Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 2020/ДШМ/1363

 

Б.Б-ид холбогдох эрүүгийн

                                                                            хэргийн тухай                       

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч М.Алдар, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,

яллагдагч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Тэнгис,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Доржсүрэн даргалж хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1621 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Х.Эрдэнэтуяагийн бичсэн 2020 оны 9 дүгээр сарын 8-ны өдрийн 56 дугаартай эсэргүүцлээр Б.Б-ид холбогдох эрүүгийн 2010006680465 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

            Б.Б-, 1979 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эх, дүү нарын хамт оршин суух,

            - Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 308 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2001 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

             Б.Б- нь 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-43 тоотод байх гэртээ төрсөн ах Б.Ба-тай ээжийгээ сандлаар цохисноос болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, хэвлий орчим нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөн “нойр булчирхайн няцрал” бүхий гэмтэл учруулж, амь насыг нь хохироосон буюу хүнийг санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...1. Яллагдагч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг тогтоогоогүй, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь ноцтой алдаатай байна. 2. Гэрч Б.Пүрэвдорж, Д.Эрдэнэбат нарын мэдүүлгээр амь хохирогчийг түргэн тусламжийн 103, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, Гэмтлийн эмнэлэг зэрэгт үзүүлсэн нөхцөл байдал байхад амь хохирогчийн үхлийн шалтгааныг бодиттой тогтооход шууд хамааралтай зайлшгүй шалгах ажиллагаануудыг хийгээгүй байна. 3. Хэргийн 41-42 дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлэг нь иргэн Д.Эрдэнэбат, эсхүл Ч.Хүрэлбаатар нарын хэнийх нь өгсөн мэдүүлэг болох нь тодорхой бус нэр зөрүүтэй, мөн 69 дүгээр талд шинжээчид эрх үүрэг танилцуулсан хэсэгт “шинжээч Т.Солонго” гэж гарын үсэг зурсан атлаа мэдүүлэг өгсөн хэсэгт “шинжээч Т.Сэлэнгэ” гэсэн гарын үсэгтэй, 71 дүгээр талд шинжээч Т.Сэлэнгээс мэдүүлэг авсан хугацаа тодорхойгүй, улмаар дахин авсан, эсхүл анх удаа авсан эсэх нь ч тодорхой бус байх тул эдгээр нь хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэх боломжгүй байдалд хүргэсэн. ...” гэж дүгнэн хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэжээ.

            Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “...1. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хэрэг учрал болж, улмаар 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр Б.Ба- нас барсан болох нь хангалттай тогтоогдсон байдаг. Хэрэгт авагдсан бичгийн бүхий л нотлох баримтуудаар гэмт хэрэг 2020 онд гарсан нь тогтоогдсон ба прокурорын яллах дүгнэлт болон эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолын тогтоох хэсгүүдэд 2019 он гэж бичсэн нь техникийн шинжтэй алдаа болсон. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр засуулах бүрэн боломжтой.

            2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 839 дугаартай “...талийгаачид элэгний архаг үрэвсэл архаг хууч өвчин эмгэг тогтоогдсон бөгөөд энэ нь үхэлд нөлөөлөхгүй болно. Талийгаач нь нойр булчирхайн няцралын улмаас гэмтлийн шоконд орж нас баржээ. ...” /хх 54-63/ гэх дүгнэлт, шинжээч Т.Сэлэнгийн “...нойр булчирхайн няцрал гэмтэл нь бусад хэвийн гэмтлүүдтэй хамт хэвлийн битүү гэмтэлд тооцогдох бөгөөд хэвлийн битүү гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... нойр булчирхай гадны нөлөөллөөс болж няцарсны улмаас үхжил үүснэ. Энэ нь нойр булчирхай өвчин эмгэгтэй холбоогүй, шууд гэмтэл юм. ...” /хх 69-71/ гэсэн мэдүүлэг зэргээр талийгаач өмнө нойр булчирхайн эмгэггүй байсан, нойр булчирхайн няцрал нь өвчин эмгэгтэй холбоогүй, шууд гэмтэл буюу гадны нөлөөллийн улмаас нойр булчирхай няцарсан нь тогтоогдсон байдаг. Шаардлагатай бол шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулан дээрх байдлыг тодруулах бүрэн боломжтой.

            3. Шинжээч Т.Сэлэнгэ нь гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан мэдүүлгээ өгсөн байхад гарын үсгийн тайлал хэсэгт “Т.Солонго” гэж буруу бичсэнээр дээрх нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Хэргийн 41-42 дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтаас хасуулах, нотлох баримтаар тооцохгүй байх зэргээр шийдвэрлэх боломжтой. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн ба уг эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

            Яллагдагч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамжийг дэмжиж байна.” гэв.

            Яллагдагч Б.Б-ийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

            ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

            Прокуророос Б.Б-ийг 2020 оны 3 дугаар сарын 29-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын 1-43 тоотод байх гэртээ төрсөн ах Б.Ба-тай ээжийгээ сандлаар цохисноос болж маргалдаж, улмаар түүний нүүрэн тус газар гараараа 2-3 удаа цохиж, хэвлий орчим нь хөлөөрөө 2-3 удаа өшиглөн “нойр булчирхайн няцрал” бүхий гэмтэл учруулж алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Шүүгч хэргийг хүлээн авч, яллагдагчийг шүүхэд шилжүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэх явцад талуудын гаргасан хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсны үр дүнд “...гэмт хэрэг үйлдсэн гэх цаг хугацааг тогтоогоогүй, яллагдагчаар татсан тогтоол, яллах дүгнэлт нь ноцтой алдаатай, амь хохирогчийн үхлийн шалтгааныг бодитой тогтооход шууд хамааралтай зайлшгүй шалгах ажиллагаануудыг хийгээгүй, хэргийн 41-42 дугаар талд авагдсан гэрчийн мэдүүлэг нь иргэн Д.Эрдэнэбат, эсхүл Ч.Хүрэлбаатар нарын хэнийх нь өгсөн мэдүүлэг болох нь тодорхой бус нэр зөрүүтэй, мөн 69 дүгээр талд шинжээчид эрх үүрэг танилцуулсан хэсэгт “шинжээч Т.Солонго” гэж гарын үсэг зурсан атлаа мэдүүлэг өгсөн хэсэгт “шинжээч Т.Сэлэнгэ” гэсэн гарын үсэгтэй, 71 дүгээр талд шинжээч Т.Сэлэнгээс мэдүүлэг авсан хугацаа тодорхойгүй, улмаар дахин авсан, эсхүл анх удаа авсан эсэх нь ч тодорхой бус байх тул эдгээр нь хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэх боломжгүй байдалд хүргэсэн. ...” гэж дүгнэн Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь заалтыг тус тус баримтлан хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн байна.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, мөрдөн шалгах ажиллагааны үед Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй тул гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээтэй холбогдсон асуудлаар дахин мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагааны үед прокурорын яллах дүгнэлт болон бусад эрхийн актуудад гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг нөхөн зөвтгөх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.” гэж заасан бөгөөд прокурор хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд шүүх хуралдаанд гэрч, хохирогч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд хэргийн бодит байдлыг тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой байна.

Түүнчлэн, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гэрч, шинжээч зэрэг оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлт гарган шийдвэрлүүлж, цагаатгах, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хэрэгжүүлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.

Өөрөөр хэлбэл, Б.Б-ид холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулж, бэхжүүлсэн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтуудын эх сурвалжийг магадлах аргаар шалган үнэлэлт өгч, тэдгээрийг агуулгын хувьд хооронд нь харьцуулан дүгнэлт хийж, шаардлагатай тохиолдолд гэрч, шинжээчийг талуудын хүсэлтээр оролцуулан хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой гэж үзлээ.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хэргийг прокурорт буцаах” заалтууд нь нэг ойлголт мэт боловч анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, цаг хугацаа, хянан шийдвэрлэх журмын хувьд тус тусдаа хуулийн зохицуулалт болно.

Анхан шатны шүүх 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1615 дугаартай “Урьдчилсан хэлэлцүүлэг товлох тухай” шүүгчийн захирамждаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн хүрээнд талуудын гаргасан хүсэлт, гомдлоор ... дараахь асуудлыг хянан хэлэлцэж шийдвэр гаргана:”, мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ.” гэж тус тус заасныг баримтлан талуудын хүсэлтээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг товлохдоо мөн өдрөө урьдчилсан хэлэлцүүлгийг явуулсан байх ба товыг зарим оролцогчид мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй, уг захирамжийн ХЯНАВАЛ хэсэгт яллагдагч Б.Б-ийн нэрийг “Б.Батбилэг” гэж буруу бичсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагад нийцээгүй байна.  

Түүнчлэн цаашид хэргийг прокурорт буцаахдаа Монгол Улсын Шүүхийн тухай хуулийг удирдлага болгох шаардлагагүй бөгөөд илүү нарийвчилсан зохицуулалт болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн холбогдох зүйл, заалтыг удирдлага болговол зохилтойг дурдах нь зүйтэй.

Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн 2020/ШЗ/1621 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Б.Б-ид холбогдох эрүүгийн хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас эхлэн дахин хянан хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг яллагдагчийг шүүхэд шилжүүлэх ажиллагаанаас дахин хянан хэлэлцүүлэх хүртэл Б.Б-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  3.    Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                          ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                          ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН