Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2019/0167

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаарт шийдвэрийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И” ХХК нь Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ш******* нэртэй газарт 1754.99 гектар талбай бүхий Х\/-01******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өргөдлийн журмаар эзэмших эрхтэй болж тусгай зөвшөөрлийн гэрчилгээг авсан байдаг.

Үүний дараагаар хуульд заасны дагуу хайгуулын үйл ажиллагааг амжилттай явуулсны үр дүнд дээрх талбайн тодорхой хэсэг буюу 144,43 гектар талбай бүхий хэсэгт нөөц илрүүлж, зохих журмын дагуу өргөдлөө өгөн Ашигт малтмалын газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр М\/-02******* дугаар бүхий Ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг аван үйл ажиллагаагаа явуулахад бэлдэн шаардлагатай хөрөнгө оруулалтын эхний шатны ажлуудыг хийж гүйцэтгээд байж байтал миний бие тархиндаа хүнд бэртэл авч байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон билээ.

Манай компани нь 1 гишүүнтэй бөгөөд захирал О.Х миний бие дээрх тусгай зөвшөөрлийнхөө ээлжит жилийн төлбөрийг хуулийн дагуу 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн дотор төлөх ёстой байсан боловч мөн оны 06 дугаар сарын 10-ны өдөр тархиндаа гэмтэл авч эрүүл мэндийн шалтгаанаас болж 06 дугаар сарын 25-ны өдөр эмчээсээ чөлөө аван өөрийн биеэр кадастрын хэлтсийн мэргэжилтэн дээр уулзаж төлбөрүүдээ төлөх гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлчих энэ жил ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр төлбөр төлөх шаардлагагүй гэх зүйлийг хэлж буцааж байсан атлаа дээрх шийдвэрийг гаргаж манай компанийн сүүлийн 2 жил хийсэн үйл ажиллагааны үр дүнг үндэслэлгүйгээр хүчингүй болгож байгаад үнэхээрийн гомдолтой байна.

Тухайн шийдвэрийг гаргасан нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.2, 56.3-д заасантай нийцээгүй гэж үзэж байна.

Учир нь бид өөрсдийн хүндэтгэн үзэх шалтгаанаа нотолсон баримтын хамт хуульд заасан хугацаанд багтааж төлбөрөө хийх, тусгай зөвшөөрлийн хүчинтэй байдлыг хадгалахыг хүсч хүсэлтээ гаргах боломжийг олгоогүй нь хуулийг илт буруугаар хэрэгжүүлсэн гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0,3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрсэн бол мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж зааснаас үзэхэд эдгээр хугацааг ямар нэг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд дээрх заалтуудын дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, харин хүндэтгэн үзэх шалтгаантайгаар хугацааг хэтрүүлсэн тохиолдолд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т "Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ" гэж заасан заалтаас маш тодорхой харагдаж байна.

Энэхүү хуулийн заалтын дагуу манай компанийн зүгээс хугацаа хэтрүүлэх болсон шалтгаанаа тодорхойлж нотлох баримтуудаа хавсарган ээлжит жилийн төлбөрөө төлөх боломжийг хариуцагч байгууллага олгоогүй. Энэ нь хуулийг илт зөрчиж 10 хоногт багтаан явуулах байсан мэдэгдлийг 2018 оны 08 дугаар сарын 07- ны өдөр явуулсан байдал, цуцалсан атлаа өнөөдрийг хүртэл мэдэгдэл ирээгүй байгаа байдал болон оршин суух хаягаа өөрчлөөгүй байхад шуудангийн байгууллага шууд буцалт хийсэн байгаа зэргээс үзэхэд манай байгууллагад уг асуудлыг мэдэгдэхийг хүсээгүй, хуулийн дагуу тайлбар, нотлох баримтаа гаргах боломжийг олгоогүй болох нь эдгээр баримтуудаар тодорхой нотлогдож байгаа тул эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь хөндсөн гэж үзэж байна.

Уг шийдвэрийг хүчингүй болгуулахаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргад хандсан боловч хүсэлтийг хүлээж авах боломжгүй хариуг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/8468 дугаар албан бичгээр өгсөн тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 1оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар шийдвэрийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ш*******д 1754.99 гектар талбай бүхий ХВ01******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2015 оны 06 дугаар сарын 18-ны өдөр эзэмших эрхтэй болж, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ авсан. Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу 1754 гектар талбайд хайгуулын үйл ажиллагаа явуулахад 143 метр квадрат талбайд нөөц илрүүлсэн бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар уг нөөцөд шинжээч томилж, дүгнэлт гаргуулсан тул Ашигт малтмалын газрын тосны газрын даргын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн тушаалаар уг газрыг нөөцөд бүртгүүлэн, гэрчилгээ болон ХҮ02******* дугаар бүхий ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан. Тусгай зөвшөөрөл авсны дараа тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийн эхний шатны үйл ажиллагааг явуулж байсан.

Нэхэмжлэгч компани нэг гишүүнтэй бөгөөд төлөөлөх эрх бүхий нэг л этгээд байдаг. Гэтэл уг этгээд 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тархиндаа гэмтэл аван 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд эмчилгээ хийлгэсэн бөгөөд нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн эрүүл мэндийн шалтгааны улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Маргаан бүхий актад Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтын дагуу “...тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй” гэдэг үндэслэл дурдсан байдаг. Нэхэмжлэгч байгууллага хүндэтгэн үзэх шалтгааны улмаас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй.

Хариуцагч байгууллага хуулийн дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн тохиолдолд нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлэх ёстой гэтэл нэхэмжлэгчид ямар нэгэн мэдэгдэл ирээгүй. Хариуцагч нэхэмжлэгчид мэдэгдэл хүргүүлээгүй шалтгаанаа “...нэхэмжлэгчийг хаяг дээрээ байгаагүй” гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзэхэд хариуцагч өөрөө нэхэмжлэгчийн хаягийг нь буруу тодорхойлж шуудангийн байгууллагад мэдэгдлээ хүргүүлсэн байдаг. Мэдэгдэл нэхэмжлэгчид хүргүүлээгүйгээс шалтгаалан нэхэмжлэгч хүндэтгэн үзэх шалтгаантай, өвчтэй гэдгийг нотлох баримтаа хуульд заасан хугацаанд хариуцагчид мэдэгдэх боломж байгаагүй. Уг боломжийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт “...тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” 34.6 дахь хэсэгт “...Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулах, тус хугацаа нь 30 хүртэлх хоног байна” гэж тусгайлсан байдаг.

Мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрлийн төлбөрийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох хуулийн зохицуулалттай. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 56.3-т заасан баримт бичгийг хянаж үндэслэлтэй бол тусгай зөвшөөрлийг цуцлах тухай мэдэгдлийг хүчингүй болгох ба үндэслэлгүй бол тусгай зөвшөөрлийг цуцалж эдгээр шийдвэрийг эзэмшигчид нь мэдэгдэнэ” гэж заасны дагуу хариуцагч байгууллага хуулийн дагуу мэдэгдэл хүргүүлсний үндсэн дээр нэхэмжлэгч хүлээн авч, холбогдох нотлох баримтыг хүргүүлнэ. Хүргүүлсэн баримтыг хариуцагч хянаж үзэн хүчингүй болгох, үндэслэлгүй болгох гэсэн эрх зүйн зохицуулалт байдаг. Гэтэл энэ боломжийг нэхэмжлэг байгууллагад олгоогүй, хариуцагч байгууллага өөрийн үүргээ хангалттай зохих ёсоор биелүүлээгүй тул тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр тусгай зөвшөөрлийг цуцалж нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар шийдвэрийн “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Говь Алтай аймгийн Тайшир сумын нутаг Ш******* нэртэй 1754,99 га талбайд ашигт малтмалын хайгуулын Х\/-1******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр “И” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын хайгуулын ХV-1******* дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн тодорхой хэсэг буюу 144,43 га бүхий талбайд нөөц илрүүлж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын МV- 2******* “И” ХХК-д олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасны дагуу “И” ХХК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", 34 дүгээр зүйлийн 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заажээ.

Гэтэл “И” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын М\/- 2******* дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар шийдвэрээр цуцалсан нь үндэслэлтэй байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “И” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал О.Х шүүхэд хандаж “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тархиндаа хүнд гэмтэл авсан..., ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх шаардлагагүй гэж буцааж байсан атлаа манай компанийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус...” гэж тодорхойлсныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанид  Говь-Алтай аймгийн Тайшир сумын Ш******* нэртэй газарт орших 1754,99 гектар талбайд хайгуулын XV-1*******l тусгай зөвшөөрлийг олгосон, уг талбайн тодорхой хэсэгт нөөц илрүүлснээр 144,43 гектар талбайд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 363 дугаар шийдвэрээр ашигт малтмалын ашиглалтын MV-02******* дугаар тусгай зөвшөөрлийг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн 2047 оны 7 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаагаар олгосон, нэхэмжлэгч нь мөн өдөр ашиглалтын тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөр төлсөн үйл баримтууд тогтоогдов.

Түүнчлэн маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй дараахь аж ахуйн нэгжийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлахаар шийдвэрлэсэн, уг жагсаалтын 2-т “MV-02******* Говь-Алтай аймгийн Тайшир сум, Ш*******, “И” гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Хайгуулын болонашиглалтынтусгайзөвшөөрөлэзэмшигчньтусгайзөвшөөрлийнэхнийжилийнтөлбөрийгэнэхуулийн 20.3, 26.3.2, 26.3.3-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.

34.3.Тусгай зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг хийх үед тусгай зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй. 34.4.Тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн өдрийг банкны гүйлгээ хийсэн өдрөөр тооцох бөгөөд холбогдох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлснээр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлсөнд тооцно.

34.6.Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна.

34.7.Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрхи заалтаас үзвэл нэхэмжлэгч компани нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан боловч энэ үүргээ биелүүлээгүй нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг ашиглалтын тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрөө тогтоосон хугацаанд төлөөгүй гэх үндэслэлээр түүний эзэмшлийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан захиргааны байгууллагын шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Учир нь нэхэмжлэгч компанийн захирал О.Х-с “...2018 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тархиндаа гэмтэл авсан, 2018 оны 6 дугаар сарын 15-наас 6 дугаар сарын 26 хүртэл, 6 дугаар сарын 26-наас 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл эмнэлгийн чөлөөтэй байсан” гээд үүнийгээ нотлохоор эмнэлгийн магадалгааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч О.Х нь 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өөрийн компанийн хайгуулын XV-01******* тоот тусгай зөвшөөрлийн сунгалтад 1 000 000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр буюу “өвчтэй байсан” гэх хугацаандаа өөрийн компанийн эзэмшиж буй хайгуулын XV-1*******l тусгай зөвшөөрлийн төлбөр болох 2 335 326,5 төгрөгийг биечлэн тушааж баримтад гарын үсгээ зурсан, мөн төлбөр төлсөн тухай КГ-34 маягтад “2018 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хүлээж авсан О.Х” гэж өөрөө гарын үсгээ зурснаас үзвэл дээр дурдсан хугацаанд тус компанийн захирал О.Х нь эрүүл мэндийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжгүй байсан гэж үзэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх үүрэгтэй байсан бөгөөд 2018 оны 6 дугаар сарын 12 болон 6 дугаар сарын 25-ны өдрүүдэд хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой төлбөр тооцоог төлсөн атлаа MV-02******* тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөөгүй, үүнийгээ “өвчтэй байсан”, “хүндэтгэн үзэх шалтгаантай” гэж тайлбарлаж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Ашигт малтмалын тухай  хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 32, 33 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангаж ажиллах үүрэгтэй бөгөөд зөрчвөл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална.

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө, 32.3-д Ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр нь тухайн тусгай зөвшөөрлөөр олгогдсон уурхайн талбайн гектар тутамд 21750 төгрөг...байна” гэж, мөн хуулийн  56 дугаар зүйлийн 56.1-д Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална: “56.1.1.тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 7.2, 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангахгүй болсон; 56.1.2-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн 34.7-д заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй бол гэж,  56.2.Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгчээс “...хуульд заасан мэдэгдлийг хүргүүлээгүй, бидэнд хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа тодорхойлох, төлбөрөө төлөх боломж олгоогүй” гэсэн үндэслэл дурдсан хэдий ч нэхэжлэгч компани нь захирал О.Х-н оршин суугаа хаяг болох Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Эрхүүгийн гудамж, 10 дугаар байрны 76 тоот хаягаар бүртгэлтэй,  хариуцагч захиргааны байгууллага Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлд заасан “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх тухай болон тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийн талаар мэдэгдэл”-үүдийг хүргүүлэхдээ нэхэмжлэгчийн хаягийг “10 дугаар хороолол” гэж буруу хаягаар явуулснаа хүлээн зөвшөөрч, хэргийн оролцогчид энэ талаар маргаагүй.

Ийнхүү хуульд заасан мэдэгдлүүдийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй нь хариуцагчийн буруутай үйлдэл мөн боловч ийнхүү мэдэгдлийг хүргүүлээгүйн улмаас нэхэмжлэгч компанийн ашиглалтын тусгай зөвшөөрөл цуцлагдсан гэж үзэх боломжгүйгээс гадна “мэдэгдлийг буруу хаягаар хүргүүлсэн” нь нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрөө 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс өмнө төлөх үүрэгтэй боловч хариуцагч энэ хугацаанаас 110 хоногийн дараа тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байхад нэхэмжлэгч нь энэ хугацаанд хариуцагчид хандаж гомдол хүсэлт гаргаагүй атлаа тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг мэдсэний дараа буюу 2018 оны 12 дугаар сарын 25-нд төлбөрөө төлснөөр үүнээс 1 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл Ашигт малтмал газрын тосны газрын 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 7/5410 дугаар бүхий “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг мөн өдрөөр огноолон, 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 7/7217 дугаар “Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг мөн өдрөөр огноолон тус тус “Монгол шуудан”-гийн салбараар хүргүүлсэн боловч “энэ хаягт ийм компани байхгүй” гэсэн тайлбартайгаар буцаалт хийгдсэн байх ба нэхэмжлэгч 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт гомдол гаргасан, О.Хгийн эмнэлгийн чөлөөний хугацаа 2018 оны 7 дугаар сарын 10-нд дууссан зэргээс үзвэл хариуцагчийг тусгай зөвшөөрлийг цуцлах тухай шийдвэр гаргахаас өмнө нэхэмжлэгч нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэх талаар тайлбар хүсэлтээ гаргах болон тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлөх боломжтой байсан байна.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа “...6 сарын 25-ны өдөр Кадастрын мэргэжилтэн...хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрөө төл, энэ жил ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх шаардлагагүй гэж хэлж буцаасан” гэсэн үндэслэл дурдсан боловч уг гэрчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад татан оролцуулж мэдүүлэг авахуулахаар хүсэлт гаргаагүй.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй” гэж заасан, эх сурвалжаа буюу “төлбөр төлөх шаардлагагүй гэж буцаасан” гэх этгээдийн овог нэр, албан тушаалыг тодорхой зааж өгөөгүйгээс шүүх уг гэрчийг татан оролцуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн, энэ нь мөн хуулийн 32.8-д зааснаар “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй”-г тэмдэглэх нь зүйтэй.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар шийдвэрийн “И” ХХК-д холбогдох хэсэг нь хууль зүйн үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И” ХХК-ийг төлөөлж тус компанийн захирал О.Х-с гаргасан, “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 742 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН