Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2018/00031

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 223/МА2018/00031

 

 

Б.М-н  нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ, шүүгч Т.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 сарын 04-ний өдрийн 151/ШШ2018/01043 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.М-н  нэхэмжлэлтэй,

Хариуцагч И.О-д холбогдох,

“Дүр үзүүлэн хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай” иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэлийн давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.М нь өөрийн эзэмшилд байсан Сонгино-хайрхан дүүргийн 13 дугаар хороо Өнөр хорооллын 9-1 дугаартай Ү2001009661 тоот үйлчилгээний зориулалт бүхий эд хөрөнгийг 2011 оны 9 дүгээр сарын 14-ны өдөр И.О-д орон сууц авахад нь зээлийн барьцаанд тавих зорилгоор бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлсэн. Ингээд энэ эд хөрөнгө И.О-н нэр дээр бичгээр шилжсэн байгаа. Үүнд Мөнхгэрэл түүний хамаатнууд үйл ажиллагаа явуулж байсан. Гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр энэ байрыг чөлөөлж өг гэсэн шаардлага гаргасан. Үүнээс болоод дүр үзүүлж хийсэн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Энэ байрыг анх авахдаа Мөнхгэрэл бэлнээр 13000 доллорыг Бат-Эрдэнэд өгөөд үлдсэнийг нь Голомт банкнаас зээлж авсан. Тэгээд Мөнхгэрэл Америкаас бараа авч ирээд үйл ажиллагаа явуулж байсан. Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 280.1.1-д зааснаар бэлэглэгчийг ноцтой гомдоож байна гэж үзэж байгаа. Энэ нь цаасан дээр хийгдсэн гэрээ болохоос биш бодит байдал дээр Б.М.-н  эзэмшилд байгаад байсан. Үүнээс хойш 1 жилийн дотор гомдоо гаргаж байгаа учраас хүчинтэй хугацаа нь дуусаагүй гэж үзэж байгаа. Энэ объектыг худалдаж авахад И.Отгон-Эрдэнээс нэг ч төгрөг аваагүй. Үүнийг хавтаст хэрэгт байгаа Голомт банкны зээл авсан гэрээ, анх Бат-Эрдэнэ гэдэг хүнээс худалдаж авсан гэдэг гэрээ нотолж байгаа. Иймд Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ нь Иргэний хуулийн 78 дугаар зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаанд хамаарахгүй гэж үзэж байгаа. Мөн И.О-н объект биш гэдгийг нотолсон Авилгатай тэмцэх газрын бичиг ирсэн байгаа. Уулзаагүй гэсэн асуудал байна. Мэдэгдлийг И.О-н эгч Батбаяр өгч байгаа. Тэгэхээр нь байр хэний эзэмшилд байгааг харуулж байгаа нь мэдэгдэж байгаа. Тэгээд байраа суллаж өгөхгүй байгаад байхаар Осмад зар өгсөн байгаа. Тэгээд 3 сард шүүхэд хандсан. И.О-н байдаг газар нь шүүхэд өгөхөд энэ хаяг дээр байдаггүй гээд буцаасан тэгээд төв аймгийн шүүхэд хандсан байгаа. Хүний обектыг зөвшөөрөлгүй авчихсан байгаа нь хууль бус байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Б.М-н  65.000.000 төгрөгөөр худалдаж авсан байраа И.О-д дүр үзүүлэн шилжүүлж өгсөн байраа бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж үзээд энэ хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл. Мөн бэлэглэгчийг ноцтой гомдоосон учраас эд хөрөнгөө буцааж авах гэж байгаа.” гэжээ.

 

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэний маргаан үүсгэх эрх зүйн цаг хугацааны зохицуулалт нь өөрөө Иргэний хууль дээр тодорхой туссан байгаа. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д зааснаар хуулийг мэдэхгүй байх нь хуулийг хэрэглэхгүй байх болон хариуцлагаас чөлөөлөхгүй гэсэн байдаг. Хариуцлага гэдэг дээр хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхыг ойлгодог. Хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн тохиолдолд маргаан үүсгэх боломжгүй гэсэн үг. Хэрэгт 2 удаагийн хүсэлтэд 2 удаагийн захирамж гарсан байгаа. Нэг нь Иргэний хуулийн 280 дугаар зүйлтэй холбоотой, нөгөө нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд холбогдон захирамж гарсан. Энэ нь нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй гэсэн зүйл рүү ордог. Үндэслэл нь дүр үзүүлэн хийсэн буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан шаардлага гаргаад байгаа юм уу эсвэл дүр үзүүлэн хийсэн буюу Иргэний хуулийн 280 дугаар зүйлд үндсэлэн шаардлага гаргаад байгаа юм уу энэ нь тодорхой биш. Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар явах гэж байгаа бол гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. 2011 оноос хойш 7 жил өнгөрсөн байгаа. Үл хөдлөх хөрөнгө гэж үзвэл мөн адил 3 жил өнгөрсөн байгаа. Бэлэглэгчийг гомдоох тухай асуудал яригддаг. Үүнийг ярихаас өмнө Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан зүйл заалтыг харах хэрэгтэй. Гомдолд алдар нэр, амь насанд аюултай байдал үүсгэх асуудал яригддаг. Нэхэмжлэгчийн ээж нь хуульч, Авилгатай тэмцэх газарт ажилладаг байгаа. Гэрээ нь 2 иргэний хооронд хийгддэг гэрээ байгаа. Иргэн иргэнээ гомдоосон бол 1 жил дотор гомдол гаргах эрхтэй байдаг. Отгон-Эрдэнэ, Мөнхгэрэл 2 хэзээ хамгийн сүүлд уулзаж байсан бэ гэсэн асуудал гарч ирж байгаа. 2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр шүүх дээр тааралдсан байдаг. Үүнээс өөр уулзалдсан зүйл байдаггүй. Тийм учраас энэ хүнийг ноцтой гомдоохоор зүйл болоогүй байгаа. Иргэний хуулийн 78 дугаар зүйл 78.1-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүргийн гүйцэтгэлээс татгалзах эрхтэй гэсэн байдаг. Нэхэмжлэгч өөрөө нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулж өгсөн байх шаардлагатай. Хөөн хэлэлцэх хугацааны асуудал нь ийм тодорхой байгаа. Тийм учраас үүнийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үүнийг ойлгохгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгаа. Дүр үзүүлэн хийсэн хэлцэл хийсэн бол 3 жилийн хугацаанд гомдол гаргах эрхтэй байсан. Тэр хугацаандаа гомдол гаргаагүй учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. 2 үзүүртэй зүү шиг юм яриад байна. И.О ингэсэн тэгсэн гээд яриад байна. Хамааралтай зүйл ярихгүй байгаад байна. Авилгатай тэмцэх газар хүсэлт гараад байгааг ойлгохгүй байгаа. Хүний шалгуулая гэсэн зүйлийг шалгаад байж байдаг газар биш. Авилгатай тэмцэх газраас Аймгийн Засаг даргын тамгын газарт ирүүлээд шаардуулсаар байгаад И.О ажлаас халагдсан байгаа.” гэжээ.

 

  Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1-д зааснаар Б.М-н  нэхэмжлэлтэй И.О-д холбогдуулан гаргасан бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482.950 төгрөгийг улсын орлогод үлдээж,

Энэ шийдвэр нь уншиж сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэл гаргасан давж заалдах гомдолдоо: “Нэхэмжлэгч Б.М өөрийн эзэмшлийн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо Өнөр хорооллын 9-1 дугаартай Ү-2201009661 тоот үйлчилгээний зориулалт бүхий байрыг 2011 оны 09-р сарын 14-ний өдөр хариуцагч И.О байрны зээл хөөцөлдөхөд барьцаа хөрөнгө шаардлагатай байна гэж гуйсан учраас дүр үзүүлсэн бэлэглэлийн гэрээ хийж өгсөн. Уг байрыг Б.М нь Бат-Эрдэнэ гэдэг хүнээс 2010 оны 05-р сарын 10-ны өдөр худалдан авч төлбөрөө хоёр тасалж /13000ам.дол+5000ам.дол/ төлж, үлдсэн төлбөрийг 2010 оны 05-р сарын 11-ны өдөр Голомт банкнаас ипотекийн зээлийн гэрээ хийн, зээл авч төлсөн. Б. Мөнхгэрэл нь уг зээлээ 2011 оны 05-р сард төлж дуусгасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа болно. Б.М нь зээлээ төлж дуусаад дөнгөж 4 сарын дараа 65.000.000 / жаран таван сая / төгрөгийн үнэтэй байрыг бусдад бэлэглэсэн байгаа юм. Гэтэл И.О уг байрыг барьцаанд тавьж зээл аваад СХД, Өнөр хорооллын 14 байрны 33 тоот байрыг худалдаж авсан бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтыг шалгуулж холбогдох нотлох баримтыг гаргуулж авах хүсэлт гаргасныг шүүх шалгаж тодруулаагүйд гомдолтой байна. Өнгөрсөн хугацаанд үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээн дээр И.О-н нэр байсан боловч тухайн байранд миний бие болон манай хамаатан Г.Ганчимэг "Амех MNJ компани" олон улсын ачаа тээвэр, зуучлалын үйл ажиллагаа явуулж байсан юм. Гэтэл байрыг чөлөөлж өгөхийг шаардсан "АМЕХ ХХК" / И.О-н төрсөн эгч И. Батбаярын / 2018 оны 01-р сарын 05-ний өдрийн албан бичгээр уг байр хэний мэдэлд байсан нь болох нь нотлогдож байгаа болно. Хавтаст хэрэгт хариуцагч И.О "нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй" гэсэн хариу тайлбар, Б.Мөнхгэрэлтэй 3 жил уулзаагүй гэсэн бичиг /хх90/ өөр ямар нэг нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй байгааг шүүх анзаарч үзсэнгүй. Б.М хариуцагч И.Отгон-Эрдэнэ, төрсөн эгч И.Батбаяр нартай утсаар удаа дараа ярьж байсан. Тухайлбал: Уг байрыг 140,000,000 төгрөгөөр зарах зарыг "ОСМО-ХХК"-д бүртгүүлж, гэрээ хийснийг И.Отгон-Эрдэнэтэй 5-р сард утсаар ярьж мэдсэн. Одоо ч "ОСМО-ХХК"-д бүртгэлтэй байгаа. Одоогоор энэ хүмүүс уг байранд дайран орж, цоожийг нь сольж, бидний бизнесийн үйл ажиллагааг алдагдуулсан нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон үйлдэл мөн гэж үзэж байна.

Дээрхи байдлыг дүгнэн үзэхэд шүүх хэргийн үйл баримтыг үнэн зөв
тогтоон хэрэгт авагдсан баримтыг бүх талаас нь үнэлж чадалгүй хэргийг
буруу шийдвэрлэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг зөв
шийдвэрлэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж хэргийг шийдвэрлэнэ гэдэгт
итгэж байна. Мөн хэрэгт шалгавал зохих ажиллагааг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүй болохыг анхааран авч үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна.“ гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч И.О-д холбогдуулан дүр үзүүлэн хийсэн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэх явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагаа  “Бэлэглэлийн гэрээг бэлэглэгчийг ноцтой гомдоосон үндэслэлээр хүчингүй болгуулахаар шаардаж байна ” /хх-147 тал/ гэж өөрчилж, үндэслэлээ тодорхойлсон байна.

 

Зохигчид 2011 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр бэлэглэлийн гэрээг бичгээр байгуулж, нотариатаар гэрчлүүлж, нэхэмжлэгч Б.М Сонгинохайрхан дүүрэг 13-р хороо, Өнөр хороолол 9/1 дугаарт байршилтай, үйлчилгээний зориулалттай, 40 мкв талбайтай, үл хөдлөх эд хөрөнгөө хариуцагч И.О-д хариу төлбөргүйгээр шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбар болон бэлэглэлийн гэрээгээр тогтоогдсон, үл хөдлөх эд хөрөнгө бэлэг хүлээн авагч И.О-д шилжсэн талаар зохигчид маргахгүй байна.

 

Үүнээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1, 276.3, 276.4 дэх хэсэгт заасан бэлэглэлийн гэрээнд тавигдах шаардлага хангагдсан, хүчин төгөлдөр гэрээ байна.

 

             Нөгөө талаар нэхэмжлэгчээс “И.О орон сууц авахад нь зээлийн барьцаанд тавих зорилгоор бэлэглэлийн гэрээ хийж шилжүүлсэн...уг байрыг  зарах зарыг ОСМА-ХХК-д бүртгүүлсэн...” гэж байгаа боловч энэ талаар бэлэглэлийн гэрээнд тусгайлан нөхцөл заагаагүй, талууд тохиролцсон гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгуулахаар бэлэг хүлээн авагчаас шаардах эрхийг зохицуулсан бөгөөд ингэхдээ мөн хуулийн 280.1.1, 280.1.2 дахь хэсэгт заасан хоёр нөхцөл үүссэн үед шаардах эрх үүсэхээр урьдчилсан нөхцөлийг тодорхойлж заажээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ “ И.О-н эгч Батбаяр байр чөлөөлж өг гэсэн мэдэгдэл өгснөөрөө бэлэглэгчийг ноцтой гомдоосон” гэж шүүх хуралдаанд тайлбарласныг хариуцагчаас “...2011 оноос хойш 7 жилийн өнгөрсөн байна. бэлэглэгчийг гомдоох тухай яригддаг... 2 хуулийн этгээдийн үйл явдал иргэд хооронд ямар ч хамааралгүй “ гэсэн тайлбар гаргаж үгүйсгэсэн байна.

 

Нэхэмжлэгчээс “Амех” ХХКомпаний захирал И.Батбаярын 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн “Амех MNG” ХХК-д байр чөлөөлөх мэдэгдэх хуудас /хх-67 тал/ өгснөөрөө бэлэглэгчийг   гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэж үзжээ.

 

Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан “гомдоосон ноцтой үйлдэл” гэдэгт “бэлэглэгчийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бус, зүй бусаар хөндсөн” үйлдэл, “бэлэглэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсан” үйлдэлийг хамааруулж ойлгоно.

 

Дээрхи мэдэгдэх хуудсын агуулгаас үзвэл 2 хуулийн этгээдийн хоорондын маргаан буюу төлбөр барагдуулах, байр чөлөөлүүлэх талаарх мэдэгдэл байх бөгөөд энэхүү  үйлдэл нь бэлэглэгч болон бэлэг хүлээн авагч нартай ямар ч хамааралгүй, бэлэг хүлээн авагчийг  буруутай, бэлэглэгчийн эрх, эрх чөлөө , хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн ноцтой үйлдэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.М буюу бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл гаргасан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

Энэ тохиолдолд бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр байх бөгөөд үүнтэй холбоотойгоор бэлэглэсэн  үл хөдлөх эд хөрөнгөө буцаан шаардах дараагийн эрх үүсэх үндэслэлгүй юм.

 

Бэлэглэлийг хүчингүй болгох шаардах эрхийн тухайд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.3-т зааснаар бэлэглэлийн гэрээг хүчингүй болгохдоо шаардах эрх үүссэнээс хойш 1 жил өнгөрсөн байхыг шаардах бөгөөд нэхэмжлэгч дээрхи 2018 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн мэдэгдэх хуудсын талаар мэдсэнээс хойш шүүхэд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэгчээс хуулийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж нэхэмжлэл гаргасан гэж үзнэ.

 

Шүүх маргааны талаарх үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтууд болон зохигчдын тайлбартай харьцуулан дүгнэж Б.М-н  нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасантай нийцэж байна.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурьдсан “ И.О уг үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж Сонгинохайрхан дүүргийн 14-р хороо 14-р байрны 303 тоот байрыг зээлээр худалдан авсан нотлох баримтыг шүүхээс гаргуулах”-ыг хүссэн хүсэлтийг шүүх 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн захирамжаар хангахаас татгалзаж шийдвэрлэсэн /хх-28 тал/ байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “.. нотлох баримтыг гаргуулж авах хүсэлт гаргасныг шүүх шалгаж тодруулаагүйд гомдолтой байна” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна. 

 

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ НЬ:

 

1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний  өдрийн 151/ШШ2018/01043 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Төгсгэрэлийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 482 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Г.БОЛОРМАА

 

     ШҮҮГЧИД                                                                         Р.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                              

                                                                                                          Т.ЭНХМАА