Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2019/0065

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Х

Хариуцагч: Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар бүхий “Чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дотоод асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх”,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-д ажлын хөлсөнд олгосон 400000 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Г.Х нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “үйлдвэрийн нэгдэл" ТӨААТҮГ-т Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад улмаар Батлан хамгаалах яамны бүтцэд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн ажлын алба байгуулагдсантай холбоотойгоор Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар тус ажлын албанд Дотоод ажлын мэргэжилтнээр офицерийн албан тушаалд энгийнээр томилогдон ажиллаж байсан.

Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын газрын албан тушаалтнууд 2018 оны 4 дүгээр сараас эхлэн намайг болон тус албаны бусад алба хаагчдыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхийг удаа дараа шахаж, шаардаж байсан бөгөөд миний бие өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй тул Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн.

Намайг эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөх үндэслэлд дурдсан Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9 дэх хэсэг, Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9 дэх заалт, 9 дүгээр зүйлийн 9.9 дэх хэсгүүд нь Төрийн нарийн бичгийн даргад хамаарах хуульд заасан нийтлэг бүрэн эрхтэй холбоотой заалтууд юм.

Түүнчлэн чөлөөлөх үндэслэлдээ Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/180 дугаар тушаалаар батлагдсан Батлан хамгаалах яамны хөдөлмөрийн дотоод харилцаа, яам, харьяа агентлаг, байгууллагын хоорондын харилцан ажиллагааг зохицуулах журмын 2.2 дахь хэсгийг үндэслэсэн нь нэхэмжлэгчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй юм.

Төрийн алба хаагчийг албан тушаалаас чөлөөлөх үндэслэлийг Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасан бөгөөд нэхэмжлэгчийг эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлөх үндэслэлд дээр дурдсан хуулийн зохицуулалтууд хамаарахгүй байгаа мөн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлд 4.2.6-д заасан “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах*, 27 дугаар зүйлийн 27.2.1-д заасан “Энэ хуулийн 25 дугаар зүйл, 26.1.3-т зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх”, 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Төрийн албан хаагчид албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс олгоно” гэсэн заалтуудыг зөрчиж байгаа нь нэхэмжлэгч миний хууль ёсны эрхийг зөрчиж байна.

Иймд миний нэхэмжлэлийг хүлээн авч, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг хүчингүй болгож, намайг эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоох, ажил эрхлээгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах тухай шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар тушаалаар Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн албанд дотоод ажлын мэргэжилтэн албан тушаалтай Г.Х-г чөлөөлсөн захиргааны шийдвэрийн үндэслэл нь Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг дэх “Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалыг зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг уг албан тушаалтан өөрөө хүчингүй болгох” гэсэн зохицуулалт юм.

Нэхэмжлэгчийг Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/167 дугаар тушаалаар Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагчийн албанд дотоод ажлын мэргэжилтэн албан тушаалд томилохдоо Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх хүсэлтэй, энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлагыг хангасан иргэдийг өрсөлдүүлэн шалгаруулах зорилгоор тэднээс төрийн албаны мэргэшлийн шалгалт авч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэнэ.” гэснийг зөрчиж, сонгон шалгаруулалтад оруулалгүйгээр шууд томилсон нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байх хууль тогтоомжид нийцүүлсэн шийдвэр гаргаж Г.Х-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар тушаалын үндэслэх хэсэгт заасан бусад эрх зүйн харилцааны хувьд Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Төрийн нарийн бичгийн дарга эрх хэмжээнийхээ хүрээнд Монгол Улсын хууль, Ерөнхийлөгчийн зарлиг, Улсын Их Хурал, Засгийн газрын тогтоол, шийдвэрт нийцүүлэн тушаал гаргаж, биелэлтийг хангуулна”, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6.9-д “хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах гэж заасан байна.

Мөн Батлан хамгаалах яамны төрийн нарийн бичгийн даргын 2013 оны 180 дугаар тушаалаар баталсан “Батлан хамгаалах яамны хөдөлмөрийн дотоод харилцаа, яам, харьяа агентлаг, байгууллагын хоорондын харилцан ажиллагааг зохицуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчийн туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно” гэж заасныг тус тус үндэслэсэн.

Батлан хамгаалах яам- нь Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01 тоот “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын 2.3 дахь хэсэгт “Төрийн албаны тухай хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэгжүүлж, төрийн байгууллагын ил тод, нээлттэй байдлыг хангаж ажиллах ...” чиглэлийн дагуу хууль зөрчсөн аливаа тушаал, шийдвэрийг хүчингүй болгох, хууль нийцүүлэх ажлыг зохион байгуулж байна

Иймд яамны Төрийн нарийн бичгийн дарга нь өөрийн гаргасан хуульд нийцээгүй тушаал шийдвэрийг хүчингүй болгох бүрэн эрхтэй субъект болохын хувьд нэхэмжлэгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т заасан үндэслэл, шаардлагын хүрээнд албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад нийцүүлээгүй, сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон гэж үзэж, 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар тушаалыг гаргасан болно.

Нэхэмжлэгчийг үүрэг ажлаас нь чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоог нөхөх, төрийн жинхэнэ албан тушаалд авахтай холбогдох хууль зүйн зохицуулалтад нийцэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Г.Х-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Х тус шүүхэд хандаж “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар бүхий “Чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж, Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ““Чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулах, Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дотоод асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх” гэж тодруулсан, 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “...итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-д ажлын хөлсөнд олгосон 400000 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагын энэ нэмэгдүүлсэн хэсгээс шүүх хуралдааны явцад татгалзсан болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...чөлөөлөх тушаалд яамны дотоод харилцааг зохицуулах журмын 2.2 дахь хэсгийг үндэслэсэн нь Төрийн албаны тухай хуульд заасан чөлөөлөх үндэслэлд хамаарахгүй...” гэж тодорхойлон, хариуцагчаас “...нэхэмжлэгч нь Төрийн албаны сонгон шалгаруулалтад ороогүй, сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон нь хууль бус...” гэж тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар бүхий “Чөлөөлөх тухай” тушаалаар Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6-ын 9 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/180 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалах яамны хөдөлмөрийн дотоод харилцаа, яам харьяа агентлаг, байгууллагын хоорондын харилцан ажиллагааг зохицуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Г.Х-г “төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т заасан төрийн албаны албан тушааллд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад нийцүүлээгүй, сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч Г.Х нь 2015 оны 3 дугаар сараас эхлэн Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт тээвэр зуучлал  хариуцсан мэргэжилтний албан тушаалд ажиллаж байгаад тус газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар тээвэр зуучлал  хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлөгдөж худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтнээр, мөн газрын захирлын 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар шинэ бүтэц, орон тоо шилжүүлэхтэй холбогдуулан Г.Х-г Худалдан авах ажиллагааны асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалаас чөлөөлж программ хангамжийн мэргэжилтний албанд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Б/167 дугаар бүхий “Томилох цалинжуулах тухай” тушаалаар Г.Х-г Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр офицерийн албан тушаалд энгийнээр 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн томилж, төрийн захиргааны албан тушаалын цалингийн сүлжээний  ТЗ-7-1 дүгээр шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэснийг үндэслэн Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирлын 2017 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/36 дугаар бүхий “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Г.Х-г программ хангамжийн мэргэжилтний албан тушаалаас чөлөөлсөн үйл баримтууд тогтоогдож байна.

Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар бүхий “Чөлөөлөх тухай” тушаалаар Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6-ын 9 дэх хэсэг, 9 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/180 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалах яамны хөдөлмөрийн дотоод харилцаа, яам харьяа агентлаг, байгууллагын хоорондын харилцан ажиллагааг зохицуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Г.Х-г “төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 3-т заасан төрийн албаны албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад нийцүүлээгүй, сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

 Монгол Улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд Төрийн нарийн бичгийн даргын бүрэн эрхийг заасан тухайлбал, 9.6.9-д “ хууль тогтоомжид заасны дагуу ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, төрийн албанаас түр чөлөөлөх, чөлөөлөх, халах” гэж, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.9-д “Төрийн нарийн бичгийн даргын гаргасан тушаал нь хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэр, сайдын тушаалыг зөрчсөн нь тогтоогдсон бол түүнийг уг албан тушаалтан өөрөө, хэрэв уг албан тушаалтан хууль тогтоомжид заасан хугацаанд шийдвэрлээгүй бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол сайд тус тус хүчингүй болгоно” гэж тус тус заажээ..

Түүнчлэн Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2013 оны А/180 дугаар тушаалаар батлагдсан “Батлан хамгаалах яамны хөдөлмөрийн дотоод харилцаа, яам харьяа агентлаг, байгууллагын хоорондын харилцан ажиллагааг зохицуулах журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-д “Яамны Төрийн нарийн бичгийн дарга төрийн жинхэнэ албан хаагчийг Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 9.6.9-д заасныг баримтлан Төрийн албаны тухай хуулийн 17.1, 17.4-т заасны дагуу томилно, мөн зүйлийн 2.2 дахь хэсэгт “төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчийн туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтооно, туршилтын хугацаанд үр дүнгийн гэрээгээр хүлээсэн үүргээ хангалттай сайн биелүүлж цаашид төрийн албанд үр бүтээлтэй ажиллаж чадахаа харуулсан албан хаагчийг төрийн албан хаагчийн тангараг өргүүлж төрийн жихэнэ албан хаагч болгох...”, мөн зүйлийн 2.7-д  “иргэнийг төрийн албан тушаалд томилох болон ажилд авахад дараахь баримт бичгийг бүрдүүлнэ...” 2.7.6-д “төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн тухай материал...” гэж тус тус зохицуулсан байна.

Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай мэргэшсэн байх явдал мөн” гэж, хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “энэ хулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх эрхтэй” гэж,  17.3 дахь хэсэгт зааснаар “төрийн жинхэнэ албан тушаал /захиргааны болон тусгай/ эрхлэх хүсэлтэй иргэд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгч онооны дэс дарааллаар төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтанд бүртгэгдэх” журамтайг, мөн хуулийн 18 дугаар зүйлд “төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон албан хаагчид туршилтын хугацааг 1 жил хүртэл хугацаагаар тогтоож болно” гэж тус тус зохицуулсан байна.

Хуулийн дээрхи заалтууд болон Батлан хамгаалах яамны хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулсан журмын 2 дугаар зүйлийн 2.7.6-д зааснаас үзвэл төрийн албаны мэргэшлийн шалгалт өгсөн, төрийн тухайн албан тушаалд тавих ерөнхий шаардлагыг хангасан иргэн төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх болзол хангах бөгөөд нэхэмжлэгч Г.Х-ийн хувьд төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй болох нь тогтоогдсон байна.

Иймд Г.Х-г “...төрийн албаны албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагад нийцүүлээгүй, сонгон шалгаруулалтгүйгээр ажилд томилсон” гэх үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн хариуцагч захиргааны байгууллагын шийдвэр нь түүний хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарч байгаагийн дээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул уг захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн А/270 дугаар тушаалаар Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албыг байгуулсан, уг албаны дүрмийн 5.9-д “Ажлын албаны ажилтнууд нь төрийн захиргааны албан хаагч байна, мөн зүйлийн 5.10-д Ажлын албаны бүрэлдэхүүн нь улсын байцаагч байх”-аар заагджээ.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч нь анхнаасаа төрийн албаны мэргэшлийн шалгалт өгөөгүй тул түүнийг “Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн”-ий ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох боломжгүй, уг албан тушаал нь төрийн албаны ТЗ-8 зэрэглэлд хамаарах, “улсын байцаагч” байх тусгай шаардлага тавигдсан уг шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй болох нь тогтоогдсон болно.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.1, 17.3-д  заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Хгаас гаргасан “Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Б/117 дугаар бүхий “Чөлөөлөх тухай” тушаалыг хүчингүй болгуулж Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагчийн ажлын албаны дотоод асуудал хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн олгуулах, нийгмийн даатгал эрүүл мэндийн даатгалд бичилт хийлгэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Г.Х-с гаргасан “...итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н-д ажлын хөлсөнд олгосон 400000 төгрөгийг хариуцагч захиргааны байгууллагаас гаргуулах” шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.ДУЛАМСҮРЭН