| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00417/И |
| Дугаар | 142/ШШ2022/00471 |
| Огноо | 2022-03-28 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 28 өдөр
Дугаар 142/ШШ2022/00471
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******,*******,*******,*******,
Хариуцагч: *******,*******,*******,,
Нэхэмжлэлийн шаардлага: 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Дэмбэрэлжүний
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* би *******ын хүсэлтээр машины мотор авах гэхээр нь тус болж найзын тоот Хаан банк данс руу 2020 оны 05 дугаар сарын 08-нд шилжүүлж тусалсан. Одоо хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Мөнгөө авахыг удаа дараа хэлсэн боловч өгөөгүй тул *******аас 800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 800,000 төгрөг авсан нь үнэн. Хүү нь 4х6 хэмжээтэй байшин барьж өгсөн. Тэр үед зах зээлийн ханшаар 5,000,000 төгрөгийн ажил байсныг ах дүүсийн хүмүүс юм чинь гэж бодоод тал хувиар нь буюу 2,500,000 төгрөгөөр хийж өгсөн. ******* эгчид 800,000 төгрөгийг нь өгнө гэж хэлж ярьсан. Түүнээс хойш эхнэр бид хоёрын хооронд гэр бүлийн маргаан гарсан. Ах дүү хүмүүс гэхээрээ 50 хувиар хийж өгдөг нь ямар учиртай юм. Тэр мөнгийг нь өгөхгүй гээд эхнэр бид хоёр маргалдсан. Би ******* эгчид эхнэрт хэлээд хэрэггүй. Би өөрөө байшин барьж байгаад илүү дутуу мөнгөөр нь аргалаад өгье гэж хэлсэн. Ингээд корона вирус гараад 2 жил байшин барьж илүү орлого олох боломж байгаагүй. Би сургуульд мужааны ажил хийдэг. Сарын 400,000 төгрөгийн цалин аваад 300,000 төгрөгийг зээлэндээ өгөөд 100,000 төгрөгтэй үлддэг учраас өгөх боломж гараагүй. Би *******т өгөхгүй гэж хэлээгүй, хоёулаа зохицоод явж байсан. Тэр үед хүүг нь бодолгүй 5,000,000 төгрөгийн ханшаар хийсэн байсан бол би өрөнд орж ийм байдалд хүрэхгүй байсан. ******* ингэж байгаа учраас би өгөхгүй гэж бодож байна. Ах дүүдээ хямдхан байшин барьж өгсөн гэж гэр орондоо байнгын хэрүүлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 23,750 төгрөг төлсөн баримт /хх-2/, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-3/, *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-4/, шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-10/, 4х6 хэмжээтэй байшин болон нойлын зураг /хх-11/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь *******ын хүсэлтээр машины мотор авах гэсэн юм мөнгө зээлээч гэхээр нь тус болж найзын тоот Хаан банк данс руу 2020 оны 05 дугаар сарын 08-нд 800,000 шилжүүлж тусалсан, гэтэл одоо хүртэл мөнгийг минь өгөхгүй байна гэж нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх бөгөөд нэхэмжлэгчийн хүү 4х6 хэмжээтэй байшин болон жорлонг бид ах дүү хүмүүс тул миний бие зах зээлийн ханшнаас доогуур 3 сая төгрөгөөр барьж өгсөн, зах зээлийн ханш нь 6,500,000 төгрөг болдог, 1,800,000 төгрөг ажлын хөлсөнд авсан. Нэхэмжлэгч *******аас авсан 800,000 төгрөг нь ажлын хөлс болно. Үүнийг төлөх ямар ч үндэслэл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.
Хариуцагч 800,000 төгрөгийг ажлын хөлсөндөө авсан гэж байгаа боловч нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч хөлс төлөх үүрэг хүлээгээгүй. Харин зохигчдын хооронд зээлийн гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч нь хариуцагчид 800,000 төгрөг шилжүүлсэн, энэ талаар хариуцагч маргахгүй, харин ажлын хөлс гэж тайлбарлаж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ нотлож няцааж чадахгүй байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч зээлийг буцааж төлөх үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч *******аас 800,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23,750 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч *******аас 23,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН