Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/103

 

                                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч Д.З

Шүүгдэгч З.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт З-ийн Х-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 09 сарын 24-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, ... настай, ..., халх, ... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., ... хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар баг ... тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ... дугаар зүйлийн ... дэх хэсэгт зааснаа 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан,  Д овогт З-ийн Х /РД:.../-д

Шүүгдэгч З.Х-ыг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр шүүхэд ирүүлсэн байна.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч З.Х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 08 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цаг 00 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 02 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Итевон нэртэй караокед Г.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр С бид хоёр Соёмбын гудамжинд байх шийдэн дээр тоглож байгаад 22:00 цагийн орчим харих гээд явж байтал О гэх ах залгаад ахыг чинь хүн доромжлоод байна гэхээр нь би очоод О, Э гэх хоёр ахыг авах гээд очтол Э ах яваад өгчихсөн О ахыг аваад явах гэтэл Б дисант буулгана наанаа байж бай гэж хэлчхээд итевон гэх баар луу яваад орсон. Тэгээд бид нар хүлээгээд байж байтал түд удалгүй ганцаараа гарч ирээд цагдаа дуудчихаад пизда минь наанаа байж бай гээд байхаар нь би хоёр удаа нүүр хэсэгт нь алгадсан. Нэг удаа алгадахад шил нь унасан. Тэгээд би иргээд очиход хамраас нь цус гарч байсан. Тэгээд намайг манай найз С ах О хоёр салгаад тэгээд цагдаа ирсэн. Согтуу өөдөөс доромжлоод байхаар нь цохичихсон юмаа. Б намайг цохисон асуудал байхгүй. Б-ыг надаас өөр цохисон хүн байхгүй. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Б архи уучихсан байх шиг байсан. Тэгэхдээ эрүүл шахуу байсан. Тухайн шинжээчийн дүгнэлттэй холбоотой санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлтэд заагдсан хохирлыг би Б-ыг алгадахад үүссэн гэжээ. /хх-ийн 45-46/   

Шүүгдэгч З.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.  

Хохирогч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 08 дугаар сарын 13-ний орой өөрийн багийн найз Т-ийн хамт Заан зоогийн газарт тус бүр 2 лааз пиво уучхаад тэндээсээ 00 цагийн үед гарч Анарын хажуу талын шинээр нээгдсэн бааранд орж найзтайгаа хамт тус бүр нэг нэг лааз пиво уугаад тус баарнаас 01 цагийн үед гараад явах гэж байтал баарны гадаа хэсэг бүлэг залуучууд буюу Х, Ж, Б болон зүс таних ах нар өдөж хоргоогоод манай найз бид хоёрыг явуулахгүй зогсож байгаад гэнэт Х миний нүүрэн тус газар 2 удаа цохисон тэгээд би нүүрээ дараад тонгойтол миний хамраас цус гарсан байсан тэгтэл хэн нэгэн хүн миний хамар ам хэсэг рүү өшиглөсөн тэгээд тэд байсан залуучууд миний дээрээс, тал талаас цохиж зодсон. Тэгж байтал тэдгээр залуучууд бүгдээрээ зугтаагаад яваад өгсөн бөгөөд удалгүй цагдаа нар ирээд намайг эмнэлэгт очиж үзүүлээд өглөө цагдаа дээр ирээрэй гэсэн.  Би тэр үед өөрийн найз Т-ийн хамт явж байтал баарны гадаа зүс таних хүмүүстэй тааралдсан бөгөөд манай найз Т бид хоёрын хувьд тэдгээр хүмүүстэй огт үг сөрж маргалдаагүй харин тэдгээр залуучууд над дээр ирээд үгээр өдөөд ахархаад байсан бөгөөд гэнэт нэг нь намайг цохиод авсан. Миний санаж байгаагаар тэдгээр залуучууд дунд Х, Ж, Б болон зүс таних хоёр гурав нь залуучууд байсан. Тэр үед хамгийн эхлээд Х миний хамар луу гараа атгаж байгаад 2 удаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад тонгойтол миний дээрээс бөөндөө цохиж зодсон хэн хэн яаж цохисон талаар би мэдэхгүй байна. Би тэдгээр хүмүүсийг нэг ч удаа цохиж зодоогүй. Тухайн үед тэдгээр хүмүүст зодуулснаас үүдэлтэй миний хамар хугарсан мөн үүдэн шүд эмтэрч хугарсан, мөн зүүн нүдний зовхи хөхөрсөн. Миний бие маш их гомдолтой байна. Би эмчилгээ зардал мөнгөө нэхэмжилнэ. Би шүүх хуралд оролцоно. ...Би хамрын хагалгаанд орж хамраа тэгшлүүлнэ. Түүний зардал мөнгө гэж 2,500,000 төгрөг болно тухайн мөнгийг нэхэмжилнэ. Би тухайн зардал мөнгийг өгчихвөл ямар нэгэн гомдол санал байхгүй  гэжээ. /хх-ийн 07-08, 10/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Г.Б нь Эрүүл мэндийн Даатгалын сангаас 106,564 төгрөгийн зардал Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч 3. Х-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 17-18/

Гэрч О.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн багийн найз болох Б-тай 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 22 цагийн үед уулзаж заан зоогийн газарт орж 0.5 литрийн Сэрүүн нэртэй пиво тус бүр хоёр, хоёр лаазыг уугаад тухайн газрынхаа доор байдаг бааранд орж дахин хоёр, хоёр пиво уугаад шөнө 01 цагийн үед тухайн баарнаас гарч Анар дэлгүүрийн дээр байдаг шинээр нээгдсэн бааранд орж хэсэг сууж байгаад баарнаас гараад явж байтал араас нэг хэсэг бүлэг хүмүүс хөөе Б нааш ир гээд дуудсан. Тэгээд бид хоёр зогстол 7-8 хүүхэд ирээд Б-д хандан чи миний ахыг доромжилсон гээд дайраад байсан тэгээд Б 2 залуутай маргаж байгаад Б руу хартал Б цаанаас буцаад ирсэн тэр үед Б-ийн хамар амнаас цус гоожчихсон өмсөж явсан хувцас нь цус болчихсон байсан. Тэгээд бид хоёр шууд цагдаа дуудтал тэр хүүхдүүд зугтаад яваад өгсөн. Тэр үед Б бид хоёр тэдгээр хүмүүстэй огт маргалдаж зодолдоогүй бөгөөд тухайн үед Б бид хоёрыг Анар дэлгүүрийн дээд талын бааранд орох үед үүдэнд нь Б нэг үл таних ах нартай мэнд мэдээд уулзаад байсан тэгээд бид хоёр маргалдалгүй явах гэж байтал араас хэдэн үл таних залуучууд дуудаад чи ахыг минь доромжиллоо гэж хэлээд бид хоёр луу дайраад байсан. Тэгээд би тэдгээр залуучуудтай учир зүгээ олох гээд байж байтал Б-г нэг хэдэн залуучууд цаашаа аваад явсан тэгээд Б буцаад ирэхдээ нүүр ам нь цус болчихсон ирсэн. Би тэдгээр хүмүүсийг танихгүй тухайн үед баарны гадаа зөндөө олон хүмүүс байсан. Мөн тэр үед Б-г хэсэг бүлэг залуучууд дагуулаад цааш явсан бөгөөд түд удалгүй Б буцаж ирэх үедээ нүүр ам нь цус болчихсон ирсэн. Тухайн үед Б бид хоёр хоёулаа тэгж их согтоогүй эрүүл байсан болсон асуудлыг бүгдийг нь санаж байгаа. Тэр үед намайг хэн ч цохиж зодоогүй. Миний бие зүгээр. Тэр үед Б бид хоёр хэнийг ч цохиж зодоогүй огт тийм зүйл болоогүй. Би Б-ыг яг ямар хүмүүс цохиж зодсоныг хараагүй танихгүй. Тэр үед гадаа харанхуй байсан мөн тэнд маш олон хүмүүс байсан тул тэр хүмүүсийн царайг сайн харж чадаагүй гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Э гэх найзтайгаа Замын-Үүд сумын итевон бааранд байж байхад баримжаагаар 23:00 цагийн орчим манай найз Э гарчхаад орж ирэхгүй болохоор нь араас нь гараад хартал Б гэх залуутай маргалдаад байж байсан. Тэгээд яасан талаар нь асуугаад боль гэсэн чинь та нар яадаг болцон юм гээд маргалдаад байж байгаад Х руу залгаад энд хүмүүстэй муудалцаад байна ирээд авчих гээд дуудсан. Тэгээд би Х-ыг авч ирэх гээд явсан хойгуур манай найз Э гэр лүүгээ яваад очоод унтчихсан байсан. Х нэг найзын хамт ирээд Б-тай муудалцаж байгаад хоёр алгадаад авахаар нь би салгаад ахын дүү боль явъя гээд тэгээд явсан. Ах нарыг яагаад байгаа юм гээд муудалцаад цохисон. Б-ыг Х цохих үед хамраас нь цус гарч байсан. Өөр гэмтэл бэртэл анзаарч хараагүй. Б архи уусан байсан. Х архи уугаагүй байсан. Яг ямар шалтгаанаар маргалдсан талаар нь мэдэхгүй байна. Намайг гараад ирэх үед маргалдаж байсан. /хх-ийн 24-25/

Насанд хүрээгүй гэрч А.С-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: 2024 оны 08 сарын 13-ны 23 цагийн орчим би найз Х бид хоёр сагсны шийдэн дээр тоглож байтал О ах залгаад хаана байгаа юм гээд Х-тай яриад байсан. Тэгээд бид хоёрыг ирж авахаар болоод ирж авсан. Би яах гэж явж байгаа талаар мэдэхгүй байсан. Тэгээд Х, О ах бид нар Итевон баарны гадна очсон чинь Х баарны үүдэнд байсан Б гэх хүнтэй маргалдаад хоёр удаа алгадахаар нь би болон О ах очиж салгаад тэгээд тэндээс явцгаасан. Хоёр удаа нүүр хэсэгт нь алагдахад хамраас нь цус гарч байсан. Тэгээд салцгаасан болохоор өөр сайн мэдэхгүй байна. Тухайн үед Б-ийг өөр цохисон хүн байхгүй. Х архи уугаагүй байсан. Харин Б нэлээн архи уусан бололтой байсан. Тэгэхдээ яа ийхээ алдталаа согтсон зүйлгүй байсан гэжээ. /хх-ийн 29-30/

Шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 02/356 дугаартай дүгнэлт: 1.Г.Б-ын биед хамар ясны хугарал, дээд зүүн нэгдүгээр шүдний паалангийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын үзүүр, эрүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Учирсан хамар ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 5.Учирсан дээд зүүн нэгдүгээр шүдний паалангийн хугарал, зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, хамрын үзүүр, эрүүний зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. /хх-ийн 36/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримтууд /хх-ийн 12-14/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2024 оны 09 сарын 05-ны өдрийн прокурорын тогтоол /хх-ийн 39-41/

Шүүгдэгчийн хувийн мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2023 оны 0094 дугаартай шийтгэх тогтоол  /хх-ийн 55/

Иргэний нэхэмжлэлд шүүгдэгч 106,564 төгрөг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг баримт /хх-ийн 56/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 59-60/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Улсын яллагч яллах дүгнэлтдээ шүүгдэгч З.Х-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь гэрч Ж.Э-ны мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч А.С нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Шүүгдэгч З.Х нь 2024 оны 08 сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цаг 00 минутын орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 02 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Итевон нэртэй караокед Г.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар түүний биед хамар ясны хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Г.Б-ын мэдүүлэг /хх-ийн 07-08,10/, гэрч О.Т-ийн /хх-ийн 21-22/, гэрч Ж.Э-ны /хх-ийн 24-25/, насанд хүрээгүй гэрч А.С-ийн /хх-ийн 29-30/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 36/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч З.Х-ын гэм буруутай үйлдэл, хохирогч Г.Б-т учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч нь өөрт холбогдсон хэргийг цагаатгуулна гэх боловч хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр хэргийг цагаатгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Г.Б нь эрүүл мэндэд учирсан хохиролд 2,500,000 төгрөгөөр хамрын хагалгаанд орно гэж шүүгдэгчээс нэхэмжилдэг боловч хэрэгт авагдсан баримтаар хохирлын баримтаа нотлоогүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болно. Хохирогч нь баримтаа бүрдүүлэн эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 56/-ээр тогтоогдсон болно.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч З.Х-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн хэрэгтээ гэмшиж, дүгнэлт хийхгүй байгаа байдал зэргийг харгалзан үзээд түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт З-ийн Х-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-ийн Х-ыг 400 /дөрвөн зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Х нь оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, хохирогч Г.Б нь өөрт учирсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б