| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцэрэнгийн Даваасүрэн |
| Хэргийн индекс | 183/2021/03998/и |
| Дугаар | 183/шш2022/00672 |
| Огноо | 2022-03-16 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 183/шш2022/00672
| 2022 оны 03 сарын 16 өдөр | Дугаар 183/ШШ2022/00672 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Даваасүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х.Б ,
Хариуцагч: Нэхэмжлэгч: ХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Солонго нар оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б нь Нэхэмжлэгч: ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Х.Б нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Нэхэмжлэгч: ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын ** орон сууцны 20 тоотод байрлах, 47.55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Орон сууц захиалан бариулах гэрээгээр баригдах орон сууцны нийт үнэ гэрээний 2.1-т зааснаар 80.000.000 төгрөг байхаар тусгасан бөгөөд Х.Б төлбөрийг гэрээ байгуулснаас хойш 3 сарын дотор бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулсан гэрээний 1.6-д зааснаар захиалагчийн зүгээс орон сууцны төлбөрийг бүрэн төлснөөр өмчлөх эрхийг Х.Б-т шилжүүлэхээр тохиролцсон. Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т ...Талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ... гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээ болох холбогдох хуулийн заалтуудын дагуу захиалагч төлбөрөө бүрэн төлж дуусахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Х.Б-ын нэр дээр шилжүүлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй байна. Энэ талаар гүйцэтгэгч Н ХХК-д удаа дараа шаардлага хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл ямар нэг бодитой үр дүн гараагүй төдийгүй захиалгаар худалдаж авсан орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулж чадахгүй байгаагаас өмчлөх эрхээ бодитой хэрэгжүүлж чадалгүй хохирч байна. Иймд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 айлын *** өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа манай компани нь иргэн Х.Б-тай 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр н-ОС-14-04/-19 тоот орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын *** орон сууцны 20 тоотод байрлах 47.55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалгаар барьж, ашиглалтад оруулж, шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон. Х.Б нь дээрх орон сууцны төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Мөн тус орон сууцыг эзэмшиж, ашиглаж байгаа тул Х.Б-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Н-ОС-14-04/-19 тоот орон сууц захиалан бариулах гэрээний хуулбар, төлбөрийн баримтыг,
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 8/*** тоот албан бичгийг шүүх бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.Б нь 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Нэхэмжлэгч: ХХК-тай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын *** орон сууцны 20 тоотод байрлах, 47.55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг захиалан бариулахаар харилцан тохиролцсон. Орон сууцны нийт үнэ 80.000.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Төлбөрөө бүрэн төлж дуусахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг Х.Б нэр дээр шилжүүлэх ёстой байсан боловч өнөөдрийг хүртэл шилжүүлж өгөөгүй. Иймд Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 54 айлын *** орон сууцны 20 тоотод байрлах, 47.55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгоно гэж тайлбарлав.
3.Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн болно.
4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.Зохигчид 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр орон сууц захиалан бариулах тухай Н-ОС-14-04/-19 тоот гэрээг бичгээр байгуулсан байх бөгөөд уг гэрээгээр гүйцэтгэгч Нэхэмжлэгч: ХХК нь Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй 54 айлын *** орон сууцны 5 дугаар давхар, 20 тоот, 47.55 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, захиалагч Х.Б орон сууцны төлбөрт 80.000.000 төгрөгийг гүйцэтгэгчид төлөх үүргийг тус тус хүлээжээ.
6.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байх ба уг гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг.
7.Гэрээний зүйл болох барилга ашиглалтад орж, нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгч, нэхэмжлэгч Х.Б нь орон сууцны төлбөрөө бүрэн төлж, орон сууцыг эзэмшилдээ авсан талаар тайлбарлаж, уг орон сууцыг ашиглалтад орсноос хойш эзэмшиж, ашиглаж байгаа болох нь нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч тал энэ асуудлаар маргахгүй байна.
8.Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн дагуу нэхэмжлэгч нь орон сууцыг хууль ёсоор мэдэлдээ авч, Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 54 айлын ** орон сууцны 11Б байрны 20 тоот, 2 өрөө орон сууцыг өмчлөх эрхтэй этгээд болсон байна.
9.Хариуцагч Нэхэмжлэгч: ХХК дээрх орон сууц захиалан бариулах гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба энэ нь Баянзүрх дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсийн 8/332 дугаар албан тоотоор ...Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 13 дугаар хороолол /13370/ 11Б байр 70 хувийн дутуу гүйцэтгэлтэй барилга нь жагсаалтаар салж бүртгүүлэх хүсэлт гараагүй байх тул 20 тоот нь өнөөдрийн байдлаар мэдээллийн санд бүртгэгдээгүй байна... гэснээр тогтоогдож байна.
10.Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Х.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2, 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 9 дүгээр зүйлийн 9.4.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б / ыг Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 54 айлын *** орон сууц, 11Б байрны 20 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б-с улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 557.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-иас 557.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болон зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ДАВААСҮРЭН