Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 183/2022/00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмэн хотхон 3-43 байр, 219 тоот хаягт оршин суух, Б овогт А.Э /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Хангарьд 2 хотхон, 3 байр, 130 тоот хаягт оршин суух, Б овогт Самданы Э /РД:/-д холбогдох

 

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нарийн бичгийн дарга Ц.Ү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А.Э нь С.Э тай 2009 онд Солонгос улсад танилцаж удалгүй хамтран амьдарч эхэлсэн. 2010 оны 10 дугаар сарын 10-ны өдөр том хүү Б төрсөн ба тухайн үед С.Э-аар бүртгүүлж чадаагүй. С.Э нь зан байдлын хувьд тогтворгүй маш их уур уцаартай. Хамт амьдарч байхдаа сэтгэл санаа бие махбодын хувьд үргэлж дарамгалдаг. Муудалцаж өөдөөс нь үг хэлэх болгонд байнгьн гар хүрдэг, мөн аав, ээж, ах дүүг хүртэл байнгын доромжилж дарамталдаг байсан. 2011 оны өвөл муудалцаж гар хүрсэн бөгөөд хүнд гэмтэл учруулсан. С.Эы хувьд бие махбод сэтгэл санаанаас гадна бэлгийн дарамтанд байлгадаг байсан. 2013 онд Монголд ирсэн ба 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр бага хүү Э.Етөрсөн. 2016 оноос хойш тусдаа амьдарч эхэлсэн ба үүнээс хойш эцэг С.Э нь ямар нэгэн байдлаар хүүхдийн тэтгэлэг олгоогүй тул хуульд заасан тэтгэлэг тогтоолгож өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа боловч том хүү Э.Б нь саяханаас эхийнхээ асрамжид шилжсэн. Хүүхэд эхийнхээ асрамжид очсоноос хойшхи тэтгэлгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Э нь хариуцагч С.Эд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Зохигчид 2009 оноос эхлэн дотносож, А.Э, С.Э нарын дундаас 2010 оны 10 дугаар сарын 10-нд хүү Э.Б, 2014 оны 7 дугаар сарын 10-нд хүү Э.Е нар төрсөн байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч С.Э нь хүү Э.Б, Э.Е нарын төрсөн эцэг мөн эсэхэд маргаагүй тул хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.

 

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түшингийн хэмжээгээр сар бүр хүү Э.Б, Э.Е нарт эцэг С.Эаас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.

 

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү Э.Б, Э.Е нарыг эх А.Эийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 

Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Э.Б, Э.Е нарыг 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг С.Эаас сар бүр тэтгэлэг гаргуулсугай.

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Э.Б, Э.Е нарыг эх А.Эийн асрамжид үлдээсүгэй

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч А.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Э-с улсын тэмдгийн хураамжид 140 400 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ