| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2024/0200/Э/ |
| Дугаар | 2024/ШЦТ/193 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Ө.Манзушир |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/193
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мөнхтулга даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь,
улсын яллагч Ө.Манзушир,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дорждэрэм,
шүүгдэгч Р.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ө.Манзуширын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Р.С-т холбогдох 2416000000238 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, халх, **** оны **** дугаар сарын ****-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Говь-Алтай аймгийн ***** сумын ***** багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ****** регистрийн дугаартай, Гр овогт Р-н С.
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Р.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Р.С нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Говь-Алтай аймгийн ***** сумын төвд хохирогч Ө.Г-н гээгдүүлсэн түүний өмчлөлийн 950,000 төгрөгийн үнэлгээтэй “Самсунг-А53” загварын гар утсыг хүү С.Д нь олсныг бусдад өгч ашиглуулсан болох нь:
1. Шүүгдэгч Р.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн гар утсыг буцааж өгсөн ...” гэх мэдүүлэг./хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/
2. Хохирогч Ө.Г-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Би 2024 оны 07 дугаар сарын 27-ний өдөр найзтайгаа тааралдчихаад 1 шил архи хувааж уусан юм. Тэгээд би гэртээ харих гэж явж байгаад замдаа өөрийнхөө лизингээр авч байсан Самсунг Галакси А53 маркийн гар утсыг хаяж гээгдүүлсэн. Миний гар утасны гэрэнд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, мэргэшсэн жолооны үнэмлэх, М ангиллын жолооны үнэмлэх, Хаан банкны виза карт зэрэг цуг алга болсон юм. Тэгээд би сумын төв дотор хаяж гээгдүүлсэн болохоор намайг тандаг хүмүүс олсон бол авч ирээд өгчих байх гэж бодоод өдийг хүрсэн юм. Тэгээд би олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад хандаж байна ... Би энэ гэр утсыг 2023 оны 03 дугаар сарын 15-ны өдөр 1,719,900 төгрөгөөр худалдаж авчхаад одоо болтол лизинг нь төлж дуусаагүй байгаа юм ...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 18-20 дугаар хуудас/
3. Гэрч Ц.Н-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би Самсунг А-53 маркийн гар утсыг энэ тэндээс олж авсан зүйл байхгүй. Манай хадам аав С манай эхнэрт энэ гар утсыг түр барьж бай гээд гаргаж өгсөн. Тэгээд манай эхнэр бид хоёрт хэлэхдээ Д тоглоомын талбай дээрээс олсон гэж хэлсэн. Тэгээд манай эхнэр тэр утсыг аваад өөрийнхөө ********* дугаартай Мобикомын сим картыг хийсэн. Тэгээд сүүлд нь миний ******** дугаартай Мобикомын сим картыг хийж ашигласан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/
4. Гэрч С.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... Би гар утсаа эвдэлчихлээ гэж хэлсэн чинь манай аав С олсон гар утсаа гаргаж ирээд өөрийнхөө барьж байсан манай төрсөн дүү Д-н нэр дээр байдаг ********** гэсэн Мобикомын дугаараа салгаад намайг түр барьж бай гээд өгсөн. Тэгэхээр нь би гар утас шинээр авахаараа буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгээд би ааваас олсон Самсунг А-53 маркийн гар утсыг аваад өөрийнхөө Мобикомын ********* дугаартай сим картыг хийж өөрийнхөө Facebook хаягийг нээж тухайн гар утсыг ашигласан. Тухайн гар утсыг манай нөхөр бид хоёр сим картаа ээлжилж хийгээд ашиглаж байсан...” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/
5. Ашид Билгүүн ХХК-н 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ТХҮ-921/310 дугаартай “гээгдүүлсэн гэх “Самсунг-А53” загварын гар утсыг 950,000(есөн зуун тавин мянга) төгрөгөөр үнэлсэн” шинжээчийн дүгнэлт. /хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч Р.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Г-т 950,000 (есөн зуун тавин мянга)төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед хэргийн материалтай танилцаад “...гомдол саналгүй ...” гэх агуулга бүхий хүсэлт гаргасан, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед гээгдэл эд хөрөнгийг биет байдлаар нь хохирогчид хүлээлгэн өгсөн /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Р.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 жилийн хугацаагаар хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож болно...” гэж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус хуульчилжээ. Иймээс шүүгдэгчийн тухайд оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар санал гаргаагүй, түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасанчлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд биелүүлэх боломжтой байх тул шүүх хугацаа тогтоогоогүй болно.
Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овогт Р-н С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.С-т 450(дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.С-т сануулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдоогүй, хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА