Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 1413

 

 

 

 

 

 

  2020          11              5                                         2020/ДШМ/1413

 

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч Ц.Оч, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Ариунцэцэг,  

хохирогч Х.Гантулгын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,  

шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Мөнхбат,   

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,    

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/3158 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор А.Ариунаагийн бичсэн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 100 дугаартай прокурорын эсэргүүцэл болон хохирогч Х.Гантулгын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох 1906058812703 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Тайж овгийн Б.Б, 1974 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, “Таун Комфорт” ХХК-д ерөнхий инженер ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 10 дугаар байрны 25 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УГ74063015/;

Б.Б нь согтуугаар 2019 оны 9 дүгээр сарын 27-оос  28-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны гадна хохирогч Х.Гантулгыг эхнэр Д.Ганчимэгтэй хардан толгой болон нүүрэн тус газарт нь гараараа цохиж  эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславч мурийлт, дух, хамар, зүүн нүдний дотор булан, зүүн чамархайд шарх, баруун, зүүн дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд 4 дүгээр шүдний гадна гадаргуун паалан эмтэрсэн” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд тухайн хэргийн хохирогч Х.Гантулга, яллагдагч Б.Б нарын хооронд үүссэн маргаан зодооноос хүндэвтэр болон хөнгөн гэмтэл хохирогч, яллагдагч нарт учирчээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь, 2019 оны 9 дүгээр сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 10 дугаар байрны гадна болсон маргаан зодооны улмаас Б.Б, Х.Гантулга нарын биед гэмтэл учирсан байх ба яллагдагчид учирсан гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.6 дахь заалтуудад заасан нотолбол зохих байдлуудыг хуульд заасны дагуу хангалттай нотолж тогтоож ирүүлээгүй байна.

Мөн хоёрдугаар хавтас хэргийн 137-139 дүгээр талд авагдсан 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн тус дүүргийн прокурорын 24/а дугаартай тогтоолоор яллагдагч Х.Гантулгад холбогдох хэргийг “...үйл баримт тогтоогдохгүй байна” гэж үзэн гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай бөгөөд түүний үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ гэж шүүх дүгнэв. Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч болон түүний өмгөөлөгчид хэрэг учрал болох хугацааны дүрс бичлэг байгаа ба уг дүрс бичлэгийг мөрдөгч, прокурорт нотлох баримтаар гаргаж өгөх хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй гэж мэтгэлцсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргийн дагуу хуульд заасан үндэслэл журмаар дээрх бичлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт мөн эсэхэд бодитой дүгнэлт хийх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Өөрөөр хэлбэл, хохирогчийн өмгөөлөгчийн хэрэгт гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий сидиг хавсаргасан атлаа яллагдагчийн өмгөөлөгчийн хэрэгт гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт ямар шалтгааны улмаас аваагүй нь ойлгомжгүй бөгөөд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчимд үл нийцэж байна.

Түүнчлэн яллагдагч Б.Бийн өмгөөлөгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан удаа дараагийн хүсэлтүүдийг хуульд заасны дагуу шийдвэрлээгүй болохыг дурдав.

Иймд дээрх ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр яллагдагч Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр Баянзүрх дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор А.Ариунаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй ажиллагаа гэдэгт шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхэд буюу тухайн шүүгдэгчийг цагаатгах болон шийтгэх тогтоолын аль нэгийг гаргахад шууд нөлөөлж болохуйц, эсхүл хэргийг прокурорт буцаахгүйгээр тухайн асуудлыг шүүхийн шатанд шийдвэрлэх, эргэлзээг тайлах боломжгүй тохиолдлыг хамааруулан үзэх нь зүйтэй. Шүүгчийн захирамжид яллагдагчид учирсан гэмтлийг хэн хэрхэн учруулсан талаар хуульд заасан үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг хуульд заасны дагуу хангалттай нотолж тогтоож ирүүлээгүй байна гэжээ. Хэрэг учрал болох үед хохирогч Х.Гантулга, яллагдагч Б.Б, гэрч Д.Ганчимэг нараас өөр этгээд байгаагүй ба хэрэгт ач холбогдол бүхий камерын бичлэг байгаа эсэх талаар тодруулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан.

Яллагдагч Б.Бийн биед гэмтэл учирсан эсэх талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба уг дүгнэлтэд нэмэлт шинжилгээ хийлгэхээр шийдвэрлэж, 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 804 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргасан. 804 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...Нэмэлт шинжилгээнд ирүүлсэн 1 ширхэг сиди, амбулаторийн картны 5 ширхэг хуулбарт шинээр илэрсэн гэмтлийн өөрчлөлт байхгүй тул гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Дээрх баруун алганы 4, 5 дугаар ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун шуу, сарвууны цус хуралт гэмтэл нь 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн дээд зовхины цус хуралт, зулгаралт, хоёр гуя, хэвлий, зүүн өгзөгний цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Баруун алганы 4, 5 дугаар ясны хугарал гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба түүнээс олон удаагийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...” гэжээ.

Уг дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмч Т.Номинцэцэгээс мэдүүлэг авахад “...Гэмтэл согог судлалын үндэсний төвийн бичигт тархи доргилт гэж бичигдсэн онош байна. Мэдрэлийн үзлэг, багажийн шинжилгээгээр үзэж баталсан зүйл байхгүй учраас үгүйсгэсэн. 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр намайг үзэхэд тархи доргилтын шинж тэмдэг байхгүй байсан. ...Дээрх хугарал гэмтэл, баруун шуу, сарвууны цус хуралт гэмтэл нь нэгэн зэрэг, нэг цаг хугацаанд нэг болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх /цохих, цохигдох/ боломжтой байна....” гэж мэдүүлдэг.

Хэрэг учрал болох үед байсан гэрч Д.Ганчимэг “...манай нөхөр Баярцэнгэл баруун талын гараа зангидаж байгаад Гантулга захирлын нүүрэн тус газар нь 2 удаа хүчтэй цохисон. ...Цээжний хэсэг рүү гараараа түлхсэн, миний санаж байгаагаар манай захирал Гантулга манай нөхөр Баярцэнгэлийн биед гэмтэл учруулаагүй. ...Би бодохдоо манай нөхөр захирал Гантулгыг цохих үедээ өөрийнхөө гарыг гэмтээсэн гэж бодож байна. ...Б.Бийн гар хугарсан, гэхдээ миний харсан өнцгөөс Б.Бийг Х.Гантулга нь зодсон зүйлийг хараагүй. ...” гэж,

хохирогч Х.Гантулга “...Орцны үүдэнд байдаг сандал дээр тамхи татаад сууж байтал Ганчимэгийн нөхөр болох Б.Б хаанаас гарч ирснийг мэдээгүй шууд нүүр рүү цохиж эхэлсэн бөгөөд миний нүүрэн тус газарт олон удаагийн давтамжтай бөгжтэй гараараа цохьсон. ...Миний хувьд Б.Бийг цохиж зодсон зүйл байхгүй, өөдөөс нь эсэргүүцэх боломж олдоогүй. Б.Бтэй ноцолдсон зүйл байхгүй...” гэж тус тус мэдүүлдэг ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Бийн хохирогчоор өгсөн “...Над руу дайраад баруун талын гараараа миний зүүн талын шанаа хэсэг рүү нэг удаа цохисон. ...Тэр залуу миний нүд рүү цохисны дараа миний нүдний шил газар унасан бөгөөд би нүдний шилээ хайхаар доошоо тонгойтол тэр залуу миний зүүн талын хөл рүү баруун хөлөөрөө тийрсэн. Тэр залуу намайг өшиглөсний улмаас би газар унасан. Намайг газар унасны дараа тэр залуу миний баруун талын гар, бөөр рүү өшиглөсөн бөгөөд би нүүрээ хамгаалаад 2 гараараа нүүрээ таглахад миний баруун талын гар тохойны хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг нь хэрэгт авагдсан дээрх үйл баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан үүргийнхээ хүрээнд хэргийг хянахад яллагдагч Х.Гантулга нь хохирогч Б.Бийг цохиж, зодон түүний баруун алганы 4, 5 дугаар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирлыг санаатай учруулсан үйл баримт тогтоогдоогүй тул мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ”, 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” гэж заасныг тус тус үндэслэн яллагдагч Х.Гантулгад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй. ...” гэж хуульчилсан бөгөөд хуульд заасан дээрх эрхээр нь хангаж Б.Б болон түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нараас дээд шатны прокурорт гомдол гаргаж, уг гомдлын хариуг дээд шатны прокуророос өгсөн байдаг. Дээд шатны прокурорын байгууллагаас шийдвэрлэсэн шийдвэр нь эцсийн шийдвэр байх тул шүүгчийн захирамжид “...24/а дугаартай тогтоолоор яллагдагч Х.Гантулгад холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай бөгөөд түүний үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийлгүй хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ гэж шүүх дүгнэв. ...” гэсэн нь прокурорын гаргасан шийдвэрийг шүүх хянаж, дүгнэлт хийсэн гэж үзэхээр бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар прокурорын гаргасан шийдвэрийг шүүх хянаж, дүгнэлт хийх эрхийг хуулиар олгоогүй ба прокурорын байгууллагад хуулиар олгогдсон эрхэд халдсан, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж хуульчилсан байхад уг хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. Яллагдагч болон түүний өмгөөлөгчид хэрэг учрал болох хугацааны дүрс бичлэг байгаа ба уг дүрс бичлэгийг мөрдөгч, прокурорт нотлох баримтаар гаргаж өгөх хүсэлт гаргасан боловч үндэслэлгүйгээр хүлээн аваагүй гэж захирамжид дурдсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт ач холбогдол бүхий камерын бичлэг байгаа эсэх талаар тодруулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэн авсан. Хэргийн оролцогч нараас гаргасан хүсэлтийг тухай бүр хянаж, хуульд заасан хугацаанд үндэслэл бүхий хариуг өгч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.9 дүгээр зүйлд “...Энэ хуульд заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол, тэдгээрийг хэрхэн шийдвэрлэсэн баримт, тэмдэглэл, холбогдох бүх материалыг хавтас хэрэгт хавсаргана. ...” гэж заасны дагуу гаргасан хүсэлт, гомдол тэдгээрийн холбогдох бүх материалыг хавтас хэрэгт хавсаргасан байхад хохирогчийн өмгөөлөгчийн хэрэгт гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргасан атлаа яллагдагчийн өмгөөлөгчийн хэрэгт гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий сидиг аваагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал буюу гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд бүрэн тогтоосон ба шүүх хуралдааны явцад дээрх нөхцөл байдлыг мэтгэлцээний үндсэн дээр, нотлох баримтыг шинжлэн судлах замаар дахин нотлохоор зохицуулсан байдаг.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/3158 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Хохирогч Х.Гантулгын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Шүүгчийн захирамжид “...хохирогч Х.Гантулга, яллагдагч Б.Б нарын зодооноос хүндэвтэр болон хөнгөн хохирол яллагдагч нарт учирчээ. ...хэргийн бодит байдлыг тогтоох үүргийг мөрдөгч, прокурор нь хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. ...нотолбол зохих байдлуудыг хуульд заасны дагуу хангалттай  нотолж тогтоож ирүүлээгүй байна. ...” гэжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж хуульчилсан бөгөөд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын хяналтын явцад Б.Б нь хохирогчийг зодох явцдаа өөртөө гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул хэргийн бодит байдлыг бүрэн тодруулсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

Учир нь, Х.Гантулга нь хууль сануулсан баримтад гарын үсэг зурж, Б.Бийн биед гэмтэл учруулаагүй гэдгээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад удаа дараа тогтвортой мэдүүлдэг бөгөөд шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч Д.Ганчимэг, шинжээчийн удаа дараагийн мэдүүлгүүдээр Х.Гантулгыг гэмтэл учруулсан гэх үндэслэл бүрэн тогтоогддоггүй. Б.Б нь мэдүүлгүүддээ өөрт нь учирсан гэмтлийг Х.Гантулга учруулсан гэж гүтгэдэг бөгөөд бодит байдлыг хажуугаас харсан гэрч болох Б.Бийн эхнэр Д.Ганчимэг “...Б.Б нь Х.Гантулгын нүүр лүү 2 удаа хүчтэй цохисон, тэгэхэд нь гар нь хугарсан байж магадгүй. ...миний санаж байгаагаар захирал Гантулга нөхөр Баярцэнгэлийн биед гэмтэл учруулаагүй. ...манай нөхөр захирал Гантулгыг хүчтэй цохих үед өөрийнхөө гарыг гэмтээсэн гэж бодож байна. ...Б.Б нь гэм зэмгүй хүн зодчихоод эргүүлээд би зодуулсан гэдэг нь үнэхээр таалагдахгүй байна. ...”, шинжээч эмчийн “...баруун алганы 4, 5 дугаар ясны хугарал гэмтэл нь хүнийг цохих үед үүсэх боломжтой. ...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гаргаагүй нь тодорхой тул “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр Х.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хяналтын прокурорын шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна.

Түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгчдийн 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөгөөнөөр яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэх асуудлын тухай хэлэлцэж зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжид “Яллагдагч шүүгдэгчийн мэдүүлгийг үнэлэхдээ:

1. Яллагдагч /шүүгдэгч/ ял шийтгэл хүлээхээс эмээж, худал мэдүүлэг өгч болзошгүй ба ийнхүү худал мэдүүлэг өгснийхөө хариуцлага хүлээдэггүй.

2. Бусдын нөлөөгөөр өөр хүний үйлдсэн гэмт хэргийг хүлээж, энэ талаар мэдүүлэг өгч байж болзошгүй.

3. Үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй тул хэргийг ямар нэгэн аргаар өөрийн талд ашигтайгаар шийдвэрлүүлэх сонирхол давамгайлсан байдаг зэрэг хүчин зүйлийг харгалзан үзэх нь зүйтэй” гэж заасан.

Б.Бийн хувьд Х.Гантулгад учруулсан гэмтлээ хаацайлан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлыг зориудаар бий болгон өөрөө өөртөө учруулсан гарын гэмтлийг Х.Гантулгыг учруулсан мэтээр хуулийн байгууллагыг хуурч мэхлэн өөрийн талд ашигтай байдлаар хэргийг шийдвэрлүүлэх гэсэн зохисгүй үйлдлүүдийг удаа дараа гаргаж байгаа нь тодорхой харагддаг. Гэтэл бодит байдалд Б.Бийн биед Х.Гантулга гэмтэл учруулсныг нотлох нэг ч үйл баримт тогтоогддоггүй бөгөөд гэмт үйлдлээ хаацайлах гэсэн түүний худал гүтгэлэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулах гол зорилго нь болоод байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад  “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх бол” гэж заасны дагуу хэргийг прокурорт буцаасан.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч Х.Гантулга, яллагдагч Б.Б, гэрч Д.Ганчимэг, шинжээч эмч нарыг тус бүр 3-4 удаа асуусан, гэмтлүүдэд дахин болон нэмэлт шинжилгээ хийсэн бөгөөд уг ажиллагаануудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн тодруулсан байтал “Х.Гантулгад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай” гэж шүүхээс дүгнэсэн нь учир дутагдалтай байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 24/а тоот тогтоол нь хэт ерөнхий, хууль зүйн үндэслэл муутай гараагүй ба хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад цугларсан нотлох баримтыг нягтлан шалгаж, хэргийн бодит байдлыг тогтоосны үндсэн дээр уг тогтоолыг гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Шүүгчийн захирамжид "...яллагдагч болон түүний өмгөөлөгчид хэрэг учрал болох хугацааны дүрс бичлэг байгаа. ...бичлэг нь хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт мөн эсэхэд бодитой дүгнэлт хийх нь зүйтэй гэж шүүх үзлээ. ...”

Тус хэрэгт яллагдагч нь нэмж ажиллагаа хийлгэх болон нотлох баримт хэрэгт гаргаж өгөх тухай хүсэлтийг удаа дараа гаргаж байсан цаг тухай бүрт нь мөрдөгч, прокуророос хүсэлтүүдийг нь хангаж шийдвэрлэж байсан. Яллагдагчийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан дээрх үйлдэл нь шүүхийг төөрөгдүүлэх гэсэн нэгэн хэлбэр ба ажиллагааны явцад хэрэг учрал болох үеийн дүрс бичлэг гаргуулахаар удаа дараа хяналтын камерт үзлэг хийж байсан болно.

Түүнчлэн яллагдагч болон түүний өмгөөлөгч нараас уг сидиг хэрэгт хавсаргуулахаар хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хүсэлт гаргах эрх нь нээлттэй байсан ба уг хүсэлтийг гаргасан болон тухайн хүсэлтийг хангахаас татгалзсан үйл баримт хэрэгт авагдаагүй нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн гэх үндэслэл болохгүй.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт зааснаар яллагдагч талын урьдчилсан хэлэлцүүлэгт гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, шүүх хуралдаанаар уг хүсэлтийг шийдвэрлэж болох байсан бөгөөд шүүх хуралдаанд оролцвол зохих гэрч, шинжээч, яллагдагчийн хэрэгт гаргаж өгөх гэж буй дүрс бичлэгийг бүрэн хянаж үзсэний үндсэн дээр хэргийг прокурорт буцаах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой байтал яллагдагчийн үгэнд итгэн дээрх байдлаар дүгнэсэн нь учир дутагдалтай байна. Мөн яллагдагч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ “...Би Х.Гантулгын биед хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. ...” гэж хэргээ хүлээн зөвшөөрсөн болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. ... ” гэв.

Шүүгдэгч Б.Бийн өмгөөлөгч Г.Мөнхбат тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Прокурор хэргийн нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлж чадаагүй. Учир нь, энэ хэргийн улмаас Б.Б зодуулж, гэмтэл авсан. Энэ талаарх баримт хавтас хэргийн 99 дэх талд авагдсан. Өөрөө зодуулсан хүн бусдыг зодох боломж байхгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд цохих, цохигдох үед үүснэ гэж тайлбарласан байхад тухайн гэмтэл ямар үед үүсэх боломжтой талаар мөрдөгч, прокурор тогтоох ёстой. Гэрч Д.Ганчимэгийн мэдүүлэгт “миний харсан өнцгөөс манай нөхөр зодсон” гэдэг. Гэтэл уг эмэгтэй нь Х.Гантулгын өвөр дээр сууж байсан, хажууд нь байсан байж яагаад нэгийг нь цохихыг хараагүй байх вэ. Өмгөөлөгчийн зүгээс энэ талаар шалгаж өгөх хүсэлтийг удаа дараа гаргасан байсан боловч хангаагүй. Мөн Х.Гантулгын мэдүүлэг туйлын үнэн гэж тогтоосон. Гэтэл Х.Гантулга гэрч, хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “намайг олуулаа нийлж бүлэглэж зодсон” гэж худал мэдүүлдэг. Прокурор үүнийг үнэлэлгүй хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна гэж дүгнэсэн. Энэ талаар шинжилгээ хийлгүүлэх хүсэлт гаргасан ч хангаагүй тул прокурор хэргийн бүх ажиллагааг бүрэн гүйцэт шалгасан гэж үзэх үндэслэлгүй юм. 7 дугаар сарын 21-ний өдөр Нийслэлийн прокурорт гомдол гаргасан ба 7 дугаар сарын 28-ны өдөр өгсөн хариунд “яллах дүгнэлт 7 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн байх тул шүүх рүү яв” гэсэн байсан. Намайг хүсэлт гаргаснаас 6 хоногийн дараа яллах дүгнэлт үйлдэгдэж байхад уг яллах дүгнэлтийг хүлээгээд хариу өгөхгүй байсан. Улмаар би Улсын Ерөнхий прокурорт дахин хүсэлт гаргасан. Прокурорын гаргасан шийдвэрийг шүүх хянахгүй, прокурорын эрх мэдэлд халдсан гэж эсэргүүцэлд дурдсан байна. Прокурорын шийдвэрийг шүүх хянах ёстой. Ийм зүйл бичиж байгаа нь үндэслэлгүй. Бичлэгийн тухайд, хавтас хэргийн 100 дахь талд миний үйлчлүүлэгч Тээврийн прокурорт “би энэ бичлэгийг олсон, надад байна, хэрэгт хавсаргуулах хүсэлтэй байна” гэхэд хүлээж аваагүй. Улмаар Нийслэлийн прокуророос хэрэгсэхгүй болгосныг буруу гэж үзэж мөрдөн байцаалтад буцаасан. Мөрдөн байцаалтын шатанд сиди өгөхөөр прокурортой уулзаж, хүсэлт гаргасан боловч мөн хүлээж аваагүй. Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр миний үйлчлүүлэгчийг сидигээ өгөх талаар ярьсан нь шүүх хуралдааны бичлэг болон тэмдэглэлээс харагдана. Иймд эдгээр нөхцөл байдлыг прокурорын байгууллага биш шүүх шийдвэрлэх тул шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзэж байна. ...” гэв.

Прокурор М.Ариунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжин оролцож байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл болон хохирогч Х.Гантулгын өмгөөлөгч Б.Бат-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлуудаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл шүүгдэгч Б.Бд холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэх үндэслэлээр Б.Бд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй болжээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд яллагдагч Б.Б нь хохирогч Х.Гантулгыг эхнэртэйгээ хардан тэдний хооронд маргаан үүсч, зодолдон Б.Бийн биед хүндэвтэр, Х.Гантулгын биед хөнгөн гэмтэл учирсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд Х.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно. ...” гэж тус тус заасан зохицуулалтын хүрээнд мөрдөгч, прокурор хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.

Гэтэл яллагдагч Х.Гантулгад холбогдох хэргийг “...үйл баримт тогтоогдоогүй, гэмт хэргийн шинжгүй. ...” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүний үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь үндэслэлгүй байх бөгөөд энэ талаар шүүгчийн захирамжид заасан яллагдагчид учирсан гэмтлийг хэн, хэрхэн учруулсан талаар мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийж ирүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн хангагдана.

Түүнчлэн, хохирогчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн тухайн хэрэг учрал болох хугацааны дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт хавсаргасан атлаа яллагдагчийн өмгөөлөгчийн гаргаж өгсөн дүрс бичлэг бүхий сидиг хэрэгт ямар шалтгааны улмаас хүлээж аваагүй болох нь ойлгомжгүй байх бөгөөд хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчимд үл нийцэж байгаа гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад дутуу гүйцэтгэсэн дээрх ажиллагааг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй байх тул прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 2020/ШЗ/3158 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор А.Ариунаагийн “хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр” бичсэн 2020 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 100 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Л.ДАРЬСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ