| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямдоогийн Баярмаа |
| Хэргийн индекс | 302/2025/00774/И |
| Дугаар | 001/ХТ2026/00146 |
| Огноо | 2026-06-04 |
| Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2026/00146
| М.Х-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01055 дугаар шийдвэр, Баян-өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 212/МА2026/00017 дугаар магадлалтай, М.Х-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, хуульд заасан эрхээ сэргээлгэх үүднээс гэм хорын нөхөн төлбөрт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтайн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. Шүүх хуралдаанд: Төрийг төлөөлж нийслэлийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын прокурор Н.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Доржнамбар нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь: 1. Нэхэмжлэгч М.Х нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, хуульд заасан эрхээ сэргээлгэх үүднээс гэм хорын нөхөн төлбөрт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01055 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, 511 дүгээр зүйлийн 511.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, илүү нэхэмжилсэн 95,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ. 3. Баян-өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 212/МА2026/00017 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтай хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна. М.Х-ийг бусадтай бүлэглэн Ц.Б-ын 8 тооны ямааг хулгайлсан гэж 2023.11.28-ны өдрөөс эхлэн аймгийн цагдаагийн газарт авч ирж яллагдагчаар татан шалгасан ба 2023.12.20-ны өдөр 2596 тоот яллах дүгнэлтээр М.Х-ийг яллуулах гэм буруутайд тооцуулахаар анхан шатны шүүхэд 23130036835 тоот эрүүгийн хэргийг шилжүүлсэн. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь 2024.04.30-ны өдөр М.Х-ийг 2024/шт/106 дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож 3 жилийн хорих ял оноож цагдан хорьсон. Давж заалдах шатны шүүх хэргийг дахин цагдаа, прокурорын газарт буцаан шалгуулсан бөгөөд шүүхийн 2024.12.16-ны өдрийн 2024/шцт/301 тоот шийтгэх тогтоолоор М.Х-ийг цагаатгаж хорих байрнаас сулласан. Иргэн М.Х нь хилс хэрэгт 2023.11.28-ны өдрөөс 2024.12.16-ны өдөр хүртэл 1 жил 10 хоног Ногооннуур сумаас ирж, аймгийн төвд цагдаа, прокурор, шүүхэд байж, 2024.04.30-ны өдрөөс 2024.12.16-ны өдрийн хооронд 63 хоног цагдан хоригдож, ар гэр, ахуй амьдрал хөрөнгө мөнгө болон бие сэтгэлээрээ асар их хугацаанд хохирсон. Энэ хугацааны сэтгэл санааны болон хөрөнгөд учирсан хохирлыг иргэн М.Х нь холбогдох хууль, тогтоол, журмыг үндэслэн нэхэмжлэх эрхтэй бөгөөд шүүхэд 100,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Шүүх “6,000,000 төгрөгийн хэмжээнд М.Х-ийг хохирсон” гэж дүгнэсэн. Энэ нь нэг талдаа хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал, нөгөө талдаа доромжлол гэж үзэж байна. Тодруулбал бүтэн жил өнгөртөл цагдаа, прокурор, шүүхэд шалгагдаж яллагдагчаар татагдаж, шүүхээр гэм буруутайд тооцогдож, улмаар 3 жилээр хоригдохоор яллагдаж, 63 хоног хоригдчихоод байхад элдэв тооцоо гэсэн үндэслэл гарган 6,000,000 төгрөгөөр хохирлыг арилгах нь зөв гэж төрийн нэрийн өмнөөс гаргаж буй шүүхийн шийдвэр, түүнийг зөвтгөж байгаа магадлалыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирлын хэмжээний асуудлыг шийдвэрлэн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ. 5. Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын Нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 001/ШХТ2026/00677 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлийг хангасан гэж дүгнэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтайн гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтжээ. ХЯНАВАЛ 6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Алтайн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэл тогтоогдов. 7. Нэхэмжлэгч М.Х нь Монгол Улсын Засгийн газрын нөөц сангаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд хохирч сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх, өмгөөллийн хөлс төлсөн гэм хорын нөхөн төлбөрт 100,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Намайг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газраас Ц.Б-ын 8 тооны ямааг бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн иргэн А.С-тэй бүлэглэн хулгайлсан хэрэгт 2023.11.28-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж шалгасан. ... шүүхээс 2024.04.30-ны өдөр 3 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэхээр шийтгэж цагдан хорьсоныг ... давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүхийн 2024.12.16-ны өдрийн 2024/ШЦТ/301 дугаар шийтгэх тогтоолоор намайг цагаатгасан. ... Эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл 2023.10.28-ны өдрөөс эхлэн 2024.12.16-ны өдөр хүртэл 380 хоног аймгийн Цагдаагийн газарт дуудагдаж хилсээр шалгагдан, 73 хоног цагдан хоригдсон. Энэ хугацаанд хүүхдүүд сургуульдаа очиж чадахгүй ичиж зовж, “Хулгайчийн хүүхэд” гэж доромжлуулан ад үзэгдэж, эхнэр хүүхэд болоод миний бие сэтгэл санааны асар их дарамтанд байсан. ... өмгөөлөгч С.Алтайтай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгчийн хөлсөнд 6,000,000 төгрөг өгсөн.” гэж тайлбарласан. 8. Төрийг төлөөлж Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Е шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Нэхэмжлэгч нь 2024.04.30-ны өдөр ял шийтгүүлж 2024.07.02-ны өдөр суллагдсан буюу 63 хоног цагдан хоригдсон. Энэ хугацаа шүүхийн шийтгэх тогтоолд дурдагдсан байгаа бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 73 хоног гэж алдаатай бичсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 6,000,000 төгрөг нь өмгөөллийн хөлс боловч үлдсэн нь цагдан хоригдсон хугацааны сэтгэл санааны, эсхүл эд хөрөнгийн хохирлын аль нь болох нь тодорхойгүй, нотлох баримт хэрэгт авагдаагүй. Тэрээр 2024.07.02-ны өдрөөс эхлэн малаа хариулаад явах боломжтой байсан. Тиймээс сэтгэл санааны хохирлыг гаргуулан шийдвэрлэх боломжгүй. Иймд тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660,000 төгрөг байх ба сарын ажлын хоног 21 хоногоор тооцвол 1,933,953 төгрөгийг нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй бөгөөд өмгөөллийн хөлсөнд холбогдуулан ямар нэгэн баримт авагдаагүй тул энэ хэсэгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 9. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж буюу нэхэмжлэлийн шаардлагаас 5,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 95,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шийдвэрийн үндэслэлдээ: 9.1Нэхэмжлэгч нь өмгөөлөгчтэй “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулсан эсэх нь тодорхойгүй, өмгөөллийн хөлсийг хэрхэн, хэдэн төгрөгөөр тохиролцсон нь тодорхойгүй, өмгөөллийн хөлсөнд 6,000,000 төгрөг төлсөн талаарх баримтгүй. 9.2 Нэхэмжлэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 45.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 45.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 230.2, 498 дугаар зүйлийн 498.4-д зааснаар сэтгэл санааны болон нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийн гэм хорын хохирлоо нэхэмжлэх эрхтэй боловч хохирлыг хэрхэн тооцсон нь тодорхойгүй, баримтаар нотлоогүй. 9.3 Харин анхан болон давж заалдах шатны шүүхээр хоёр удаа гэм буруугийн асуудлыг хэлэлцүүлсэн байдал, анхан шатны шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгэгдсэн байдал, хууль бусаар 63 хоног цагдан хоригдсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй. 9.4 Хохирлыг тооцохдоо Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023.10.13-ны өдрийн №12 дугаар тогтоолд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 цагт 3929 төгрөг буюу сард 660,000 төгрөгөөр тооцож цагдан хоригдсон 63 хоног буюу 2024.04.30-ны өдрөөс 2024.07.02-ны өдөр хүртэл 1512 цаг 5,940,648 төгрөг болох ба нэхэмжлэгч нь хэдэн цагаас цагдан хоригдсон болон хэдэн цагаас суллагдсан эсэх нь тодорхойгүй тул 5,000,000 төгрөгөөр тооцно.” гэж дүгнэсэн. 10. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Магадлалд “... Засгийн газрын нөөц сангаас 5,000,000 төгрөг гаргуулж, 95,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. ... маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэгт цугларсан баримтад тулгуурлан үндэслэлтэй, зөв хэрэглэсэн. Өмгөөллийн хөлсөнд 6,000,000 төгрөг төлсөн нь баримтаар нотлогдоогүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэстэй. Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2023.10.13-ны өдрийн №12 дугаар тогтоолыг үндэслэн цагдан хоригдсон 63 хоногоор хохирлыг тооцож 5,940,648 төгрөг гарсан боловч учирсан гэм хорыг 5,000,000 төгрөгөөр тооцсон тооцоололд нэхэмжлэгч гомдоогүй.” гэж дүгнэсэн. 11. Хоёр шатны шүүх үйл баримтыг зөрүүгүй тогтоосон ба давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн эрх зүйн дүгнэлтийг үндэслэл бүхий гэж үзэн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Гэвч хуульд заасан үндэслэлээр хэн нэгнийг яллагдагчаар татан шалгасны эцэст гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдож шүүхээс цагаатгагдсан тохиолдолд үндэслэлгүй шалгуулсан этгээд нэр төр, алдар хүнд гутаасны улмаас сэтгэл санааны гэм хор учирсан гэж үзэн Засгийн газраас мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардсан маргааныг хянан шийдвэрлэх шүүхийн практикийг нэг мөр болгох, энэ талаарх материаллаг болон процессын эрх зүйн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлд хамаарна гэж үзэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүллээ. 12. Нэхэмжлэгч 63 хоног үндэслэлгүй цагдан хоригдсон ба энэ хугацаанд мал ахуй нь хариулгагүй үлдэж, өмгөөлөгч хөлслөн эд хөрөнгийн хохирол учирсны зэрэгцээ бага насны хүүхдүүд, тэдгээрийг асрамжилж үлдсэн эхнэр, ар гэр нь ялгаварлан гадуурхагдан, “хулгайчийн хүүхэд” гэж дуудагдан нэр төр, алдар хүнд нь гутаж сэтгэл санаанд нь гэм хор учирсан тул эдгээрийн нөхөн төлбөрт 100,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг анхан болон давж заалдах шатны шүүх анхаараагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэндийн хохирол, сэтгэцэд учирсан хор уршгийг нөхөн төлүүлэх болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй.” гэж заасантай нийцээгүй байна. 13. Нэхэмжлэгч эд хөрөнгийн хохирол нэхэмжилснээс гадна эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шаардсаныг анхан шатны шүүх онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.9 дүгээр зүйлийн 1-д “Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасантай нийцсэн байна. 14. Харин нэхэмжлэгч буюу онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлүүлж байгаа хүсэлт гаргагч М.Х сэтгэл санаанд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэхдээ дээр дурдсан болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасныг зөрчсөн байх ба давж заалдах шатны шүүх энэ алдааг залруулсангүй. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын ноцтой зөрчилд тооцогдох тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан, шийдвэр, магадлалыг эс зөвшөөрсөн хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.Алтайн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 302/ШШ2025/01055 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 212/МА2026/00017 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч М.Х нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА Б.УНДРАХ Х.ЭРДЭНЭСУВД
|