Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0048

 

 

 

 

 

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2019/0048

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: “Х” ТББ

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар

Хариуцагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Нэхэмжлэлийн шаардлага:

1. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн А/299/204 тоот хамтарсан тушаалыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах.

2. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологийн эдийн засгийн үнэлгээг үндэслэн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно. гэж заасны дагуу холбогдох шийдвэр гаргуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгуулах.

3. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно. гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй Засгийн газрын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Г.Д, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ТББ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэгч “Х” ТББ нь 2006 үүсгэн байгуулагдсан бөгөөд байгаль орчныг хамгаалах, иргэдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр ажиллаж байгаа нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль нь 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдан гарснаас хойш огт хэрэгжихгүй өнөөг хүрлээ. Ийнхүү хэрэгжихгүй буюу ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгжүүдээс хуульд заасан төлбөрийг авч чадалгүй явж ирсний гол шалтгаан нь хуулийг хэрэгжүүлэхэд нэн чухал ач холбогдолтой журам болох “Хаягдал усны эзлэхүүн (хэмжээ) болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлалыг батлагдан гараагүй байгаатай шууд холбоотой юм.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан дээрх журмыг батлан гаргах үүргийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хамтран гаргах үүргийг хүлээсэн билээ.

Гэтэл дээрх төрийн захиргааны төв байгууллагууд 2012 оноос оноог хүртэл бүтэн 6 жилийн хугацаанд хуулиар хүлээсэн дээрх үүргээ хэрэгжүүлэхгүй явж ирсэн эс үйлдэхүй нь Захиргааны ерөнхий хуульд заасан эрх зүйн зөрчилтэй буюу хууль бус үйл ажиллагаа мөн юм.

Ийнхүү холбогдох журам, аргачлалыг батлаагүйгээс ус бохирдуулагчдын хариуцлагыг сулруулж, усны бохирдлыг улам бүр нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлснээс гадна улсын төсвийн орлогыг алдагдуулж, усны бохирдлыг бууруулах, сэргийлэх арга хэмжээнд зарцуулах мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж чадаагүй. Хэрэв хууль хэрэгжсэн бол Байгаль орчин, аялал жуулчлалын яамны тооцоогоор жилд дунджаар 9 тэрбум төгрөгийн төлбөр, нөхөн төлбөрийн орлого улсын төсөвт төвлөрөх боломжтой байжээ.1 2 Өөрөөр хэлбэл, хууль хүчин төгөлдөр болсноос хойш өнөөг хүртэлх 6 жилийн хугацаанд ойролцоогоор 54 орчим тэрбум төгрөгийн төсвийн орлогыг алдагдуулсан байна.

Түүнчлэн ус бохирдуулагчдын үүрэг, хариуцлагыг сулруулснаас “Туул, Орхон, Хараа, Хангал гэх мэт олон тооны гол, усны эх үүсвэрийн бохирдол дээд цэгтээ хүрч хот, суурин газрын ойролцоо голын урсгалын доод хэсэгт хүн амын дунд уснаас шалтгаалсан өвчлөлийн эрсдэл улам ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд хүрч , иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөн, нийтийн эрүүл мэнд, ашиг сонирхолд ноцтой хохирол учрах аюул нүүрлээд байна.

Туул голын усны бохирдол болон уул уурхай ажилладаг зуны улиралд тохиолддог Орхон, Хараа, Хангал голуудын бохирдлыг дурдаж болно. Ийнхүү хот, суурин газрын ойролцоо голын урсгалын доод хэсэгт хүн амын дунд уснаас шалтгаалсан өвчлөлийн эрсдэл улам ихэсч, эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлэх хэмжээнд хүрээд байна.

Ийнхүү нийтийн эрүүл мэнд, хүний эрх, нийтийн эрх ашигт учирсан хохирол зөрчлийг арилгуулах үүднээс Хөвсгөл далайн эзэд ТББ нь Захиргааны ерөнхий хууль ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэх эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яамны Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох;

Иргэдийн Үндсэн хуульд хуулиар баталгаажсан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн ашиг сонирхлыг зөрсөн дээрх байгууллагуудад хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, Хаягдал усны эзлэхүүн (хэмжээ) болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлалыг батлан гаргахыг хариуцагчид даалгах тухай гомдлыг Засгийн газарт гаргасан боловч хуульд заасан хугацаанд хариу ирүүлээгүй учраас энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхгүй явж ирсэн дээрх үйл ажиллагаа нь:

1. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Хаягдал усны эзлэхүүн (хэмжээ) болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гаргана” гэж заасныг зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай 03 тоот тогтоолыг зөрчсөн байна. Уг тогтоолын 1.5 дахь хэсэгт зааснаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалтын хэрэгжилтийг хангах арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгасан. Мөн тогтоолын 2 дахь хэсэгт зааснаар тогтоолын биелэлтийн явцыг 2016 оны намрын чуулганы хугацаанд багтаан Байнгын хорооны хуралдаанд танилцуулах үүргийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд оногдуулсан болно.

3. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 1 дүгээр сарын 10- ны өдрийн Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай 03/03 тоот зөвлөмжийг зөрчсөн байна. Уг зөвлөмжийн 1.3 ба 2.1-ийн дагуу агаар, орчны бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, үүрэг хариуцлагын тогтолцоог бий болгох арга хэмжээ авах, холбогдох шийдвэрийн төслийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны дотор боловсруулж өргөн барих үүргийг Монгол Улсын Засгийн газарт оногдуулжээ.” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 1. “Х” ТББ-ын нэхэмжлэлтэй Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох. Иргэний Үндсэн хуульд хуулиар баталгаажсан Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, Хаягдал усны эзлэхүүн /хэмжээ/ болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлалыг батлан гаргахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.

“Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль”-ийг 2012 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцэн баталсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасны дагуу “Хаягдал усны эзлэхүүн болох бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, "Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”-ыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 дугаартай хамтарсан тушаалаар баталсан.

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд (хуучин нэрээр), Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Журам, аргачлал батлах тухай” А-299/204 тоот хамтарсан тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр Хууль зүйн яаманд (хуучин нэрээр) хүргүүлсэн |боловч Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1.1 дэх хэсэгт заасан баримт бичгийн бүрдлийг хангаагүй гэдэг үндэслэлээр 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1-1/2837 албан тоотоор буцаасан.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж байгаа бөгөөд хуулийн.төсөл батлагдмагц Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Журам, аргачлал батлах тухай” А-299/204 тоот хамтарсан тушаалыг шинэчлэн найруулан Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ.

2. Нэхэмжлэгч: “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “...Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно..." гэсэн заалтын дагуу холбогдох шийдвэр гаргуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгуулах” гэжээ.

Улсын Их Хурал 2012 оны 05 дугаар сарын 17-нд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль батлагдсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5-д “Ахуйн хэрэгцээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох", 8 дугаар зүйлийн 8.4-т “Аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээг заасан журам"-ыг Засгийн газар тогтооно." гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01/3146 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн.

“Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн бөгөөд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу тогтоолын төслийг иргэдэд эдийн засгийн дарамт үүсгэх эрсдэлтэй гэж үзэн буцаасан байдаг.

Улмаар “Ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”-ыг оруулахгүйгээр “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох, журам батлах” тухай Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж Засгийн газрын Хэрэг эрхлэх Газарт Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/677 тоот албан бичгээр хүргүүлсэн.

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.1-т “Хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд сөрөг нөлөөгүй, үр ашигтай, дэвшилтэт технологи нэвтрүүлж, нөөцийг хэмнэх, эргүүлэн ашиглах, хаягдлыг дахин боловсруулан ашиглах ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ.”, 4.1.6-т “Хот, буурин газрын агаар, ус, хөрсний бохирдлыг бууруулж, хог хаягдлын зохистой менежментийг хэрэгжүүлнэ.”, 4.2.3-т “Усны нөөцийг хамгаалж, хо1йсдолоос сэргийлэх нэгдсэн менежментийг хэрэгжүүлж, хаягдал бохир усыг цэвэрлэн дахин ашиглах технологи нэвтрүүлэхийг дэмжинэ.", 4.2.8-т “Байгаль орчинг Хамгаалах, байгалийн нөөц баялгийг зохистой ашиглах чиглэлээр эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгож, ашиглалтын үр өгөөжийг сайжруулна.” гэж тус тус тусгуулсан. Энэхүү бодлогын хүрээнд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу холбогдох судалгааг хийж, хуулийн төслийн үзэл баримтлалыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Сангийн сайдтай хамтран батлуулж, хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь нэхэмжлэлд дурдсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаас гадна хуулийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бусад журмыг боловсруулан тодорхой арга хэмжээ авч, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогыг хэрэгжүүлэхэд анхааран ажилласаар байна.

3. Нэхэмжлэгч: “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан “...Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно..." гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох” гэжээ.

Монгол Улсын Засгийн газар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг нэн даруй хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзэн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр болон бодлогын баримт бичигт тусгасан.

Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл"-ийн 3 дугаар зүйлийн 3.33 дахь хэсэгт Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж 2017 онд өргөн мэдүүлэхээр заасан. Үүний дагуу Засгийн газрын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хуралдааны 54 дүгээр тэмдэглэлээр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж тогтсон.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдах хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хуулийн төслийг үзэл баримтлалыг хэлэлцэхийг тус тус дэмжсэн. УИХ-ын 2018 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд байна. “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалал тогтоох тухай” УИХ-ын даргын 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 166 дугаар захирамжийн хэлэлцэх асуудлын жагсаалтын 23 дугаарт “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-ийг оруулсан.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.6,-д “эс үйлдэхүй” гэж “иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуульд заасан хугацаанд биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсныг;” гэж тайлбарласан байна. Гэтэл Засгийн газар нь Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг хэрэгжүүлэх үүднээс Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн, холбогдох шийдвэрийг гаргаж, УИХ-д өргөн мэдүүлж байгаа нь тухайн асуудлыг шийдвэрлэхгүй, биелүүлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гэж үзэх боломжгүй юм.

Иймд “Х" ТББ-ын тэргүүн Б.Б-ийн нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Х” нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагыг төлөөлж тус байгууллагын Тэргүүн  Б.Б шүүхэд хандаж “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд зааснаар хаягдал усны эзлэхүүн /хэмжээ/ болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцох аргачлалыг батлан гаргахыг хариуцагчид даалгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн А-299/204 тоот хамтарсан тушаалыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгуулах, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “...төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, уг заалтын дагуу холбогдох шийдвэр гаргуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгуулах” гэж өөрчилсөн болно.

“Х” нь 2006 оны 5 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн, байгаль орчныг хамгаалах байгалийн баялгийг зүй зохистой хамгаалах, нөхөн сэргээх, тогтвортой хөгжлийг хангах... чиглэлээр ажиллаж, иргэдийн оролцоотойгоор Хөвсгөл нуурын ай сав газрын унаган төрхийг хэвээр хадгалж нутгийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах эрхэм зорилготой, нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллага байх ба 2016-2018 онуудад албан татвар төлж тогтвортой үйл ажиллагаа явуулж иржээ.

 Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.1, 18.3.2 дахь хэсэгт заасан “нэхэмжлэлийн шаардлага нь тухайн байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн байх”, дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” шаардлагыг хангаж байна гэж үзэж шүүх уг нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн болно.  

Улсын Их Хурлаас 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр баталсан Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад ус бохирдуулсны төлбөр ногдуулах, төлбөрийг төсөвт төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.32-т “ус бохирдуулсны төлбөр” гэж хаягдал усны стандартад нийцсэн агууламж бүхий ус зайлуулсан, хаясан тохиолдолд төлөх төлбөр” гэж заажээ.

Түүнчлэн Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Ус, рашааны нөөцийг ашиглан хаягдал ус гаргаж, усны найрлага, чанарт нөлөөлж байгаа ус бохирдуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага ус бохирдуулсны төлбөр төлөгч байна” гэж, мөн хуулийн 5.1-д “Ус бохирдуулсны төлбөр төлөгчийн гаргасан…хаягдал усанд ус бохирдуулсны төлбөр /цаашид “төлбөр” гэх/ ногдуулна” гэж, 5.2-т “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах”-аар, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтоох” үүрэгтэйг тус тус заажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл:  Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Улсын Их хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн санал дүгнэлтэд уг хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.18-д “усны чанарын болон хаягдал усны стандартыг боловсруулж эрх бүхий байгууллагаар батлуулах” үүргийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хариуцуулж, тус байгууллага нь байгаль орчны асуудал хариуцсан Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар тусгагдсан,

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Журам аргачлал батлах тухай” А-299/204 тоот хамтарсан тушаалаар “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”, “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтуудыг тус тус баталж улмаар Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхээр хүргүүлснийг Хуульзүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1-1/2837 дугаар албан бичгээр “...баримтын бүрдэлд хэлэлцүүлгийн талаарх мэдээллийг хавсаргаж ирүүлээгүй” гэсэн үндэслэлээр буцаасан,

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 01/3146 дугаар албан бичгээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Б-д  хандаж “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2, 8 дугаар зүйлийн 8.4-т заасныг үндэслэн “Ахуйн хэрэгцээнээс гарч  байгаа хаягдал уснаас төлбөр авах журам”, “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”, “Ус бохирдуулсны төлбөрөөс хөнгөлөх аж ахуйн нэгж байгууллагын жагсаалт болон хөнгөлөлтийн хувь хэмжээ тогтоох тухай” журмыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр хүргүүлсэн,

Монгол улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэлээр уг “...асуудлыг хэлэлцээд хуралдаан дээр Засгийн газрын гишүүдээс гаргасан саналын дагуу хойшлуулах”-аар шийдвэрлэсэн,

Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/677 дугаар албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Б-д  хандаж ахуйн хэрэглээнээс гарч байгаа хаягдал уснаас төлбөр авах журмыг хасч зөвхөн “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар дахин оруулах хүсэлтийг хүргүүлсэн боловч уг тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байгаа,

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Туул голын бохирдлын асуудлаар 5846 иргэнээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхэд бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг хэлэлцээд Туул голын бохирдлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр...арга хэмжээг авч ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгож, тогтоолын 5 дахь заалтаар “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2...дахь заалтын хэрэгжилтийг хангах” гэж заасан,

Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 03/03 дугаар бүхий “Нийслэлийн агаар, орчны бохирдлын тухай” зөвлөмжийн 1.1-д “агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн гэж үзэж онцгой байдлын горимоор ажиллах,...үйл ажиллагааны эрх зүйн орчинг сайжруулж холбогдох хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах”-ыг Улсын Их Хуралд, зөвлөмжийн 2.1-д “энэхүү зөвлөмжийн 1.1-1.4-т заасан хууль, шийдвэр, хөтөлбөрийн төслийг 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн дотор боловсруулж Улсын Их Хуралд өргөн барих”-ыг тус тус зөвлөмж болгосон үйл баримтууд тогтоогдож байна.

Ийнхүү Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдөр батлагдсан боловч дээрх хуулийн 5.2-т заасан, “...хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг батлах үүргээ Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, мөн хуулийн 7.2-т заасан “...ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ”-г …усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн…тогтоох” үүргээ Засгийн газар өнөөдрийг хүртэл тус тус биелүүлээгүй байх ба энэ нь хариуцагч захиргааны байгууллагуудын хууль бус эс үйлдэхүй болох нь тогтоогдсон, үүний улмаас нийтийн эрх ашиг сонирхол хөндөгдөж байна гэж шүүх дүгнэв.

Өөрөөр хэлбэл Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/ нь Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал, Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалтыг тус тус батлан Хууль зүйн сайдад хүргүүлсэн хэдий ч Хууль зүйн сайдын 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1-1/2837 дугаар албан бичгээр буцаасан байхад түүний дараа баримт бичгийн бүрдлийг хангуулж хүргүүлэлгүй даруй 2 жилийн хугацаа өнгөрөөснийг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хууль бус эс үйлдэхүй гэж үзнэ.

Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх ажиллагааг тухайн актыг гаргах эрх бүхий захиргааны байгууллага зохион байгуулж, мөн хуулийн 61.4.1-61.4.6-д заасан аргачлалын дагуу нөлөөллийн шинжилгээ хийж танилцуулга бэлтгэх, улмаар хуулийн 62.2-т зааснаар Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийх үүрэгтэй.

Гэтэл Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд нь уг хэм хэмжээний актын талаар хэлэлцүүлэг хийсэн эсэх тухай баримтыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхдээ хавсаргаагүйгээс Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасан баримт бичгийн бүрдэл хангаагүй гэж үзэж буцаасан байхад Захиргааны ерөнхий хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т зааснаар “Захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн зөрчилтэй байгаа тухай хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний энэ хуулийн 66.3.2-т заасан дүгнэлтийг хүлээн авсан захиргааны байгууллага өөрийн гаргасан захиргааны хэм хэмжээний актын хууль зүйн үндэслэлийг хянан үзэж, түүний эрх зүйн зөрчлийг арилгасан, эсхүл зохих нэмэлт, өөрчлөлт оруулсан бол энэ тухай ажлын 10 өдрийн дотор бүртгүүлэхээр дахин хүргүүлэх” ёстой байхад үүргээ биелүүлээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний актыг зөвхөн улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсний дараа хүчин төгөлдөр дагаж мөрдүүлнэ”, 67.3-д Энэ хуулийн 67.2-т заасан шаардлагыг зөрчсөн тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний акт эрх зүйн үйлчлэл үзүүлэхгүй бөгөөд биелүүлээгүй иргэн, хуулийн этгээдэд үүрэг, хариуцлага хүлээлгэхгүй гэж заасан.

Иймд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Журам аргачлал батлах тухай” А-299/204 тоот хамтарсан тушаалаар баталсан “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”, “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт”-ыг тус тус захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй нь хууль бус байх тул эдгээр журам, аргачлал, жагсаалтыг захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их хурлын чуулганаар хэлэлцүүлж байгаа, хуулийн төсөл батлагдмагц Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Журам аргачлал батлах тухай” А-299/204 тоот хамтарсан тушаалыг шинэчлэн найруулж Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгүүлнэ” гэсэн тайлбар гаргаж үүнийгээ нотлохоор Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлал, төсөл зэргийг шүүхэд ирүүлсэн боловч энэ нь хариуцагч захиргааны байгууллагуудын гаргасан эс үйлдэхүйг зөвтгөх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль 2012 онд батлагдаж өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөж байхад хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам, тооцоолох аргачлалыг…батлах” үүргээ байгаль орчин аялал жуулчлалын яам биелүүлээгүй,  мөн хуулийн  6 дугаар зүйлийн 6.1-д Ус бохирдуулсны төлбөр тооцох үзүүлэлтийг тогтоох…” болон хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “Төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн тогтоох” үүргээ Засгийн газар биелүүлээгүй, эдгээр хууль бус эс үйлдэхүйгээ “хуульд нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа” гэх хийсвэр үндэслэлээр тайлбарлаж байгаа нь  хууль зүйн үндэслэлгүй.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хуралдааны 39 дүгээр тэмдэглэлээр уг “...асуудлыг хойшлуулах”-аар шийдвэрлэсэн, мөн Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01/677 дугаар албан бичгээр “Ус бохирдуулсны төлбөрийн хэмжээ тогтоох журам батлах тухай” Засгийн газрын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар дахин оруулах хүсэлтийг хүргүүлсэн боловч уг тогтоолын төслийг өнөөдрийн байдлаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй байна.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д зааснаар “... Засгийн газар нь Монгол Улсын төрийн гүйцэтгэх дээд байгууллага”-ын хувьд, …мөн зүйлийн 2-т заасан Монгол Улсын хуулийг биелүүлэх…нийтлэг чиг үүрэгтэй” боловч хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар хүлээсэн “ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох” үүргээ Засгийн газар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй нь Засгийн газрын хууль бус эс үйлдэхүй гэж шүүх дүгнэв.

Нэхэмжлэгч нь дээр дурдсан Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг заалтын дагуу холбогдох шийдвэр гаргуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгуулах шаардлага гаргасан бөгөөд Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар Яам нь “хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийн төсөл боловсруулах” нийтлэг ажил эрхэлдэг тул ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын тогтоол гаргуулахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-т заасныг баримтлан ТОГТООХ нь:

1. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2, Монгол улсын Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 62.2, 66.4, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч “Х” ТББ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Сангийн сайдын 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Журам аргачлал батлах тухай” А-299/204 тоот хамтарсан тушаалаар баталсан “Хаягдал усны эзлэхүүн болон бохирдуулах бодисын агууламжийг үндэслэн хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тогтоох журам”, “Хаягдал усан дахь бохирдуулах бодисын хэмжээг тооцох аргачлал”, “Ус бохирдуулах аюултай бодисын жагсаалт”-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг даалгаж, Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасан “...төлбөрийн хэмжээг усны сав газар тус бүрээр усны экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн энэ хуулийн 7.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй Засгийн газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, уг заалтын дагуу ус бохирдуулсны төлбөрийн хэмжээг тогтоох шийдвэрийн төсөл боловсруулж Засгийн газрын тогтоол гаргуулахыг хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид  буцаан олгосугай.

3. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  108  дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДУЛАМСҮРЭН