ талаар маргаагүй болно.  /хх 35-74/

 

Иймд шүүх нэхэмжлэлийн үндэслэл шаардлага, хариуцагчийн татгалзал, түүнд холбогдох нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.3 дахь хэсэгт заасан талуудын эрх тэгш байх, мэтгэлцэх зарчмыг шүүх зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШШ2018/02765 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 477 150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                М.НАРАНЦЭЦЭГ