Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2026 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/хт2026/00142

 

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Н.Батчимэг, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн

2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09352 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00370 дугаар магадлалтай,

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

2,588,744,783.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, Б.Тэмүүлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 2,588,744,783.2 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09352 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-аас 1,175,288,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,413,456,533 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,101,673 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 6,034,391 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00370 дугаар магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09352 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “С” ХХК-аас 2,192,610,552 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 396,134,231 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын “...6,034,391 төгрөг...” гэснийг “11,121,003 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч “М” ХХК-ийн төлсөн 7,225,240 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, хариуцагч “С” ХХК-ийн төлсөн 5,166,961 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.3-т зааснаар дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Маргааны үйл баримтын тухайд талуудын байгуулсан “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний 6.6-д “Захиалагчаас нийлүүлэх цемент болон буталсан чулуу нийлүүлэгдээгүйн улмаас нийлүүлэгчийн ажил тасалдах тохиолдолд нийлүүлэгч хариуцлага хүлээхгүй” гэж заасан. “С” ХХК нь гэрээний 3.5-д зааснаар бетон зуурмагийн найрлагад орох цемент болон чулууг хариуцах үүргийн хүрээнд нийлүүлэлттэй холбоотой үүсэх эрсдэл, хариуцлагыг мөн хүлээхээр байна.

Тодруулбал, гэрээ хэрэгжих хугацаанд худалдан авагч “С” ХХК нь Хятад улсаас оруулж ирсэн элсний найрлага бүхий чулуу хуурай хольц нийлүүлсэн явдалд “М” ХХК-ийг буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй буюу гэрээний 6.6-д зааснаар энэ нь “С” ХХК-ийн хүлээх эрсдэл юм. Захиалагч “С” ХХК нь С37 маркийн бетон зуурмагийн 1 м.кубын нэгж үнэ болох 297,969 төгрөгөөс элс /хуурай хольц/-ний үнэ хасагдах ёстой гэж тайлбарлах боловч ямар хэмжээгээр хасагдахыг нотлох баримтад үндэслэн тодорхойлж чадаагүй, энэ талаарх саналаа “М” ХХК-д ирүүлж байгаагүй. Нотлох үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч “С” ХХК элсний найрлага бүхий чулуу /хуурай хольц/ нийлүүлсний улмаас үнэ буурахыг өөрөө нотолж, холбогдох баримтыг ирүүлэх үүрэгтэй. Гэтэл хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй буюу хариуцагч “С” ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотолж чадаагүй болно.

4.2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүтэй байдлын тухайд нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас нэгжийн үнийг буруу тооцсон. Захиалагч “С” ХХК нь Хятад улсаас импортоор оруулж ирсэн элсний найрлага бүхий чулууны үнэ, тооцоолол түүнтэй холбоотой нотлох баримтыг “М” ХХК-д ирүүлээгүй учраас манай компани бодит нөхцөл байдлыг харгалзан, захиалагчийн нийлүүлсэн хуурай хольц буюу элсний 1 м.куб-ын нэгж үнийг 52,220 төгрөгөөр тооцон хасаж, С37 маркийн бетон зуурмагийн нэгжийн үнийг 245,769 төгрөг болгох тухай саналыг “С” ХХК-д 2023.09.03-ны өдөр хүргүүлсэн. ... Энэхүү нөхцөл байдал нь хэрэгт авагдсан “М” ХХК-ийн 2023.09.03-ны өдрийн 001/23-167 дугаар албан бичиг, 2023.11.03-ны өдрийн 001/23-214 дугаар албан бичиг, цахим шууданд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэл зэргээр нотлогдон тогтоогдсон. Хуурай хольц бүхий С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөг болгосны дараа гэрээний талууд 2023.11.23-ны өдөр гүйцэтгэлийн актад гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. ... Нэхэмжлэгч “М” ХХК нь 2024.08.09-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ С37 маркийн бетон зуурмаг /хуурай хольц/-ийн нэгж үнийг 208,161 төгрөгөөр тодорхойлон нэхэмжилсэн.

Улмаар нэхэмжлэгч нь ... 2025.05.28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэн, нэгж үнийг 245,769 төгрөгөөр тодорхойлж энэ хүрээндээ мэтгэлцсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх маргаан бүхий бетон зуурмагийн нэгж үнийг тодорхойлохдоо анхны нэхэмжлэлд заасан үнэ болох 208,161 төгрөгийг шууд үндэслэл болгосон нь хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх маргаан бүхий бетон зуурмагийн нэгж үнийг 208,161 төгрөг гэж тогтоохдоо нотлох баримтыг бус зөвхөн анхны нэхэмжлэлд тодорхойлсон байдлыг үндэслэл болгосон нь нэхэмжлэгчийн эрх ашгийг дордуулсан гэж үзэж байна. Нэгжийн үнэ 245,769 төгрөгөөр хүлээн зөвшөөрөгдсөн гэж үзэх тухайд хариуцагч “С” ХХК нь хуурай хольц бүхий С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөг болгох тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн саналд хариу өгөөгүйг зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлгүй. Маргаан бүхий бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөг болгон бууруулах тухай “М” ХХК-ийн саналд хариу өгөөгүй “С” ХХК-ийн эс үйлдэхүй нь үнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үр дагаварт хүргэнэ.

Давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “...талууд АГ/23-03-29 дугаартай гэрээний 4.1-д заасан 297,969 төгрөгийн үнийг 245,769 төгрөг болгон өөрчилсөн гэж үзнэ” хэмээн зөв дүгнэсэн. ... Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 дэх хэсэгт “Хууль буюу гэрээнд заасан тохиолдолд хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж заасан. Хуульд заасан гэдэгт Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.2-т ... гэж заасан ба хариуцагч нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 42 дугаар зүйлийн 42.9, 196 дугаар зүйлийн 196.1.7-д тус тус зааснаар 245,769 төгрөгийн үнийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ. Суутган барих дүнг хасаж тооцсон нь үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулсан 2023.06.10-ны өдөр байгуулсан “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний 4.5 ... 4.5.1 ....4.5.2 ... тус тус зохицуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар зарим хэсэг нь анхнаасаа эрх зүйн үйлчлэлгүй. ... хариуцагч “С” ХХК үнийн зарим хэсгийг төлөхгүй, чанарын баталгаа болгон гэрээний үнийн дүнгийн 5 хувийг саатуулах эрхгүй юм.

Тодруулбал, Иргэний хуулийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар төлбөрийн үүрэг гүйцэтгэгч буюу худалдан авагч “С” ХХК нь мөнгөн төлбөрийн үүргээс бусад үүргийг саатуулан барих хууль зүйн боломжтой ба мөн зүйлийн 215.2-т зааснаар талуудын хооронд үүргийн эрх зүйн харилцааг үүсгэсэн үүргийн зүйл нь С37 маркийн бетон зуурмаг учраас төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийн хувьд ямар ч тохиолдолд төлбөрийн үүрэг гүйцэтгэгч “С” ХХК нь үүргээ биелүүлэх ёстой гэж үзэж байна. ... талуудын хооронд байгуулсан 2023.06.10-ны өдөр байгуулсан АГ/23-03-29 дугаартай “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний 4.5-д заасан суутган барих дүнд гуравдагч этгээд оролцоогүй ба бусдын хөрөнгөөр баталгаа гаргасан гэж үзэхгүй.

Түүнчлэн Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байхаар, мөн зүйлийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл” байхаар тус тус хуульчлагдсан байдаг.

Өөрөөр хэлбэл, мөнгөн төлбөрийн үүрэг нь барьцааны зүйл болохгүй бөгөөд худалдах, худалдан авах гэрээний харилцаанд зөвхөн төлбөрийн үүргийг чанарын баталгаа болгон барьцаалахаар тохиролцсон тохиролцоо нь тэрхүү хэмжээгээрээ хууль зөрчсөн, хүчин төгөлдөр бус байна. ... Маргаан бүхий энэ тохиолдолд чанарын баталгаанд хамаарах суутган барих дүн нь тодорхой бус нөхцөл байдлаар худалдан авагч талын худалдагчийн өмнө хүлээх үндсэн үүргийг хойшлуулахаар тохиролцсон нь авлага барьцаалсан гэж үзэхгүй. Мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 ..., мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д ... тус тус хуульчилсан учраас талуудын хооронд байгуулсан гэрээний 4.5-д заасан зохицуулалт нь хуульд заасан барьцаалан барих эрхийн зохицуулалтад хамаарахгүй. ... АГ/23-03-29 дугаартай “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ”-ний 4.5-д заасан нь болзол тавьж хийсэн хэлцэлд хамаарахгүй болно.

Тодруулбал, дээрх 4.5-д заасан зохицуулалтыг Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д заасан тодорхойгүй байгаа үйл явдалд хэлцлийг хэрэгжүүлэхээр эсхүл дуусгавар болгохоор тохиролцсон гэж үзэхгүй. Мөн зүйлийн 44.2, 44.3-т зааснаар тэрхүү үйл явдлаас шалтгаалан талуудад хэлцэлд заасан эрх, үүрэг үүсгэхээр тохиролцоогүй, түүний улмаас хэлцлийг дуусгавар болгохгүй учраас болзол тавьсан хэлцэл гэж дүгнэх эрх зүйн боломжгүй. ... хариуцагч “С” ХХК нь хуурай хольц бүхий С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнэ 245,769 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн. Хуульд зааснаар алданги нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын нэг хэлбэр болохын хувьд үндсэн үүрэгтэй хамт хэрэгжих нэмэгдэл үүрэгт хамаардаг. Тодруулбал, Гэрээний 4.8-д зааснаар хэдэн төгрөгөөр нэхэмжлэх үүсгэх нь нэхэмжлэгчийн эрх бөгөөд нэхэмжлэхийг хүлээн авснаас 5 хоногийн дотор нэхэмжилсэн төлбөрийг төлөх нь хариуцагчийн үүрэг юм. Тэрхүү нэхэмжлэх үүсгэснээс хойш 5 хоногийн дотор төлбөрийг хариуцагч шилжүүлээгүй бол нэхэмжилсэн үнийн дүн тутамд 0.5 хувийн алданги шаардах эрхтэй.

Хууль болон гэрээнд нэхэмжлэх үүсгэх нь зөвхөн алдангийг хэзээнээс тооцож эхлэхэд ач холбогдолтой бөгөөд нэхэмжилсэн дүн нь гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд хамаарах тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд алданги шаардах эрхтэй. Анхан шатны шүүх талуудын гэрээнд оруулсан нэгж үнийн өөрчлөлтийг хийсвэрээр 159,000 төгрөг гэж тогтоож, гүйцэтгээгүй үүргийн алдангийг гэрээний 9.3-т зааснаар гаргуулаагүйд санал нийлэхгүй, харин үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулж шийдвэрлэсэн нь зөв боловч алдангийг тооцохдоо нэгжийн үнийн дүнг 245,769 төгрөгөөр тооцолгүй, 208,161 төгрөгөөр тооцсоны дараа энэхүү гомдлын 3.2-т заасан суутган барих 5 хувийн дүнг хассан төлбөрийн үүргээс алданги гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

4.3. Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын 2025.02.04-ний өдрийн 001/XT2025/00033 дугаартай 10 тогтоолын “хянавал” хэсгийн 11-т “...харин нийлүүлсэн 7,391 м.куб С37 маркийн хуурай хольцтой бетон зуурмагийн нэгж үнийн дүн, уг дүнд нэмэгдсэн өртгийн албан татвар багтсан эсэх маргааны зүйлийг хоёр шатны шүүх зөв тогтоожээ” гээд, 12-т “...эдгээр үнийн аль нь үндэслэлтэй, зах зээлийн үнэ мөн эсэх асуудлаар маргасан нь үнийг тохироогүй гэх агуулга биш болохыг шүүх анхаараагүй нь учир дутагдалтай байв” гэж, 13-т “...хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн 1 м.кубыг 159,000 төгрөгөөр тооцно гэсэн дүгнэлт хийсэн нь талуудын зарчимд нийцээгүй байна” гэж тус тус дүгнэсэн.

Гэтэл “С” ХХК-аас нэгж үнийн талаарх баримтыг гаргаж өгөх хангалттай хугацаатай байсан боловч энэ хугацаанд хуульд зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй бөгөөд нэгж үнийг 159,000 төгрөгөөр тооцох эрх зүйн үндэслэлгүй. Энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг дэмжиж буй бөгөөд нэгжийн үнийг магадлалын “хянавал” хэсгийн 5-д “...Иймд нэхэмжлэгчээс хуурай хольцтой С37 маркийн бетон зуурмагийн 1 м.куб нэгжийн үнийг 245,769 төгрөг болгон бууруулсан саналаа 2023.09.03-ны өдөр хариуцагчид хүргүүлснээр хариуцагч уг саналыг хүлээн авсан байна. ...нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч хүлээж авахаас татгалзсан эсхүл өөр үнийн саналыг гаргаагүй байх тул уг үнийн саналыг хүлээн авснаар хүчин төгөлдөр болсон гэж тооцно. ...талууд АГ/23-03-29 дугаартай гэрээний 4.1-д заасан 297,969 төгрөгийн үнийг 245,769 төгрөг болгон өөрчилсөн гэж үзнэ” гэж эрх зүйн дүгнэлт хийсэн боловч анх шүүхэд гаргасан анхны нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах нэгжийн үнийг 208,161 төгрөгөөр тогтоосонд гомдолтой байна. ... давж заалдах шатны шүүх магадлалын хянавал хэсэгтээ “... Хэдийгээр нэхэмжлэгч бетон зуурмагийн 1 м.куб нэгж үнийг 245,769 төгрөгөөр тооцохоор гэрээнд заасан хаягаар хариуцагчид саналаа хүргүүлснээс өөр үнийн санал гаргаагүй, мөн 7,391.75 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөгөөр тооцон, 1,725,829,844 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч 2024.08.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1 м.куб бетон зуурмагийн үнийг 208,161 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг хэргийн бодит байдалд тохирсон буюу талуудын зарчимд илүү нийцсэн ...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй. Монгол Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны өдрийн “Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай" 17 дугаар тогтоолыг хэрэглэх үндэслэлтэй. ... гүйцэтгэлийг баталгаажуулж акт үйлдэхээс өмнө нэхэмжлэгчээс хүргүүлсэн 2023.11.03-ны өдрийн албан бичгийг хариуцагч “С” ХХК хүлээн авсан атлаа ямар ч хариу өгөөгүй учраас өнөөдрийг хүртэл талуудын хооронд 2023.06.10-ны өдөр байгуулсан АГ/23-03-29 №23-21 тоот Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ хүчинтэй, С37 маркийн бетоны нэгж үнэ нь 245,769 төгрөг болж өөрчлөгдсөн ба бусад заалтуудыг хэвээр дагаж мөрдсөн нь маргаангүй юм. Иймд энэхүү гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2- т зааснаар шийдвэр, магадлалд нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан өөрчлөлт оруулан хариуцагч “С” ХХК-аас нийт 2,588,744,783 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “М” ХХК-д олгохоор шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... Талуудын маргаагүй асуудлаар, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн. Давж заалдах шатны шүүх С37 хуурай хольц бетоны 1м.куб-ын үнийг 208,161 төгрөгөөр тооцож 2,192,610,552 /үндсэн төлбөр 1,461,740,368, алданги 730,870,1847/ төгрөгийг хариуцагчаас гаргахаар шийдвэрлэсэн. Гэтэл “М” ХХК-аас 2024.08.09-ний өдрийн нэхэмжлэлдээ нэгжийн үнийг 208,161 төгрөгөөр /давж заалдах шатны шүүхээс тогтоосон үнэ/ тооцож үндсэн төлбөрт 642,172,818.19 төгрөг, алдангид 321,086,409.1 төгрөг буюу нийт 963,259,227.29 төгрөгийг нэхэмжилсэн. Шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн доорх албан бичгүүдээр төлбөрийг хэрхэн нэхэмжилснийг анхаарах ёстой. 2024.03.13-ны 001/24-37 албан бичигтээ 517,061,328.99 төгрөгийг нэхэмжилсэн. 2024.06.26-ны 001/24-112 албан бичигтээ 517,061,328.99 төгрөгийн үндсэн төлбөрийг алдангийн хамт нэхэмжилсэн. 2024.07.08-ны 001/24-51 албан бичигтээ 648,757,632.95 төгрөгийг алдангийн хамт нэхэмжилсэн байна. Энэ хугацаанаас хойш талуудын хооронд шинэ нөхцөл байдал огт үүсээгүй. Давж заалдах шатны шүүх магадлалын 9 дүгээр тал, 8-д “Энэ тооцооллоор хариуцагч “С” ХХК нь төлөгдөөгүй 7,391.75 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 208,161 төгрөгөөр тооцоход 1,538,674,072 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-д төлөхөөр байна” гэж дүгнэсэн.

Гэтэл манай компаниас нэгэнт төлсөн 2,326,154,150.57 төгрөгийг тооцож хасахгүй байгаад гомдолтой байна. Энэ төлбөрийг төлсөн тухайд талууд маргаангүй. Нэхэмжлэгч энэхүү үйл баримттай холбоотой дансны хуулгуудыг, авлагын дэлгэрэнгүй бүртгэлийг өөрөө гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн гомдолд тайлбар хэлэхдээ “Хариуцагч компанийн зүгээс нэхэмжлэгч компанид давж заалдах гомдолдоо тусгасан бэлэн мөнгөөр 1,916,012,839 төгрөг, шатахуунаар 234,000,000 төгрөг, бараа материалаар 27,000,000 төгрөг гэж тусгасан. Энэ талаар талууд маргаагүй” гэж тайлбарласан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2024.10.09-ний өдрийн 101/ШШ2024/04633 дугаар шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 173,487,241.93 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Ингэхдээ нэгж бетоны үнийг 159,000 төгрөгөөр тооцсон. Нэгжийн үнэ хэд байхаас үл хамааран анхан шатны шүүгч Д.Ганболдын тооцооллын арга нь зөв байсан, тус тооцооллыг анхаарахыг хүсэж байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024.12.06-ны өдрийн 210/МА2024/002116 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. ... Улсын дээд шүүхийн тогтоолд дурдсанчлан талуудын хооронд нэгжийн үнэ хэд байх талаар маргаан л байдаг.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш талууд хэзээ ч төлсөн төлбөрийн дүн дээр маргадаггүй. С37 хуурай хольц бетоны тооцоог хасвал бусад бетоны төлбөрт 1,299,682,762.56 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн гүйцэтгэлийн тооцоо хэсэгт дурдагдсан манай төлсөн 2,326,154,150.57 төгрөгийн төлбөр болон дээрх 1,299,682,762.56 төгрөгийн зөрүү 1,026,471,388.01 төгрөгийн маргаангүй төлбөрийг шүүх төлөгдөөгүйд тооцож байгаа нь үндэслэлгүй.

Хариуцагчийн хариу тайлбарт “4,252,457,793.37 төгрөгийг төлсөн” гэж дурдахдаа доорх 3 гэрээний хүрээнд төлсөн гэж тайлбарласан. ... Нэхэмжлэгч зөвхөн эхний 2023.06.10-ны өдрийн №:АГГ/23-03-29 гэрээний үүргийг шаарддаг. Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний маргаан тул энэ хүрээнд төлөгдсөн 2,326,154,150.57 төгрөгийн талаар л нэг жил гаруй хугацаанд талууд маргасаар ирсэн.

Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалын 8-д “Зохигчдын хооронд байгуулсан 3 гэрээний үнэд хариуцагч 4,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг анхан шатны шүүх хуралдаанд дурдсан ч давж заалдах гомдолдоо 2,177,737,801.72 төгрөг төлсөн, энэ мөнгөн дүнд нэхэмжлэгчийн шаардаж буй хуурай хольцтой С37 маркийн 7,391.75 м.куб бетон зуурмагийн үнэ багтсан гэсэн тайлбар, нотлох баримтын талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлэн маргаагүй.

Хэрэгт хариуцагч 7,391.75 м.куб бетон зуурмагийн үнийг төлсөн баримт авагдаагүй байна.” гэж дүгнэжээ. Хариуцагч талаас “Бетон зуурмаг нийлүүлэх гэрээний хүрээнд 4 тэрбум гаруй төгрөг” төлсөн гэж нэг ч удаа хэлж, бичиж байгаагүй. Энэ нь 3 гэрээний нийт төлбөр байсан. Гэтэл шүүх “2,177,737,801.72 төгрөг төлсөн, энэ мөнгөн дүнд нэхэмжлэгчийн шаардаж буй хуурай хольцтой С37 маркийн 7,391.75 м.куб бетон зуурмагийн үнэ багтсан гэсэн тайлбар, нотлох баримтын талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлэн маргаагүй” гэснээс дүгнэхэд хэргийнхээ агуулгыг, нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээг ойлгохгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг мэдэж болно. С37 маркийн 7,391.75 м.куб бетоны үнийг төлсөн талаарх баримтуудыг нэхэмжлэгч өөрөө гаргаж өгсөн.

Магадлалын 7-д “Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзвэл хуурай хольцтой С37 маркийн бетон зуурмагийн 1 м.куб-ын үнийг 2023 оны АГГ/23-03-29 дугаартай гэрээнд 297,969 төгрөг /үнэндээ хуурай хольцтой С37 маркийн бетон зуурмагийн үнийг гэрээгээр тохиролцоогүй/, мөн 2023.09.03-ны өдрийн 001/23-167 тоот албан бичигт 245,769 төгрөг, 1-р хавтаст хэргийн 29-р талд авагдсан актад 270,899 төгрөг, нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 208,161 төгрөг, хариуцагч татгалзалдаа 159,000 төгрөг гэсэн өөр өөр үнийн дүнг тодорхойлжээ” гэж дүгнэгдсэн.

Хэрэв хариуцагч 7,391.75 м.куб бетоны үнийг огт төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч доорх дүнгээр нэхэмжлэлээ гаргах байсан. Үүнд 159,000 төгрөгөөр тооцвол 1,175,288,250 төгрөгийн үндсэн төлбөр, 208,161 төгрөгөөр тооцвол 1,538,674,071 төгрөгийн үндсэн төлбөр /Гэтэл нэхэмжлэгч шүүхэд анх 208,161 төгрөгийн үнээр нэхэмжлэл гаргахдаа 642,172,818.19 төгрөгийн үндсэн төлбөр нэхэмжилж байсан. Шүүх 1,538,674,071 төгрөг гэж зөрүүтэй тооцооллоор нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн/. 245,769 төгрөгөөр тооцвол 1,816,663,005 төгрөгийн үндсэн төлбөр /нэхэмжлэгч энэ дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн, ингэхдээ үндсэн төлбөрийг 1,725,829,855.47 гэж тодорхойлжээ/. Гэтэл шүүхээс хийсэн тооцоолол нь нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл, тооцооны баримтуудтай огтхон ч нийцэхгүй байгааг шүүх анхаарахгүй байгаад гомдолтой байна. Энэхүү тооцооллын алдааны улмаас анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлээгүй төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэжээ. Нэхэмжлэлийн үндэслэлд дурдагдаагүй, нэхэмжлээгүй төлбөрийн асуудлаар хариуцагч талыг баримт, тайлбар гаргаагүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй. Хэрэв нэхэмжлэгч энэ тухай маргасан бол хэрэгт байгаа баримтуудыг дээрх байдлаар заан тайлбар гаргах байсан. Өөрөөр хэлбэл шүүх талуудын зарчмыг зөрчиж, нэхэмжлэлийн шаардлага, маргааны агуулгаас хальж, мэтгэлцэх эрхийг зөрчиж хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. ... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх хугацаанд нэхэмжлэгч талаас “С37 хуурай хольц бетоны төлбөрийг огт төлөөгүй” гэж нэг ч удаа хэлж байсангүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, татгалзлыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулаагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил юм. Хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг нэхэмжлэгч нэхэмжлээгүй байсан тул хариуцагч үүнтэй холбоотой тайлбар хэлэх, мэтгэлцэх, баримт гаргах эрхийг хэрэгжүүлж чадаагүй. Өмнө 3 шатаар хэрэг шийдвэрлэгдэж байхад нэхэмжлэгч талаас манай компанийн төлсөн төлбөрийг үгүйсгэж байгаагүй, шүүхэд ч энэ талаарх маргаан өрнөж байгаагүй.

Гэтэл энэ удаа анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч талаас төлсөн төлбөрийг нэхэмжлэгчийг маргаагүй байхад талуудын зарчмыг зөрчиж хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь процессын алдаа мөн юм. С37 хуурай хольц бетоны нэгжийн үнэ 159,000 төгрөг байхын тухайд 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа талуудын хооронд үүссэн. Нэхэмжлэгчээс 2023.09.03-ны өдрийн албан бичгийг “С” ХХК хүлээж аваагүй. Үүний дараа “М” ХХК-ийн гэрээнд заасан бетон зуурмагуудыг 2023.10.31-ний өдөр хүртэл нийлүүлсэн талаарх гүйцэтгэлийг 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргаж, “С” ХХК-aac 2023.11.23-ны өдөр баталгаажуулсан. Энэ гүйцэтгэлийн актад зөвхөн хуурай хольцтой С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг тусгаагүй нь “М” ХХК-ийн үнийг зөвшөөрөхгүй талаарх үйл баримтыг нотолно. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.9 ... 43 дугаар зүйлийн 43.1.3-т “хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ” гэж гэрээнд урьдчилан тохиролцсон байхыг шаарддаг. ... талууд гэрээндээ хэлцэл хийх тухай саналд хариу өгөхгүй байгааг хэлцэл хийхээр хүлээн зөвшөөрсөн гэж үзэх нөхцөлийг тусгаагүй, гэрээний үнийг дахин тохиролцож болох бөгөөд эцсийн дүнд захиалагчийн хүлээн зөвшөөрсөн үнэ байх талаар тохиролцсон.

Нэхэмжлэгч талаас 208,161 төгрөг гэх харилцан тохиролцоогүй үнийг тулгаж, нэг талаас үнийг тогтоосныг зөвшөөрөхгүй байна. Нөгөөтээгүүр “Э” ХХК-тай байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр 30,000 төгрөг (бүх орцыг захиалагч хангах нөхцөлтэй үнэ), “Ё” ХХК-тай байгуулсан гэрээний үнэ 150,000 төгрөг, Зэвсэгт хүчний барилга-инженерийн цэргийн удирдах газартай байгуулсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээгээр 165,053.15 төгрөг байхаар тохирч С37 маркийн бетон зуурмагийг худалдан авч байсан. Эдгээр нь зах зээлийн дундаж үнэ тул нэг талаас тулгасан 208,161 төгрөг гэх үнийг зөвшөөрөөгүй, улмаар тооцоо нийлээгүй. Хэрэв бусад нийлүүлэгчдээс илүү өндөр үнээр нийлүүлнэ гэдгээ тодорхой хэлж, албан ёсоор үнээ ирүүлсэн бол өөр компаниас бетон зуурмагаа авах нь захиалагчид алдагдалгүй байх байсан. Нэхэмжлэгч “М” ХХК-аас хоорондоо илтэд зөрүүтэй 2 төсвийн задаргааг шүүхэд гаргаж өгсөн. Уг 2 төсөвт материалын зардал ижил буюу 80,925 төгрөг гэх боловч тээврийн зардал, нүүлгэн шилжүүлэлт, шатахуун түрээсийн зардал, элэгдлийн зардал, ажиллах хүчний зардал зэрэг нь илт зөрүүтэй байдаг. Мөн “бусад” гэх зардлыг 2 удаа тусгаж, үүнийхээ үндэслэлийг шүүхэд нотолж, тайлбарлаж чаддаггүй. ... Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал өөрийн тодорхойлсон үнийг бодит үнэ өртөг, зах зээлийн ханшид нийцсэн талаар нотолсон баримт байхгүй, өөр хоорондоо зөрчилдсөн, тайлбарлаж чаддаггүй төсвийн хүрээнд 208,161 төгрөг, 245,769 төгрөг гэх үнүүдээр нэхэмжлэлээ дэмжиж байгаа нь хангалтгүй. “М” ХХК-ийн хүргүүлсэн үнийг “С” ХХК-аас зөвшөөрөөгүй, маргаантай байсан гэдгийг нэхэмжлэгч талын эрх бүхий албан тушаалтнууд өөрсдөө зөвшөөрдөг. Энэ талаар өмнө гарсан шийдвэр, магадлал, тогтоолуудад хангалттай дүгнэгддэг. Иймд дээр дурдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, доорх гомдлын шаардлагыг хангаж өгнө үү. 5 удаагийн шийдвэр, магадлал, тогтоолд маргааны үйл баримт, нэхэмжлэлийн агуулга, үүнд хэрэглэх хууль тогтоомжийг зөрүүтэй дүгнэж ирснийг нэг мөр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчлийг залруулж өгнө үү.

Алдангийн тухайд, талуудын хооронд хуурай хольц бүхий С37 маркийн бетон зуурмагийн нэгж үүнийг өөрчлөн тогтоосон хэлцэл хийгдээгүй учир алданги шаардах эрх нэхэмжлэгчид байхгүй. Давж заалдах шатны шүүхийн магадлалын 7-д “Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзвэл хуурай хольцтой С37 маркийн бетон зуурмагийн 1 м.куб-ын үнийг 2023 оны №:АГГ/23-03-29 дугаартай гэрээнд 297,969 төгрөг, мөн 2023.09.03-ны өдрийн 001/23-167 тоот албан бичигт 245,769 төгрөг, 1-р хавтаст хэргийн 29-р талд авагдсан актад 270,899 төгрөг, нэхэмжлэгч анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 208,161 төгрөг, хариуцагч татгалзалдаа 159,000 төгрөг гэсэн өөр өөр үнийн дүнг тодорхойлжээ” гэж дүгнэгдсэн. Шүүхийн шатанд ч талууд үнийн талаар маргаантай. Шүүхээс хүртэл 297,969 төгрөг, 270,899 төгрөг, 245,769 төгрөг, 208,161 төгрөг,159,000 төгрөг гэх таван үнийг тоочин дурдаж, арай илүү магадлалтай гэж үзсэн үнийг сонгон хэргийг шийдвэрлэж байгаа тохиолдолд талуудын хооронд үнэ гарцаагүй тогтоогдсон байжээ, цаашлаад гэрээний алданги тохиролцсон гэж тооцох боломжгүй юм. Хариуцагч тал үүргийнхээ ихэнх хэсгийг зохих ёсоор биелүүлсэн учир ирээдүйд алданги төлж магадгүй гэж тооцоод, “М” ХХК-ийн дангаар тогтоосон төлбөрийг зөвшөөрч төлөх боломжгүй гэдгийг шүүх анхаарах ёстой. Гэрээний үнийг ч тодорхойлж чадахгүй байгаа харилцаанд алданги нэмэлтээр тогтоох нь иргэний эрх зүйн диспозитив зарчимд нийцэхгүй. Иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулах төлбөрийг 173,486,171 төгрөгөөр тогтоож өгнө үү.” гэжээ.

6. Хариуцагчийн өмгөөлөгч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “ ... С37(хуурай хольц) маркийн бетон зуурмаг нийлүүлэх талаар талууд гэрээгээр тохиролцоогүй, учраас үнийг мөн тохиролцоогүй. Тооцоо нийлэх үед “М” ХХК-аас үнийн санал ирүүлээгүй учраас тооцоо нийлээгүй. Талуудын хэн аль нь төсөвчнөөр үнэ тогтоолгосон нь С37 (хуурай хольц) маркийн бетон зуурмагийн үнийг С37/B40/ маркийн бетон зуурмагтай адилтгаж үзэх, ижил үнэтэй байх боломжгүйг харуулж байна.

Үнэ тохиролцоогүй байхад “С” ХХК-ийг гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх боломжгүй. Тэрч утгаараа талуудын маргаж байгаа гэрээ байгуулаагүй С37 /хуурай хольц/ нэршлээр үлдэгдэл 7,391.75 м.куб буюу 66 хувийн бетон зуурмагийн харилцаанд Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний харилцаа үйлчлэхгүй.

Талууд гэрээ байгуулаагүй ч харилцан тохиролцож шинэ харилцаа буюу ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн учир С37 /хуурай хольц/ маркийн 7,391.75 м.куб хэмжээтэй бетон зуурмагийн үнэ хэд байхыг “С” ХХК нь “Мапруд” ХХК-тай 2023.06.10-ны өдөр АГ/23-03-29 дугаартай Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний харилцаанаас ялгаж, зааглан шийдвэрлэх нь зүйтэй. С-37 /хуурай хольц/ маркийн 7,391.76 м.куб хэмжээтэй бетоны зуурмагийг бий болгох, бүтээхэд “С” ХХК цемент, чулуунаас гадна орц найрлагын нэг болох элсийг “М” ХХК-д бэлдэж өгсөн. Гүйцэтгэлийг баталгаажуулсан актад маркийн бетоны нэгжийн үнэ, нийт тооцох мөнгөн дүн тооцогдоогүй байгаа нь талууд үнийн хувьд маргаантай байсныг нөгөө талаасаа үнэ талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаас өөр байх нь зарчмын хувьд зөв гэдгийг хэн аль нь зөвшөөрч байгаа үйл баримт юм. Үнэ хэд байх талаар нэг шийдэлд хүрээгүй нь маргааны зүйл болсон.

Талуудын “Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх” гэж нэрлэсэн гэрээг анхан болон давж заалдах шатны шүүхээс худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж дүгнэсэн ч үнэ дээр маргаж байгаа бетон зуурмагийн тухайд маргааны үйл баримт нь ажил гүйцэтгэх гэрээний шинжийг илүү агуулсан байна. Ажил гүйцэтгэх болон худалдан авах гэрээний зүйл нь тодорхой үнэ цэнэ хөрөнгө гэдэг шинжээрээ бол адилхан ч гэрээний талууд өөрсдийгөө “захиалагч” болон “нийлүүлэгч” гэж тодорхойлсон бөгөөд тухайн шинэ төрлийн “бетон” бий болгоход захиалагч тал бүтээгдэхүүнээр хангаж оролцсон, чанарын баталгаат хугацааны “барьцаа төлбөр”-т 5 хувийг суутгасан зэрэг нь ажил гүйцэтгэх гэрээний тодорхой эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэхээс гадна тухайн хөрөнгийг бий болгох үйл явцтай холбоотой харилцааг зохицуулж байгаатай нийцэж байна. Харин худалдах, худалдан авах гэрээ нь гэрээний зүйл болох хөрөнгийг бий болгох үйлдэх зэрэг үйл явцтай хамааралгүй байдаг.

Түүнчлэн талуудын харилцан дэмждэг үзүүлэх хяналт тавих зарчим худалдах, худалдан авах гэрээнд үйлчилдэггүй. Талуудын хооронд заавал бичгээр, заавал нэг л гэрээ байгуулагдсан бол цаашид хэд хэдэн харилцаад үйлчлэх журам байхгүй. Бичгээр гэрээ байгуулагдсан эсэх, гэрээний нэр ямар байхаас үл хамаараад шүүхээс гэрээний харилцааг ялгаж, зөв тодорхойлох нь талуудын шаардах эрх, түүний үндэслэлийг өөр өөрөөр зохицуулсан тул гэрээний болон бусад харилцааг зөв тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэхээс гадна, дээрх хоёр гэрээнд заасан ялгаатай зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэх шаардлагатай.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны, үндэслэл бүхий болж чадаагүй тул Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.02.11-ний өдрийн 210/МА2026/00370 дугаартай магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдол нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангаж байх тул Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.04.22-ны өдрийн 001/ШХТ2026/00566 дугаар тогтоолоор хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

ХЯНАВАЛ:

8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

9. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “С” ХХК-д холбогдуулан 963,259,227.29 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2,588,744,783.2 төгрөг болгон нэмэгдүүлж, үндэслэлээ “... “С” ХХК нь 2023.06.10-ны өдөр байгуулсан АГ/23-03-29 тоот “Бетон Зуурмаг нийлүүлэх гэрээ”-ийн дагуу хуурай хольц бүхий С-37 маркийн 7391.76 м.куб бетон зуурмагийн үнэ үнийг төлөөгүй, нэхэмжлэгч нь м.куб-ын нэгж үнийг 245,769 төгрөгөөр тогтоох саналыг хариуцагч байгууллагад албан бичгээр мэдэгдсэн, хариуцагч хариу өгөөгүй учир хүлээн зөвшөөрсөнд тооцож, үнийг шаардах эрхтэй. Мөн үүргийг гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэн тул гэрээнд заасны дагуу алданги нэхэмжилнэ. ...” гэж тодорхойлжээ.

10. Хариуцагч “С” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “…хуурай хольц бүхий С-37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг талууд тохиролцож чадаагүй, нэхэмжлэгчээс гаргасан нэгж үнийг 245,769 төгрөгөөр тогтоох саналыг зөвшөөрөөгүй болохоо мэдэгдсэнээр нэхэмжлэгчээс 208,161 гэх үнийн саналыг гаргасан ч тус үнэ нь зах зээлийн ханшаас өндөр, үнийн тооцоолол тодорхойгүй байсан учраас манайх зөвшөөрөөгүй. Бид зах зээлийн үнэ ханшаар маргаан бүхий бетон зуурмагийн үнийг 159,000 төгрөгөөр тооцохоо нэхэмжлэгчид мэдэгдсэн. ... Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. ... Алданги тооцох нөхцөл хэзээ бий болсон нь тодорхойгүй нөхцөлд алданги шаардах эрхгүй. ...” гэж маргажээ.

11. Анхан шатны шүүх “... Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн. Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээний дагуу ... хариуцагчаас нэхэмжлэгчид хуурай хольц бүхий С-37 маркийн 7,391.75 м.куб бетон зуурмагаас бусад бетон зуурмагийн үнийг төлсөн, маргаан бүхий бетон зуурмагийг нэхэмжлэгч нийлүүлж, хариуцагч хүлээн авсан байна. Зохигчид дээрх үйл баримт болон хуурай хольцыг ашиглах болсноор С-37 маркийн бетон зуурмагийн нэгж үнэ буурах нөхцөл үүссэнийг харилцан хүлээн зөвшөөрч маргаагүй, харин хуурай хольц бүхий бетон зуурмагийн үнийг тогтоосон эсэх асуудал нь маргааны зүйл болсон, ... талууд өөр өөрсдийн тодорхойлсон үнийг бодит үнэ өртгөөр тооцож зах зээлийн ханшид нийцсэн болохыг нотлоогүй, иймээс шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд буюу 159,000 төгрөгөөр нэгж үнийг тооцож, хариуцагч “С” ХХК-аас хуурай хольц бүхий С37 маркийн бетон зуурмагийн үнэд 1,175,288,250 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүхээс талуудын хооронд хуурай хольц бүхий С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг өөрчлөн тогтоосон хэлцэл хийгдээгүй гэж дүгнэсэн учир нэхэмжлэгч нь алданги шаардах эрхгүй байна. Нэхэмжлэгчээс гэрээнд зааснаар чанарын баталгааны 5 хувийг хассан дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Гэвч талуудын маргааны зүйлд хамаарахгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хальж байх тул шүүх 1,175,288,250 төгрөгөөс чанарын баталгааны 5 хувийг хасаагүй болно.” гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

12. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч бетон зуурмагийн 1 м.куб нэгж үнийг 245,769 төгрөгөөр тооцохоор гэрээнд заасан хаягаар хариуцагчид саналаа хүргүүлснээс өөр үнийн санал гаргаагүй, мөн 7,391.75 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөгөөр тооцон 1,725,829,844 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан боловч 2024.08.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 1м.куб бетон зуурмагийн үнийг 208,161 төгрөгөөр тооцон нэхэмжилснийг хэргийн бодит байдалд тохирсон буюу талуудын зарчимд илүү нийцсэн гэж шүүхээс үзлээ. Нэхэмжлэгч энэ талаар ...нэгж үнийг 245,769 төгрөгөөр нийлүүлэхээр санал хүргүүлсэн ... захиалагч нэгж үнийг дахин багасгаж өгөхийг хүссэн ... хамгийн боломжтой нэгж үнэ 208,161 төгрөгөөр нийлүүлэхээр төсөв хүргүүлсэн гэж нэхэмжлэлдээ тодорхойлсон. Хариуцагч уг үнийн саналыг хүлээн аваагүй гэж татгалзсан ч нэхэмжлэгч гэрээний үнийг хоёр удаа бууруулснаа шүүхэд өөрөө тодорхойлсныг үндэслэн гэрээний нэгж үнийн талаарх зохигчийн маргааны үйл баримтыг ийнхүү тогтоов. ...Энэ тооцооллоор хариуцагч “С” ХХК нь төлөгдөөгүй 7,391.75 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 208,161 төгрөгөөр тооцоход 1,538,674,072 төгрөгийг нэхэмжлэгч “М” ХХК-д төлөхөөр байна. Үүнээс гэрээний 4.5-д заасны дагуу гэрээний үнээс 5 хувийн чанарын баталгааны төлбөрийг ажил дууссан буюу 2023.11.23-ны өдрөөс хойш 3 жилийн хугацаанд зохих хуваарийн дагуу буцаан олгохоор тохиролцсон төлбөрийг хасах үндэслэлтэй байна. Ийнхүү тооцоход 1,538,674,072 төгрөгийн 5 хувь 76,933,704 төгрөгийг хасахад 1,461,740,368 төгрөг болж байна. Нэхэмжлэгч алданги гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь гэрээний 9.3-т нийцсэн буюу захиалагч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцон нийлүүлэгчид төлөхөөр тохиролцжээ. Талууд ажлыг 2023.11.23-ны өдөр хүлээлцсэнээс хойш нэхэмжлэгч 2024.08.09-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх 259 хоногийг нэхэмжлэлийн хангагдсан дүнгийн 0.5 хувиар тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасан алдангийн дээд хэмжээнээс хэтэрсэн байх тул гэрээний 9.3, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас 730,870,184 төгрөгийн алданги гаргуулах нь зүйтэй.” гэсэн дүгнэлт хийжээ. 

13. Дээрх байдлаар хоёр шатны шүүх худалдах, худалдан авах гэрээний үнэ, алданги төлүүлэх, гэрээний үнийн баталгаа төлбөр суутган тооцох талаар тус тус зөрүүтэй дүгнэж, өөр өөр шийдэл гаргасан, энэ талаарх зохигчийн гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэв.

14. Зохигч худалдах, худалдан авах гэрээний дагуу С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийн талаар маргасан бөгөөд нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэлдээ нийт 12,385.73 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн, үүнээс 7391.75 м.куб зуурмагийн үнийг төлөөгүй, нэгж үнийг 208,161 төгрөгөөр тооцож, нийт 963,259,227.29 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

Нэхэмжлэгч дээрх тооцооллыг нэхэмжлэлд тодорхойлсноос үзэхэд C10 маркийн бетон зуурмаг 41.26 м.куб, нэгж үнэ 185,825 төгрөг, нийт 7,667,288.16 төгрөг, С15 маркийн бетон зуурмаг 173.88 м.куб, нэгж үнэ 185,825 төгрөг, нийт 32,312,142.96 төгрөг, С25 маркийн бетон зуурмаг 384.59 м.куб, нэгж үнэ 208,865.80 төгрөг, нийт 80,327,900.62 төгрөг, С37 маркийн бетон зуурмаг 4394.23 м.куб, нэгж үнэ 297,969 төгрөг, нийт 1,309,344,941.63 төгрөг, С37 (хуурай хольц) маркийн бетон зуурмаг 7391.75 м.куб, нэгж үнэ 208,161 төгрөг, нийт 1,538,674,695.40 төгрөг, нийт 12,385.73 м.куб бетон зуурмаг, нийт гүйцэтгэл 2,968,326,968.77 төгрөг, үүнээс нийт суутгалын дүн 2,326,154,150,57 төгрөг гэж хасч, үлдэгдэл төлбөрийг 642,172,818.19 төгрөг гэж тооцоолж, уг үүргээс алданги бодсон байна.

15. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 001/ХТ2025/00033 дугаар тогтоолоор ... нэхэмжлэгч нь нэгж үнийг 208,161 төгрөг, хариуцагч нь 159,000 төгрөг гэж маргасан, ... талууд үнийн талаар хангалттай мэтгэлцэж чадаагүй, ...” гэж үзэн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан.

Үүний дараа нэхэмжлэгчээс 2025.05.28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэн өөрчлөхдөө 7,391.75 м.куб хэмжээний С37 маркийн бетон зуурмагийн төлбөрт нэгж үнийг 245,769 төгрөгөөр тооцож, нийт 1,816,663,005.75 төгрөг, үүнээс гэрээний 4.5-д зааснаар 5 хувь 90,833,150.28 төгрөгийг хасаж, 1,725,829,855.47 төгрөг, алданги 862,914,927.73 төгрөг, нийт 2,588,744,783.2 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн.

16. Хэрэгт нэхэмжлэгчээс ирүүлсэн авлагын дэлгэрэнгүй бүртгэл /1хх-25/, автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминал барих төслийн бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэлтийн гүйцэтгэл /1хх-29/ зэрэг баримтаар нийт гүйцэтгэл 2,968,326,968.77 төгрөг, үүнээс суутгалын дүн 2,326,154,150.57 төгрөг, үлдэгдэл төлбөр 642,172,818.19 төгрөг болох тухай баримт авагдсан, харин зохигч гэрээний үүрэгт нийт 2,177,737,801.72 төгрөгийг төлсөн талаар 2024.10.09-ний өдрийн анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, татгалзалдаа дурдсан, түүнчлэн нэхэмжлэгчээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.10.09-ний өдрийн 101/ШШ2024/04633 дугаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан 2024.11.12-ны өдрийн гомдолдоо “...нэгж үнийг 208,161 төгрөгөөр тооцсон тул ... маргааны зүйл болсон С37 маркийн 7391.75 м.куб-ыг хариуцагч хүлээн авсан бөгөөд уг бетоны төлбөрөөс 819,568,142.88 төгрөгийг манай компанид урьдчилан төлсөн (хариуцагчийн бэлнээр төлсөн 1,916,012,839.40 төгрөг болон шатахуун 234,028,630 төгрөг, бараа материал 27,696,332.72 төгрөг, нийт 2,177,737,802.12 төгрөг дээр хавтаст хэргийн 29 дэх талд авагдсан нэхэмжлэгч болон хариуцагч нарын актаар баталгаажсан 1,429,652,279.63 төгрөгийн 5 хувь болох 71,482,613.67 төгрөгийг нэмэн нийт 2,249,220,416.24 төгрөгөөс актаар баталгаажсан 1,429,652,279.63 төгрөгийг хассан).” гэж дурдсан байна.

Улмаар энэ талаар анхан шатны шүүх шийдвэртээ маргаан бүхий С-37 маркийн 7,391.75 м.куб бетон зуурмагаас бусад бетон зуурмагийн үнийг хариуцагч төлсөн гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх “... 3 гэрээний үнэд хариуцагч 4,000,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлснийг анхан шатны шүүх хуралдаанд дурдсан ч давж заалдах гомдолдоо 2,177,737,801.72 төгрөг төлсөн, энэ мөнгөн дүнд нэхэмжлэгчийн шаардаж буй хуурай хольцтой С37 маркийн 7,391.75 м.куб бетон зуурмагийн үнэ багтсан гэсэн тайлбар, нотлох баримтын талаар анхан шатны шүүх хуралдаанд хэлэлцүүлэн маргаагүй. ...” гэжээ.

Дээрхээс үзэхэд зохигч маргаан бүхий С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийн талаар маргаж, үүнээс шалтгаалж нэхэмжлэлийн шаардлагын хэмжээ өөр байх боломжтой хэдий ч гэрээний үүрэгт буюу нийт гүйцэтгэл хэдэн төгрөг болсон, үүнээс хэдэн төгрөгийг төлсөн тухай тооцоолол тодорхой байх нь хэрэгт ач холбогдол бүхий үйл баримт болно.

17. Гэтэл хоёр шатны шүүх дээрх нөхцөл байдлыг анхаараагүй, нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хуурай хольцтой С37 маркийн 7,391.75 м.куб бетон зуурмагийн нэгж үнийг 208,161 төгрөгөөр тооцоход нийт гүйцэтгэл 2,968,326,968.77 төгрөг, үүнээс нийт суутгалын дүн 2,326,154,150,57 төгрөг гэж хасч, үлдэгдэл төлбөрийг 642,172,818.19 төгрөг гэж тооцоолж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөхдөө энэ тооцооллоо үндэслээгүй, зөвхөн 7,391.75 м.куб хуурай хольцтой С37 маркийн бетон зуурмагийн нэгж үнийг 245,769 төгрөгөөр тооцож, нийт 1,816,663,005.75 төгрөг, үүнээс гэрээнд заасан баталгааны төлбөрт 5 хувь тооцож, алданги шаардаж, нийт 2,588,744,783.2 төгрөгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон нь ойлгомжгүй байгаа нөхцөл байдлыг тодруулаагүй,  зохигч энэ талаар хангалттай мэтгэлцээгүй байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдал нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үнийг төлөх худалдан авагчийн үүргийг тодорхойлоход ач холбогдолтой учраас энэ үйл баримтыг тогтоосны эцэст нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзнэ.

18. Хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд маргааны үйл баримтын талаар хяналтын шатны шүүхээс эцэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэх нөхцөл бүрдээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/09352 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 210/МА2026/00370 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч “М” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.01-ний өдөр төлсөн 2,138,622 төгрөг, хариуцагч “С” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026.04.02-ны өдөр төлсөн 10,253,580 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Б.УНДРАХ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Н.БАЯРМАА

ШҮҮГЧИД                                                                      Н.БАТЗОРИГ

                                                                                                         Н.БАТЧИМЭГ

                                                                                           Х.ЭРДЭНЭСУВД