Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/00356

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 00 дүгээр хороо, 00/0 байр, 000 тоот хаягт оршин суух, Б овогт П-ийн А /РД:000000000/-ийн нэхэмжлэлтэй

 Хариуцагч: Баянгол дүүргийн 0 дугаар хороо, 0 хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, Б овогт Б-ийн А /РД:000000000/-д холбогдох

         Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай  нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: ...Миний бие Б.Атай 2013 онд танилцсан. 2013 оны 2 дугаар сараас хамтран амьдарч, 2014 оны 01 дүгээр сарын 19-нд А.А, 2015 оны 11 дүгээр сарын 30-нд А.Т, 2018 оны 4 дүгээр сарын 06-нд А.Т нар төрсөн. 2 хүүгээ төрөхөд Баянгол дүүргийн Иргэний бүртгэлийн хэлтэст төрсний гэрчилгээнүүдийг авч байсан. 2 хүү маань эцгээрээ овоглосон. Бага охиноо гэдсэн байхад нь салсан учир гэрчилгээг нь Солонгос улсын элчин сайдын яаманд авсан. Бидний харилцаа, гэр бүлээс гадуурх харилцаа, хэрүүл тэмцэл, зодуулах, гэр бүлийнх нь дарамт шахалт, насны зөрүү зэргээс болж хамт амьдрах боломжгүй болсон. Мөн хүүхдүүдээ удаа дараа зодох, ад үзэх, үхээсэй гэж хараах. Мөн хувийн сургуулиасаа хүүхдүүдийн өвөөг хөөж гаргасан. Иймээс 1, 2 дугаар ангийн хүүхдүүдийн зардал, бусад зардлыг миний бие ганцаараа хариуцах хүндрэлтэй байна. Иймд А.А, А.Т, А.Т нарт хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хүсэлтдээ: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, надаас төрүүлсэн хүүхдүүдэд тэтгэмж өгөхөд татгалзах зүйлгүй. Надаар овоглогдож буй А.А, А.Т нар миний хүүхдүүд мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа боловч А.Т миний хүүхэд мөн эсэхийг би мэдэхгүй байна. Учир нь П.А нь 2016 онд хүү А.Аг 2 настай, А.Тг 9 сартай байхад манайд орхиж явснаа нэхэмжлэлдээ дурьдаагүй байна. А.А, А.Т хоёрыг 4 жилийн турш манай ээж, аав өсгөсөн юм. Энэ хугацаанд А.А БНСУ-руу явсан сурагтай байсан ба тэндээс ирэхдээ А.Тийг дагуулж ирсэн ба чиний хүүхэд гэж хэлсэн. Ингээд А.А нь 2020 оны 4 сард хоёр хүүгээ аав, ээж дээрээс аваад гурван хүүхдээ өөрөө өсгөнө гэж явсан юм. Харин би Тэнгэрлэгийг өөрийн хүүхэд гэж үзэж харж, халамжилж байсан. Мөн П.Аийн нэхэмжлэлд дурдсан зарим асуудлууд бодит байдалтай нийцэхгүй, илт намайг болон манай гэр бүлийг буруутгаж буй шинж чанартай байгаа тул би үүнд зайлшгүй тайлбар гаргах шаардлагатай гэж үзлээ. 2013 онд П.А миний фэйсбүүк хаягаар найзын хүсэлт ирүүлж танилцах хүсэлтэйгээ илэрхийлэн бидний харилцаа эхэлж дундаасаа хүүхэдтэй болсон. П.А нуудаг байсан тул тухайн үед би түүнийг надаас 16 эгч, миний үеийн хүүхэдтэй гэдгийг мэддэггүй байсан бөгөөд жирэмсэн болсон хойно нь мэдсэн юм. Бид хамтран амьдарч эхлэхэд анхнаасаа таарамж муутай, байнга хэрүүлтэй байдаг байсан. П.А намайг байнга хардаж, "янхан гичийг"-ээр дуудаж, араас мөрдөж, миний найзууд руу дайрч мөн манай гэр бүлийг доромжилж, дарамталдаг байсан. Би тухайн үед оюутан байсан болохоор мөнгө, төгрөг тааруу байсан бөгөөд энэ нь П.А-т хэрүүл хийх нэг шалтгаан байв. Би чадлынхаа хэрээр хүсээд буй мөнгийг нь олох гэж сургуулиа орхин барилгын хар ажил хийх болсон ч байдал дээрдээгүй. Бидний харилцаа улам дордсоор надад цаашид тэвчих боломжгүй байсан. тул би эргээд аав ээжийнхээ гэрт амьдрах болсон. Бидний хамтран амьдарсан хугацаа ойролцоогоор жил гаруй л байсан. Иймд бидний харилцаа дуусгавар болсон нь П.Аийн өөрийн зан авир, хийж байсан үйлдлүүдтэй нь холбоотой юм. Үүнд хөндлөнгийн хэн нэгний буруу байхгүй. Бид өөрсдөө л буруутай. Хүүхдүүдийг авснаас хойш би байнга мөнгө шилжүүлж туслахаар хичээсээр ирсэн. Манай ээж аав ч чадал чинээгээрээ тусалсаар ирсэн. Харамсалтай нь энэ нь П.Ат хангалтгүй байсан. П.А мөнгө нэхсээр сүүлдээ манай ээжийг "өгөх ёстой юмаа өг, айж амьдар" гэж сүрдүүлж, миний насанд хүрээгүй дүү Б.А-г садар самуун, хүчирхийлэлд гүтгэж, хийгээгүй зүйлийгээ хийсэн гэж хүлээн зөвшөөрөхийг тулган шаардаж , насанд хүрээгүй хүүхэд гэдгийг нь мэдсээр байж санаатайгаар зохисгүй агуулгатай зүйл гар утас руу нь бичиж сэтгэл зүйн дарамт үзүүлж, сэтгэл санааны гүн хямралд оруулж, нэр хүндэд нь халдсан. Энэ бузар гүтгэлэгдээ өөрийн насанд хүрээгүй хүүхдүүдээ ч оролцуулсан нь аймаар. Манай гэрийнхэн олон жил П.А-ийн доромжлол, дарамт, хүчирхийллийг "хүүхдүүд хохирох ёсгүй" гэсэн зарчмыг баримтлаж тэссээр ирсэн боловч гэм буруугүй насанд хүрээгүй охиноо хамгаалах үүднээс Цагдаагийн газарт хандаж гомдол гаргаж шийдвэрлүүлэхэд хүргэсэн. Би энэ бүхэнд асар их буруутай. Эцэг эх маань биднийг боловсролтой, хүнийг хайрладаг, хүндэлдэг, тусч сэтгэлтэй байхыг зааж хүмүүжүүлсээр ирсэн. Би доороо 4 дүүтэй, айлын ууган хүү. 2 дүү маань АНУ-ын их сургуульд суралцдаг, охин дүү Анумаа спортын гимнастикаар хичээллэдэг, акробатик төрлийн хотын ба улсын аварга, олон улсын болон орон нутгийн олон тэмцээнд амжилттай оролцож шагналт байр эзэлж, 2020 онд сургуулийнхаа шилдэг сурагчаар шалгарч байсан. Харин би таарч тохирохгүй нь тодорхой байсаар байтал өөрийн хүүхдүүдээ бодож зоригтой алхам хийж салсан шиг салахгүй, П.А-ийн зовлон тоочиж дуудах болгонд нь өрөвдөж туслах гэж гүйж очоод байдаг байсан нь уг асуудлыг даамжирахад хүргэж, улмаар манай гэр бүлийнхэн П.А-ийн хүчирхийлэлийн бай" болсон юм. Бид нарын хариуцлагагүй үйлдэл, буруу сонголтоос миний хүүхдүүд ч, би өөрөө ч, аав ээж, эмээ, дүү нар маань ч П.А-ийн дарамт, хүчирхийлэлд олон жил өртөж хохироход хүргэлээ. П.А-ийн дурьдсан сургуулийн асуудлыг хөндөхөд миний аав бидэнд туслах зорилгоор А.А-гийн сургалтын төлбөрийг төлж байсан бөгөөд сургуулийн үйл ажиллагаанд оролцдоггүй тул "хөөх" боломжгүй. Уг сургуулийг манай эмээ үүсгэн байгуулсан бөгөөд миний аавын дүү хариуцан ажиллуулдаг юм. П.А хүүхдээ цагт нь авдаггүй, сургуулийн дотоод журам зөрчдөг, хүүхэддээ анхаарал халамж тавьдаггүй, даалгаварыг нь хийлгэдэггүй, сургуулийн захиргаанаас тавьсан шаардлагыг биелүүлдэггүй, сургалтын гэрээ байгуулаагүй зэргээс шалтгаалан сургуулийн захиргаа хүүхдүүдийг хүлээж авахаас татгалзсан. Иймд уг асуудал нь миний ээж аавтай холбоотой бус П.А-ийн өөрийн үйлдлээс үүссэн асуудал. Иймд А.Т-ийг миний төрсөн хүүхэд мөн эсэхийг тогтоож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч П.А нь хариуцагч Б.А-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Шүүх дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.  

Зохигчид 2013 оноос эхлэн дотносож 2014 оны 01 дүгээр сарын 19-нд А.А, 2015 оны 11 дүгээр сарын 30-нд А.Т. 2018 оны 4 дүгээр сарын 06-нд А.Т нар төрсөн байна. 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасан бөгөөд хариуцагч Б.А нь А.А, А.Т нарын төрсөн эцэг мөн эсэхэд маргаагүй тул хуульд заасан хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулах нь хуульд нийцнэ.  

Харин охин А.Тийн төрсөн эцэг мөн эсэхэд маргаж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01182 дугаар захирамжаар шинжээч томилсон ч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын А.Т-т холбогдох хэсгээс татгалзсан тул, охин А.Т-т хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлага гаргаагүй гэж үзэхээр байна.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түшингийн хэмжээгээр сар бүр хүү А.А, хүү А.Т нарт эцэг Б.А-аас тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.  

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу хүү А.А, хүү А.Т нарыг эх П.А-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

 Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.   Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар хүү хүү А.А, хүү А.Т нарыг 11 хүртэлх нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.А-аас сар бүр тэтгэлэг гаргуулсугай.

 

2.   Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан хүү А.А, хүү А.Т нарыг эх П.А-ийн асрамжид үлдээсүгэй.

 

3.   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч П.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А-аас улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Д.МӨНХЦЭЦЭГ