Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2022/00564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Бямбасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 106 дугаарын танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг, Толгодын 2-25 тоотод оршин суух, Боржигон овогт Равданы Батдэлгэр /регистрийн дугаар: РЭ66102359/,

Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Оюут багт байрлах Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Төгсбаяр

Нэхэмжлэлийн шаардлага: 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, хуучин ажиллаж байсан жолоочын ажилд эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж гаргаж өгөхийг Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Төгсбаярт даалгуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Баасанжав,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Элбэгзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Ариунсайхан

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Батдэлгэр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Равдан овогтой Батдэлгэр би Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/24 тоот тушаалаар тус төвд жолоочоор түр томилогдож, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/32 тоот тушаалаар жолоочоор жинхлэн томилогдсон. Би тус төвд жолоочоор ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн зөрчил дутагдал гаргаж байгаагүй, гэтэл тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Төгсбаярын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалаар намайг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс үндэслэлгүйгээр ажпаас чөлөөлсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т зааснаар ажил олгогч надад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах талаар 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй гэтэл Х.Төгсбаяр надад бичгээр мэдэгдэхгүйгээр шууд ажлаас халсан нь хуулийг зөрчсөн. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэсэн мөртлөө уг зүйлд заасан 3 нөхцлийн аль нөхцлийг нь баримтлан ажлаас халж байгаагаа тодорхой дурдаагүй. Монгол улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх, Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжинд зааснаар төрийн байгууллагын удирдах ажилтнаас гаргаж буй тушаал заавар нь тодорхой, ойлгомжтой, хуульд үндэслэсэн, нийцсэн байх зарчмыг баримталж гаргах ёстой. Мөн намайг ажпаас халж буй үндэслэл нь тус зүйлд заасан байгууллага татан буугдаагүй, ажпын байр хасагдаагүй, орон тоо цөөрөөгүй байхад энэ зүйлийг баримтласан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болжээ. Манай байгууллага 2022 онд Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдэн мөрдөгдөж эхэлснээр ажилтан нартайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлаагүй, шинэ батлагдсан хуулийг мөрдөж ажиллахгүй байгаа юм. Би сая ажлаас халагдсаны дараа Х.Төгсбаяр даргаас очиж хөдөлмөрийн гэрээний өөрт үлдэх хувийг болон байгууллагын дотоод журам, удирдах зөвлөлийн тогтоол зэргийг өгөхийг хүссэн боловч зөвшөөрөөгүй. Уг нь бол ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг нь ажилтанд олгох үүрэгтэй, мөн байгууллагын дотоод журмыг бүх ажилчдад танилцуулж батлуулсан, түүнийг танилцуулсан байх ёстой. Удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот тогтоолд юу гэж заасан, тэр тогтоолын аль заалтыг баримталж байгаагаа тодорхой бичээгүй байгаа юм. Ер нь бол ажилтныг ажлаас халахдаа халагдаж буй шалтгаан, нөхцлийг тодруулж, ажил олгогчоос үндэслэл бүхий шаардлагыг ажилтанд тавьж, бичгээр мэдэгдснээр ажлаас халах ёстой. Х.Төгсбаярын хувьд намайг ямар учраас ажлаас халж байгаагаа мэдэгдээгүй, ажлаас халсан тушаал дээрээ үндэслэлээ бичээгүй, манай байгууллагын хувьд ажлын байр хасагдаагүй, орон тоо цөөрөөгүй байхад ажпаас халсан нь үндэслэлгүй байх тул би тус сургуулийн жолоочийн ажилдаа эргэн орж, ажилгүй байсан үеийн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлүүлэхээр шаардах эрх үүсэж байгаа юм. Миний жолоодож байсан 1154 ОРО улсын дугаартай дунд оврын автобус тус сургуульд одоо болтол байгаа, акталагдаагүй хэвийн ашиглаж байгаа, актанд гаргах хугацаа дуусаагүй, энэ автобус байгаа цагт жолооч заавал байх ёстой, тэгэхээр автобус нь байсаар байхад жолоочийг нь ажпын байр хасагдсан, эсвэл орон тоо цөөрсөн гэдэг үндэслэлээр халах боломжгүй юм. Би Баян-өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч дүрмээ баталгаажуулаагүй миний гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэлээ шүүхэд гаргаж байна. Иймд намайг үндэслэлгүйгээр ажпаас халсан Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг хуучин ажиллаж байсан жолооч ажилд минь эгүүлэн томилж, ажилгүй байсан үеийн цалин хөлсийг болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж гаргаж өгөхийг Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Төгсбаярт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Батдэлгэрийн 2022 оны 03 дугаар сарын 04 ний өдрийн шүүхэд гаргасан нэхэмжлэхэд 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалаар үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн гэх нь өрөө үндэслэлгүй юм. Учир нь манай Удирдах зөвлөлийн (2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот, Бүтэц орон тоо, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай) шийдвэрийг хурлаар баталсан. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот Орхон аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын Ажил мэргэжлийн жагсаалт батлах тухай тушаалын хавсралтад ажил мэргэжлийн жагсаалт гарсан ба үүнд манайд жолоочийн орон тоо байхгүй болсон. 2020 оны 09 дүгээр сарын 14 ний өдрийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/185 тоот тушаал Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлан гаргасан. Уг тушаалын 1 дүгээр хавсралтын 2.6. сургалтын байгууллагын багш, боловсролын туслах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг орон тооны дээд хязгаарт багтаан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. гэж заасан. Ажил олгогч нь хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл, 80.4 дахь заалтыг зөрчсөн гэх нь ор үндэслэлгүй. Учир нь Р.Батдэлгэрт Энэ тухай хэлж танилцуулсан өөрөө ч мэдэж байсан ба хуулийн зөвлөгөө хүртэл авснаа надад хэлсэн. Мөн хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн; гэж тодорхой дурдсан. Тодорхойгүй гэж гүтгэсэн байна. Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-т Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэх үүнд хуулийг дээдэлсэн хуулийн дагуу шийдвэр гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д хуульд үндэслэх гэсэн ба хуульд үндэслэн тушаал гаргасан. Хөдөлмөрийн тухай хууль бусад хууль тогтоомжид зааснаар төрийн байгууллагын удирдах ажилтнаас гаргаж буй тушаал заавар нь тодорхой, ойлгомжтой, хуульд үндэслэсэн, нийцсэн байх зарчмыг баимтлан гаргах ёстойг хэрэгжүүлээгүй гэсэн байна. Тушаал шийдвэр хуулийн дагуу гарсан байна. Ажлаас халсан үндэслэл нь тус зүйлд заасан байгууллага татан буугдаагүй, ажлын байр хасагдаагүй, орон тоо цөөрөөгүй байхад энэ зүйлийг баримталсан нь хууль зүйн хувьд үндэслэлгүй болсон гэх нь өөрөө үндэслэлгүй юм. Учир нь бүтэц орон тоо батлагдсан тушаал хавсралттайгаа байгаа. Байгууллага нь 2022 онд хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэх, ажлын байр нь байхгүй хүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах шаардлагагүй. 2022 оны 01 дүгээр сарын 03-ний өдөр ажил мэргэжлийн жагсаалт батлагдсан байгаа. Харин ч энэ хүнийг 2022 оны 01 дүгээр сард бүтэн цалинжуулан ажиллуулсан. Халагдаж буй шалтгаан нь орон тоо хасагдсан үндэслэлээр гэдгийг тайлбарласан. Хоёр ч удаа биечлэн уулзаж, өөрийн биеэр танилцуулсан бөгөөд өөрийн гаргасан гомдолдоо танилцсан бичиг баримтаа дурдаж өгсөн нь халагдах үндэслэлээ тодорхой мэдэж байсныг гэрчилж байна. (Удирдах зөвлөлийн тогтоол 2021 оны 12 дугаар сарын 17 ны өдрийн) Дотоод журам нь 2017 онд батлагдсанаас хойш нэмэлт өөрчлөлт оруулсан бөгөөд 2019 онд нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд дахин шинэчлэгдээгүй 2017 оноос хойш дагаж мөрдөж байгаа болно. Орхон МСҮТ нь өөрийн гэсэн өмчлөлийн суудлын авто машин байхгүй бөгөөд Төрийн өмчийн бодпого зохицуулалтын газарт үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй эвдрэлтэй автобусыг актлах санал явуулсан байгаа ба уг хүнийг ор үндэслэлгүй халсан зүйл байхгүй. Р.Батдэлгэрийн өөрийн гараар бичиж өгсөн автобус явах боломжгүй талаар тайлбар бичиг бичиж өгч байсан. Р.Батдэлгэрийн хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон үндэслэл нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн.

2. Удирдах зөвлөлийн хурлын 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот, Бүтэц орон тоо, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай тогтоол. Иймд гомдолд дурдсан үндэслэлгүйгээр халагдсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд нэхэмжилсэн цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүйг үүгээр мэдэгдэж байна гэжээ.

Нэхэмжлэгчээс: Р.Батдэлгэрийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-3/, Р.Батдэлгэрийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-4/, 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/24 дугаартай Р.Батдэлгэрийг ажилд томилох тухай захирлын тушаал /хх-5/, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаартай хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай захирлын тушаал /хх-7/, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдэн маягт /хх-8/, 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Баян-Өндөр сумын Хөдөлмөр эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргасан гомдол /хх-9/, 2022 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 01/272 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргын Р.Батдэлгэрт хүргүүлсэн хариу /хх-10/, 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 278 дугаартай итгэмжлэл /хх-11/, гэрэл зураг /хх-12-13/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас: 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүхэд ирүүлсэн хариу тайлбар /хх-19-20/, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиргаанд гаргасан тайлбар /хх-29/, 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 6 дугаартай төлбөрийн хүсэлт /хх-30-31/, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 01/177 дугаартай Төрийн өмчийн бодлого зохицуулах газарт гаргасан хүсэлт /хх-32-33/, 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 дугаартай ажил мэргэжлийн жагсаалт батлах тухай захирлын тушаал /хх-44/, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 6 дугаартай бүтэц орон тоо, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн тогтоол /хх-45/, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 дугаартай Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай захирлын тушаал /хх-46/, 2022 оны 04 дүгээр сарын 06-ны 28 дугаартай итгэмжлэл /хх-47/, Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-48/ зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баасанжавын хүсэлтээр: 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/24 тоот тушаал /нотариатаар батлуулсан хуулбар/, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/32 тоот тушаал /нотариатаар батлуулсан хуулбар/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /нотариатаар батлуулсан хуулбар/, жолоочийн албан тушаалын тодорхойлолт /хуулбар үнэн/, жолоочийн хөдөлмөрийн гэрээ /хуулбар үнэн/, Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлах тухай /хуулбар үнэн/, хөдөлмөрийн дотоод журам /хуулбар үнэн/, 2017 оны 03-р сарын 31-ний ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл /хуулбар үнэн/, 2021 оны 08-р сарын 31-ний ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл /хуулбар үнэн/, 2021 оны 12-р сарын 17-ны ТУЗ-ийн хуралдааны тэмдэглэл /хуулбар үнэн/-г шүүх бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

Р.Батдэлгэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч Р.Батдэлгэр нь Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд холбогдуулан 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалыг хүчингүй болгож, жолоочын ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Р.Батдэлгэр Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/24 тоот тушаалаар тус төвд жолоочоор түр томилогдож, 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Б/32 тоот тушаалаар жолоочоор жинхлэн томилогдон ажиллаж байгаад тус төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/10 тоот тушаалаар 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрөөс Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т зааснаар аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр ажлаас чөлөөлөгджээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх заалтыг баримтласан боловч аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн 3-н нөхцлийн аль үндэслэлээр нь ажлаас чөлөөлж байгаа болох нь тодорхойгүй. Энэ талаар тушаалд дурьдаагүй, хариуцагч байгууллагын салбар нэгж татан буугдсан, ажпын байр хасагдсан, орон тоо цөөрсөн болох нь тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хариуцагч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-д зааснаар 80.1.1-д заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдээгүй, энэ тухайгаа шаардлагатай тохиолдолд нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч нь Хөдөлмөрийн тухай 2022 оны хуулийн дагуу ажилтан нартайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн дотоод журам шинэчлэн батлаагүй, нэхэмжлэгч нь ажлаас халагдсаны дараа хөдөлмөрийн гэрээний өөрт үлдэх хувийг болон байгууллагын дотоод журам, удирдах зөвлөлийн тогтоол зэргийг өгөхийг хүссэн боловч зөвшөөрөөгүй, ажлаас халахдаа халагдаж буй шалтгаан, нөхцлийг тодруулж, ажил олгогчоос үндэслэл бүхий шаардлагыг ажилтанд тавьж, бичгээр мэдэгдснээр ажлаас халах ёстой гэж нэхэмжлэгч үзэж байна.

Нэхэмжлэгч нь Баян-өндөр сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан боловч дүрмээ баталгаажуулаагүй гомдлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн хариу өгсөн тул нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгч шүүхэд шууд хандах болсон шалтгаанаа тайлбарлаж байна.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 тоот, бүтэц орон тоо, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай шийдвэрийг хурлаар баталсан. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/01 тоот Орхон аймаг дахь мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захиралын Ажил мэргэжлийн жагсаалт батлах тухай тушаалын хавсралтад ажил мэргэжлийн жагсаалт гарсан ба үүнд манайд жолоочийн орон тоо байхгүй болсон. 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын А/185 тоот тушаалаар Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм, жишиг бүтэц батлан гаргасан. Уг тушаалын 1 дүгээр хавсралтын 2.6, сургалтын байгууллагын багш, боловсролын туслах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг орон тооны дээд хязгаарт багтаан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасан гэж хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ тайлбарлаж байна.

Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн удирдах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 06 дугаартай тогтоолоор Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 тоот тушаалаар батлагдсан жишиг бүтэц орон тооны дагуу сургуулийн бүтэц орон тоог баталжээ. Уг тушаалын хавсралтаар захиргаа аж ахуйн алба-29, сургалтын алба-56 нийт бүтэц орон тоог 85 хүнтэй байхаар шийдвэрлэжээ. Хариуцагч нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалын 1 дүгээр хавсралтын 2.6-д сургалтын байгууллагын багш,боловсролын туслах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг орон тооны дээд хязгаарт багтаан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэцэн шийдвэрлэнэ гэж заасны дагуу жолоочийн орон тоо байхгүй болсон гэж үзэж байна.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн А/185 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрмийг нэгдүгээр хавсралтаар, удирдлага зохион байгуулалтын жишиг бүтцийг хоёрдугаар хавсралтаар, захиргааны удирдлага болон бусад ажилтны орон тооны жишгийг гуравдугаар хавсаралтаар, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын орон тооны дээд хязгаарыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталжээ.

Уг тушаалын дагуу 1 дүгээр хавсралтын 2.6-д сургалтын байгууллагын багш, боловсролын туслах ажилтнуудын албан тушаалын жагсаалтыг орон тооны дээд хязгаарт багтаан захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ гэж заасны дагуу жолоочийн орон тоо байхгүй болсон гэж хариуцагч тайлбарлаж байгаа боловч жолоочийн ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн болох нь тогтоогдохгүй байна. Монгол Улсын Боловролын тухай 2002 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.15-д боловсролын тулах ажилтан гэж бүх шатны боловсролын сургалтын байгууллагын нягтлан бодогч, нярав, тогооч, манаач, мужаан, цахилгаанчин, слесарь, галч болон үйлчилгээний бусад ажилтныг ойлгоно гэсэн байх ба жолоочийн орон тоо үүнд хамаарахгүй байна. Ийнхүү нэхэмжлэгчийг ажлаас буруу халсан болох нь тогтоогдож байх тул түүнийг МСҮТ-ийн жолоочийн ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговрыг гаргуулах үндэстэй байна. Нэхэмжлэгч Р.Батдэлгэр нь Засгийн газрын 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 472 дугаар тогтоолын дагуу төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл,цалингийн сүлжээний ТҮ-3 зэрэглэлийн 3 дугаар шатлалын дагуу 519,503 төгрөгийн цалин авдаг болох нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн Б/24 дугаартай тушаал,зохигчдын тайлбараар батлагдаж байх бөгөөд энэ талаар талууд маргахгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Р.Батдэлгэр нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдөх ба хариуцагч Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Төгсбаяраас улсын тэмдэгтийн хураамжинд 70,200+29,462 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан Равдан овогтой Батдэлгэрийг Орхон аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан хариуцагч Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор 1,038,006 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Батдэлгэрт олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч Орхон аймаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвөөс улсын тэмдэгтийн хураамжинд 99,662 /70,200+29,462/ төгрөг гаргуулан Төрийн санд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН