Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/2022/00162

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 0 дугаар хороо, Бэст центр 000 тоот хаягт байрлах, Т ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, 0 дүгээр байрны 00 тоот хаягт оршин суух, О овогт М. Х /РД: /-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 4 824 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Э, Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.С нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Манай компани хариуцагч М.Х3 000 000 төгрөгийг 9 сарын хугацаатай сарын 3,0 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд 0,0 хувийн алданги тооцох нөхцөлөөр 2020 оны 07 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр 38-92 УНИ улсын дугаартай Toyota prius 20 маркийн авто машиныг унаад явах нөхцөлтэй гэрээг мөн байгуулсан. Тус гэрээний үүргийг шаардаагүй. Харин үндсэн зээл 3 000 000 9 сарын хүү болох 1 102 000 төгрөг, алданги 1 700 000 төгрөг нийт 6 302 000 төгрөгөөс зээлдэгч буюу хариуцагчийн төлсөн 1 028 000 төгрөгийг хасч, үлдэх 4 824 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие 2020 оны 07 сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3 000 000 төгрөгийг хүлээн авсан. Зээлийн эргэн төлөлт 1 028 000 төгрөгийг төлсөн. Цар тахлын улмаас үйл ажиллагаа доголдож зээлээ хугацаанд нь төлж чадахгүйд хүрсэн. Нэхэмжлэлийн шаардлагаас 3 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулгаар тайлбар ирүүлжээ.

 

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 07 сарын 08-ны өдрийн 0000000000000 дугаар зээлийн гэрээ, 2021 оны 10 сарын 12-ны өдрийн огноотой хүсэлт, зээлийн төлөлт хийсэн талаарх дансны хуулга, эдгээр баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Хариуцагчаас шүүхэд баримт гаргаж өгөөгүй байна.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч М.Х холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4 824 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Талуудын хооронд 2020 оны 7 дугаар сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Т ХХК нь 3 000 000 төгрөгийг сарын 3,0 хувийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээлдэгч М.Х олгох, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд зээл, хүүгийн төлбөрийг төлөх, зээлийг буцаан төлөх хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн зээлээс өдрийн 0,0 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийн хүүг төлөхөөр тохиролцжээ.

 

Дээрх гэрээнд талууд хүсэл зоригоо гарын үсгээрээ баталгаажуулсан, эрх зүйн харилцааны хувьд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаанд хамаарах ба гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг хүлээн авсан үйл баримтын талаар маргаагүй тул нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ. Харин зээлийн тооцоолол үндэслэлгүй байна.

 

Хариуцагч М.Х нь үндсэн зээл 3 000 000 төгрөг, 9 сарын хүүд 1 100 000 төгрөг, нийт 4 602 000 төгрөг төлөх үүргээс 1 028 000 төгрөгийг төлсөн, гүйцэтгээгүй үүрэг нь 3 074 000 төгрөг байна.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.11-д зээл буцаан төлөх хуваарийн дагуу зээл, зээл хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд үндсэн зээлээс өдрийн 0,0 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийн хүүг зээлдэгч үл маргах журмаар төлнө. Зээлдэгч баталсан хуваарийн дагуу үндсэн зээл, хүүг төлөөгүй тохиолдолд төлөөгүй өдрийн дараагийн өдрөөс эхлэн хугацаа хэтрэлт тооцож торгууль авна. гэх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,0 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ. гэж заасантай нийцэхгүй байх тул нэхэмжлэгчийг алданги шаардах эрхгүй гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 3 074 000 төгрөгийн шаардлагыг хангаж, үлдэх 1 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 110 дугаар зүйлийн 110.1, 110.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч М.Х 3 074 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 700 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 92 134 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 64 134 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ