Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 31 өдөр

Дугаар 2224

 

МАГАДЛАЛ

 

2018.10.31                                                     Дугаар 2224                             Улаанбаатар хот

 

 

 

 

ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, М.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн,

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03000 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Б.Э, Б.Б нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 38 152 032 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч М.Наранцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ө.Ган-Өнөр нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт:  2013 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Б.Э, Б.Б нартай зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 30 000 000.00 төгрөгийн зээлийн шугамын эрх олгож, 24 сарын хугацаатай, сарын 2.1 хувийн хүүтэй зээлэхээр тохирсон. Өнгөрсөн хугацаанд хариуцагч нар уг шугамын дансаар нийт 300 087 980.00 төгрөгийн гүйлгээ хийсэн бөгөөд тэдний хүсэлтийг үндэслэн 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулан зээлийг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төлж дуусгахаар тохирсон. Гэтэл хариуцагчид гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийг төлөөгүй. Шугамын зээл нь өөрөө бусад төрлийн зээлээс онцлогтой бөгөөд зээлдэгчийн нэр дээрх дансанд үндсэн зээл, түүний хүү, нэмэгдүүлсэн хүү хамт бодогдож, төлөх ёстой үлдэгдэл гардаг. Хэрэгт авагдсан баримтаар манай банк энэхүү шугамын зээлийн эрхийг зогсоохоор үлдэгдлийг өөр дансанд шилжүүлсэн бөгөөд үндсэн зээл болох 27 402 822.00 төгрөгийн хувьд зээлийн шугамын дансанд бодогдсон төлбөр буюу үндсэн зээл, хүүгийн нийлбэр гэж хэлж болно. Учир нь, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 1 дүгээр зүйлийн 1.10-д зааснаар шугамын зээлийн үлдэгдлийг ашигласан зээл, түүний хүү болон үүрэг хүлээсний шимтгэлийн нийлбэр байхаар тохиролцсон юм. Бид, анх хариуцагчид 5000926017 тоот данс нээж өгсөн бөгөөд дээр дурьдснаар шугамын эрхийг зогсоохдоо 1370019836 тоот дансанд шилжүүлэн бүртгэсэн тул шинэ зээл биш. Талууд энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар үл хөдлөх хөрөнгө барьцаалсан гэрээ нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Манай компани өнгөрсөн хугацаанд хариуцагчдаас удаа дараа зээлээ төлөхийг шаардсан бөгөөд нэхэмжлэлийг шүүхэд гаргах ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэхээр ажилласан боловч тэдгээрийн оршин суугаа хаяг тодорхойгүй, утсаар ярих гэхээр утсаа авахгүй байсан, бид ямар нэгэн байдлаар зээлийн хүүг нэмэгдүүлэхээр санаатайгаар хугацаа хожимдуулаагүй. Тус зээлийн гэрээг үргэлжилж байх хугацаанд ХБ ХХК-ийн зүгээс 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн хүүгийн дээд хэмжээг сарын 2 хувь байхаар тогтоосон бөгөөд хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 27 402 822.00 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сарын 2 хувийн хүү тооцож,        9 590 987.00 төгрөг бодогдсон. Иймд, хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл              27 402 822.00 төгрөг, зээлийн хүү 9 590 987.00 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 158 223.00 төгрөг, нийт 38 152 032.00 төгрөгийг гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбарт: Бид, энэхүү зээлийг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар нийт тооцож төлөхөд татгалзахгүй. Учир нь, тухайн зээл муудаж, бид санхүүгийн гачигдалд орсон талаар нэхэмжлэгч тал мэдсээр байж ийнхүү нэхэмжлэлийг бараг 2 жилийн дараа өгч байгаа бөгөөд хэрэгт авагдсан шүүхэд шилжүүлэх болсон тухай мэдэгдэх хуудас-т дурьдснаар шүүхэд өгөх ёстой байтал өөрсдөө хугацаа хэтрүүлсэн. ХБ ХХК-ийн дотоод журмаар муу зээлийг төлүүлэхэд 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн тохиолдолд тус зээлийг шүүхийн журмаар нэхэмжилж төлүүлдэг. Нэхэмжлэгч тал бидэнд 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр зээлийг шүүхийн журмаар нэхэмжлэл гаргаж төлүүлэх талаар мэдэгдэл өгсөн атлаа санаатайгаар хугацаа хожимдуулж, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээг өсгөж байна. Хэрэгт авагдсан 5000926017 тоот данс дансны хуулгаас үзэхэд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл         24 999 118.18 төгрөг байхад үүнд бодогдсон 530 282.95 төгрөгийн хүүг нэмж,                      25 530 514.43 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй гэж бүртгээд, 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр дахин зээл олгосон мэтээр 1370019836 тоот данс нээж, зээлийн үлдэгдлийг 27 402 821.56 төгрөг гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээнд бидний зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулж, нэмж зээл олгосон мэт ийм үйлдэл гаргасан байгаа нь хууль зөрчиж байна. Бидний тооцооллоор 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 24 999 118.18 төгрөг, зээлийн хүү 1 220 629.53 төгрөг, нийт 26 219 747 төгрөг болсон. Гэтэл шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яригдснаар дээр дурьдсан 24 999 118.18 төгрөг ч хүртэл ашигласан зээл болон хүүгийн нийлбэр болж таарч байна. Мэдээж хэрэг зээлдэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой, гэтэл зээлдүүлэгч болох нэхэмжлэгчийн зүгээс гэрээний нөгөө талд мэдэгдэхгүйгээр нэмж зээл олгосон мэтээр бүртгэл хийж, улмаар хүүгээс хүү тооцож нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй. Бидний эрхэлж байсан бизнесийн орлого муудсан, эхнэрийг маань тус банкинд ажиллаж байхад орон тооны цомхотголоор ажлаас чөлөөлж, орлогогүй болсныг мэдсээр байж нэгэнт төлөгдөхгүй байгаа зээлийн хугацааг хэтрүүлж, хүү нэмж нэхэмжилж байгааг шударга биш гэж үзэж байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч ХБ ХХК-ийн гаргасан хариуцагч Б.Э, Б.Б нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 38 152 032.00 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг   бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 481 911.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Зээлийн үлдэгдэлийг ашигласан зээл болон түүнд төлөх хүү, үүрэг хүлээсэний шимтгэлийн нийлбэрээр тодорхойлж түүнээс хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцсон нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Зээлийн гэрээний 1.10 дах заалтаар банк нь үндсэн хүү, үүрэг хүлээсэний шимтгэлийг сар бүрийн эцэст тооцон, тооцсон дүнгээр ззэлдэгчийн авч ашигласан зээлийн үлдэгдэлд нэмж тооцох бөгөөд зээлдэгч дараа сарын 5-ны дотор төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэрээ билээ. Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дугаар зүйлд заасны дагуу Банк нь иргэн хуулийн этгээдэд өөрийн болзол нөхцөлийн дагуу зээл олгож болох бөгөөд зээлийн хүүг өөрөө тогтоох эрхтэй.Үүний дагуу зээлдэгч нарт зээлийн шугамын эрх нээж, зээлийн гүйлгээг хийж, хүүг гэрээнд тохирсон нөхцөлийн дагуу тооцсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй, хариуцагч нараас гаргуулбал зохих төлбөрийн хэмжээг буруу тооцсон нь шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй тул давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна.

Нэхэмжлэгч Хас банк ХХК нь Б.Э, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 38 152 032 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжилснийг хариуцагч нар 26 219 747,71 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх 11 932 214 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр зээлийн шугамын гэрээг байгуулагдаж, хариуцагч нар 30 000 000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 2,1 хувийн хүүтэй зээлсэн, шугамын эрх нээлгэсний төлбөрт сар бүр 0,2 хувийн шимтгэл төлөхөөр тохиролцжээ. Мөн уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахуулахаар Б.Б-ийн өмчлөлийн Ү-2205032925 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байрны зоорийн давхарт байрлах 22.94 м.кв талбайтай автозогсоол болон Г-2206004401 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Малчин 7 дугаар гудамж, 5/а тоот хаягт орших 700 м.кв талбайтай газрыг тус тус зээлийн барьцаанд барьцаалан гэрээ байгуулсан үйл баримт хэргийн 7-11, 14-20 дахь талд авагдсан баримтаар тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй.

Талуудын хооронд байгуулагдсан зээл болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагад нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Шүүх зохигчдын хооронд 2013 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт 38 152 032 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль, гэрээний заалтад нийцээгүй гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нар зээлийн үлдэгдэл 24 999 118 төгрөг, хүү 1 220 629 төгрөг, бүгд 26 219 747 төгрөгийг төлөх үүрэгтэй болохоо зөвшөөрсөн агуулгатай тайлбарыг шүүхэд гаргажээ. /хх 51/

Иймд хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хэмжээ болох        26 219 747 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 101/ШШ2018/03000 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Э, Б.Б нараас нийт 26 219 747 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11 932 285 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын дугаарыг 3 гэж өөрчлөн, “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар Б.Б-ийн өмчлөлийн Ү-2205032925 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, ХД-36 дугаар байрны зоорийн давхарт байрлах 22.94 м.кв талбайтай автозогсоол болон Г-2206004401 тоот улсын бүртгэлийн дугаартай, Хан-Уул дүүрэг, 12 дугаар хороо, Малчин 7 дугаар гудамж, 5/а тоот хаягт орших 700 м.кв талбайтай газрыг үүргийн гүйцэтгэлийг хангасугай” гэсэн 2 дахь заалт нэмж,

3 дахь заалтын дугаарыг 4 гэж, “...үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч нараас 289 049 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс        төлсөн улсын тэмдэгтийн хураамж 418 911 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

       ШҮҮГЧИД                                          Э.ЗОЛЗАЯА

                                                      М.НАРАНЦЭЦЭГ