Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 183/2022/00229

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 000 хаят байрлах, Л ХХК /РД:/ -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө Мишээл Мега М ХХК-ийн байранд байрлах, М трейд ХХК /РД: /-д холбогдох,

 

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 889 450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ү нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...0016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Л ХХК болон М трейд ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан. Манай байгууллага гэрээ ёсоор 0016 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12 236 400 төгрөгийн барааг М трейд ХХК-д шилжүүлэн өгсөн. Барааны төлбөрийг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тохиролцсоны дагуу М трейд ХХК нь 0017 оны 3 дугаар сарын 09-ны өдрөөс 0018 оны 7 дугаар сарын 10-ны хооронд нийтдээ 8 346 950 төгрөгийг 7 удаагийн шилжүүлгээр Л ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 000000000 тоот дансанд хийсэн. Гэвч 0018 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс төлбөрөө төлж дуусгах 0018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүртэл нэг ч төлбөр хийгдээгүй. М трейд ХХК-иас үлдэгдэл төлбөр болох 3 889 450 төгрөгийг манай дансанд шилжүүлж тооцоо дуусгахыг удаа дараа шаардсан боловч элдэв янзын хууль зүйн үндэслэлгүй тайлбар өгч, чирэгдэл учруулан үүргээ гүйцэтгэж дуусгахгүй байгаа нь манай байгууллагад хохиролтой байсан тул арга буюу шүүхэд хандаж байна. Иймд хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох 3 889 450 төгрөгийг гаргуулж өгнө үү. Алданги 1 944 725 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байна гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Төлбөр тооцоо бүрэн дууссан. Худалдан авалтын буцаалтын зарлага гээд баримтын дагуу бараа материалыг хүлээлгээд өгчихсөн, НХХК нь хүлээгээд авчихсан. Энэ баримт нь манайд байна гээд баримт гаргаж өгөх гээд байх шиг байна. Тэгэхээр тооцоогоо хийгээд төлбөр тооцоо дууссан. 0018 оны 4 сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн байдаг. Үүний дагуу бол хамгийн сүүлд 1 007 900 төгрөгийг тооцоо хийсэн байдаг. Үүнийгээ л өөрөө хүлээн зөвшөөрч мэдэгдэл явуулсан байдаг. Мөн өдөр тооцоо нийлсэн байдаг. Үүний дагуу 0018 оны 7 сарын 15-ны өдөр үлдэгдэл төлбөрийг шилжүүлсэн байдаг. Энэ нь хаан банкны хуулгаар гараад ирсэн. Тэгэхээр тооцоо бол бүрэн дууссан. Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримт нь хариуцагч НХХК биш гэсэн баримт гаргаж өгч байна. Тэгэхээр үүргийг бүрэн гүйцэтгэсэн, үүрэг дуусгавар болсон. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрэм, худалдан авалтын орлого гэх баримтууд, Л ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулга, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 0000 оны 03 сарын 10-ны өдрийн 183/ШШ0000/0000 дугаар шийдвэр, нэхэмжлэх, тооцоо нийлсэн акт эдгээр баримтуудын нотлох баримтаар гаргаж өгсөн ба өглөгийн гүйлгээний түүх гэх 2 хуудас баримт,тооцооны үлдэгдэл гэх хүснэгт бүхий 2 хуудас баримтууд нь нотлох баримтын шаардлага хангаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болоогүй болно.

Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, худалдан авалтын буцаалтын зарлага гэх баримтууд, 0018 оны 04 сарын 23-ны өдрийн тооцоо нийлсэн акт, 0018 оны 04 сарын 03-ны өдрийн нэхэмжлэх, 0018 оны 07 сарын 10-ны өдрийн шилжүүлгийн баримт, 0017.01.27-0017.09.05-ны өдрийн хугацаанд хамаарах нэхэмжлэх болон цахим гүйлгээний баримтууд, бараа материалын худалдан авалт гэх баримтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Л ХХК нь хариуцагч М трейд ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 3 889 450 төгрөг, алданги 1 944 725 төгрөг нийт 5 834 175 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 1 944 725 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 3 889 450 төгрөгийн шаардлагаа дэмжин мэтгэлцэв. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлээ.

 

2. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ...хариуцагч компанид 0016 оны 12 сарын 03-ны өдөр 10 199 000 төгрөгийн, 0016 оны 12 сарын 07-ны өдөр 2 037 400 төгрөгийн барааг нийлүүлсэн бөгөөд барааны үлдэгдэл төлбөр 3 889 450 төгрөгийг хариуцагч төлөөгүй тул гаргуулна... гэж тайлбарлаж байна.

 

3. Хариуцагч ...дамжуулан худалдах зорилгоор бараа материал хүлээн авсан ба 0018 оны 01 сарын 31-ний өдөр зарагдаагүй үлдэгдэл барааг буцаан өгч, 0018 оны 04 сарын 23-ны өдөр тооцооны үлдэгдлээ нийлж төлбөрийг төлсөн. Үүрэг дуусгавар болсон... гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэсэн.

 

4. Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Л ХХК нь 0016 оны 12 сарын 03-ны өдөр нэр бүхий 10 199 000 төгрөгийн барааг худалдан авалтын орлогын PRС000154 дугаартай баримтаар, 0016 оны 12 сарын 07-ны өдөр 2 037 400 нэр бүхий барааг худалдан авалтын орлогын PRС000188 дугаартай баримтаар тус тус хариуцагч М Трейд ХХК-нд дотоодын худалдан авалт гэсэн агуулгаар хүлээлгэн өгсөн байна. Хариуцагч М Трейд ХХК нь 0017 оны 02 сарын 03-ны өдрөөс 0018 оны 07 сарын 10-ны өдрийн хугацаанд 7 удаагийн шилжүүлгээр нийт 8 346 950 төгрөгийг барааны төлбөрт гэх утгаар шилжүүлсэн болох нь нэхэмжлэх, цахим гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцгааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээнд хамаарна, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэв.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.

 

Хэрэгт авагдсан 0018 оны 01 сарын 31-ний өдрийн талуудын хооронд үйлдэгдсэн худалдан авалтын буцаалтын зарлага гэсэн баримтуудаар нэр бүхий нийт 3 889 450 төгрөгийн барааг худалдан авалтын буцаалт гэх утгаар худалдагч буюу Л ХХК-д шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Учир нь дээрх баримтад дурдагдсан бараа материал, тоо ширхэг, үнэлгээгээр нэхэмжлэгч Л ХХК нь н ХХК-д 0018 оны 02 сарын 08-ны өдөр бараа материалын худалдан авалт гэх баримт үйлдсэн, уг баримтад худалдан авагчийг НХХК, борлуулагч Л ХХК гэж тодорхойлон, Л ХХК-иас бараа материал зээлээр худалдан авав гэсэн баримт үйлдсэн байна.

 

Түүнчлэн талууд 0018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр тооцоо нийлж, М Трейд ХХК нь 1 007 900 төгрөгийн тооцооны үлдэгдэл гарсаныг харилцан баталж тооцоо нийлсэн акт үйлдсэн ба нэхэмжлэгч Л ХХК нь тус тооцооны үлдэгдлийн нэхэмжлэхийг 0018 оны 04 сарын 03-ны өдөр үйлдсэнийг хариуцагч М Трейд ХХК нь 0018 оны 07 сарын 10-ны өдөр шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 34-36/

 

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэснээр үүрэг дуусгавар болохоор заасан бөгөөд хариуцагчийн барааны төлбөрийн үлдэгдэлгүй, зарагдаагүй барааг буцаан өгсөн гэх тайлбар баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Л ХХК-ийн хариуцагч М Трейд ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 889 450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчид хариуцуулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л ХХК-ийн хариуцагч М Трейд ХХК-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 3 889 450 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108 296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ