| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 181/2024/06097/И |
| Дугаар | 001/ХТ2026/00129 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2026/00129
Б.Наранцацралын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Н.Баярмаа даргалж, шүүгч Н.Батчимэг, Э.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10294 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00479 дүгээр магадлалтай
Очир ундраа ОМЗ ББСБ ХХК, Д.Зоригтбаатар нарт холбогдох
Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарын хооронд 2022 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан №22/02 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 27/6-1 тоот хаягт байршилтай 372.3 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалт бүхий Ү-2206021686 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өмчлөгч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонгын хяналтын журмаар гаргасан гомдлоор, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго, хариуцагч Д.Зоригтбаатар, хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн төлөөлөгч Г.Цогтгэрэл, Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн өмгөөлөгч П.Еркебулан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Наранцацрал нь хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК, Д.Зоригтбаатар нарт холбогдуулан Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарын хооронд 2022 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан №22/02 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 27/6-1 тоот хаягт байршилтай 372.3 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалт бүхий Ү-2206021686 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өмчлөгч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК эс зөвшөөрч, хариуцагч Д.Зоригтбаатар хүлээн зөвшөөрсөн тайлбар тус тус гаргажээ.
2. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10294 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.10, 56.4, 56.5, 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарын хооронд 2022 оны 06 сарын 23-ны өдөр байгуулсан №22/02 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож,
Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 27/6-1 тоот хаягт байрлах Ү-2206021686 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Зоригтбаатарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК, Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж,
Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарын хооронд 2020.04.01-ний өдөр байгуулсан №ХУБГ21/55-1 Барьцааны гэрээ, 2021.06.28-ны өдрийн №ХУБГ21/124-1 тоот Барьцааны гэрээнүүдийн барьцааны эрхийг сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж,
Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 27/6-1 тоот хаягт байрлах Ү-2206021686 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Наранцацрал, З.Бүрэнжаргал, З.Номин, З.Хулан, З.Ирмүүн, З.Ивээл нарын гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч Б.Наранцацрал, З.Бүрэнжаргал, З.Номин, З.Хулан, З.Ирмүүн, З.Ивээл нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Наранцацралын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,235,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-иас 3,235,352 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00479 дүгээр магадлалаар: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10294 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.4-т заасан үндэслэлгүй тул хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарт холбогдох Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарын хооронд 2022.06.23-ны өдөр байгуулсан Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн дундын өмчлөлийн эд хөрөнгө болохыг тогтоолгож, өмчлөгч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгч Д.Наранцацралын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг үндэслэн хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,235,352 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Уг магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй, Иргэний хуулийн 56 дугаар зүйл, 171 дүгээр зүйл болон гэр бүлийн хөрөнгийн эрхийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, улмаар нэхэмжлэгч болон түүний гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтойгоор зөрчсөн гэж үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, 172.2.4-т эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж байна.
Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь Д.Зоригтбаатарт зээл олгохдоо гэрт нь ирж үзэж эхнэр 5 хүүхэдтэйгээ амьдардаг гэдгийг нь мэдэж байсан. Харин сүүлд нөхөр Д.Зоригтбаатар нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадахгүйд хүрэхэд нь ББСБ-ын зүгээс зээлийн гэрээний хүүд нь тооцож, тэдний амьдарч буй байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн түвшинд хүрсэн болохыг гэрт нь шийдвэр гүйцэтгэлийн ажилтнууд ирэх хүртэл мэдээгүй байсан. Энэ нь Очир-Ундраа ОМЗ ББСБ ХХК-ийг хууль зөрчиж хэлцэл хийсэн болохыг гэрчилдэг.
Гэтэл давж заалдах шатны шүүх дүгнэхдээ Анхан шатны шүүх нэхэмжлэгч талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар шаардах эрхгүй байхад Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь буруу болсон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээдэд хэлцэл хийсэн тал, эсхүл эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гуравдагч этгээдийг ойлгох ба уг этгээдэд нэхэмжлэгч хамаарахгүй тул хариуцагчийн хуваарьт хөрөнгөтэй холбоотой шаардлага гаргах эрхгүй гэж тайлбарласан байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Хүүхдүүд насанд хүрээгүй тул эхнэр тэдний эрх ашгийг хөндсөн шийдвэрт гомдол гаргаж төлөөлөх бүрэн эрхтэй.
Учир нь, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5-д гэр бүлийн гишүүн өөрийн хуваарьт хөрөнгөөс дундаа хамтран өмчлөхөд зориулж шилжүүлсэн хөрөнгө, 126.3-т гэр бүлийн гишүүний хуваарьт эд хөрөнгийг гэр бүлийн бусад гишүүд их засвар хийсэн, шинэчилсэн, өөрчлөн тоноглосны улмаас үнэ нь үлэмж нэмэгдсэн хөрөнгөө хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болгон тогтоож болно гэж заасан бөгөөд хариуцагч Д.Зоригтбаатар энэ байшин миний хуваарьт хөрөнгө би өгөхгүй гэж маргаагүй, харин ч манай гэр бүлийн дундын эд хөрөнгө байсан юм, ББСБ зээлийн хүүг чинь зогсоохын тулд л нэр дээрээ шилжүүлж байгаа болохоос танай гэр бүл хүүхдийг хэзээ ч гудамд гаргахгүй, байшинг тань авахгүй гэсэн учраас шилжүүлж өгсөн гэдэг. Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгөд бодитой эзэмшил тогтоогоогүй. Тиймээс нэхэмжлэгч Б.Наранцацрал болон 5 хүүхдийн эрх ашиг сонирхол бодитой хөндөгдөж орон гэргүй болсон үйл баримт тогтоогдож байна.
Мөн хавтаст хэргийн 110 дахь талд Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн 2022.06.23-ны өдрийн 2022/18 тоот шийдвэрийн үндэслэх хэсэгт Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн Эрсдэлийн удирдлагын хорооны 2022.06.16-ны өдрийн №09-03-02 тоот хурлын шийдвэр, мөн хувьцаа эзэмшигчийн хурлын шийдвэрийн 3 дахь хэсэгт ...Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулахыг гүйцэтгэх захирал /Г.Цогтгэрэл/-д зөвшөөрсүгэй гэж тус тус заасан, Хавтаст хэргийн 87, 89 дэх талд Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн Нийслэлийн улсын бүртгэлийн газарт явуулсан 2022.06.23-ны өдрийн 22/10069 тоот албан бичигт хариуцагч Зоригтбаатарыг 2021.03.31-ний өдөр ХУЗГ21/55 тоот зээлийн гэрээ ХУБГ21/55-1 тоот барьцааны гэрээ, 2021.06.28-ны өдрийн ХУЗГ21/124 тоот зээлийн гэрээ, ХУБГ21/124-1 тоот барьцааны гэрээ байгуулан зээл авч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг тус тус хэсэгчлэн биелүүлсэн тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгнө үү гэж дурдсан. Гэтэл Д.Зоригтбаатар үүргийн гүйцэтгэл хангаагүй байсан, ББСБ хууль зөрчиж хүний тэрбум төгрөгийн үнэлгээтэй байшинг үүргийн гүйцэтгэлийг хангах журмаар гаргахгүйгээр, зөвхөн хүүд нь тооцож өөрийн өмч болгосон.
Энэ нь үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэсэн Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасан хэм хэмжээг зөрчсөн. Анхнаасаа зээлийн гэрээ байгуулж, барьцааны гэрээ байгуулсан байхад Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах, үндсэн зээлийн гэрээний үүргийг хангуулах эрхтэй байхад Д.Зоригтбаатарын зээлээ төлөөгүйг төлсөн мэтээр улсын бүртгэлд бичиг бичиж өгч үүргийн гүйцэтгэлийг хангасан мэтээр өөрсдийн нэр дээр бүртгэж авсан хэрнээ бодитоор эзэмшилдээ байлгаагүй байгаа зэрэг нь тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэдгийг нотолно.
Иймд шийдвэрийг хэвээр үлдээж, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонгын гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.05.01-ний өдрийн 001/ШХТ2026/00584 дүгээр тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Нэхэмжлэгч Б.Наранцацрал нь хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК, Д.Зоригтбаатар нарт холбогдуулан Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарын хооронд 2022 оны 06 сарын 23-ны өдөр байгуулагдсан №22/02 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 27/6-1 тоот хаягт байршилтай 372.3 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалт бүхий Ү-2206021686 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, өмчлөгч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д даалгах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ: ...Д.Зоригтбаатар нь Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-тай зээлийн гэрээ байгуулан тодорхой хэмжээний мөнгийг зээлж өөрийн компанийн үйл ажиллагаанд зарцуулж байсан. Гэтэл 2024.10.10-ны өдөр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүмүүс ирж манай гэр бүлийг байрнаасаа гар, танай гэрийг албадан чөлөөлнө гэх шаардлага тавьсан. Энэ үед нөхөр Д.Зоригтбаатар нь бусдын өмчлөлд бидний эд хөрөнгийг зөвшөөрөлгүй шилжүүлж, улмаар шүүхэд эвлэрлийн гэрээ байгуулан, захирамж гарсан гэдгийг мэдсэн.
...Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарын хооронд 2022.06.23-ны өдөр байгуулагдсан №22/02 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар дээрх хүчин төгөлдөр бус хэлцлээр шилжсэн Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 27/6-1 тоот хаягт байрлах Ү-2206021686 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Наранцацрал, Д.Зоригтбаатар, З.Бүрэнжаргал, З.Номин, З.Хулан, З.Ирмүүн, З.Ивээл нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлийн улмаас шилжсэн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д даалгаж өгнө үү... гэж тайлбарласан.
Хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК хариу тайлбартаа: ...Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар иргэн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг хуульд заасны дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсдэг. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд бүртгэгдсэнээр Д.Зоригтбаатарын нэр дээр бүртгэлтэй байсан бөгөөд өөр этгээд өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан. Улмаар Д.Зоригтбаатар нь 2022.06.23-ны өдөр байгуулсан №22/02 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-гээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийг аливаа эрхийн доголдолгүй болохыг баталгаажуулсан. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлд зааснаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр манай байгууллагад шилжиж, хэлцлийг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлсэн тул холбогдох хуулийн дагуу Д.Зоригтбаатарын өмчлөх эрх дуусгавар болсон. Иймд тухайн үл хөдлөх эд хөрөнгө эрхийн зөрчилгүй.
Хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь Бүрэн өргөө ХХК болон Д.Зоригтбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,964,208,868.74 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргаж, тус шүүхээс 2024.01.16-ны өдрийн 183/ШШ2024/00305 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Үүний дараа Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Зоригтбаатарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлөх шаардлагатай иргэний хэрэгт 2024.02.02-ны өдөр Эвлэрлийн гэрээг байгуулж, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2024.04.30-ны өдрийн дотор Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. Мөн гэрээний зүйл нь эрхийн зөрчилгүй гэдгийг баталгаажуулсан. Талуудын хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй тул шүүх түүнийг баталгаажуулсан шийдвэр гаргасан. Тус хэлцэл нь Б.Наранцацралын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй тул зохигчийн эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.
Гэтэл хариуцагч Д.Зоригтбаатар нь дээрх үүргээ биелүүлээгүй, өөрийн эхнэр болох Б.Наранцацралаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн асуудлаар дахин нэхэмжлэл гаргуулж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд зориуд саад учруулж байгаад гомдолтой байна. Д.Зоригтбаатар нь Бүрэн өргөө ХХК-ийн эцсийн өмчлөгч бөгөөд Б.Наранцацрал нь түүний эхнэр, тус компанийн ажилтан тул Компанийн тухай хуулийн 89 дүгээр зүйлийн 89.2-т зааснаар нэгдмэл сонирхол бүхий этгээдүүд юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарласан.
Хариуцагч Д.Зоригтбаатар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн байна.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ: ...Хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн ...Д.Зоригтбаатар нь зээлийн үүргийг хэсэгчлэн биелүүлсэн үндэслэлээр ...Аялал жуулчлалын зориулалт бүхий Ү-2206021686 тоот улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн гэх боловч зээлдэгч зээлийн гэрээний үүргийг хэсэгчлэн биелүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. ...зээлдүүлэгч барьцаа хөрөнгийг зээлийн гэрээний үргэлжлэх хугацааны туршид тооцогдсон буюу бий болсон хүүний үүрэгт дүйцүүлэн 615,480,447.25 төгрөгөөр үнийг тогтоож, ...нөхцөл тохирсон буцаан худалдах-худалдан авах гэрээний дагуу барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авсан нь хуульд нийцээгүй, ...өөрөөр хэлбэл, зээлийн гэрээ болон барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хуульд заасан журмын дагуу хангуулахгүйгээр, барьцаатай болон барьцаагүй зээлийн гэрээний хүүг хамтад нь тооцож буцаан худалдах-худалдан авах болзолтой гэрээг байгуулсан, ...түүнчлэн ...эд хөрөнгийг захиран зарцуулах хэлцэл хийгдэх үед өмчлөгчөөр бүртгэгдээгүй байсан гэр бүлийн гишүүн нь хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргах эрхгүй юм. Иймд Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарын хооронд 2022.06.23-ны өдөр байгуулагдсан №22/02 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй, харин 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоож, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар үр дагаврыг шийдвэрлэж, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 27/6-1 тоот хаягт байрлах Ү-2206021686 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Д.Зоригтбаатарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК болон Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК болон Д.Зоригтбаатар нарын хооронд 2020.04.01-ний өдөр байгуулсан №ХУБГ21/55-1 Барьцааны гэрээ, 2021.06.28-ны өдрийн №ХУБГ21/124-1 тоот Барьцааны гэрээнүүдийн барьцааны эрхийг сэргээн бүртгэхийг Улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас, Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж 27/6-1 тоот хаягт байрлах Ү-2206021686 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг Б.Наранцацрал, З.Бүрэнжаргал, З.Номин, З.Хулан, З.Ирмүүн, З.Ивээл нарын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болохыг тогтоож, ...Б.Наранцацрал, З.Бүрэнжаргал, З.Номин, З.Хулан, З.Ирмүүн, З.Ивээл нарын нэр дээр буцаан шилжүүлэхийг хариуцагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоно... гэж дүгнэсэн,
Давж заалдах шатны шүүх: ...Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн №183/ШШ2024/00610 захирамжаар Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Зоригтбаатарт холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага бүхий иргэний хэрэгт Д.Зоригтбаатар Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-ний үнийн дүн 615,480,447.25 төгрөгийг 2024.04.30-ны өдрийн дотор Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-д шилжүүлсэн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг буцаан Д.Зоригтбаатарын өмчлөлд шилжүүлэхээр тохирсон зохигчийн эвлэрлийн баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх дангаар хариуцагч Д.Зоригтбаатарын нэр дээр бүртгэлтэй байсан тохиолдолд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-т зааснаар ...бүртгэл үнэн зөв гэж тооцно. ...Д.Зоригтбаатар нь Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-аас удаа дараа зээл авч, зээлийн барьцаанд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг тавьж байсан, ийнхүү барьцаанд бариулахдаа эхнэр Б.Наранцацралаас зөвшөөрөл авч байгаагүй болох нь хэргийн баримтаар тогтоогдох тул Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийг хамтран өмчлөх эрхтэй аливаа бусад этгээдийн талаар шалгах шаардлагагүй гэж үзнэ. ...үл хөдлөх эд хөрөнгө ...Д.Зоригтбаатарын хуваарьт хөрөнгөд хамаарна. ..иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэхгүй. Б.Наранцацрал нь талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгохыг шаардах эрхгүй байхад Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэж, улмаар гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн нь буруу болжээ. Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээдэд хамаарахгүй... гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
10. Дээр дурдсанчлан, хоёр шатны шүүх маргааны үйл баримттай холбогдуулан эрх зүйн өөр дүгнэлт хийж, зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар хянан хэлэлцлээ.
11. Хэрэгт цугларсан баримтаар хариуцагч Д.Зоригтбаатар нь эрхийн улсын Ү-2206021686 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 27/6-1 тоот хаягт байрлах, 372.3 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө /цаашид маргааны зүйл гэх/-ийн өмчлөгч, Бүрэн өргөө ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч, нэхэмжлэгч Б.Наранцацралын гэр бүл /нөхөр/ байна.
Бүрэн өргөө ХХК, хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Зоригтбаатар нар нь 2021.03.31-ний өдөр Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-тай ХУЗГ21/55 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 1,000,000,000 төгрөгийг жилийн 30 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Д.Зоригтбаатарын өмчлөлийн маргааны зүйл болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, 2020.04.01-ний өдөр ХУБГ21/55-1 тоот Барьцааны гэрээ байгуулсан,
Мөн 2021.06.28-ны өдөр дахин ХУЗГ21/124 дугаартай Зээлийн гэрээ байгуулж 1,500,000,000 төгрөгийг жилийн 34.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг энэ гэрээний үүргийн гүйцэтгэлд дахин барьцаалж, ХУБГ21/124-1тоот Барьцааны гэрээ байгуулсан байна.
Очир ундраа ОМЗ ББСБ ХХК 2022.06.23-ны өдөр Нийслэлийн улсын бүртгэлийн газарт 22/10069 тоот хүсэлт гаргаснаар маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, мөн өдрөө Д.Зоригтбаатар болон Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь Эд хөрөнгө буцаан худалдах авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г байгуулж, Д.Зоригтбаатарын өмчлөлийн, барьцаанаас чөлөөлөгдсөн үл хөдлөх эд хөрөнгийг өмнө авсан зээлүүдийн гэрээний үүргийн хүүгийн төлбөр 615,480,447.25 төгрөгөөр худалдаж авах, Д.Зоригтбаатар үнийг төлсний дараа өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхээр, 2022.08.24-ний дотор төлбөрийг төлөөгүй бол худалдан авагчид үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрх үүсэхээр харилцан тохиролцсон, гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө 2022.06.30-ны өдөр Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн байна.
Дээрх үл хөдлөх эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Нүхтийн зам гудамж, 27/6-1 тоот хаягт байршилтай 372.3 м.кв талбайтай, Аялал жуулчлалын зориулалт бүхий Ү-2206021686 тоот улсын бүртгэлийн дугаартай орон сууцанд хариуцагч Д.Зоригтбаатар эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг бөгөөд гэрээнд заасан хугацаа өнгөрсөн, Д.Зоригтбаатар орон сууцыг буцаан худалдаж аваагүй тул Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь орон сууцыг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг Д.Зоригтбаатар 2 сарын хугацаанд мөнгө төлж байраа авна, энэ хугацаа өнгөрвөл байрыг суллахаар харилцан тохиолцсон үндэслэлээр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 183/ШШ2024/00610 дугаартай шүүгчийн захирамжаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Эвлэрлийн гэрээгээр хариуцагч Д.Зоригтбаатар Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-ний үнийн дүн 615,480,447.25 төгрөгийг 2024.04.30-ны өдрийн дотор нэхэмжлэгчид шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлж авна, энэ хугацаанд үүргээ биелүүлээгүй бол орон сууцыг чөлөөлж өгөхөөр талууд харилцан тохиролцжээ.
Д.Зоригтбаатар гэрээнд заасан хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийг буцаан худалдан аваагүй үндэслэлээр Очир ундраа ОМЗ ББСБ ХХК шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргаснаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн, энэ үед нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөнийг мэдсэн гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогджээ.
12. Маргааны зүйл болсон үл хөдлөх эд хөрөнгө хариуцагч Д.Зоригтбаатарын хуваарьт хөрөнгө болох нь тогтоогдсон тул тэрээр 2022.06.23-ны өдрийн №22/02 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г байгуулахдаа гэр бүлийн гишүүдийн зөвшөөрлийг аваагүй үндэслэлээр гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.
13. Харин тус гэрээг Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3, 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн, хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.
13.1 Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийг дээрх шаардлагыг гаргах эрхгүй, өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгө Д.Зоригтбаатарын хуваарьт хөрөнгө тул нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т заасан сонирхогч этгээд гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4-т сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж зохицуулсан байна.
Ийнхүү сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардлага гаргах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамаарах маргааныг шийдвэрлэхийн тулд шаардлагын үндэслэл болсон хэлцэл хүчин төгөлдөр эсэхийг шүүх өөрөө үнэлж, дүгнэх боломжтой. Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгуулахаар нэхэмжлэл гаргасан байхыг шаардахгүй.
Иймд хяналтын шатны шүүх Д.Зоригтбаатар, Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн хооронд байгуулагдсан 2022.06.23-ны өдрийн Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-ний хүчин төгөлдөр байдлыг хянан үзлээ.
13.2. Дээрх гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206021686 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4-р хороо, Нүхтийн зам гудамж 27/6-1 тоот хаягт байрлалтай, 372.3 м.кв талбай бүхий Аялал жуулчлалын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байна.
Хариуцагч Д.Зоригтбаатар дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшлийн Бүрэн өргөө ХХК-ийн Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-аас авсан 2,500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсныг барьцаалагч Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-аас зээлдэгч зээлийн төлбөрөөс хэсэгчлэн төлсөн үндэслэлээр 2022.06.23-ны өдөр барьцаанаас чөлөөлөх хүсэлт гаргаснаар үл хөдлөх эд хөрөнгө барьцаанаас чөлөөлөгдсөн байна.
13.3. Очир ундраа ОМЗ ББСБ ХХК дээрх хөрөнгийг худалдаж авахаар 2022.06.23-ны өдөр өмчлөгч Д.Зоригтбаатартай гэрээ байгуулахдаа үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн хүүгийн төлбөр 615,480,447.25 төгрөгөөр үнэлж, эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ байгуулсан байна.
Зээлдэгч Д.Зоригтбаатар болон Бүрэн өргөө ХХК нь 2021 оны 06 дугаар сард Очир ундраа ОМЗ ББСБ ХХК-аас 1,500,000,000 төгрөгийн зээл авснаас хойш зээлийн төлбөр огт төлөөгүй байхад барьцаалагч зээлийг хэсэгчлэн төлсөн гэх үндэслэлээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсөн нь бодит байдалд нийцээгүй, улмаар үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанаас чөлөөлсний дараа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд тооцож худалдаж авахаар зээлдэгчтэй гэрээ байгуулсан нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл мөн эсэх нь эргэлзээтэй, түүнчлэн дээрх хэлцэл Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т хамаарахаар байна.
13.4. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэжээ.
Иймд 2022.06.23-ны өдрийн №22/02 дугаартай Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн худалдах-худалдан авах гэрээ-г зээлдүүлэгч буюу Очир ундраа ОМЗ ББСБ ХХК нь зээлдэгч Д.Зоригтбаатарыг зээлийн хүүгийн төлбөрийг тодорхой хугацаанд төлөхгүй бол зээлийн үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон талуудын тохиролцоо гэх буюу Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна, энэ үндэслэлээр дээрх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хууль зөрчиж хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзнэ.
14. Дурдсан үндэслэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.
15. Нэгэнт хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэнэ.
Иймд 2022.06.23-ны өдрийн №22/02 дугаартай хэлцэл хүчин төгөлдөр бус болох нь тогтоогдсоноор үл хөдлөх эд хөрөнгийн ипотекийн эрх сэргэнэ, өөрөөр хэлбэл, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ипотекийн журмаар хангуулж, үр дагаврыг арилгуулах нөхцөл байдал үүсэх юм.
Анхан шатны шүүх хэлцлийн үр дагаврыг зөв шийдвэрлэсэн байх тул шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.
16. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө Д.Зоригтбаатарын хуваарьт эд хөрөнгө тул гэр бүлийн гишүүдийг дээрх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв, шүүхийн энэ шийдвэрт нэхэмжлэгч гомдол гаргаагүй болно.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зохицуулсан.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.02.02-ны өдрийн 183/ШШ2024/00610 дугаартай захирамжаар Очир ундраа ОМЗ ББСБ ХХК, Д.Зоригтбаатар нарын хоорондох өмчлөх эрхийн шаардлагатай холбоотой маргааныг шийдвэрлэсэн нь энэ маргааны үйл баримтад хамааралгүй тул дээрх хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин шийдвэрлэхгүй талаарх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
18. Дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 210/МА2026/00479 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/10294 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...56.1.10... гэснийг ...56.1.8... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонгын гомдлыг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч Б.Наранцацралаас 2026.04.06-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,235,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Э.ЗОЛЗАЯА
Б.УНДРАХ
Х.ЭРДЭНЭСУВД