Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 183/2022/00098

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 10 өдөр                             Дугаар 183/ШШ2022/00098                                           Улаанбаатар хот                

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 00 дугаар хороо,  0 хороолол, Хасбаатарын гудамж, 0 байр 0 тоот хаягт оршин суух, Х овогт С М /РД:/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо 0 хэсэг, туул 0 гудамж, 10 тоот хаягт оршин суух, Д овогт Б М /РД: /-д холбогдох,

 

Доголдлыг арилгахад гаргасан зардал 1 500 000 төгрөг төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ү нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.М нь 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хариуцагч Б.Мтой зарын дагуу холбогдож түүнээс 2011 онд үйлдвэрлэсэн 0000УАН улсын дугаартай Тоёота приус альпа маркийн авто машиныг 22 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохирч 11 000 000 төгрөгийг бэлнээр, 11 000 000 төгрөгийг Б ББ ХХК-ийн зээлийн санхүүжилтээр төлсөн. Машинаа унаад 22 хонож байхад буюу 9 дүгээр сарын 12-ны өдөр машины улаан анхааруулах гэрэл ассан тул 3 хороололд байрлах Приус засварт очиж компьютер оношилгоонд ортол цахилгаан хөдөлгүүрийн баттерэйг нь  сольсон хуучин нуралттай баттерей байна. 2011 оны машины баттерей олон зэрэгцээ байдгаас зарим хэсэг нь нэг хоёроороо л нурдаг болохоос ингэж бүгд нурдаггүй гэж хэлсэн. Тэгээд хариуцагч Б.Мтой утсаар ярьж доголдлыг арилгаад өгөөч гэж хэлэхэд зүй бус үгээр доромжилсон. Цахилгаан хөдөлгүүр нь асахгүй тохиолдолд машиныг зориулалтын дагуу ашиглах боломжгүй тул батерейг солиход гарсан зардал 1 500 000 төгрөгийг төлүүлэхээр шаардаж байна” гэв.

 

Нэхэмжлэгчээс  0000 УАН улсын дугаартай Toyota Prius alpha-XW маркийн авто машины гэрчилгээ, тээврийн хэрэгслийн лавлагаа, Б финанс ББ ХХК болон С.М нарын хооронд 2021 оны 08 сарын 18-ны өдөр байгуулагдсан автомашины зээлийн гэрээ, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, Доктор авто засварын төвийн 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн оношилгооны хуудас, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн нэхэмжлэх зэрэг баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар болон баримт гаргаж өгөөгүй байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч С.М нь хариуцагч Б.Мод холбогдуулан доголдлыг арилгахад гарсан зардал 1 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...хариуцагчаас худалдан авсан автомашины баттерей нурсан байснаас зориулалтын дагуу ашиглах боломжгүйд хүрч баттерейг сольж, доголдлыг арилгуулах талаар хариуцагчид мэдэгдсэн ч үр дүн гараагүй тул өөрөө шинээр солилуулсан. Доголдлыг арилгахад гарсан зардлаа төлүүлнэ...” гэж тайлбарлав.

 

3. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гардуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх хуульд заасан хугацаа олгосон боловч ирүүлээгүй ба шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэхэд  шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, шүүхэд ирж тайлбар өгөөгүй байна.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч С.М нь Б финанс ББ ХХК-тай 2021 оны 08 сарын 18-ны өдөр 1/000 дугаартай автомашины зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд олгосон зээлийн хэмжээ 11 000 000 төгрөг, худалдан авч буй хөрөнгийн үнэлгээг 22 000 000 гэж тодорхойлсон байх ба мөн өдөр Б финанс ББ ХХК-иас хариуцагч Б.Мын Хаан банк дахь тоот дансанд 22 000 000 төгрөгийг “автомашин төлбөр С.М” гэх утгаар шилжүүлжээ.

 

Дээрх баримтаас дүгнэхэд нэхэмжлэгч С.Мын хариуцагч Б.М нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр байна.  

 

Гэрээний зүйл болох 0000УАН улсын дугаартай Toyota Prius alpha-XW маркийн, арлын ZVW41дугаартай авто машины тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн гэрчилгээ дэх эзэмшигчийн мэдээлэлд Б финанс ББ ХХК бүртгэлтэй байх бөгөөд нэхэмжлэгч “...автомашины төлбөрийг зээлийн санхүүжилтээр төлсөн. Автомашин фидуцийн гэрээний зүйл тул ийнхүү бүртгэлтэй байгаа...” гэж тайлбарлаж байна.

 

Нэхэмжлэгч нь өмчлөлийн зүйлээ захиран зарцуулах эрхийн хүрээнд бусадтай байгуулсан гэрээний үүргийн баталгаа болгон эзэмшилд бүртгүүлсэн явдал нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй юм. Өөрөөр хэлбэл, автомашин бодит байдал дээр эзэмшилдээ байлгаж байгаа материаллаг шинж чанараар нь болон тухайн эд хөрөнгийг тодорхой эрхэнд үндэслэн эзэмшилдээ байлгах эрх мэдэлтэй этгээд нэхэмжлэгч С.М тул түүнийг шаардах эрхтэй этгээд гэж үзнэ.

 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Нэхэмжлэгч нь автомашины үнэ 22 000 000 төгрөгийг хариуцагчид 2021 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлсөн болох нь Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтаар тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2-т гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ гэж заасан.

 

Хэрэгт авагдсан 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Доктор авто засварын төвийн оношилгооны хуудас, 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн баттерейны үнэ           1 500 000 төгрөгийн нэхэмжлэх зэргээс үзэхэд худалдан авагч буюу нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автомашиныг эзэмшилдээ шилжүүлэн авснаас хойш 6 сарын дотор доголдлыг илрүүлсэн байна.  

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, няцаасан тайлбар шүүхэд гаргаагүй тул нэхэмжлэгчийн “...доголдлыг арилгуулах талаар хариуцагчид мэдэгдсэн ч үр дүн гараагүй тул өөрөө 1 500 000 төгрөгийн зардлаар доголдлыг арилгасан...” гэх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй, 254.6-д зааснаар худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш зургаан сарын дотор доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох автомашины доголдлыг арилгахад гаргасан зардал болох 1 500 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлэхээр шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Б.Моос 1 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Мад олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 38 950  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Д.МӨНХЦЭЦЭГ