Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 142/ШШ2022/00430

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Зэст баг 1-1-15А байр 1 давхарт байрлах Нэткапитал Мобайл ХХК /Регистрийн дугаар: 6241794, 94033699/

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Эрдэнэ баг 30б-1 тоотод оршин суух, Бэрсүүд овогт Сундуйжавын Баасанжав /РД: ИГ73031603, 99884618/

Нэхэмжлэлийн шаардлага: 2,245,192.46 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Бадрах,

Хариуцагч: С.Баасанжав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Нэткапитал Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Бадрах шүүх хуралдаанд тайлбарлахдаа: С.Баасанжав нь тус байгууллагаас 2019 оны 06-р сарын 25-ны өдөр КМ-303201436 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 /нэг сая/ төгрөгийн зээлийг 24 /Хорин дөрвөн/ сарын хугацаатай, сарын 5 % /Таван/ хувийн хүүтэйгээр зээл авсан болно. Зээлийн төлбөрийг төлөөгүй нийт 450 хоног хугацаа хэтрээд байгаа тул шүүхийн байгууллагад хандаж байна. Тус компаний зүгээс удаа дараа сануулж зээлийг төлүүлэх талаар утсаар ярьж, хаягаар очиж байсан. Иймд С.Баасанжав-ын төлөх нийт 2,245,192.46 / хоёр сая хоёр зуун дөчин таван мянга нэг зуун ерин хоёр дөчин зургаан/ төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуц-ийн гэрээнд заасан эд хөрөнгөөр хангуулах. NМ-303201436 тоот гэрээний төлбөрийн үндсэн зээл 995,360.00 /есөн зуун ерин таван мянга гурван зуун жар /төгрөг, үндсэн хүү 1,249,832.46 / нэг сая жаран долоон мянга долоон зуун хорин гурван / төгрөг, нэмэгдүүлсэн хүү 140,000 / нэг зуун дөчин мянган / төгрөг, нийт 2,245,192.46 хоёр сая хоёр зуун дөчин таван мянга нэг зуун ерин хоёр дөчин зургаан/ төгрөгийг С.Баасанжаваас гаргуулж өгнө үү. Монгол банкны тухай хууль, Банкны тухай хуульд таны төлж байгаа бүх төлбөр эхлээд торгуулийн хүү болон хүүнээс эхэлж хасагддаг байгаа. Тиймээс 500.000 төгрөг хариуцагчийн хугацаа хэтэрсэн хоногийн шимтгэл мөн түүний торгуулийн хүүнээс эхэлж хасагдаад үлдэгдэл мөнгө нь хариуцагчийн үндсэн зээлээс хасагдсан байгаа. Манайхаас нэхэмжилж байгаа 2.245.192.46 мөнгө нь 995.368 төгрөг нь үндсэн зээл, 1.249.832.46 мөнгө зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүү нь 140.000 торгуулийн хүү гэж задарч байгаа. Манай зүгээс бүтээгдэхүүн зогссонтой холбоотой, бүтээгдэхүүн нь зах заалд цаашаа хөрвөөх чадваргүй бүтээгдэхүүн байсан учраас одоо хаалгах чиглэл баримталж ажиллаж байгаа гэв.

Хариуцагч С.Баасанжав шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 500,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна. 500,000 төгрөгийг хувь хүнээс 8 хувийн хүүтэй зээлж 2020 оны 3 дугаар сарын 20-нд хийсэн байгаа. 280,000 төгрөгийн хүү төлж мөнгийг хийсэн. Гаргаж байгаа мөнгөн шийдвэр хүнд байна. Цар тахлын үеийг бодож уян хатан шийдэж өгөөч гэж хүсэж байна. Гаргасан мөнгөө би өөрөө хариуцаад төлнө, хамгийн гол нь хугацаа хэрэгтэй байна. 2,200,000 төгрөгийг төлнө гэдэг миний хувьд хэцүү байна. Ажил байхгүй би байнгын эмчилгээтэй байгаа гэв.

Нэхэмжлэгчээс: 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээ, эрх хүсэхчийн өргөдөл, кердит дансны хуулга, итгэмжлэл зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-17/, 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Худалдаа хөгжлийн банкны кассын орлогын баримт /хх-16/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэткапитал мобайл ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагчтай 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр КМ-303201436 дугаартай Зээлийн эрхийн гэрээ байгуулж 1,000,000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, сарын 5% хувийн хүү төлөхөөр тохиролцож хоёр тал харилцан гарын үсэг зурсан байна.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээ хүчин төгөлдөр эсэх болон мөнгө шилжүүлсэн талаар зохигчид маргахгүй байна.

Хариуцагч С.Баасанжав нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 500,000 төгрөг төлсөн гэж тайлбарлаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаагаар, зээлдүүлэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ, мөн хуулийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж,

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, мөн хуулийн 20.3-т Зээлийн гэрээний хугацаа дууссан нь тухайн гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч С.Баасанжаваас 2,245,192.46 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нэткапитал мобайл ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Нэткапитал мобайл ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50,873.07 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч С.Баасанжаваас улсын тэмдэгтийн хураамж 50,873.07 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Нэткапитал мобайл ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН