| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2020/03318/И |
| Дугаар | 183/ШШ2021/00355 |
| Огноо | 2021-02-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 183/ШШ2021/00355
2021 оны 02 сарын 08 өдөр Дугаар 183/ШШ2021/00355
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00, өөрийн байранд байрлах, М.Т ХХК /РД:0000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, ажилчдын гудамж, 00 тоотод байрлах, Б.A ХХК /РД:0000000/-д холбогдох,
Гэрээний үүрэгт нийт 90,427,555 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг хуралдааны тэмдэглэл хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.T ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... М.Т ХХК нь өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 00-р хороо ажилчдын 00 тоот хаягт байрлах 3 давхар 10 автомашины гаражтай үл хөдлөх хөрөнгийг Б.А ХХК-д бүгдийг нь 3 жилийн хугацаатайгаар 1 сарын 4,000,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцож 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Түрээсийн гэрээг бичгээр байгуулсан. Гэвч Б.А ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, 2018 оны 5 дугаар сараас 2020 оны 8 дугаар сар хүртэл хугацааны түрээсийн төлбөрөө төлөөгүй байна. Иймд Б.А ХХК-иас дээрх хугацааны түрээсийн үндсэн төлбөрт 84,491,840 төгрөг, алданги 5,935,715 төгрөг, нийт 90,427,555 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Өмнөх хурал дээр хариуцагч шүүх хуралдааны тов дээр гарын үсэг зурсан боловч өнөөдрийн шүүх хуралд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх, мөн өмнөх шүүх хуралдаанд хариуцагч түрээсийн төлбөрийн асуудлаар маргаагүй, эвлэрэх санал тавьж байсан болно... гэв.
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хариуцагч Б.A ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний нийт үүрэгт 90,427,555 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч М.T ХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2020 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, танилцуулжээ.
Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигч Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Үйлдвэр-0/00000/, ажилчны гудамж 00 тоот, ажилчны гудамж 0-00 тоотод байршилтай үйлдвэр, гаражийн зориулалттай 1512 м.кв талбайтай, 210 м.кв талбайтай гараж, эрхийн бүртгэлийн Ү-0000000000 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 01-ний хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр харилцан тохиролцож, 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр түрээсийн гэрээ байгуулж, гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй байна. /х.х-ийн 6-8 хуудас
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь М.T ХХК-ийн өмчлөлийн эд хөрөнгө болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн 2013 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн гэрчилгээгээр тогтоогдсон байна. /х.х-ийн 12 хуудас/
Иргэний хуулийн 318.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 318.4 дэх хэсэгт Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан бөгөөд талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, ... хэлцэл хүчин төгөлдөр бус байх хэлцэл байх тул зохигчдын хооронд байгуулсан 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.
Нөгөөтэйгүүр түрээсийн гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бүхэлд нь буюу үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнд заасан хэмжээ болох 1512 м.кв талбайтай, 210 м.кв талбайн нийт хэмжээгээр үл хөдлөх хөрөнгийг бүхэлд нь түрээслүүлэхээр талууд тохиролцсон байх тул хуулийн дээрх шаардлага энэ тохиолдолд мөн хамаарна. /х.х-ийн 12 хуудас/
Хэдийгээр талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон боловч хариуцагч дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласан учраас түрээсийн зүйлийг ашиглах төлбөрийн хэмжээгээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д ... буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.
Төлбөрийг талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний төлбөрийн хэмжээгээр шүүх тооцож, хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Түрээсийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1-д Түрээсийн талбайн 30 хоногийн нийт түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, мөн гэрээний 2.2-д түрээслэгч нь түрээсийн талбайд өөрийн зардлаар засвар үйлчилгээг хийхтэй холбогдуулан түрээслүүлэгч нь түрээсийн эхний 3 сард түрээслэгчийг түрээсийн төлбөрөөс чөлөөлж ..., мөн 2.3-д түрээсийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож эхлэх бөгөөд эхний 3 сар буюу 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд түрээсийн төлбөрийг түрээслүүлэгч тал 3,000,000 төгрөг болгон хөнгөлж" гэж тохиролцсон байна.
Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Г шүүх хуралдаанд дээрх гэрээний тохиролцооноос гадна 2018 оны 3,4,5,6 сарын төлбөрийг гэрээнд заасны дагуу 4,000,000 төгрөгөөр нэхэмжилж талууд тооцоо нийлсэн бөгөөд хариуцагч түрээсийн төлбөрийг төлөхгүй байсан тул 2018 оны 7 сараас 2020 оны 8 сар хүртэлх хугацааны түрээсийн нэг сарын төлбөрийг 3,000,000 төгрөгөөр нэхэмжилж, тооцоо нийлж байсан гэж тайлбарладаг
Иймд хариуцагчаас 2017 оны 12 сарын 01-ээс 2018 оны 2 дугаар сарын 29-ны өдөр хүртэл нэг сарын төлбөр 3,000,000 төгрөг, 2018 оны 3 сарын 01-ээс 6 дугаар сарын 30 хүртэл нэг сарын төлбөр 4,000,000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 01-ээс 2020 оны 8 дугаар сарын 31-ийг хүртэл нэг сарын төлбөр 3,000,000 төгрөгөөр тус тус тооцож нийт 103,000,000 төгрөг /9,000,000+16,000,000 +78,000,000/-ийн хуульд заасан үүргээс хариуцагчийн төлсөн нийт 18,508,160 төгрөг /9,000,000+8,298,160+670,000+540,000/-ийг хасаад үлдэх 84,491,840 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна. /х.х-ийн 9-11 хуудас/
Харин талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болсон тул нэхэмжлэгч түрээсийн гэрээний дагуу алданги шаардах эрхээ алдсан учраас алдангид нэхэмжилсэн 5,935,715 төгрөгийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хариуцагч Б.A ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10.00 цагт товлон зарласан шүүх хуралдааны товыг мэдсэн, тов мэдэгдэх баримтад гарын үсэг зурсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр товлогдсон шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 56 дугаар зүйлийн 56.1.8, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус үндэслэн хариуцагч Б.A ХХК-аас 84,491,840 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.T ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5,935,715 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 610,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.A ХХК-иас 580,409 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.T ХХК -д олгосугай
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ