| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Намсрайн Батзориг |
| Хэргийн индекс | 192/2025/10009/И |
| Дугаар | 001/ХТ2026/00132 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2026/00132
З.М-н нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батзориг, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00728 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2026/00634 дүгээр магадлалтай,
З.М-н нэхэмжлэлтэй
“Х” ХК-д холбогдох
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгч З.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.З.М нь “Х” ХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00728 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч “Х” ХК-аас 20,385,542 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.М-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 259,878 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 259,878 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2026/00634 дүгээр магадлалаар: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00728 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч “Х” ХК-д холбогдох үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах тухай З.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,878 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.
4.Нэхэмжлэгч З.М хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх 2024, 2025 оны зээлийн төлөлтүүдийг хийснээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэх дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн төлөлтүүдийг би өөрийн хүсэл зоригоор төлөөгүй, банк “Э” ХК-аас олгосон 1072 хувьцааны ногдол ашгийг данс битүүмжилж автоматаар суутгаж авсан, гүйлгээний утгаас ч тодорхой харагдана. Зээлийн гэрээний хугацаа дууссан 2021.12.20-ны өдрөөс хойш 3 жил 9 сарын хугацаанд банк шүүхэд хандаагүй, харилцагчийн зөвшөөрлөөр гүйлгээ хийсэн гэж тайлбарлаж байгаа боловч миний бие банканд хүү төлөх баталгаа гаргах үйлдэл хийгээгүй. Анхан шатны шүүх үйл баримтыг зөв дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг хэргийн бодит нөхцөл байдлаас өөрөөр тайлбарлан хэрэглэлээ. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
5.Нэхэмжлэгч З.М-н давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.07-ны өдрийн 001/ШХТ2026/00589 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Нэхэмжлэгч З.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.
7.Нэхэмжлэгч З.М нь “Х” ХК-д холбогдуулан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 20,385,542 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “...2017.12.07-ны өдөр нөхөр Н.Б-н “Х” ХК-тай байгуулсан зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцож 15,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай авч, 2021.12.20-ны өдөр төлж дуусгахаар тохирсон. Гэр бүлийн таарамжгүй харьцааны улмаас 2017.12.20-ны өдрөөс тусдаа амьдарч байсан ба энэ хугацаанд Н.Б-г зээлээ төлж байгаа гэж бодсон, Н.Б 2024.02.10-ны өдөр нас барсан ... “Х” ХК нь миний дансанд шүүхийн шийдвэр болон шүүгчийн захирамжгүйгээр барилт хийж, зээлийн гэрээний хугацаа дууссан өдөр буюу 2021.12.20-ны өдрөөс хойш “Х” ХК нь шаардах эрхээ хэрэгжүүлж, үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, зээл төлөх мэдэгдэл нэг ч удаа ирээгүй, гэрээний хугацаа дууссанаас хойш шүүхэд хандаагүйн улмаас зээлийн хүү хуримтлагдсаар 20,385,542 төгрөг болсон байна. Гэтэл зээлийн гэрээний хугацаа 2021.12.20-ны өдөр дууссанаас хойш 3 жил 9 сарын дараа 2025.09.01-ний өдөр миний тус банкны дансанд орж ирсэн 23,550,000 төгрөгөөс 20,385,542 төгрөгийг суутган авсан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 72.5.1-д заасан гэрээний үүргийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаанд шаардах эрхээ хуульд зааснаар хэрэгжүүлээгүй, мөн миний бие банканд баталгаа гаргаагүй. Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжилнэ...” гэж тайлбарласан.
8.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...“Х” ХК нь Н.Б, З.М нартай 2017.12.07-ны өдөр өмнөх зээлийн үлдэгдэл 9,583,614 төгрөг дээр 5,416,385 төгрөгийн зээлийг нэмж, нийт 15,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 19,2 хувийн хүүтэйгээр тус тус зээлдүүлсэн. Талуудын хооронд хуульд заасан хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан тул гэрээний үүргээ биелүүлснийг хууль зөрчсөн, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй...Зээлдэгчийн дансанд мөнгөн хөрөнгийн орлого орж ирсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусахаас өмнө зээлийн төлөлт хийгдсэн. ... 2024.04.16-ны өдөр 270,000 төгрөг, 159,000 төгрөг 2025.03.19-ний өдөр 261,000 төгрөг, 2025.04.16-ны өдөр 159,000 төгрөг, 2025.09.01-ний өдөр 23,000,000 төгрөг орж ирснээс 20,385,542 төгрөг төлснөөр зээл хаагдсан. Энэ төлөлтийг гэрээгээр хүлээн зөвшөөрч төлсөн... учир нь зээлийн гэрээний 2.4.6, 3.2.1, 5.1.2-т заасан үл маргах журмаар зээл төлөхийг гэрээгээр талууд харилцан тохиролцсоны дагуу зээлийг төлсөн. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан...” гэж маргасан.
9.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ; “…зээлийн гэрээний хугацаа 2021.12.20-ны өдөр дууссан бөгөөд хугацаа дууссанаас хойш зээлдэгч нараас гэрээний үүргийг шаардсан баримт хэрэгт авагдаагүй, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.2-т зааснаар зээлдэгчийн дансанд цалин орсон тухай бүр зээлийн төлбөрийг суутгахаар тохирсон, гэвч банканд зээлийн гэрээг цуцлах үндэслэл үүссэн байхад хэрэгжүүлээгүйгээс гадна дээрх эрх олгосон заалт нь гэрээний хугацаанд болон хөөн хэлэлцэх хугацааны дотор хэрэгжихээр байтал харилцагч банк зээлийн гэрээний төлбөрийг хамтран үүрэг гүйцэтгэгч З.М-н данснаас гаргуулан авсан нь хууль болон гэрээнд нийцээгүй, Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар гэрээний стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлахаар заасан, банкнаас санал болгосон зээлийн бүтээгдэхүүн, түүнийг олгох тухай гэрээ нь стандарт нөхцөлд хамаарах бөгөөд гэрээний 3.2.1 дэх заалтаар тохиролцсон гэх санал нь ямар нэгэн хязгаарлалтгүй үргэлжилнэ гэж ойлгох, хэрэглэх үндэслэлгүй байна, хэдийгээр хариуцагч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, З.М 2024.04.16, 2025.02.06, 2025.04.10-ны өдөр зээл төлсөн гэж тайлбарласан ч “Э” ХК-ийн ногдол ашгийг банк зээлийн төлбөрт тооцон суутган авсан болох нь баримтаар тогтоогдсон… зээлдэгч, хамтран зээлдэгчээс гэрээний үүргийг нэхэмжлээгүй атлаа шүүхийн бус журмаар, гэрээнд заасан гэх үндэслэлээр шууд суутгасан хариуцагчийн үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ...” гэж дүгнэсэн.
10.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлдээ “…З.М гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон, талуудын байгуулсан гэрээнд зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч зээлдэгчийн адил үүрэг хүлээхээр, харилцах дансны үлдэгдэл зээлийн төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй бол хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, хэн алинаас нь шаардах эрхтэй талаар тохиролцсон, зээлийн гэрээний хугацаа 2021.12.20-ны өдөр дууссан нь З.М-г гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй, анхан шатны шүүх Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн, талуудын байгуулсан гэрээний 3.2, 3.2.1 дэх заалтууд ойлгомжтой илэрхийлэгдсэн тул санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах шаардлага үүсээгүй, банк З.М-н данснаас зээлийн гэрээний төлбөр суутган авсан үйлдлийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй ба хариуцагч хууль болон гэрээнд зааснаар суутгал хийснийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй, хөөн хэлэлцэх хугацаа тасалдах тухайд анхан шатны шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасныг буруу дүгнэсэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар зээлийн гэрээний хугацаа 2021.12.20-ны өдөр дуусах ба шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2024.12.20-ны өдөр дуусахаар байна, нэхэмжлэгч 2024.04.16-ны өдөр төлөлт хийсэн тул хуульд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдаж, дахин шинээр тоологдоно…” гэсэн дүгнэлт хийжээ.
11.Дээрх байдлаар анхан шатны шүүх “…гэрээний стандарт нөхцөлийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана…” гэж, давж заалдах шатны шүүх “…гэрээний заалтыг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах шаардлага үүсээгүй” гэж хэргийн үйл баримтад холбогдох хуулийг хоёр шатны шүүх зөрүүтэй хэрэглэсэн, өөр өөр шийдэл гаргасан тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
12.Хоёр шатны шүүхийн дүгнэснээр дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
12.1.“Х” ХХК /хуучин нэрээр/ Н.Б, З.М нартай 2017.12.07-ны өдөр зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн 9,583,614 төгрөгийн үлдэгдэл дээр 5,416,286 төгрөгийг нэмж, нийт 15,000,000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 48 сарын хугацаатай зээлдүүлэх, цалингийн орлогоос уг зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон.
12.2.Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 2019.01.14-ний өдрөөс зөрчиж, зээлийн гэрээний хугацаа 2021.12.02-ны өдөр дуусгавар болсон, нэхэмжлэгч З.М-н данснаас 2024.04.16-ны өдөр 270,000 төгрөг, Н.Б-н данснаас 2025.03.11-ний өдөр 261,000 төгрөг, 2025.04.16-ны өдөр 159,000 төгрөг тус тус төлүүлсэн,
12.3.Зээлдэгч Н.Б 2024.02.10-ны өдөр нас барсан,
12.4.Нэхэмжлэгч З.М-н “Х” ХК дахь *******1 тоот дансанд “гэрээний дугаар... payON зээл олгов” гэсэн гүйлгээний утгаар орсон 23,550,000 төгрөгийн орлогоос 2025.09.01-ний өдөр 20,385,542 төгрөгийг банк суутган авч, Н.Б-н зээлийн үлдэгдэл төлбөрийг хаасан.
13.Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна. Уг гэрээгээр банк нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг. Мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.
14.Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 4.3-т “Хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэг адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ” гэж заасныг З.М зөвшөөрч, Н.Б-тай хамтран зээлдэгч болохоо илэрхийлж, гэрээнд гарын үсгээ зурсан, зээл олгогдсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг гүйцэтгэгч болно.
15.Харин зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн эсэх болон хамтран зээлдэгчийн дансанд орсон мөнгөн хөрөнгийг банк нэхэмжлэгчид урьдчилан мэдэгдэлгүйгээр үл маргах журмаар зээлийн төлбөрт суутгасан нь хууль болон гэрээнд нийцэх эсэх нь маргааны зүйл болжээ.
16.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил”-ийн тусгай хугацаа үйлчлэхээр хуульчилсан ба мөн хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана” гэж зохицуулсан.
17.Зээлийн гэрээний хугацаа 2021.12.02-ны өдөр дуусгавар болсон ба энэ өдрөөс эхлэн банканд шаардах эрх үүсэж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жилийн тусгай хугацаа 2024.12.02-ны өдөр дуусгавар болохоор байна.
Дээрх гурван жилийн хөөн хэлэлцэх хугацаа 2024.12.02-ны өдөр дуусахаас өмнө нэхэмжлэгч З.М-н “Х” ХК дахь *******1 тоот данснаас 2024.04.16-ны өдөр 270,000 төгрөгийг зээлийн төлбөрт суутгасан, энэ талаар түүний данснаас “ухаалаг мэдээ үйлчилгээний хураамж” гэж 50.00 төгрөг суутгаснаар уг мэдэгдэл түүний утсанд хүргэгдсэн, нэхэмжлэгч ийм мэдэгдэл хүлээн аваагүй гэж маргаагүй байхаас гадна уг суутгалтай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргаагүйг хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэсэн тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар “…хүү төлөх … хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн…” үндэслэлээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан, мөн хуулийн 79.7-д зааснаар өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацаа дахин шинээр тоологдох үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “Иргэний хуулийн 79 дүгээр зүйл, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг буруу хэрэглэсэн…” гэснийг хүлээн авах үндэслэлгүй байна.
18.Давж заалдах шатны шүүх “… талуудын байгуулсан гэрээний 3.2, 3.2.1 дэх заалтууд ойлгомжтой илэрхийлэгдсэн тул санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлах шаардлага үүсээгүй…” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
19.Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ.
Хариуцагч “Х” ХК-ийн хувьд зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж, урьдчилан тогтоосон нөхцөл бүхий үйлчлүүлэгчдээ санал болгосон гэрээ байгуулсан нь стандарт нөхцөл бүхий гэрээнд хамаарна. Талуудын хооронд гэрээний стандарт нөхцөл тогтоосон гэрээ байгуулагдсан хэдий ч зээлдэгчийн эрхийг дордуулсан, хязгаарласан гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байна.
20.Гэрээний оролцогч талууд гэрээг чөлөөтэй байгуулж, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй хэдий ч уг чөлөөт байдал нь хуулийн хүрээгээр хязгаарлагдахыг Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан.
21.Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэг гэрээний нөгөө тал аж ахуй эрхэлдэггүй энгийн иргэн байх тохиолдолд үйлчлэхийг зохицуулсан. Харин аж ахуй эрхлэгчдийн хувьд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэг үйлчлэхгүй, Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэг хамаарна.
Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2 дахь хэсэгт “Аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэггүй иргэнтэй гэрээ байгуулахаар санал гаргаж байгаа тал нь дараахь нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна”, хуулийн 202.2.9-д “нөгөө талдаа үүргээ гүйцэтгэхийг урьдчилан сануулах буюу үүргээ гүйцэтгэх боломжийн хугацаа олгох хуулиар тогтоосон үүргээс санал гаргагч талыг чөлөөлсөн” гэж тус тус заасан.
22.Нэхэмжлэгч З.М-г аж ахуй эрхлэгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд зээлийн гэрээний 3.2-т “зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч нь дараахь зөвшөөрлийг банканд энэхүү гэрээгээр олгосон, дахин бичгээр зөвшөөрөл авах шаардлагагүй болно. Үүнд: 3.2.1-д “Х дахь данснаас зээлийн төлбөр болон бусад төлбөрийг суутган авах” гэсэн стандарт нөхцөл бүхий заалтуудыг тусгасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.9-д заасан нөхцөл байдлыг үүсгэж байна.
23.Тодруулбал, зээлийн гэрээний үүргийг зээлдэгч нараас шаардаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь хэсэгт зааснаар нэмэлт хугацаа тогтоох, мөн хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.2-т заасан үүрэг гүйцэтгэх хугацаа болсныг сануулга өгөх хууль ёсны үүргээс зээлдүүлэгчийг чөлөөлсөн тохиролцоо нь мөн хуулийн 202.2.9-д заасны дагуу хүчин төгөлдөр бус байна.
Гэрээний дээрх заалт энэ үндэслэлээр хүчин төгөлдөр бус байх боловч Иргэний хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 202 дугаар зүйлийн 202.5 дахь хэсэгт тус тус зааснаар гэрээг бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй, гэрээний бусад хэсэг нь хүчин төгөлдөр байна.
24.Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт “Гэрээнд заасан бол зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгчийн … дансан дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ.” гэж, Банкны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт “Банк … үл маргах журмаар төлөх тухай харилцагчийн гарын үсэг бүхий гэрээ, төлбөрийн баримтыг үндэслэн гүйлгээ хийснийг харилцагчийн даалгавраар гүйлгээ хийсэнд тооцно” гэж тус тус зохицуулсан хэдий ч эдгээр зохицуулалтын гэрээнд заасан гэх нөхцөл Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.9-д зааснаар хүчин төгөлдөр бус байгаа тохиолдолд хуульд заасан үндэслэлээр суутгал хийсэн гэж үзэхгүй, хариуцагчийн тайлбар үндэслэлгүй болно.
Иймээс давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1, 202 дугаар зүйлийн 202.2-т тус тус заасан зохицуулалтыг тухайн маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.
25.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 3.2, 3.2.1-д заасан тохиролцоо нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан гэрээний стандарт нөхцөлийн шинжийг агуулсан гэж үзсэн нь зөв бөгөөд Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.9-д зааснаар дээрх нөхцөл нь хүчин төгөлдөр бус тул “Х” ХК нэхэмжлэгчийн данснаас зээлийн төлбөрийг хууль болон гэрээнд зааснаар суутгасан гэх үндэслэл үгүйсгэгдэж, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэл хангагдана. Энэ талаарх анхан шатны шүүхийн шийдэл үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2026/00634 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00728 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч З.М-н хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч З.М 2026.04.20-ны өдөр 259,000 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ
Б.УНДРАХ
Д.ЦОЛМОН