Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/167

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батзориг,

улсын яллагч Г.Ганзориг,

хохирогч Д.*******,

хохирогчийн өмгөөлөгч Л.Азжаргал,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганзоригийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 151 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ы *******д холбогдох хэргийг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт, *******,******* тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй,

Өндөрийхөн овогт *******ы ******* /РД:*******/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ *******, задгай тоот, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.*******тай маргаж, толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

Улсын яллагчийн зүгээс: хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 395 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 21-22/,

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс:  хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг, гэмтлийг харуулсан фото зураг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав

Хохирогч, хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нарын зүгээс нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн  хэлэлцүүлэгт:  “...6 дугаар сарын 8-ны өдөр би ажилдаа явж байгаад 2 найзтайгаа тараад 33 граммтай архи авч өгөөд дахиад би 33 граммтай архи авсан. Тэгээд дахиад дэлгүүр рүү ороход манай хүн аль хэдийн мөнгө шилжүүлээд авчихсан байсан. Тэгсэн чинь манай 2 найз дахиж надад нэг юм авч өгсөн. Тэгээд би өдөр тийшээ гэртээ очсон чинь гэр цоожтой байсан. Ээж намайг хүргэж өгсөн. Тэгээд ээж манайд байж байгаад орой 21 цагийн алдад арын хашаанд хүн дуугарахаар нь харсан чинь Д.******* цамцны зах нь гарчихсан нүүр нь шалбарчихсан, хөл нүцгэн, утас нь алга болчихсон нүүр нь халцарчихсан хүч хэрэглүүлсэн байдалтай байсан. Тэгэхэд ард талын хашааны хажууд ард талын айлын банди зогсож байсан, тэр мэдэж байгаа. Тэгээд би гэртээ оруулж ирээд чи яаж байгаа юм бэ гэсэн чинь ээж цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд хоносон. Өглөө 9 цагийн алдад Д.******* орж ирээд ээж байхаар нь буцаад гараад явчихсан. Буцаж гарч явангуутаа 4 хоног гэртээ ирээгүй. Ямар ч холбоо байхгүй, 4 хоног алга болсон. Тэгээд гэрийн ард юм дуугараад байхаар нь гарсан ард гэрийн ард унтаж байсан. Тэгэнгүүт би гэр рүүгээ оръё гээд хоол хийж өгөөд хоносон. Тэгээд маргааш өглөө нь хот явлаа гэхээр нь би ахаасаа 100.000 төгрөг авсан. Тэгээд надад архи аваад өг гээд байхаар нь 0.75 литрийн архи авсан. Тэгэнгүүт дараа нь дахиж бид хоёр халуураад 0.5 литрийн архи уусан. Бид хоёр ууж байхдаа ээж чинь яахаараа дандаа намайг эрүүлжүүлэхэд хонуулж, цагдаа дуудаж өгч байдаг юм бэ гээд маргалдаж байгаад манай хүн намайг цохиод байхаар нь би зөрүүлээд хэд хэдэн удаа цохисон. Тэгээд би гэм буруугаа маш их ойлгож байгаа учир надад боломж олгоод хөнгөн шийдэж өгнө үү гэж хүсмээр байна...”  гэв.

Хохирогч Д.******* 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...6 дугаар сарын 8-ны өдөр архи уусан. Ээж нь амьдралд маш их оролцдог. Заримдаа маш их стресстэй байдаг, гэртээ цоожлуулдаг. Би энэ хүнтэй хамт нийтийн байранд байхдаа өдөр шөнөгүй харддаг. Би Налайхад таньдаг хүн байхгүй, холын хамаатан байгаа Би энэ хүнтэй суугаад Налайх дүүрэгт ирсэн. Тэгээд гэрээсээ гараад дэлгүүр хэсээд хүнсээ цуглуулаад ирэхэд л харддаг, сэрддэг. Орой нь уурладаг. Өдөрт 5-10 удаа над руу залгана, хяналт тавьдаг. Нийтийн байрны хүмүүс хүртэл мэддэг. Тэгээд ээж нь байнга ирнэ. Тэгээд байнга гэрт цоожтой, дарамттай 2 жил байсан. Тэгээд сүүлийн үед сэтгэл санаагаар унаад хааяа нэг өдөр нийлж уудаг байсан. Ганцаараа биш хажуу айлынхаа хүүхэнтэй ууж байсан. Тэгээд хэрүүл маргаан гардаг шалтгаан нь ээжээс нь болж гардаг. Өөрөө маш хэрцгий, гэртээ байхдаа эрүүл ч байсан хэрцгий догшин байдаг. Би өөрөө зүрх муутай хүн айдаг, сандардаг. Заримдаа тэр үед би өөрийгөө тайвшруулсандаа очих айл байхгүй болохоор орцонд ч хонож үзлээ, хашааны булан тохойд, нийтийн байранд айлд ороод унтаж байхад айлын нөхөртэй намайг хардаж, маргааш нь зоддог. Би айгаад хутга заазуурыг нуучихдаг байсан. Тэгээд 14-ний өдөр 4 хоног алаг болсон гэж байна.Тэгэхэд би холын салсан аавын ахынхаа эхнэрийнд очиж хоол цай идэж байдаг байсан. Би хашаанд гудас тавиад блокийн урд гэрийн хажуу талын орон дээр унтаж байхад Б.******* намайг өглөө босгоод оруулж байсан. Гадаа намайг нуугдаад хонодгийг Б.******* мэднэ. Тэгээд гадаа 4 хоносон. Тэгээд би хоёулаа салъя гээд цүнхэндээ хувцсаа хийгээд хот руу ээж рүүгээ явлаа гэсэн чинь Б.******* 10.000 төгрөг өгсөн. Тэгсэн чинь хоёулаа учраа олъё, ярилцъя эсвэл салж байгаа бол хоёулаа сайхан ярилцъя гээд 0.75 литрийн архи авсан. Сүүлд нь авсан 0.5 литрийн архийг би уугаагүй. Өмнөх жил 7 дугаар сард миний чихийг гараараа цохисоор байгаад ээмэг сэтэртэл чихийг маань цохиод би эмнэлэгт 14 хоног хэвтэж байсан. Ер нь 2 жил амьдрахдаа сард 2-3 удаа зодуулдаг. Тэр нь юунаас гэхээр би цоожлуулдаг хэрнээ хардуулдаг, хажуу талд нийтийн байр нимгэн ханатай боловч хүн эрэгтэй хүн дуугарахад эсвэл эрэгтэй хүн хаалга нүдэхэд тэр намайг тэр оройдоо зоддог эрүүл ч байсан тэр согтуу ч байсан ч зоддог. Ээж нь бас намайг зодно, алгадна, гурилын ганжингаар цохино, хүүхдээ маш их өмөөрнө. Архи уугаад орж ирэхээр нь би айдаг, шөнөжингөө тамладаг, нэг бол зодно, нэг бол чимхээд, шөнөжингөө дарамтлаад, бэлгийн гаж дарамт үзүүлдэг. Эрүүлжүүлэхэд ороход ээж нь хүүхдээ авч үлдээд намайг оруулдаг эрүүлжүүлэхийн цагдаа нар мэднэ. Миний хувьд 2 жилд 3 удаа л орсон байгаа. Миний гэрт ээжийгээ авчирчхаад дуртай үедээ намайг хөөж гаргачхаад ээжтэйгээ хоноод 5 цаг хүртэл би сонсоод хэвтэж байдаг. 5 цаг хүртэл ээжийгээ тамлаад ээж нь ёооё гээд орилоод ээжийнхээ хүртэл гар хөлийг юу яадаг. Би маш их гомдолтой байна. 2 жил хагас болохдоо би сэтгэл зүйн маш их дарамттай, хөдөлмөрийн чадвараа алдчихсан, одоо ч миний шок гарахгүй хэцүү байна. Ах дүү нартайгаа муудахаараа ирж надад стрессээ гаргадаг. Нэг удаа би цагдаад эрүүлжүүлэхэд бариад өгсөн. Маргааш нь гарч ирээд цагдаа 3 удаа 3 машин угаалгасан гээд ээжийнхээ хажууд намайг эрүүл байсан хэрнээ газар унагаад, бөөр хөл, гар руу, зүрх рүү өшиглөөд, тэгээд ээжтэйгээ нийлээд ээж нь хохь чинь гээд байсан. Тэгээд 15-ны өдөр намайг цаг гаран зодсон, зодсон орон дээр цагаан бүтээлэгтэй байсан маргааш нь би цагдаагийн бүрэлдэхүүнтэй очиход цагаан бүтээлгээ аваад хаячихсан, буйдангийн цусыг угаачихсан байсан, харин ор өргөсөн чинь доогуур нь цус гарч ирсэн. Тэгэхэд бүх юмыг цэвэрлэчхээд цоожлоод би санахгүй байна, энэ айлд явж байгаад зодуулсан гэсэн мэдүүлэг өгсөн байсан...”,

2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт: “...сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна...” гэв.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч...шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Хохирогч Д.гын хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд баримтаар 821.693 төгрөгийг яллагдагч Б.******* төлсөн. Мөн хохирогчийн сэтгэцэд учирсан гэмтлийн хувьд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 3 дугаар зэрэглэлд тогтоосныг шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн. Иймд хохирогчид учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргасан аргачлалын дагуу 9.220.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгох саналтай байна...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч “...Улсын дээд шүүхээс тогтоосон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх энэ жишиг аргачлалаар болбол 3 дугаар зэргээр тогтсон байгаа. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 дахин нэмэгдүүлэх тэнцэх хэмжээний хохирол төлбөр шаарддаг. За хохирогчийн тухайд бас өөртэй нь ярилаа. Тэгэхээр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 605-ийг 13-аар үржихээр 8.450.000 төгрөгийн сэтгэл зүйч уч учирсан хохирлыг нэхэмжилье. Одоо үнэхээр энэ хэргээс залхаж байна аа. Наашаа ингээд Налайх руу байн байн ирээд баймааргүй байна. Одоо өөрөө хотод амьдарч байгаа, тэгээд наашаа ирэх ийм сонирхол, хүсэл сонирхол байхгүй байна. Эрүүл мэндийн хувьд учирсан хохирлоо алдсан, одоо энэ согтож учирсан хор уршгийнхаа зэрэглэлийнх нь дагуу энэ 8.450.000 төгрөгийг бол шүүгдэгчээс гаргуулах ийм хүсэлтэй байна...” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч “...Хохирогчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг нэхэмжилж гэм хорын хохирлоор нэхэмжилж ирсэн. Мөрдөгчийн зүгээс сэтгэцэд учирсан хохирлыг 3 дугаар зэрэглэл гэж тогтоож гаргаж өгсөн боловч энэ талаар бас шүүгдэгчид бас танилцуулаагүй. Зөвхөн хохирогчийн танилцуулсан тэмдэглэлээр шүүхэд шилжүүлсэн. За өөрөөр хэлбэл шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд за энэ гэмтлийн сэтгэцэд учирсан гэм хортой холбоотой асуудал дээр бол заавал сэтгэцийн дүгнэлт бол гаргуулахаар байгаа. Өөрөөр хэлбэл энэ хүнд учирсан гэмт хэргээс хойших сэтгэцэд үүсэж байгаа нөлөөг заавал тодорхойлох ёстой. Гэтэл энэ тодорхойлолт гаргагдаагүй зөвхөн хүснэгтээр бол хохирогчоос сэтгэцэд учирсан хохирлыг тодорхойлж байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй байна аа. Тэр мөрдөгчийн хийж өгөөд байгаа хүснэгт маань өөрөө энэ дүгнэлтийг гаргахад баримталдаг хүснэгт байгаад байгаа юм. Гэтэл бол энэ маань өөрөө хийгдээгүй байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, энэ сэтгэцэд учирсан хохирлыг шинжээчийн дүгнэлтээр тогтоохоор хуульчилчихсан байгаа. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан за энэ хуулийн шаардлагыг хангаж орж ирээгүй байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр согтуурсан үедээ *******, задгай тоот, гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Д.*******тай маргаж, толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

  1. Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчоор Д.гын өгсөн: “...2024 оны 06 дугаар сарны 08-ны өдөр манай нөхөр 10 цагийн үед ажилдаа явлаа гэж гараад удалгүй миний данс руу 200,000 төгрөг хийчхээд 30 орчим минутын дараагаар данснаас 10,000, 20,000 төгрөг гэх мэтээр гараад байхаар нь нөхөр рүүгээ залгахад “би архи ууж байна” гэсэн. Тэгэхээр нь согтуу байгаа юм чинь ирээд намайг зодох байх гээд бодоод 11 цагийн үед гэрээсээ гараад хүүхдийнх руу явж байгаад хүүхэд рүүгээ залгахад утсаа авахгүй байсан. Тэгээд нөхрөөсөө айгаад гэр лүүгээ орж чадахгүй, хашааныхаа ард орой болтол нуугдсан. Нуугдаж байхдаа ганцаараа 0.5 литрийн багтаамжтай архи уусан. Би даараад болохгүй байхаар нь гэр лүүгээ ороход гэрт манай нөхөр согтуу, хадам ээж бас ирчихсэн байсан. Гэр лүүгээ орохдоо хашааны буланд баруун талын хацраа шалбалчихсан орсон. Тэгээд гэртээ орсны дараа хадам ээж миний нүүрний шалбархайг харчхаад “гадуур янхандаж байгаад ирлээ” гээд цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд хонуулсан. Маргааш өглөө нь эрүүлжүүлэхээс гараад гэртээ очсон чинь манай нөхөр согтуу, ээжтэйгээ сууж байхаар нь би айгаад гараад явсан. Түүнээс хойш гэртээ орохоос айгаад гадуур хонож байгаад 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрийн ард унтаж байхад манай нөхөр намайг олж хараад “гэртээ ор, одоо хоёулаа эвлэрье” гээд гэртээ ороод тухайн өдрөө зүгээр хоносон. Гэтэл 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 15 цагийн үед нөхөртэйгөө 0,75 литрийн багтаамжтай “хараа” нэртэй архи хувааж уусан. Зүгээр юм ярьж сууж байснаа гэнэт намайг хардаад гэрт байх цагаан өнгийн буйдан дээр миний дээр гарж суучхаад хоёр гараараа ээлжлээд миний нүүр рүү маш олон удаа цохисон. Бараг 1 цаг орчим нөхөртөө зодуулсан. Би аргаа бараад нөхрөө аргадаж, миний толгойг угаахаар нь би нөхөртөө хандаж “чи дэлгүүр яваад ир гэж хэлээд гарангуут нь би зугтсан...Манай нөхөр 2024 оны 05 дугаар сарын 20-ны үеэр бас зодож байсан бөгөөд тухайн үед би цагдаад хандаагүй. Түүнээс өмнө ч бас зөндөө зодож байсан дандаа нүүр лүү цохидог...” гэх мэдүүлэг /хх-14-15 дугаар тал/,
  2. Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 328 дугаар: “Д.гын биед хамар ясны бяцарсан хугарал, зүүн, баруун дээд, доод зовхи, баруун хацар, зулай, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, баруун хөхлөг сэртэнд шарх, дээд уруулд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн шилбэнд цус хуралт, нэг шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. 2. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүснэ. 3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтлүүд байна. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх-33-34 дүгээр тал/
  3. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ “...аюултай нөхцөл байдалд байна. Эрүүл мэнд хуулийн тусламж авах шаардлагатай...” гэх тэмдэглэл /хх-77-80 дүгээр тал/
  4. Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хх-96-104 дүгээр тал/
  5. Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/267, А/275 дугаар хамтарсан тушаалын2 дугаар хавсралтаар баталсан тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгтийн дагуу хохирогчид сэтгэцэд учирсан хохирол Д.******* нь хүлээн зөвшөөрсөн болно /хх-67-89 дүгээр тал/
  6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76 дүгээр тал/
  7. Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-72-74 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хувийн таарамжгүй сэдэлтээр халдаж, хохирогчийн эрүүл мэндэд гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.гын толгой, нүүр хэсэгт нь гараараа цохисон болох нь хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон ба зодуулсны улмаас хохирогчид хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 328 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Д.гын биед халдаж хөнгөн хохирол учруулсан ба хохирогч нь баримтаар нэхэмжилсэн 841,000 төгрөгийг шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад төлж барагдуулсан тул энэ тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар нь “...Улсын дээд шүүхээс тогтоосон хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх энэ жишиг аргачлалаар бол 3 дугаар зэргээр тогтсон байгаа. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13-аас 22,99 дахин нэмэгдүүлэх тэнцэх хэмжээний хохирол төлбөр шаарддаг. За хохирогчийн тухайд бас өөртэй нь ярилаа. Тэгэхээр бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэн хэмжээ буюу 605-ийг 13-аар үржихээр 8.450.000 төгрөгийн сэтгэл зүйч учирсан хохирлыг нэхэмжилье...” гэжээ.

Гэтэл хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой нотлох баримт авагдаагүй бөгөөд түүнийг зөвхөн мэдүүлгийн хүрээнд хор уршгийг тогтоох боломжгүй байх тул дүгнэлт гаргуулан сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх зүйтэй гэж үзэв.

Шүүх хуралдаанд эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт, тайлбар:

Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тус тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, яллах оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн хохирол, хор уршгийн хувьд бол хохирогчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд баримтаар бол 841.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгчийн төлсөн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж байна. Харин цаашид гарах эмчилгээ, хагалгаатай холбоотой зардал болон за хохирогчийн сэтгэл санааны санаанд учирсан хохирлыг бол жич нэхэмжлэх эрхэд бол нээлттэй үлдээх саналтай байна...” гэх,

Хохирогчийн өмгөөлөгч: “...Нийтэд тустай ажил хийгээд би гэм буруугаа ухамсарлаж ойлгохгүй байна. Өөрийгөө зөвтгөх мэдрэмж нь ингээд давамгайлж байна. Энийг бас сэтгэл зүйн тодорхойлолтоор сэтгэл зүйч цагдаа бас хэлсэн. Түвшинбат хавтаст хэрэгт хэлсэн байсан, тогтоосон байсан. За мөн өнөөдрийн шүүх хуралдаан дээр биеэ авч байгаа байдал, энэ нөхцөл байдлыг нь харах юм болбол гэм буруугаа ойлгож хүлээн зөвшөөрөхгүй байна аа гэсэн ийм ойлголттой өмгөөлөгчийн зүгээс хүрч байна аа. Тийм учраас нийтэд тустай ажил хийх ялыг оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна....” гэх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөн 600 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ:

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирол, хор уршигт хандаж буй хандлага, хохирол төлбөр төлөгдсөн байдал,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал, ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд  заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцож, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Бусад асуудлаар

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй.

         Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Өндөрийхөн овогт *******ы *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.*******г 700 /долоон зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч Д.******* нь сэтгэл санааны хохирол болон цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрх нээлттэй, шүүгдэгч нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

6.  Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

  1. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                            

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ