| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Бямбасүрэн |
| Хэргийн индекс | 142/2022/00460/И |
| Дугаар | 142/ШШ2022/00544 |
| Огноо | 2022-04-12 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 142/ШШ2022/00544
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртын гол баг 2-2 тоотод оршин суух, Боржигон овогт Доржийн Соронзонбат /РД: ФБ77012394, 99533256/
Нэхэмжлэлийн шаардлага: 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Нямаа,
Хариуцагч: Д.Соронзонбат,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бямбахишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Зандаръяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Соронзонбаттай би хуучны танил бөгөөд 2018 оны 4-р сард надтай уулзаад би Дэнжид орон сууц барьж байгаа байр хэрэгтэй бол урьдчилгаа төлөөд захиалаад аваарай гэхээр нь эхнэртэйгээ яриад түүний төрсөн дүү И.Ган-Эрдэнэд байр авч өгөхөөр тохироод Д.Соронзонбатын өгсөн Голомт банк дахь Ууганжаргалын Одгэрэлийн 4025104099 дугаартай дансанд би 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг И.Ган-Эрдэнийн байрны урьдчилгаа гэсэн утгатайгаар шилжүүлсэн. Уг орон сууцанд И.Ган-Эрдэнэ 2018 оны 4-р сарын сүүлчээр ороод орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ болгохоор удаа дараа шаардсан боловч улсын комисс хүлээж аваагүй болохоор болохгүй гээд байсан.Гэтэл улсын комисс 2013 онд улсын комисс уг орон сууцыг хүлээгээд авчихсан байсан юм билээ. Гэтэл 2021 онд шүүхээс дуудахлаар нь очсон чинь намайг Ш.Равдандорж шүүхэд өгөөд түрээсийн төлбөр нэхсэн байсан.Д.Соронзонбат 20,000,000 төгрөгийг надаас залилаж авсан болох нь Ш.Равдандоржийн нэхэмжлэлийн шаардлагаас харагдаж байгаа юм.Соронзонбат дүүд минь зарлаа гэж урьдчилгаа авсан Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ЭКО хотхон 15-8-1-р байр 13 тоот нэг өрөө сууцаа Ш.Равдандоржид өгөөд Ш.Равдандорж 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нэр дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан. Би залилан мэхлүүлсэн 20,000,000 төгрөгөө Д.Соронбатаас гаргуулж авна. Иймд Д.Соронзонбатаас 20,000,000 төгрөг гаргуулж А.Зандаръяа надад олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Соронзонбат шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч иргэн Зандаръяа нь 2018 онд иргэн надтай уулзаад байр авах хүсэлтэй байна гэдгээ хэлээд уулзсан болно. Ингэхдээ хуучны танил найз нөхөд гээд ярьж хөөрөөд тухайн үеийн ханшаар зарагдаж байсан 57,880,000 төгрөгний өртөг үнэтэй 1 өрөө байрыг 50,000,000 /тавин сая/ төгрөгөөр тохирч худалдаж авахаар болж тохиролцсон болно. Тэгэхдээ урьдчилгаа болгож 20,000,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 30,000,000 төгрөгийг дүү И.Ган-Эрдэнэ төлнө гэсэн. И.Ган-Эрдэнээс удаа дараа үлдэгдэл төлбөрийг нэхэж байсан боловч Ган-Эрдэнэ зээлтэй гэж яриад төлөөгүй 2022 хүртэл явсан болно. Ингэж явах тухайн жилүүдэд манай компани нь өмнө авсан зээлээ төлж дуусгаагүйн улмаас 2020 оны 8-р сарын 31-нд тухайн Эко хотхоны байранд нийт 9 ширхэг байрыг мөнгө зээлдэгч нарын тооцоонд шилжүүлэхэд уг байр цуг шилжигдсэн болно. Яагаад гэвэл 30,000,000 төгрөгний авлага бүртгэгдсэн байсан тул уг байрыг шилжүүлсэн болно. Тэгэхдээ дүү Ган-Эрдэнэд нь манай хүмүүс үлдэгдэлээ өгөөд гэрчилгээгээ ав гэж хүртэл хэлсэн тэгэхэд би болоогүй 2024 он хүртэл зээлтэй, зээлийн төлбөр дууссаны дараа боломжтой гээд байсан. Энэ байрны асуудлыг Зандаръяатай уулзаж сайн ойлгож ярилцах сонирхолтой байна. Сүүлийн үед энэ байрны асуудал дээр яаж худалдаж авсан талаар мэдээлэл алга байгаа учир Зандаръяатай уулзаж ярилцаж хариу гаргах хүсэлтэй байна гэжээ.
Нэхэмжлэгчээс: 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжинд 258,000 төгрөг төлсөн баримт /хх-2/, А.Зандаръяагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-3/, 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг шилжүүлсэн төлбөрийн баримт /хх-4/, 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-5-6/, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн орон сууц захиалгын гэрээ /хх-7-9/, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 142/ШШ2022/00156 дугаартай захирамж /хх-10/, 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 345 дугаартай итгэмжлэл /хх-17/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас: шүүхэд гаргасан хариу тайлбар /хх-16/-ыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаагийн хүсэлтээр: 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Дэнж баг Эко хотхон 15-8-1 байр 13 тоот орон сууцны гэрчилгээний хуулбар, Орхон аймгийн архиваас Орхон аймаг Баян-Өндөр сум 7-р баг Дэнж Эко хотхон 15-8-1-р байрыг Орхон аймгийн улсын комиссын дээрх орон сууцыг хүлээж авсан тухай лавлагаа, Ш.Равдандорж Төмөрт Оргил ХХК хоёрын хооронд 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ, хэрэг бүртгэлтийн 212500366 дугаартай хэргийг татгалзаж хаасан прокурорын тогтоол, Д.Соронзонбатын Орхон аймгийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлгүүд, Ш.Равдандоржийн Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан гомдол, Ш.Равдандоржийн мэдүүлгүүд, Төмөрт Оргил ХХК-ийн Орхон аймгийн улсын бүртгэлийн хэлтэст гаргасан 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 15 дугаартай тоот, 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууц захиалгын Төмөрт Оргил ХХК, Ш.Равдандорж нарын хооронд хийгдсэн гэрээнүүдийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
А.Зандаръяагийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч А.Зандаръяа нь хариуцагч Д.Соронзонбатад холбогдуулан 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь Д.Соронзонбаттай 2018 оны 4-р сард надтай уулзахад Дэнжид орон сууц барьж байгаа байр хэрэгтэй бол урьдчилгаа төлөөд захиалаад аваарай гэхээр нь дүү И.Ган-Эрдэнэд байр авч өгөхөөр тохироод Д.Соронзонбатын өгсөн Голомт банк дахь Ууганжаргалын Одгэрэлийн 4025104099 дугаартай дансанд 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөгийг И.Ган-Эрдэнийн байрны урьдчилгаа гэсэн утгатайгаар шилжүүлсэн гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж байна.
Уг орон сууцанд И.Ган-Эрдэнэ 2018 оны 4-р сарын сүүлчээр орсон, орон сууцныхаа өмчлөх эрхийн гэрчилгээг нэр дээрээ болгохоор удаа дараа шаардсан боловч хариуцагч улсын комисс хүлээж аваагүй гэдэг шалтгаанаар гэрчилгээг гаргаж өгөөгүй байна.
Дээрх орон сууцыг улсын комисс 2013 онд хүлээж авсан байх ба нэхэмжлэгчийн дүүд худалдсан Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг ЭКО хотхон 15-8-1-р байр 13 тоот нэг өрөө сууцаа хариуцагч цааш нь Ш.Равдандоржид худалдаж Ш.Равдандорж 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр өөрийн нэр дээрээ өмчлөх эрхийн гэрчилгээ авсан байсан болох нь тогтоогдож байна. Энэ талаар хариуцагч маргахгүй байна. Ийнхүү хариуцагч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасны дагуу шаардах эрхтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч Д.Соронзонбатаас 20,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Зандаръяад олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч А.Зандаръяагийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 258,000 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Д.Соронзонбатаас 258,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Зандаръяад олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН