Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 223/МА2018/0030

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 07 өдөр

     Дугаар 223/МА2018/0030

 

 

З.Э-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн 151/ШШ2018/01012 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч З.Э-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч Г.Д холбогдох,

“Гэрээний үүрэгт 9,200,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

   Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э , түүний өмгөөлөгч Л.Баасан, Б.Энхбаяр, хариуцагч Г.Д , түүний өмгөөлөгч С.Сувдмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг нар оролцов.

    Нэхэмжлэгч З.Э  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие иргэн Г.Д ын хүсэлтээр 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлүүлэхээр харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан ба гэрээг Монгол улсын Иргэний хуульд заасан үндэслэл, журмын дагуу харилцан тохиролцож байгуулсан. Г.Д  нь үндсэн зээлсэн 11,000,000 төгрөгийн 1,000,000 төгрөгийг 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төлж, 10,000,000 төгрөг болон түүний сар бүрийн хүүг зээлийн гэрээний хугацаандаа төлөхгүй нэхүүлж байж төлдөг байсан. 2016 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн байдлаар үндсэн зээл болон хүүтэй нийлээд  15 сая төгрөг төлсөн боловч үндсэн зээл болох 9,200,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүйгээр намайг хохироож байна. Иргэн Г.Д тай холбогдож зээлээ төлөхийг хүсэхэд өнөө, маргаашгүй өгнө, тун удахгүй өгнө гэх мэт арга саам хийж гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул өөрийн эрх ашгаа зөрчигдсөн байна хэмээн эрхээ хамгаалуулахаар Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Иргэн Г.Д аас зээлийн гэрээний дагуу өгсөн үндсэн зээл 9,200,000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагч Г.Д  нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Г.Д  би 2014 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр З.Э гээс 11,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан авсан. 2014 оны 10 дугаар сараас 11 дүгээр сард хүүнд 1,100,000 төгрөг өгөх ба үндсэн мөнгөнөөсөө 1,000,000 төгрөгийг 11 сарын 25-нд хасаж өгч, Улмаар 10,000,000 төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 1,000,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл сар бүр 1,000,000 төгрөг, мөн 2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бэлэн 1,050,000 төгрөг, өөр бараа 50,000 төгрөг, нийт бэлнээр 17,200,000 төгрөг, бараагаар 1,100,000 төгрөг, нийт 18,300,000 төгрөгийг өгсөн болно. Энэ хугацаанд Энхээ эгч чамтай байгуулсан гэрээгээ би алга болгосон байна. Чи эгчдээ дахиад өнөөдөр бичээд өгчих гэж лангуун дээр ирж байсан. Тэгэхээр нь би Сүндалай ингэж бичлүүлээд цагдаад өгч байсан. Би дахин бичихгүй гэж хэлсэн. Харин 7 хоногийн дараа цагдаагаас намайг дуудаж Энхээ гэдэг хүн өргөдөл өгсөн гэж хэлсэн. Би бүх нотлох баримтаа үзүүлж материалаа өгсөн. Ямар ч хохиролгүй учир хэрэгсэхгүй болгосон. Дараа нь эвлэрүүлэн зуучлахад өгсөн. Би энэ үед зөвшөөрөхгүй намайг цагдаад өгсөн учир цагдаагаараа явахдаа та хохирсон гэсэн байсан. Би гэтэл таньд 18,300,000 төгрөг өгсөн байдаг. Одоо нэгэнт би Энхээ эгчид 18,300,000 төгрөг өгсөн учир хуулиар үнэн зөвийг минь шийдвэрлэж өгнө үү. Үндсэн 11,000,000 төгрөг дээр нэмж 7,300,000 төгрөг, бүгд 18,300,000 төгрөг өгсөн болно.” гэжээ.

  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Д аас зээлийн гэрээний үүрэгт 4,200,000 /Дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Э д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч З.Э-н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Д аас 82,150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Э д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авч,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

  Хариуцагч Г.Д  гаргасан давж заалдах гомдолдоо: “... 1. Г.Д   би 2014.09.23-ний өдөр яг бэлнээр 11,000,000 төгрөгийг Энхээгээс аваагүй. Энэ өдрөө 4,250,000 төгрөгийг бол бэлнээр яг энэ өдрөө авсан гэдэг. Харин Энхээ эгч надад 2014.09.23-ний өдөр 4,250.000 төгрөгийг өгөхдөө надаас урьд нь надад 2014 оны 05.05-ний өдрөөс эхлэн 4-н сарын хугацаанд буюу 2014 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хугацаатай, хүүтэй 6-н удаагийн үйлдлээр нийт 6,750,000 төгрөгийг хүүтэй өгсөн. Энэ мөнгөний хүүг би cap бүр өгч байсан мөнгөний 6,750,000 төгрөгийг дахин хүүлэх зорилгоор тэр өдрөө өгсөн 4.250.000 төгрөг дээрээ нэмээд 11.000,000 төгрөг болгож гэрээ хийж дахин хүү тооцно гэсэн. Надад тухайн үед мөнгө хэрэгтэй байсан учир би тэр едрөө түүний гуйлтаар мөнгө авахын тулд зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэтэл одоо эргээд бодоход мөн хуульч хүнээс зөвлөгөө авч асуухад өөртөө илт хохиролтойгоор өөрийнхөө эрх зүйн байдлыг дордуулж хууль зөрчиж гэрээ хийсэн гэдгээ мэдлээ. Учир нь би  Энхээд 2014.09.23-ний өдрөөс хойш гэрээ хийсэн 11,000,000 төгрөгөнд 2014.10.23-ний өдөр түүний нэг сарын хүү болох 10%-ийн хүүд 1,100,000 төгрөг, 2014.11.23-нд мөн сарын хүүд 1,100,000 төгрөг энэ мэтчилэн cap бүр хүүг өгсөөр байгаад 14-н удаа нийт 12,200,000 төгрөг өгсөн нь урьд 6-н удаа өгсөн нийт 6,750,000 төгрөгөө дахин хүүлж өгсөн байна. Иймд би энэ өдөр хийсэн хэлцлийг иргэний хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүхээр тогтоолгомоор байна.

2. Энэ талаар би шүүх хуралд хэлсэн би хариуцагч З.Э г би шүүх хуулийн өмнө үнэнээ хэлнэ гэж бодсон. Гэтэл Энхээ төрийн нэрийн өмнөөс явагдаж байгаа шүүх хурал дээр худал ярьж байна. Би урьд нь мөнгө өгч байсан боловч бидний хооронд урьд мөнгөний тооцоо байхгуй гэж өөрийгөө зөвхөн энэ өдөр л 11,000,000 төгрөгийг авсан гэж бид маргасан. Энэ талаарх баримтууд тухайлбал Урьд 6-н удаагийн үйлдлээр цувуулж өгсөн 6 750,00 төгрөгийн хүүг өгч байсан талаар Энхээ эгч тухайн үедээ өөрийнхөө ломбардны баримт бичиг дээр тухай бүр тэмдэглэн надаар гарын үсэг зуруулж авч байсан тэмдэглэл нь Энхээ эгчид бий. Тийм учраас эдгээр баримтыг би шүүхэд өгөх боломжгүй байсан. Энхээд байгаа энэ баримтуудаас Энхээгээс Г.Д   нийт хэдэн удаа, хэдэн сарын хэднээс хэдэн сарын хэдний хооронд, хэдэн сарын хугацаатай хэдэн хувийн хүүтэй нийт хздзн төгрөг авсан, хүүг нь яаж өгч байсан талаар тодорхой харагдана.

З.Э  эгч 2014.09.23-ний өдөр надаар ломбардын бичиг дээрээ 11,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай өгсөн гэж гарын үсэг зурж гэрээ хийсэн. Гэтэл бас наториат дээр очоод мөн 1 жилийн хугацаатай 11,000,000 төгрөг гэж бас нэг өөр гэрээ хийсэн. Гэтэл одоо тэр өдөр хийсэн ломбардын бичиг дээрх 30 хоногийн хугацаатай гэж надаар гарын үсэг зуруулсан гэрээ нь надад одоо байгаа. Одоогийн байдлаар Г.Д   Энхээд нийт 17,200,000 төгрөг бараагаар, 1,100,000 төгрөг нийт 18,300,000 тегрөг өгсөн юм. 2018.10.09-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг гардаж авсан. Г.Д  т 2018.10.22-ны өдөр давж заалдах өргөдөл бичиж өгөх гээд чи дансныхаа хуулгыг Хаан банкнаас аваад ир гээд бид хоёр Энхээд өгсөн мөнгийг түүж үзэхэд 2014.05.05-ны өдрөөс эхлэн 2014.09.05-ны өдөр хүртэл нийт 6-н удаагийн үйлдлээр Энхээд сарын хугацаатай 10%-ийн хүүтэй нийт 6,750,000 төгрөг цувуулж авсан нь харагдаж байгаа. Мөн 2014.09.23-ны өдөр Энхээгийн ломбардын бичиг дээр 11.000.000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай өгч зээлдэгч зээлдүүлэгч нары гарын үсэг зурсан. гэрээг авч ирсэн болно. Г.Д   би Хаан банкны хуулгаас Энхээ нь хамгийн сүүлд 2014.09.05-ны өдөр 750,000 төгрөг өгсөн байсан.Энэ мөнгөний сарын хугацаа 2014.10.05-ны өдөр дуусна. Энэ мөнгөний нэг сарын хугацаа дуусаагүй байхад 2018.09.23-ны өдөр 11.000.000 төгрөгийг дахин өгсөн юм шиг худал ярьж байгаа дээрх байдлаар давхар нотлогдох болно.

Иймд энэ хэргийг урьд нь хэдэн удаа яаж зээл авч байсан, урьд зээлсэн өгсөн мөнгөө дахин нэмж хүүлсэн эсэх, мөн нэхэмжлэгч, хариуцагч нараас энэ асуудалтай холбогдуулан нотлох баримт авч энэ талаар мэтгэлцүүлэх боломж олгох үүднээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.“ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.  

 

Нэхэмжлэгч З.Э  нь хариуцагч Г.Д т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 9 200 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 4 200 000 төгрөг гаргуулахаар өөрчилснийг хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 18 300 000 төгрөг төлсөн гэсэн үндэслэлээр татгалзсан байна.

 

Үүнээс үзвэл хариуцагч Г.Д  зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх эсэх асуудал маргааны зүйл болжээ.

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд талууд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 11 000 000 төгрөгийг 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй тохиролцож “зээлийн гэрээ” байгуулсан болох нь 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн зээлийн гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд гаргасан “ ...Энхээгээс 11 000 000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлж гэрээ байгуулж авсан ” гэсэн тайлбараар /хх-17 тал/ тогтоогдож байна.

 

Талуудын тооцоо нийлсэн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн баримтаар / хх-5 тал, гэрээний ар талд/ хариуцагчаас ... зээлийн төлбөр бүгд 15 сая төгрөг өгсөн үлдэгдлээ 12 сарын дотор төлнө ... гэж зээлийн төлбөрийн  талаар тохиролцож байсан байна.

Дээрхи байдлуудаас дүгнэн үзвэл талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 39, 40, 42,43 дугаар зүйлүүдэд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, шүүх зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д нийцсэн  байна.

 

Хариуцагч Г.Д  нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр нийт 24 200 000 төгрөг /үндсэн зээл 11 000 000 төгрөг, + хүү 13 200 000 төгрөг= 24 200 000 / төлөх үүргийг биелүүлэх ёстой байснаас хариуцагч тал эхний хоёр сарын хүү 2 200 000 төгрөг, үндсэн зээлийн 1 000 000 төгрөгийг буцаан төлж, цаашид 10 сарын хугацаанд, үндсэн зээл 10 000 000 төгрөг, сарын 10 хувийн хүү тооцохоор тохиролцсон, үүнээс хойш төлөгдсөн 14 000 000 төгрөг, нийт өгсөн төлбөрийг тооцоход 18 200 000 төгрөг / үүнд нэхэмжлэгчээс төлбөрт тооцуулхыг хүлээн зөвшөөрсөн 1 000 000 төгрөгийн  үнэ бүхий бэлэг ороод 3 200 000 +14 000 000+1 000 000 төгрөг/ төлсөн гэдэгт  талууд хэн аль нь маргаагүй, шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгч тал  хариуцагч Г.Д аас гаргуулахаар багасгасан 4 200 000 төгрөгийн шаардлагын хүрээнд хангаж, шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

 Шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх шатанд хариуцагч Г.Д аас “...миний бие 2013 оны 8 сард 2 000 000 төгрөг, 2014 оны 3 сард 4 000 000 төгрөгийн зээл гээд нийт 6 000 000 төгрөг авсан байгаа. Хүү нь хугацаандаа төлж явж байгаад нэмээд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр 5 000 000 төгрөг авсан “ гэсэн тайлбар гаргасан байх боловч хариуцагч тал энэхүү тайлбараа нотлох үүрэгтэй, нотолсон ямар нэг баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, ирүүлээгүй, нотлох баримтын талаар хүсэлт гаргаагүй, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн  38.1-д зааснаар нотлоогүй  байна.

Мөн хариуцагч давж заалдах гомдолдоо “...би энэ өдөр хийсэн хэлцлийг иргэний хуульд нийцээгүй хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шүүхээр тогтоолгомоор байна” гэх боловч хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй, татгалзлын үндэслэлийн талаар хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч Г.Д  нь уг зээлийн гэрээний хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй, эсхүл уг гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх боломжгүй байна.

 

Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн барьцаат зээлийн гэрээ №88, /хх-4 тал/, Үйлдвэрлэлийн ажлын байрны эрүүл ахуйн гэрчилгээ /хх-6 тал/ зэргийг нотлох баримтаар шүүхэд өгсөн байх бөгөөд, талуудын хооронд 2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн бичгээр байгуулж нотариатаар батлуулсан, зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн  281.1-д заасан зээлийн харилцаа үүссэн болох нь тогтоогдсон, уг зээлийг барьцаат зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээдээс олгосон  гэж үзэх  үндэслэлгүй  байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт “ Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй” гэж заасан тул хариуцагчаас давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн Г.Д ын “Хаан” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 81-57-р тал/, барьцаат зээлийн гэрээ /хх-ийн 88-р тал/ зэрэг баримтуудыг шүүх хүлээн авч үнэлэх боломжгүй болно.

Иймд хариуцагчийн “ энэ хэргийг урьд нь хэдэн удаа яаж зээл авч байсан, урьд нь зээлсэн мөнгөө дахин нэмж хүүлсэн эсэх, мөн нэхэмжлэгч, хариуцагч нараас энэ асуудалтай холбогдуулан нотлох баримт авч энэ талаар мэтгэлцүүлэх боломж олгох үүднээс хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 150 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 сарын 24-ний өдрийн 151/ШШ2018/01012 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Г.Д ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82 150 /наян хоёр мянга нэг зуун тавин/ төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

 

         ШҮҮГЧИД                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                                                                                             Т.ЭНХМАА