| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/04131/И |
| Дугаар | 183/2022/00161 |
| Огноо | 2022-01-17 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 183/2022/00161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 0 дүгээр хороо, 0 хороолол, тээвэрчид гудамж, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Б.Ц /РД:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Т овогт М.Б /РД: /-д холбогдох,
Орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Үүрийнтуяа нар оролцов. Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие эрхийн улсын бүртгэлийн Ү дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 006 байр, 006 тоот хаягт байршилтай, 165,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны өмчлөгч юм. Тухайн байрыг 2019 онд 380 000 000 төгрөгөөр худалдан авсан ба худалдан авах үед тус байранд нэг настай хүн амьдарч байсан. Удахгүй байрыг чөлөөлж өгнө гэж байсан. Гэтэл ковид гарч хөл хорио тогтоосноос шалтгаалан байрандаа очихгүй тодорхой хугацаа өнгөрсөн. Байраа чөлөөлүүлэхээр очиход М.Б гэх залуу ...би энэ байрыг худалдаж авсан гэж хэлээд чөлөөлж өгөхгүй байна. Тиймээс түүний хууль бус эзэмшлээс орон сууцыг чөлөөлүүлж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 006 дугаар байрны 000 тоот хаягт байршилтай, 165,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд хариу тайлбар болон баримт гаргаж өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Нэхэмжлэл Б.Ц нь хариуцагч М.Бд холбогдуулан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 006 байр, 000 тоот хаягт байршилтай, 165,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг 2019 онд 380 000 000 төгрөгөөр худалдан авч, улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн боловч хариуцагч М.Б тус орон сууцыг эзэмшээд суллаж өгөхгүй байна. гэж тайлбарлав.
3. Шүүхээс хариуцагчид нэхэмжлэлийн хувийн 2021 оны 12 сарын 14-ний өдөр гардуулан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлэх хуульд заасан хугацаа олгосон боловч ирүүлээгүй ба шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Б.Ц нь маргааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 006 байр, 000 тоот хаягт байршилтай, 165,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр 2019 оны 12 сарын 31-ний өдөр бүртгэгдсэн болох нь улсын бүртгэлийн 000762361 дугаар гэрчилгээгээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 000 дугаар зүйлийн 000.1-т өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. гэж зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.
Хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд тайлбар, нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба шүүх хуралдааны товыг зохих журмын дагуу мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, тайлбар өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т зааснаар хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 70 200 төгрөг төлсөн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй тул мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 987 750 төгрөгийг улсын орлогод нөхөн төлүүлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 057 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 005 дугаар зүйлийн 005.1, 005.2.1, 006, 008 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 000 дугаар зүйлийн 000.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Цын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Үдугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, Маршал таун Олимп гудамж, 006 байр, 000 тоот хаягт байршилтай, 165,09 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууцыг хариуцагч М.Бгийн эзэмшлээс албадан чөлөөлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 1 987 750 төгрөгийг нөхөн төлүүлж улсын орлогод оруулан, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2 057 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 009 дүгээр зүйлийн 009.2, 009.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ