Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 142/ШШ2022/00482

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

*******,*******,*******,*******,

Хариуцагч: *******,*******,*******,*******,*******

Нэхэмжлэлийн шаардлага: 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: ,

Хариуцагч:

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Жавзапагма нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь өөрийн танил болох машин ямар ч асуудалгүй эвдрэл гэмтэл байхгүй гэсний үндсэн дээр Соната 6 маркийн машиныг 6,900,000 төгрөгөөр 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой мөнгөө шилжүүлж өгөөд маргааш нь буюу 02 дугаар сарын 14-ний өдөр нэр дээрээ шилжүүлж авсан. Гэтэл машинаа авсны маргааш 02 дугаар сарын 15-ны өглөө хүүхдээ хичээлд нь өгөх болоход машин асаагүй эгчийнхээ машиныг унаж хүүхдээ зөөж байгаад 02 дугаар сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Тариалан суманд суугаа аав, ээж дээрээ очиж ирэх шаардлагтай болоод 7 сартай, 3 настай, 11 настай 3 хүүхдийнхээ хамтаар замдаа гарцгаалаа. Ингээд Оросын булаг ороход машин халдаггүй, даар үлээхгүй бид даарцнгааж эхлээд ахаас асууя гээд залгасан. бидэнд урд нүүрэнд байгаа цаасан хайрцгийг дэлгэ, мотороо юмаар хучиад хаазаа 3 хүртэл гишгиж яв гэсэн юм. Ахаа тийм гэж юу байх вэ хүйтэн байна гээд бүх машин мотороо гучдаггүй. Хүүхдүүд маань даараад байна бид машинаа солиод явчихъя, та янзлаад өг гэж хэлэхэд та нар л өөрсдөө ажиллуулж чадахгүй байна. Надад хүний машинтай ноцолдох зав байхгүй гэж утсаа салгасан. Ингээд бид халах байх гэж бодоод цааш явж Булган аймгийн Цагдаагийн постын наад орой дээр очиход машин халахгүй хүүхдүүдийн маань хөл, гар нь даарцгааж уйлалдаж эхлэхэд бид ерөөсөө буцъя, ингэж явна гэж байхгүй юм байна гээд буцаж ирээд ахаа наймаагаа буцаая бидэнд нялх хүүхдүүдээ аятай тухтай явуулчих найдвартай машин хэрэгтэй байна. Таны машин хэлсэн шиг чинь сайн юм биш байна гэхэд битгий хуц, чадахгүй, та 2 шүүх цагдаагаараа яваарай гээд утсаа салгасан. Бид шууд машиныг нь гэрийнх нь гадаа аваачиж тавиад явцгаасан. 02 дугаар сарын 20-нд Хөвсгөлөөс буцаж ирээд асуудлаа шийдье гэхэд залгах бүрт чадахгүй, худлаа, хуц, би чамд тэгж хэлээгүй гэх мэтээр доромжилсоор байсан. Бид ахаа нэг уулзъя гэж гуйж байж уулзаад та хоёр дүүдээ мөнгийг маань гаргаад өгчих, 2-нд хүүхдээ хичээлд нь зөөх машинаа явъя, та машинаа янзалж зараад бидний мөнгийг өгчихөөрэй гэсэн ч би чадахгүй, өгөхгүй гэсэн хэвээр байна. Машины хянах дээр чекны гэрэл ассан байна гэнэ. Биднийг унаж явахад ямар ч гэрэл байгаагүй гэж хэлэхэд биднийг асаасан гэж гүтгээд нөхөр үүнийг яаж унтраах уу гэсэн клемний толгойг нь салгаад залгахад унтрачихдаг гэж өөрөө хэлж байгаа юм. Надад машинаа өгдөг өдрөө ах нь Соната 8 маркийн машин 20,000,000 гаран төгрөгт авсан гэж өөрөө хэлсэн. Та ингэж байсан шүү дээ гэхээр чи надад мөнгө байгааг яахаараа мэдчихдэг юм. Би чамд тэгж хэлээгүй битгий худлаа хуц гээд энэ байдлаас харахад нь маш их худлаа ярьдаг, хүний ярьсаныг яриагүй болгоод, өөрийн яриагүйг ярьсан болгоод бид асуудлаа шийдэж чадахгүйд хүрээд байна. Машиныг аваад 200 км ч явж чадаагүй эвдрэлүүд нь илт мэдэгдсэн. Үүнд усны дачиг ажиллаагүй, үүнийгээ хэлээгүй гэж хэлсэн гээд байгаа. Хөгжим ажиллахгүй, паар ажиллахгүй, халахгүй машиныг үлдээчихээд эргэж ирээд уулзахад паар нь харавцан юм гэж хэлсэн. Өөр бусад асуудлыг нь хэлэх гэсэн боловч худалч хүнийг нь мэдээд биднийг эвдэлсэн гэж гүтгэх байх гэсний үндсэн дээр өөрт нь хэлээгүй. Одоо бид хүүхдээ хичээлд нь зөөх унаагүй, ах дүү, аавынхаа машиныг гуйж хэрэглэж байгаа тул миний нэхэмжлэлийг шийдвэрлэж хохиролгүй болгож өгнө үү. Машины татвар төлсөн, бинзенийг нь дүүргэсэн, гэрчилгээний хураамж төлсөн. Нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 7,000,000 төгрөг болно гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие өөрийн эзэмшлийн Sonata 6 маркийн 47-93 ОРХ дугаарын авто машинаараа нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлсээр ирсэн. Гэтэл 2022 оны 2 дугаар сард нэг эмэгтэй ирээд миний машиныг өөрөө зарчихаач гэж гуйгаад байсан. Ингээд зарвал зарчихсан ч яахав гээд тай 6,900,000 төгрөгөөр өгч авалцахаар тохиролцсон. 2022 оны 02 дугаар сарын 13 ны орой 6,500,000 төгрөг надад шилжүүлээд орой машинаа авах гээд байхаар нь харанхуй шөнө аваад яах вэ маргааш би машинаа цэвэрлээд ковидын хамгаалалтынхаа хөшиг зэргийг авчихаад өгье гэсэн. нөхөртэйгээ ирээд унаж үзэж шалгачихаад за за авъя гэсэн. Маргааш нь машинаа өгч бичиг баримтаа нэр дээр нь шилжүүлж өгсөн. Надад үлдэгдэл 400,000 төгрөгөө шилжүүлж өгсөн. Машин үзэж шалгаж байхад нь паарын зөв тал нь халуун үлээдэг, баруун тал нь бүлээхэн үлээгээд байдаг юм цэвэрлүүлчихээрэй гэж хэлсэн. Хөгжим доголдоод байдаг юм дулаан орохоор засч өгье гэсэн. Хэрвээ хол явахаар бол мотороо хучаарай гэсэн. Моторын тос масло солих болсон байгаа солиорой гэж хэлсэн. Ингэхэд тэд за өөрсдөө янзалчихна гэж хэлээд л авсан. Би машин зарсан мөнгөө аваад өөрөө Улаанбаатар хот явж өөр машин авч ирсэн. Гэтэл надтай зарсан өдрөөс хойш юу ч яриагүй байж байгаад 2 сарын 17-ны өдөр паар чинь халахгүй байна гэж залгасан. Тэгэхээр нь моторын урд аржатарааа дулаал гэж хэлсэн. Би энэ үед Улаанбаатарын замд явж байсан. Тэгээд гэртээ 23 цагийн үед ирэхэд авсан машинаа манай гараашийн хаалга таглаж тавиад түлхүүрийг нь дэлгүүрт орхиод явчихсан байсан. Би 102 -т дуудлага өгч болсон явдлыг хэлэхэд та хөдөлгөөд хашаандаа оруулаад тавьчихгүй юу гэсэн. Тэгээд хөдөлгөөд хашаандаа оруулах гээд асаатал чекний гэрэл асаад унасан тэгээд хөдөлгөөд хашаандаа оруулж тавьсан одоо тэр чигээрээ байгаа. Ингээд намайг ирсэнээс хойш 2 дугаар сарын 20-ны өдөр уулзацгаасан. Наймаагаа буцаая гэхээр нь би одоо өөр машин аваад ирсэн, мөнгө төгрөгийг чинь өгч чадахгүй би бас 8 сая төгрөгийн зээл нэмж авч байж энэ машинаа авсан, аваагүй байсан бол бас яахав гэсэн. Тэгээд ч би машин зарахдаа болох болохгүйг нь хэлээд өгч байхад та нар өөрсдөө зөвшөөрөөд л авсан биз дээ. Та хоёр машинаа унаад явж бай, авах хүн суръя гэсэн. Гэвч зөвшөөрөхгүй байсан. Би тэгж хүнтэй муудалцаад хэрэлдэээд байдаг хүн биш хүнийг хуурч мэхлээд байдаг ч хүн биш өөрсдөө үзэж харж доголтой зүйлүүдийг нь хэлсээр байхад хүлээн зөвшөөрч авчихаад одоо наймаа буцна гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Паар бүр халдаггүй гэдэг бол худлаа. Би өвөлжингөө паараа тавиад л таксийн үйлчилгээ хийгээд ирсэн. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Нэхэмжлэгчээс: 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 126,950 төгрөг төлсөн баримт /хх-4/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-5/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-6/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-7/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-13/, 4793 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зураг /хх-14/, Сүүн хадаг ХХК-ийн тодорхойлолт /хх-16-17/, 4793 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-18/, 4х6 хэмжээтэй байшин болон нойлын зураг /хх-11/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ нь:

нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь хариуцагч өд холбогдуулан 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь хариуцагч Ч.Бяанмөнхөөс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Соната 6 маркийн машиныг 6,900,000 төгрөгөөр худалдан авсан байна.

Гэвч худалдан авсаны дараа 02 дугаар сарын 15-ны өглөө машинаа асаах гэсэн боловч асаагүй, 02 дугаар сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Тариалан сум руу явсан боловч машин халдаггүй, паар үлээхгүй доголдолтой болох нь илэрч энэ тухай хариуцагчид мэдэгдсэн боловч хариу өгөөгүй, ямар нэг арга хэмжээ аваагүй байна.

Ийнхүү нэхэжлэгч гэрээнээс татгалзаж машиныг буцааж өгөх тухай хариуцагч өд мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй тул нэхэмжлэгч машиныг гэрийнх нь гадаа аваачиж өгсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч машиныг аваад 200 км ч явж чадаагүй эвдрэлүүд нь илт мэдэгдсэн, үүнд усны дачик, паар ажиллахгүй, халахгүй байсан байсан, машиныг үлдээчихээд эргэж уулзахад паар нь харавцан юм гэж хэлсэн, машины татвар төлсөн, бензинийг нь дүүргэсэн, гэрчилгээний хураамж төлсөн, нийт нэхэмжилж байгаа мөнгөн дүн 7,000,000 төгрөг болсон гэж нэхэмжлэгч тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: Соната 6 маркийн 47-93 ОРХ дугаарын автомашинаараа нийтийн тээвэр эрхэлж ирсэн. Нэхэмжлэгч машинаа 6,900,000 төгрөгөөр худалдсан. 2022 оны 02 дугаар сарын 13-ны орой над руу 6,500,000 төгрөг шилжүүлээд, маргааш нь ирээд унаж үзэж шалгачихаад авъя гэсэн, тэгээд машинаа өгч бичиг баримтаа нэр дээр нь шилжүүлж өгсөн. Машин үзэж шалгаж байхад нь паарын зөв тал нь халуун үлээдэг, баруун тал нь бүлээхэн үлээгээд байдаг юм цэвэрлүүлчихээрэй гэж хэлсэн, хэрвээ хол явахаар бол мотороо хучаарай, моторын тос солих болсон солиорой гэж хэлсэн гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдаж нэхэмжлэгч нь хариуцагч өөс 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Соната 6 маркийн машиныг 6,900,000 төгрөгөөр худалдан авсан байх ба хариуцагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг нэхэмжлэгчид шилжүүлэх үүргээ биелүүлээгүй машин халдаггүй, паар үлээдэггүй доголдолтой байсан болох нь тогтоогдож бана.

Энэ талаар нэхэмжлэгч,хариуцагчид мэдэгдсэн боловч хүлээн зөвшөөрөөгүй, ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэстэй байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээнээс таталзаж машиныг хариуцагчид буцаан өгсөн байх тул мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар хариуцагчид шилжүүлсэн 6,900,000 төгрөг болон учирсан хохирол болох машины татвар төлсөн мөнгө, бензиний үнэ, гэрчилгээний хураамж зэрэг нийт 7,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан хариуцагч өөс 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч өөс 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН