Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 176

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга А.Болор,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,

Хохирогч Э.Банзрагч,

Шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга, тэдгээрийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж /ҮД: 0931/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Боржигин овогт Баярмаагийн Мөнхжин, Цагаадчууд овогт Самдангийн Гантулга нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 201625020303  дугаартай хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2017 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

      1. Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3, эцэг, эх, дүү нарын хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамба 55-744 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

      Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 сарын 28-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

 

     Өмнөговь аймгийн сум дундын шүүхийн 2015 оны 11 сарын 06-ны өдөр 135 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон, Боржигин овогт Баярмаагийн Мөнхжин /РД:УХ92080952/

      2. Монгол Улсын иргэн, 1989 оны 8 дугаар сарын 29-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 2 дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаа 27-313 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хэрэг хариуцах чадвартай, 2 удаагийн ял шийтгэлтэй,

 

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Цагаадчууд овогт Самдангийн Гантулга /РД:УП89082977/

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нар нь бүлэглэн 61-03 УНХ улсын дугаартай “Соната 5” маркийн автомашин механизм ашиглан 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах "Эс класс" интернет тоглоомын газрын вакум цонхны төмөр хаалтыг төмрийн хөрөө ашиглан нэвтэрч 10 ширхэг компьютерийн дэлгэц, 10 ширхэг компьютерийн процессор, камерийн бичигч 1 ширхэг төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлан авч хохирогч Э.Банзрагчид нийт 4.205.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Мөнхжин нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2016 оны 1 дүгээр сарын 29-ны шөнө Гантулга, Буянзаяа бид гурав компьютер тоглоомын газар тоглох гэж очсон. Бид нарыг очиход хүнгүй байсан. Буянзаяа найзын маань хадмынх нь гэр компьютер тоглоомын газрын хажууханд байдаг. Тэгээд хадмынх руугаа яваад өгсөн. Гантулга бид хоёр машинд сууж байхдаа би Гантулгад “энэ компьютер тоглоомын газар руу орж чадвал 10 ширхэг компьютер байгаа, авч чадвал компьютер авах хүн байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд Гантулга “би очоод үзээд ирье” гэж хэлсэн. Удахгүй хүрч ирээд онгойлгоод орохоор боллоо гээд Гантулга бид хоёр орсон. Компьютер тоглоомын газар орж бид хоёр 10 ширхэг компьютерийн дэлгэц, процессор, камер бичигч нарыг нь авч зарсан. Маргааш өдрийн 17 цагт цагдаад баригдсан ба компьютер зарсан мөнгөө цагдаад хураалгасан…” гэв.

Шүүгдэгч Б.Мөнхжин нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сарын 29-ний шөнө би гэртээ байж байгаад найз Г.Буянзаяагийн гэрт очиход Буянзаяа, Гантулга хоёр байсан. Тэгээд гарч комьпютер тоглоом тоглоё гэж хэлээд дагуулан гарсан. Бид 3 миний 61-03 УНХ маркын “Соната 5” маркийн автомашинтай Сүхбаатар дүүрэгт байрлах “Эс Класс” гэх нэртэй комьпютер тоглоомын газар очоод хаалгыг нь нүдээд цонхыг нь тогшиход хүн гарч ирэхгүй байсан. Тэгээд буцаж явах гээд машинд суучихаад байж байгаад би Гантулгад “энэ комьпютер тоглоомын газар руу орж чадвал дотор нь комьпютерууд байгаа тэрийг аваад зарвал овоо мөнгө олж чадна” гэж би хэлсэн. Тэгээд Гантулга орохоор явсан ба ордог хаалганы хажуугаар давж цаашаа ороод цонхыг нь эвдлээд орчихсон. Би наана нь хүн хараад байж байсан. Тухайн үед Буянзаяа комьпютер хулгайлах талаар мэдээгүй. Намайг хулгайлая гэж ярьж байхад машинд байхгүй байсан ба ТҮЦ-нээс тамхи авах гээд явсан байсан. Тэгээд Гантулга нэг давхрын эвдэрсэн цонхоор 10 ширхэг комьпютерийн дэлгэц болон 10 ширхэг процессор, мөн камерийн бичлэг хийдэг төхөөрөмжийг хулгайлан гаргаж ирсэн. Тэгээд Гантулга тэдгээр дэлгэц процессоруудыг наашаагаа давуулж шидээд би машинд ачсан. Тухайн дэлгэц процессоруудыг ачиж байхад Буянзаяа тамхи аваад ирсэн. Өглөө болохоор нь үнэгүй.мн сайт руу ороод “комьпютер худалдаж авна” гэсэн зарыг хараад 89988030 гэх дугаар руу залгаад 10 ширхэг комьпютер байна авахуу гэж асуусан чинь үзье гэж хэлсэн. Тэгээд Өргөө кино театрын баруун талд комьпютерын зах гэсэн дэлгүүр байсан ба 1 давхарт үүдээр ороод өмнөөс харсан лангууны хүн дээр очоод үзүүлж  нийтдээ  10  ширхэг комьпютерийн дэлгэц болон 10 процессорыг нийт 2.000.000 төгрөгөөр бодож зарсан. Эхний ээлжинд тэр залуугаас 1.500.000 төгрөг авсан ба одоо үлдэгдэл мөнгөө аваагүй байгаа. Тэр мөнгөнөөс 860.000 төгрөгийг цагдаад хураалгасан. Үлдсэн мөнгөнөөс машины түрээсэнд 100.000 төгрөгийг өгөөд, хоол идээд дуусгасан. Би өмнө тэр комьпютер тоглоомын газар ажилладаг байсан...” гэсэн мэдүүлэг. /хх 36-39 дүгээр хуудас/,

Шүүгдэгч С.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Энэ хэргийг Мөнхжин, Буянзаяа бид гурав зохион байгуулттайгаар хийсэн. Бид гурав хамт хашааг нь давж орсон. Би төмрийн хөрөөгөөр хөрөөдөж өгсөн. Бид гурав дотогшоо орох гэхэд би багтахгүй байсан болохоор гадаа нь хүн харж зогссон. Тэгээд Буянзаяа, Мөнхжин хоёр дотогшоо орсон. Компьютер тоглоомын газраас 10 ширхэг компьютерийн дэлгэц, процессор авч гарч ирсэн…” гэв.

 

Шүүгдэгч С.Гантулга нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...2016 оны 1 дүгээр сарын 28-ны шөнө Г.Буянзаяа бид хоёр манай гэрт унтаж байхад Мөнхжин орж ирээд бид гаръя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр босч хувцасаа өмсөөд гарсан. Өмнө Б.Мөнхжин тэр комьпютер тоглоомын газраас 2-3 процессор авч байсан гэж бид хоёрт хэлж байсан. Өмнө нь Б.Мөнхжин энэ комьпютер тоглоомын газар руу орж хулгай хийнэ гэж ярьж байсан. Энэ ажил нь бүтвэл надад 200.000-300.000 төгрөг өгчих байх гэж бодсон. Тэгээд бид 3 Сүхбаатар дүүрэгт байрлах комьпютер тоглоомын газар шөнө 4 цагийн үед ирээд Мөнхжин бид 2 хаалганы хажуу талыг нь даваад тэр комьпютер тоглоомын газрын цонхон дээр очсон. Тэгээд би цонхны решотик төмрийг хөрөөдөж татаж эвдэлж цонхыг нь хагалсан. Тэгээд завсараар нь Мөнхжин ороод араас нь би орсон. Тэгээд хоёр давхар руу нь гараад тэнд байсан нэг өрөө рүү ороод 10 ширхэг комьпютерын дэлгэц процессорыг салгаж доошоо зөөсөн. Тэгээд анх орсон газраараа би эхэлж гараад Мөнхжин дотроос нь тэр комьпютеруудыг гаргаж өгсөн. Мөнхжин доошоо буулгаж машин руу зөөсөн. Тэр хооронд машинд Буянзаяа байхгүй байсан. Мөнхжин бид хоёрыг комьпютеруудаа зөөсний дараа Буянзаяа тамхи авчихаад ирсэн. Тэгээд машин яваад Их Наран руу очоод тэнд машиндаа 11 цаг хүртэл унтаад Мөнхжин интернэтээс комьпютер авна гэсэн зар хараад бид 3 Хороололын Өргөө кино театрын хажууд байрлах хөх шилэн барилгад байрлах комьпютер засварын төвд комьпютер авна гэсэн хүнтэй Мөнхжин уулзаад комьпютеруудыг зарсан. Яг хэдэн төгрөгөөр зарсаныг мэдэхгүй байна. Мөнхжин 1.000.000 төгрөг авчихлаа гэж хэлж байсан ба орой мөнгө шилжүүлнэ гэж хэлээд бид 2-хүргэж өгөөд орой залгана гэж хэлсэн. Тэгээд залгаагүй алга болсон. Тэгээд цагдаа залгахаар нь өөрсдөө  очиж хэргээ хүлээсэн. Бид нар хулгай хийхдээ цагаан өнгийн Соната 5 маркийн машин ашигласан.Тэр машин нь Мөнхжингийн машин байсан. Мөнхжингийн унаж байсан тээврийн хэрэгсэл дотор байгаа төмөр хөрөөг дэлгүүрээс худалдаж авсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх 36-39 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Банзрагч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Хохирлын үнийн дүнг дахин үнэлүүлэхэд үнэлгээ нь буурсан байсан. Надад учирсан 6.565.000 төгрөгийн хохирлыг 4.205.000 төгрөгөөр үнэлсэн байна. Би энэ үнэлгээтэй санал нийлэхгүй байна гэв.

 

Хохирогч Э.Банзрагч мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 42-1 тоотод байрлах өөрийн объектод хувиараа компьютер тоглоомын газар ажиллуулдаг. 2016 оны 01 дүгээр сарын 28-ны шөнийн 00.00 цагт ажлаа тараад хаагаад харьцгаасан. Тухайн тоглоомын газар нь миний эзэмшлийнх бөгөөд цаашид компьютеруудаа шинэчилж ажиллуулах уу, түрээслүүлэх үү гээд хэд хоног ажиллаагүй юм. Тэгээд ажлын газартаа очоогүйгээс 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 12 цагийн орчим Ганболд гэж ахыг гуйгаад ажил руу очоод эргэж тойроодох гэж хэлсэн. Тэгээд удалгүй над руу яриад нэг давхрын цонхны төмөр хаалтыг эвдээд доторх эд зүйлүүд нь хөдөлчихсөн байна, би дуудлага өгчихлөө гэхээр нь яваад очсон. Ингээд манай байгууллагад хулгай орж эд зүйлүүд алдагдсан байсан. Тухайн үед би энэ хэрэгт өмнө нь манайд ажиллаж байсан Б.Мөнхжинг сэжиглэж байсан. Тэгээд дуудлагаар ирсэн цагдаагийн бүрэлдэхүүнтэй уулзаж байгаад барьж авсан. Ажлын газраас 10 ширхэг компьютерийн дэлгэц, процессор алдагдсан байсан, мөн хяналтын камерын бичигч зэрэг алдагдсан байсан. Алдагдсан 10 ширхэг дэлгэц нь 21 инчийн Эйсер маркийн худалдаж аваад нэг жил гаран болж байгаа. 10 ширхэг процессор нь Делл востро 460 загварын Ай-3, житекс 460, гегабайт рамтай үзүүлэлттэй, хаардгүй процессор байсан бөгөөд мөн л нэг жилийн өмнө худалдаж авсан. Би дэлгэц нэг бүрийг нь 240.000 төгрөгөөр, процессор нэг бүрийг нь 565.000 төгрөгөөр, бичигч нь эйч 264 маркийн, 250.000 төгрөгөөр үнэлж байна. Мөн нэг давхрын хуучин модон цонхыг хагалсан байсан. Мөн төмөр хаалтыг нь хөрөөдөж эвдэлсэн байсан. Засуулчихаад энэ талаарх баримтыг тусад нь гаргаж өгнө. Хохирлоо гаргуулж авмаар байна. Хуулийн дагуу гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэж өгөхийг хүсэж байна. Надад хохирлын мөнгө гэж 1.360.000 төгрөг хүлээлгэн өгсөн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42, 43 хуудас/

 Гэрч Д.Ганбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "…Би Б.Мөнхжинг танина. 2015 оны 11 дүгээр сарын дунд үеэс танилцсан. Би өөрийн 61-03 УНХ улсын дугаартай, “Соната 5” маркийн автомашинаа түрээслэнэ гэж үнэгүй.мн сайтад зар тавьсан, энэ зарын дагуу Б.Мөнхжин гэдэг залуу надтай холбогдож 11 дүгээр сарын дундуур миний машиныг түрээслэхээр болж өдрийн 25.000 төгрөгөөр түрээслэсэн. Тэгээд мөнгө төгрөгөө цувуулж өгч байгаад сүүлийн сар гаруйн хугацаанд алга болчихсон. Тэгээд би Б.Мөнхжинтэй утсаар яриад дансаар мөнгөө авдаг байсан. Тэгээд сүүлийн сар гаруйн хугацаанд утсаа ч авахгүй алга болсон. Тэгээд би саяхан залгатал цагдаад баригдсан гэж ээж нь хэлсэн. 61-03 УНХ улсын дугаартай автомашин нь миний машин юм. Би энэ машиныг 2015 оны 10 дугаар сард хүнээс худалдаж аваад удаагүй байхад Б.Мөнхжин түрээслэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

"Зинет" цахим тоглоомын газрын гаднах хяналтын камерын бичлэгийг хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл:

Гэрч Д.Ганболдоос гаргаж өгсөн флаш диск рүү ороход дотор нь 20160129_183504, 20160129_183618, 20160129_190904, 20160129_191748, 20160129_191748 гэх дугаартай бичлэгүүд байх ба орж үзэхэд уг камерын хяналтын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 03:24:36 минутанд нүдээр харахад цагаан өнгийн “Соната 5” маркийн автомашин байж болох машин явж өнгөрсөн ба 03:28:17 минутанд уг машин нь буцаад явж байгаа ба мөн бичлэгийн 04:36:34 минутанд буцаад орсон ба 06:00:20 минутанд буцаад гарч явж байгаа бичлэг байв. Дээрхи камерын бичлэгийг шүүж үзэхэд хэрэгт өөр ач холбогдолтой зүйл илрээгүй үзлэгийг 17 цаг 11 минутанд дуусган хөндлөнгийн гэрч нарт уншуулахад ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно…” гэжээ /1 хх-ийн 36-39 дүгээр хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

  • “Делл” маркийн процессор 10 ширхэг – 1 бүрийн үнэ 226.000 төгрөг
  • “Эйсер” маркийн 21 инчийн дэлгэц 10 ширхэг – 1 бүрийн үнэ 192.000 төгрөг
  • “эйч 264” маркийн камерын бичигч төхөөрөмж 1 ширхэг – 25.000 төгрөг …” гэжээ. /2 хх-ийн 178 дугаар хуудас/

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл: “...сэжигтэн Б.Мөнхжингийн зааж өгсөн газар очиход Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг “Өргөө” кино теартын баруун талд байрлах канон, факс, принтер гэх бичигтэй ертөнцийн зүгээр урагш харсан шилэн хаалгаар ороход комьпьютер, принтер, худалдаа засвар, хор цэнэглэх гэх хаяггүй ертөнцийн зүгээр урагш харсан хаалгатай шилэн лангуу байх ба уг лангуунд суудаг эрэгтэй хүнд зарсан гэж заав. Уг лангууны хүн болох Баярсайхан овогтой Мөнхбаттай уулзахад “тийм ээ би энэ залуугаас 10 ш комьпютерын дэлгэц, 10 ш процессор худалдан авсан. гэж хэлэв...” гэжээ. /1 хх-ийн 30-33 дугаар хуудас/

 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 12-25 дугаар хуудас/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл / 1 хх-ийн 26 дугаар хуудас/, бэлэн мөнгө хураан авсан тэмдэглэл /1 хх-ийн 27-28 дугаар хуудас/, автомашин хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 хх-ийн 29 дүгээр хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан ажиллагааны тэмдэглэл /1 хх-ийн 30-33 дугаар хуудас/, эд зүйл хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 34/, хохиролын мөнгө хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Б.Буяндэлгэрийн мэдүүлэг /1 хх-ийн 45 дугаар хуудас/, гэрч Д.Ганболдын мэдүүлэг /1 хх-ийн 46 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа / 1 хх-ийн 100-103 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 104, 106-108 дугаар хуудас/, шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримт /1 хх-ийн 47-48 дүгээр хуудас/ урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолуудын хуулбар /1 хх-ийн 110-148, 2 хх-ийн 171-177 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нар бүлэглэн 61-03 УНХ улсын дугаартай “Соната 5” маркийн автомашин механизм ашиглан 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдрөөс 2016 оны 1 дүгээр сарын 29-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах "Эс класс" интернет тоглоомын газрын вакум цонхны төмөр хаалтыг тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл болох төмрийн хөрөөгөөр эвдэн нэвтэрч  “Эйсер” маркын 10 ширхэг компьютерийн дэлгэц, “Делл” маркын 10 ширхэг компьютерийн процессор, камерийн бичигч 1 ширхэг төхөөрөмж зэрэг эд зүйл хулгайлсны улмаас хохирогч Э.Банзрагчид 4.205.000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Э.Банзрагчийн мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тэдгээрийн гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, ял оногдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Гантулгаас “...тус гэмт хэргийг үйлдэхэд Буянзаяа оролцсон тул түүний үйлдлийг шалгаж зөвөөр шийдэж өгнө үү...” гэсэн боловч шүүгдэгч Б.Мөнхжин нь “хэргийг Гантулга бид 2 үйлдсэн, Буянзаяа оролцоогүй” гэж удаа дараа мэдүүлснээс гадна мөрдөн байцаалтын явцад Г.Буянзаяаг тус хэрэгт холбогдуулан шалгаж, түүнд холбогдох хэргийг 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 362 дугаартай прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ.

Шүүгдэгч Б.Мөнхжин нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 12 сарын 28-ны өдрийн 21 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.1 дэх хэсэгт заасан ялтай байдал дууссан тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.Гантулга нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 219 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хугацаа дуусч суллагдан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3 дахь хэсэгт заасан ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа гэмт хэрэг дахин үйлдсэн боловч энэ хугацаа нь Монгол Улсын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болсон гэж үзэх үндэслэлтэй ба энэ талаар шүүх тусгайлан шийдвэр гаргахгүй юм.

 

Иймд С.Гантулгыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нарт ял оногдуулахад хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүйг дурьдаж, харин анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тэдгээрийн нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

 

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Э.Банзрагчид учирсан  4.205.000 төгрөгийн хохирлоос 1.360.000 төгрөгийг өгсөн болох нь тогтоогдсон ба үлдэх 2.845.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй байна.

 

 Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан  ирсэн эд мөрийн баримт болох төмрийн хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Мөнхжингийн, С.Гантулга нарын цагдан хоригдсон 170 хоногийг тус тус ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

 

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн болох нь тогтоогдсон тул түүний үнэ болох 1.700.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж, төрийн өмчид шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон      

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Боржигин овогт Баярмаагийн Мөнхжин, Цагаадчууд овогт Самдангийн Гантулга нарыг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг бүлэглэн, машин механизм, тусгайлан бэлтгэсэн багаж хэрэгсэл хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэний улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхжин, С.Гантулга нарын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нарын цагдан хоригдсон 170 /нэг зуун дал/ хоногийг тэдгээрийн хорих ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан  ирсэн эд мөрийн баримт болох төмрийн хөрөөг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Мөнхжин, С.Гантулга нараас 2.845.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүрээс 1.422.500 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хасу 68 дугаар байрны 12 тоотод оршин суух хохирогч Э.Банзрагч /РД:ЙФ89041117/-д олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нарын гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 1.700.000 төгрөгийг тэнцүү хувааж тус бүрээс 850.000 төгрөгийг гаргуулан хураан авч, төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Мөнхжин, С.Гантулга нарт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны  өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

10. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Мөнхжин, С.Гантулга нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН