Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 168

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

Улсын яллагч Б.Мөнх-Од,

Шүүгдэгч А.Ад, Ж.Гү, тэдгээрийн өмгөөлөгч Т.Баярбат /ҮД: 0717/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овгийн Жанцанхорлоогийн Гүррагчаа, Боржигон овгийн Аюушийн Адъяажав нарт холбогдох эрүүгийн 201625022296 дугаар хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр яллагдагч нарыг шүүхэд шилжүүлсэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий
аймгийн Цэнхэрмандал суманд төрсөн, халх, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн
засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамж 16а байр 16 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Бо овгийн Жа Гү /РД:СУ82032871/,

 

 Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, Завхан аймгийн Баянхайрхан суманд төрсөн, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо 67 дугаар байрны 06 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Бо овгийн Аю Ад /РД:ИВ73020416/,  

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.Ад нь 2016 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хуашин" нэртэй ресторанд хохирогч О.Гантулга, Г.Хурцбаяр нарыг үйлчлүүлж байхад нь үл ялих зүйлээр шалтаглан устай сав шидэж, улмаар Ж.Гү бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч О.Гантулга, Г.Хурцбаяр нарын биед хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

 

Шүүгдэгч Ж.Гү нь А.Ад бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хуашин" нэртэй ресторанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч О.Гантулга, Г.Хурцбаяр нарыг үл ялих зүйлээр шалтаглан зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Гү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр манай охины төрсөн өдөр болоод гадуур явж байхад Адъяа ах, хоёр найзтайгаа тааралдаад “Аксис” гэдэг бааранд сууж байсан. Биднийг тамхилаад буцаад орж ирэхэд ширээ хураагдсан байсан. Тэгэхэд ширээн дээр байсан утас хулгайд алдагдсан. Бид Хурцбаяр, Гантулга нарыг авсан гэж бодсон. Зөөгчөөс асуугаад эхний маргаан болсон. Тэндээс гараад “Хуашин” гэдэг ресторанд ороод хоол захиалсан. Маргаан болсон шалтгаан нь бидэнд үйлчилж байсан зөөгч аягаа шидэж тавиад байхаар нь би зөөгчид “ахын дүү чи хүнд үйлчилж байж ингэж үйлчилж болохгүй” гэсэн. Тэгээд зөөгч солигдоод менежер эмэгтэй үйлчилж өгсөн. Би Гантулга, Хурцбаяр нар руу устай сав шидээгүй. Гэтэл Гантулга, Хурцбаяр нар бид нар хүчний байгууллагад ажилладаг гээд байсан. Тэгээд тэд бичлэг хийхээр нь би салгах гээд Гантулгын зовхинд гараараа хүрч маажсан. Цаанаас юм хэлэхээр нь хэсэг маргалдсан. Тэднийг хүчний байгууллагынхан гэхээр нь би биеэ хамгаалах гээд хэдэн удаа цохисон. Тэгээд зөөгч, хамгаалагч биднийг салгаад бид цагдаагийн байгууллагад очсон…” гэв.

Шүүгдэгч Ж.Гү нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Хуашин” гэх нэртэй ресторанд сууж байтал “Аксис” пабад байсан 2 залуу гаднаас ороод ирсэн. Тэгтэл Адъяажав тэр хоёрыг хараад уур нь хүрээд гартаа барьж байсан устай савыг шидсэн боловч тэр хоёр залууг оноогүй гэтэл нөгөө хоёр залуу “та нар аятайхан бай бид нар хуулийн байгууллагад ажилладаг хүмүүс” гээд хэл амаараа өдөөд байсан. Тэгээд Адъяажав шидсэн усныхаа савыг авах гээд босоход нөгөө хоёр залуугийн нэг нь гар утсаараа бичлэг хийгээд эхлэхээр нь миний дургүй хүрээд тэр залууг утсаараа бичлэг хийхийг нь болиулах гэтэл нөгөө залуу утсаа өгөхгүй гээд бид хоёр зууралдсан тэгтэл рестораны ажилчид ирж салгахаар нь буцаад ширээндээ сууж байгаад хэсэг хугацааны дараа тооцоогоо хийгээд гарах гээд бостол нөгөө хоёр залуу Адъяажав руу дайраад байхаар нь би салгах гэж оролдсон боловч салахгүй болхоор нь нэг залууг нь 1-2 удаа цохисон тэгтэл удалгүй цагдаа нар ирээд гадагшаа гарцгаасан. Миний хувьд улбар шар өнгийн цамц саарал өмд өмссөн байсан шиг санагдаж байна харин Адъяажав бараан өнгийн өмд цамцтай байсан. Миний хувьд сүүлд нэрийг нь мэдсэнээр Г.Хурцбаяр гэх залуугийн гар руу 1-2 удаа цохисон. Харин надаас өөр хүн тэр хоёр залууг зодож цохиж байхыг хараагүй Тухайн рестораны ажилчид нь маргаан болсны дараа дундаас нь гарч ирсэн учир сайн хараагүй гэж бодож байна. Адъяажав болон Наранбаатар, Хишигээ нар тухайн залуучуудыг зодож цохисон зүйл байхгүй. Бид нар “Аксис” гэх бааранд байхдаа дундаа 1 шил 0,75 литрийн архи болон хүний 1-2 пиво хувааж ууцгаасан байсан. Миний хувьд нилээн согтсон байсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30, 33-34 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Ад шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр “Аксис” бааранд бид нар орж үйлчлүүлсэн. Биднийг тамхилаад орж ирэхэд Гүррагчаагийн гар утас алга болсон байсан. Бид зөөгч нараас асуухад “би мэдэхгүй, энд үйлчлүүлж байсан хүмүүсээс асуу” гэсэн. Тэгээд бид “Хуашин” нэртэй Хятад ресторанд орж хоол идэх гэхэд Гантулга, Хурцбаяр нар гаднаас орж ирж байсан. Тэр хоёрыг араас дагаад байх шиг байхаар нь бид нар Аксисаас авсан байсан усаа тэр хоёр руу чиглүүлээд шидсэн. Түүнээс өмнө Хятад рестораны зөөгч аягаа ширүүн тавиад байхаар нь бид зөөгчид энэ тухай хэлж байхад Хурцбаяр, Гантулга нар “та нар соёлтой үйлчлүүлээч” гээд хэрүүл хийгээд өдөөд байсан. Эхэн үедээ зодоон болоогүй. Тэднийг бичлэг хийхээр нь Гүррагчаа очоод утсыг нь авах гэж хэсэг зууралдаж байсан. Сүртэй зодолдсон зүйл байхгүй. Би Гантулгыг огт цохиогүй. Дараа нь Сүхбаатар дүүргийн цагдаа дуудаад би тухайн үед эрүүлжүүлэгдээд, Гүррагчаа нөгөө хоёроос уучлалт гуйсан…” гэв.

Шүүгдэгч А.Ад нь мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр би өөрийн найзууд болох Гү, Наранбаатар, Хишигээ нартай хамт 20 цагийн орчим 1 дүгээр сургуулийн урд талд байрлах Аксис гэх нэртэй пабд уулзаж сууж байгаад 00 цагийн орчим тухайн пабаас гарах гэтэл Гүррагчаагийн гар утас алга болчихсон байсан учир тус пабын камерийг шүүж үзье гэсэн боловч манай камер ажиллахгүй байгаа гэсэн. Пабын ажилчидтай жаахан маргалдаад гарцгаасан ба бид нарыг маргалдаж байхад хажууд 2 залуу олон юм яриад зогсоод байсан. Тухайн үед би тэр хоер залууг тухайн пабын зохион байгуулагч байх гэж бодсон. Тэгээд бид дөрөв тэр газраас гараад хоол идэцгээх гээд хүнсний 50 дугаар дэлгүүрийн хажуугийн “Хуашин” гэх нэртэй ресторанд ороод хоол идээд сууж байтал “Аксис” пабад байхад хажууд зогсоод байсан 2 залуу араас орж ирээд хажуугийн ширээнд суухаар нь миний дургүй хүрээд ууж байсан устай саваа шидчихсэн. Тэгтэл нөгөө залуучууд хэл амаар өдөөд “бид нар хуульч хүмүүс байна” гэж хэлэхээр нь тухайн үед халамцуу байсан учир усны саваа авах гээд очтол нэг залуу нь шууд утсаараа бичлэг хийгээд эхэлсэн тэгтэл Гү “битгий бичлэг хийгээд бай” гээд бичлэг хийлгэхийг нь болиулах гээд нэг залуутай нь зууралдаж байгаад буцаад сандалдаа сууцгаахад нөгөө хоёр залуу хэл амаар өдөөд байсан тэгээд удалгүй бид нар тооцоогоо хийгээд гарах гээд босоход надруу нөгөө хоёр залуу дайраад байсан тэгтэл Гүртэр хоёр залууг салгах гэж байгаад болохгүй болхоор нь нэгнийх нь гарлуу өшиглөөд зууралдаад авсан тэгтэл удалгүй цагдаа нар ирээд салгасан. Миний хувьд хар өнгийн бэлтгэлийн цамцтай доогуураа мөн хар бараан өнгийн өмд өмссөн байсан харин Гү улбар шар өнгийн цамтай, байсан. Миний хувьд тухайн хоёр залууг зодож цохисон зүйл огт байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32, 75 дугаар хуудас/, 

 

Хохирогч Г.Хурцбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Хар өнгийн хувцастай том биетэй залуу нь бид хоёр руу ууж байсан устай саваа шидсэн. Тэгэхээр нь бид хоёр “яаж байгаа юм бэ” гэхэд “ална шүү” гээд хэл амаар дайраад босоод ирсэн. Тэгтэл тэр рестораны зөөгч ажилчид дундуур ороод тэр хүмүүсийг сандалд нь суулгасан. Тэгтэл нөгөө залуу бид хоёрыг “ална хядна” гээд хараалын үг хэлээд байсан. Тэгэхээр нь бид хоёр “эрх зүйч мэргэжилтэй хүмүүс байна та нар олон нийтийн газар ингэж авирлаж болохгүй шүү дээ” гэхэд бид хоёрын үгийг мушгин “та хоёр цагдаагийн хүмүүс юм уу яахыг чинь харъя” гээд босоод ирсэн. Тэгтэл Гантулга гар утсаа гаргаж ирээд бичлэг хийж эхлэхэд цагаан өнгийн футболкатай залуу гар утсыг нь газар унагаагаад Гантулгыг утсаа авах гээд тонгойход цагаан футболкатай залуу Гантулгыг өшиглөсөн. Тэгэхээр нь би салгах гээд дундуур нь ороход цагаан футболкатай залуу намайг бас доош нь тонгойлгож дарсан. Тэгтэл нөгөө залуучууд тал талаас өшиглөөд эхэлсэн. ...Улбар шар өнгийн цамцтай сүүлд нь нэрийг нь мэдсэнээр Гүррагчаа гэх залуу миний толгойны хэсэгт нэг удаа цохиж доош нь дарж өшиглөсөнөөс болж толгой болон гаранд зулгаралт үүссэн. Харин Гантулгыг мөн л улбар шар цамцтай залуу цохихоор нь би очиж салгах гэтэл намайг цохиод доош нь дарсан учир өөр ямар хүмүүс цохиж зодсон талаар хэлж мэдэхгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15, 62 дугаар хуудас/

 

            Хохирогч О.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2016 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчим өөрийн найз Хурцбаяртай хамт Хүнсний 50 дугаар дэлгүүрийн хажуугийн Хуашин гэх нэртэй Хятад ресторанд хоол идэх гэж орсон бөгөөд зөөгчид хоолоо захиалчихаад сууж байтал тус рестораны булангийн ширээнд сууж байсан 4 залуугийн нэг нь араас усны сав шидсэн. Тэгэхээр нь эргэж хараад “яаж байгаа юм бэ” гэхэд бараан өнгийн хувцастай том биетэй залуу “ална шүү” гээд хэл амаар доромжилоод босоод ирсэн тэгтэл зөөгч нар нь хүрч ирээд тэр хүнийг ширээнд суулгасан. Тэгтэл нөгөө залуучууд дахин Хурцбаяр бид хоёрыг “ална тална” гэх зэргээр хэл амаар өдөж байгаад дахин босоод ирсэн. Хурцбаяр бид хоёр бас өөдөөс нь босоход бараан хувцастай том биетэй залуу миний гэдэс рүү өшиглөөд хувцаснаас зуураад “гараад ир” гээд татаад байсан. Тэгэхээр нь би утсаараа цагдаа дуудахад “та нар цагдаа дуудлаа” гээд дайраад эхэлсэн. Тэгэхээр нь би гар утсаараа бичлэг хийх гэтэл яг хэн нь гэдгийг мэдэхгүй миний утсыг газар унагаахаар нь утсаа газраас авах гээд тонгойход хэн нь гэдгийг мэдэхгүй миний нүүр рүү өшиглөсөн. Ер нь бол бид хоёрыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон. Бараан хувцастай том биетэй залуу нь миний гэдэс рүү өшиглөөд хувцаснаас зуураад гараад ир гээд татаад байсан нь үнэн. Харин улбар шар цамцтай залуу намайг өшиглөснөөс болж нүд минь улайж хавдсан. Улбар шар өнгийн цамцтай залуу болон бараан өнгийн хувцастай том биетэй залуу хоёроос бусад нь буюу нөгөө хоёр залуу зодоонд оролцоогүй…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 60 дугаар хуудас/,

 

Гэрч Д.Батхишиг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:  "…Адъяажав гартаа байсан устай саваа тэр залуучууд руу зүглүүлээд шидсэн боловч онолгүй наана унасан. Тэгтэл нөгөө 2 залуу “та нар зүгээр бай, бид нар эрх зүйч, хуульч хүмүүс байна” гэж хэлсэн. Тэгтэл Адъяажав уухлаж босоод тэр залуучуудтай маргахад рестораны ажилчид салгаад буцаад суулгасан. Нөгөө хоёр залуугийн нэг нь гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь Гүррагчаа босч очоод тэр залуугийн утсыг авах гэж зууралдсан. Тэгтэл нөгөө залуу бас хажуугаас Гүррагчаа руу дайрахад Адъяажав бас зуурч аваад хэсэг зууралдсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.Наранбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...”Хуашин” гэх нэртэй Хяиад хоолны газарт ороод хоолоо захиалчихаад сууж байтал нөгөө хоёр залуу араас ороод ирсэн. Тэгтэл Адъяажав жаахан дургүйцээд байсан бөгөөд гартаа байсан устай саваа тэр залуучууд руу шидчихсэн. Тэгтэл нөгөө 2 залуу “та нар зүгээр суу, бид нар эрх зүйч хүмүүс байна” гэх утгатай зүйл хэлсэн тэгтэл Адъяажав уурлаж босоод тэр залуучуудтай маргахад рестораны ажилчид салгаад буцаад суулгасан. Нөгөө хоёр залуугийн нэг нь гар утсаараа бичлэг хийгээд байхаар нь Адъяажав, Гүррагчаа нар дахин босч очоод Гүррагчаа дайрахад Адъяажав хажуугаас нь зууралдсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/

 

             Гэрч Б.Хаш-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…2016 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 00 цагийн орчимд дунд зэргийн согтолттой 4 залуу гаднаас орж ирээд булангийн ширээ буюу 3 дугаартай ширээнд сууж хоол захиалж байсан бөгөөд хэсэг хугацааны дараа би 00 орох гээд 2 давхарт байдаг ажилчдын 00-руу ороод 15 минут болоод гараад ирэхэд булангийн ширээнд сууж байсан 4 залуугийн 2 залуу нь босоод ирчихсэн гаднаас сүүлд орж ирсэн 2 залуутай зууралдсан маягтай манай менежир Оюунчимэг салгах гээд дийлэхгүй зогсож байхаар нь би хажуунаас нь очоод салгасан бөгөөд намайг салгахаас өмнө бие биенийгээ цохиж зодсон зүйл болоогүй. Тэгээд салгаад удаагүй байтал улбар шар өнгийн цамцтай залуу дахин нөгөө хоёр залуутай маргалдан босож ирээд бордуу царайтай залуугийн нүүр рүү 1-2 удаа цохисон. Тэгтэл том биетэй махлаг залуу хүрч ирээд тэр залуугийн цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тэгэхээр нь би очоод салгаж байтал цагдаа нар ирээд тэр хүмүүсийг гаргасан.." гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22, 63 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.Оюунчимэг мөрдөн байцаалтанд:  "…2016 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө намайг ресторан дээрээ байж байхад шөнийн 01 цагийн орчим гаднаас 4 залуу орж ирээд булангийн ширээнд суугаад манайхаас хоол захиалж идээд суусан бөгөөд цаад мухарт сууж байсан улбар шар өнгийн цамцтай болон бүдүүн том биетэй залуу хоёр нь манай зөөгчийг хэл амаар доромжлоод байсан тэгэхээр нь би өөрөө очоод үйлчилж байтал улбар шар өнгийн цамцтайгийн хажууд сууж байсан бүдүүн том биетэй залуу нь миний өгзөгнөөс бариад авсан тэгэхээр нь би юу ч хэлэлгүй цайг нь аягалж өгөөд хоолыг нь өгчихөөд байж байтал гаднаас бас 2 залуу орж ирээд нөгөө 4 залуугийн наад талын ширээнд сууж хоол захиалаад суусан. Тэгтэл цаад ширээнд сууж байсан том биетэй бүдүүн залуу нь гартаа барьж байсан устай саваа нөгөө хоёр залуу руу шидэхэд нөгөө хоёр залууг онолгүй хажууд нь унасан тэгтэл нөгөө хоёр залуу “залуучуудаа та нар жаахан соёлтой үйлчлүүлээч” гэхэд улбар шар өнгийн цамцтай залуу нь босч ирээд “чи миний соёлыг заах юм уу” гээд дайраад байхаар нь би дундуур нь ороод салгаж байтал улбар шар цамцтай залуу болон том бүдүүн биетэй залуу хоёр нөгөө залуучуудыг зодох гэж дайраад улбар шар цамцтай залуу эхлээд нөгөө хоёр залууг гараараа хэд хэд цохисон. Мөн том бүдүүн биетэй залуу нь нөгөө хоёр залууг бас хэд хэдэн удаа цохисон" гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22, 65-66 дугаар хуудас/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт ¹12195: “...Дүгнэлт:

  1. Г.Хурцбаярын биед духанд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун шуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч М.Отгонбаатар...” гэжээ /хх-ийн 9 дүгээр хуудас/,

 

Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлт ¹12194: “...Дүгнэлт:

  1. О.Гантулгын биед зүүн нүдний дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Бусдад зодуулсан гэх хугацаанд үүсэх боломжтой.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч М.Отгонбаатар...” гэжээ /хх-ийн 11 дүгээр хуудас/,

 

Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрч Б.Хулангийн мэдүүлэг /хх 25/, гэрч Н.Батхүрэлийн мэдүүлэг /хх 26/, гэрч Д.Одсүрэнгийн мэдүүлэг /хх 73/,  шүүгдэгч А.Адъяажавын иргэний үнэмлэхний лавлагаа /хх 35/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 36/, шүүгдэгч Ж.Гүррагчаагийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх 38/, ял шийтгэл шалгасан хуудас /хх 39/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 40/, А.Адъяажавын оршин суугаа газрын тодорхойлолт /хх 78/, гэрлэлтийн баталгаа /хх 80, 85/, хүүхдийн төрсөний гэрчилгээ /хх 81-84/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ж.Гүррагчаа, А.Адъяажав нар нь согтуурсан үедээ бүлэглэн 2016 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 01 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хуашин" нэртэй ресторанд бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч О.Гантулга, Г.Хурцбаяр нарт тодорхой шалтгаангүйгээр уурлаж, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, биеэ зөв авч явах ёс журмыг зөрчин хамааралгүй зүйлээр үг сөргөлдөн маргаан үүсгэн улмаар тэдгээрийг зодож, бие махбодид нь  хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Ж.Гүррагчаагийн “...Адъяажав тэр хоёрыг хараад уур нь хүрээд гартаа барьж байсан устай савыг шидсэн боловч тэр хоёр залууг оноогүй. Тэд бичлэг хийхээр нь би салгах гээд Гантулгын зовхинд гараараа хүрч маажсан. Г.Хурцбаяр гэх залууг 1-2 удаа цохисон...” гэсэн,

 

Шүүгдэгч А.Адъяажавын “...Гантулга, Хурцбаяр нар гаднаас орж ирж байсан. Тэр хоёрыг араас дагаад байх шиг байхаар нь би Аксисаас авсан байсан усаа тэр хоёр руу чиглүүлээд шидсэн...” гэсэн,

 

Хохирогч О.Гантулгын “...бараан өнгийн хувцастай том биетэй залуу “ална шүү” гээд хэл амаар доромжилоод тэр залуу миний гэдэс рүү өшиглөөд хувцаснаас зуурсан...утсаа газраас авах гээд тонгойход хэн нь гэдгийг мэдэхгүй миний нүүр рүү өшиглөсөн. Бид хоёрыг ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон. Улбар шар цамцтай залуу намайг өшиглөснөөс болж нүд минь улайж хавдсан...” гэсэн,

 

Хохирогч Г.Хурцбаярын Хар өнгийн хувцастай том биетэй залуу нь бид хоёр руу ууж байсан устай саваа шидсэн. Тэгэхээр нь бид хоёр “яаж байгаа юм бэ” гэхэд “ална шүү” гээд хэл амаар дайраад...тэгтэл нөгөө залуучууд тал талаас өшиглөөд эхэлсэн. ...Улбар шар өнгийн цамцтай сүүлд нь нэрийг нь мэдсэнээр Гүррагчаа гэх залуу миний толгойны хэсэгт нэг удаа цохиж доош нь дарж өшиглөсөнөөс болж толгой болон гаранд зулгаралт үүссэн...” гэсэн,

 

Гэрч Б.Хаш-Очирын “..улбар шар өнгийн цамцтай залуу дахин нөгөө хоёр залуутай маргалдан босож ирээд бордуу царайтай залуугийн нүүр рүү 1-2 удаа цохисон. Тэгтэл том биетэй махлаг залуу хүрч ирээд тэр залуугийн цээж хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...” гэсэн,

 

Гэрч Ц.Оюунчимэгийн “...улбар шар цамцтай залуу болон том бүдүүн биетэй залуу хоёр нөгөө залуучуудыг зодох гэж дайраад улбар шар цамцтай залуу эхлээд нөгөө хоёр залууг гараараа хэд хэд цохисон. Мөн том бүдүүн биетэй залуу нь нөгөө хоёр залууг бас хэд хэдэн удаа цохисон...” гэсэн мэдүүлгүүдээр,

 

 Хохирогч О.Гантулга, Г.Хурцбаяр нарын бие махбодид хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн шинжээчийн үзлэг хийсэн ¹12194, №12195 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ж.Гүррагчаа, А.Адъяажав нарыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч А.Адъяажав, түүний өмгөөлөгчөөс “уг хэрэгт А.Адъяажав нь хохирогчийг зодоогүй, оролцоогүй тул үйлдэл хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн санал гаргасныг хүлээн авах үндэслэлгүй юм.

Учир нь хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч А.Адъяажав нь хохирогч нарт шалтгаангүй уурлаж эгдүүцэн савтай ус шидэж, хохирогч нарыг “ална шүү” гэж хэл үгээр заналхийлэх, тэдгээрийн бие махбодид нь халдах зэргээр хүч хэрэглэж, олон нийтийг илтэд үл хүндэтгэн ичгүүр сонжуургүй зүй бус авир гаргаж гэмт хэргийн хор уршгийг үлэмж ихэсгэх зэргээр догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр хангалттай нотлогдсон гэж үзлээ.    

Шүүх шүүгдэгч А.Адъяажав, Ж.Гүррагчаа нарт ял шийтгэл оногдуулахдаа согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлж гэм хорыг арилгасан болон тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэн үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хохирогч Г.Хурцбаяр, О.Гантулга нар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ж.Гүррагчаа, А.Адъяажав нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Боржгон овгийн Жанцанхорлоогийн Гүррагчаа, Боржигон овгийн Аюушын Адъяажав нарыг бүлэглэж бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Жанцанхорлоогийн Гүррагчаа, Аюушын Адъяажав нарыг тус тус 3 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гүррагчаа, А.Адъяажав нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

            4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Гүррагчаа, А.Адъяажав нарт оногдуулсан 3 /гурван/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хянан харгалзаж, Ж.Гүррагчаагийн засрал хүмүүжилд нь хяналт тавихыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст, А.Адъяажавын засрал хүмүүжилд хяналт тавихыг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст тус тус даалгасугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар гомдол гаргах эрх бүхий этгээдүүд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Гүррагчаа, А.Адъяажав нарт урд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН