Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 223/МА2018/00032

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 14 өдөр

     Дугаар 223/МА2018/00032

 

 

Б.Ө-ны нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

 Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж,  Ерөнхий шүүгч Г.Болормаа, шүүгч Ц.Өрнөндэлгэр нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/01086 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Б.Ө-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч Төв, БН, ЗДдаргад холбогдох,

“Төв, БН, ЗДдаргын 2017 оны 05 сарын 24-ний өдрийн Б/05 тоот тушаалыг хүчингүй болгуулах, нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 07 сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 сарын 24-ний өдөр хүртэлх цалин 8 483 539 төгрөг, мөн 2017 оны 06 дугаар сард ажилласан цалин 577 826 төгрөг, нийт 9 061 365 төгрөг гаргуулах, ажилгүй хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Өрнөндэлгэрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ө , түүний өмгөөлөгч С.Сувдмаа, хариуцагч Төв, БН, ЗДдарга Б.Ууганбаяр, түүний өмгөөлөгч Ж.Тэгшмандал, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

 

 Нэхэмжлэгч Б.Ө  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Борнуур сумын Засаг даргын Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулах, сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, 2017 оны 06 дугаар сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөг, 2016 онд үндэслэлгүйгээр бууруулж, дутуу олгосон цалин 307 524 төгрөг, алданги 350 270 төгрөг, нийт 1 235 620 төгрөг гаргуулах тухай. Борнуур сумын Засаг даргын тамгын газар 2015 оны 03 сарын 05 ны өдөр Санхүүгийн алба байгуулан тэр өдрөөс миний бие сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор 2 жил 3 сар ажиллаж байсан ба энэ хугацаанд зөрчил дутагдал гаргаж ямар нэгэн арга хэмжээ авахуулж байгаагүй юм. Энэ хугацаанд аймгийн засаг даргын нэрэмжит үзлэгээр санхүүгийн ажил 100 хувь сайн гэж үнэлэгдэж, Санхүү төрийн сангийн хяналт шалгалтаар 2015, 2016 оны санхүүгийн баримтаа шалгуулж Төрийн аудитаас санхүүгийн зөрчилгүй гэсэн санал дүгнэлтийг байгууллага тус бүр дээр авсан байдаг. Гэтэл намайг улс төрийн шалтгаанаар ямар ч үндэслэлгүй урьдчилан мэдэгдэлгүйгээр миний хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгосон. Ажлаас чөлөөлөх захирамжид хөдөлмөрийн хуульд заасан ажил олгогчоос баримтлах хуулийн зүйл, заалтыг баримтлаагүй байгаа юм. 2017 оны 05 сарын 24-ний өдөр ажлаас чөлөөлөх захирамж гаргаж, 2017 оны 06 сарын 09-ний өдөр ажил хүлээлцэх комисс байгуулж, 2017 оны 07 сарын 04-ний өдөр ажлаа өгсөн. Халсан тушаалыг өдөрт ажилтанд гардуулж өгөх заалтыг зөрчсөн. Хуульд зааснаар ажил олгогч ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, 2 жил гаруй хугацаанд ажил хийх явцдаа Тамгын газрын дарга Б.Галбадрахтай хөдөлмөрийн гэрээ хийхийг Санхүү албаны дарга Д.Энхжаргалаар дамжуулан удаа дараа хүсэлт тавьж байсан. Иймд намайг үндэслэлгүй ажлаас халсан гэж үзэж байна.

Анх санхүүгийн алба байгуулагдах үндсэн цалин ТҮ8 633 221 төгрөгөөр батлагдсан байхад ТҮ8 577 826 төгрөгөөр тогтоосон. Надад энэ дүнгээрээ цалинг олгож байгаад 2016 онд Засгийн газрын тогтоосон цалингийн шатлалыг дур мэдэн дахин өөрчилж ямар тушаал шийдвэргүй, ямар ч ангилал шатлал зэрэглэлд байхгүй 552 199 төгрөгөөр цалинжуулсан. 2017 оны 06 дугаар сард бүтэн ажилласан боловч цалин олгоогүй. Мөн дур мэдэн миний цалинг хууль зүйн үндэслэлгүй бууруулсан гэж үзэж түүний зөрүүг гаргуулахаар нэхэмжилж байна.Иймд миний зөрчигдсөн эрх ашгийг хамгаалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв, БН, ЗДдарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн Б/01 тоот захирамжаар санхүүгийн алба байгуулагдахад сонгон шалгаруулалт зарлаагүйгээр сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор Б.Ө ыг түр ажилтнаар томилсон. 2015 оны 04 сарын 13-ны өдрийн А/02 тоот Засаг даргын тамгын газрын тушаалаар сонгон шалгаруулалтын ажлын хэсэг байгуулан 2015 оны 07 сарын 24-нд зохион байгуулж, Б.Ө  49 оноо, Ш.Энхтунгалаг 57 оноо авсан боловч Б.Ө ыг түр тушаалаар, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй 2 жил ажиллуулсан байна. Иймд 2017 оны 05 сарын 24-ний өдрийн Б/05 тоот Б.Ө ыг чөлөөлсөн захирамжийн үндэслэлд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1 дүгээр заалтуудыг үндэслэх боломжгүй юм. Энэ ажилтан түр тушаалтай байсан учраас энэ ажлын байранд дахин сонгон шалгаруулалт зарлаж, сонгон шалгаруулалтанд 2 удаа тэнцээгүй тул шалгарсан нягтлан бодогч Ш.Энхтунгалагийг ажилд томилсон болно. Б.Ө ыг ажлаас чөлөөлөх захирамж 2017 оны 05 сарын 24-нийөдөр гарч, түүнд 5 дугаар сарын цалинг бүтнээр мөн ээлжийн амралтын мөнгийг 22 хоногоор тооцон олгосон. Ээлжийн амралттай байх хугацаанд буюу 6 дугаар сард Төв аймгийн Засаг даргын дэргэдэх санхүүгийн хяналт, аудитын албанаас ээлжит 2 жил тутам хийгддэг 2014, 2015 оны санхүүгийн баримтын шалгалтанд 7 хоног ажилласан. Энэ нь нягтлан бодогчийн үүрэгт ажил юм. 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/170 тоот захирамжаар ажил хүлээлцэх ажлын хэсэг байгуулсан боловч Х.Энхтуяа нь Солонгос улсад 10 хоног ажлаар, гишүүн Баярмаа эмнэлэгт хэвтсэн тул ажлын хэсгийн бүрэлдэхүүн хүрэлцээгүй. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гүйцсэн боловч Б.Ө-ны ээж хагалгаанд орсон гэж мөн тэрээр санхүүгийн програмтай компьютерийг гэртээ аваачиж тавьчихаад 2-3 хоног гэртээ байгаа мөртлөө хаалгаа онгойлгож өгөхгүй хүндрэл учруулж хойшлогдсон байдаг. Ингээд 2017 оны 07 сарын 04-ний өдөр ажил хүлээлцсэн. Ажил хүлээлцэх үед хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр Б.Ө  өөрөө ирээгүй, төрийн сангийн мэргэжилтэн санхүүгийн программыг ерөнхийд нь ажиллаж байгааг үзэж авсан. Гэвч хэд хоногийн дараа цалингийн программд зарим хүний мэдээлэл байхгүй, өмнөх бодсон цалин устсан байсан. Түүний ажиллаж байсан хугацаанд 2015 оны санхүүгийн тайланд төрийн аудитын байгууллагаас ерөнхий боловсролын сургууль зөрчилтэй, 2014-2015 оны баримтын шалгалтаар Сургууль, цэцэрлэгийн ажилчидтай холбоотой 3 138 260 төгрөгний төлбөрийн акт, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Б/05 тоот захирамжаар сахилгын шийтгэл, Сургууль, цэцэрлэгийн ажилчдын ҮЭ-ийн хорооноос гаргасан өргөх бичиг, багш ажилчдын амралт, цалинг буруу бодсон. Ерөнхий менежерийн гаргасан шийдвэрийг дур мэдэн засварлаж цалин боддог зэрэг алдаа дутагдлууд гарч байсан. Санхүү албаны ёс зүйд үл нийцэх асуудлыг удаа дараа гаргаж байсан. 2016 онд тамгын газрын цалингийн сан хүрэлцээгүй, батлагдаж ирсэн төсвийн хүрээнд бүх ажилчдын үндсэн цалинг 7 хувиар бууруулж олгосон. Ганц Б.Ө-ны цалингийн асуудал хөндөгдөөгүй. Б.Ө  сонгон шалгаруулалтанд тэнцээгүй, шүүхээр маргаантай, түр тушаалтай байсан, өөрөө тамгын газарт албан бичгээр хүсэлт гаргаж байгаагүй. Иймд Б.Ө-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 Нэхэмжлэгч Б.Ө  2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ихэсгэсэн шаардлагадаа: “2017 оны 05 сарын 24-ний өдрийн Б/05 тоот захирамжийг хүчингүй болгуулж, Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг,соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин болох 2017 оны сараас 2017 оны 12 сарыг дуусталх 3 466 956 төгрөг, 2017 оны 6 дугаар сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөгийг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, цаашид шүүхийн шийдвэр гарч ажилтай болох хүртэл хугацааны цалинг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Төв, БН, ЗДдарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Төв аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2014 оны 21 дугаар тогтоолын Төрийн үйлчилгээний албан тушаалтан сонгон шалгаруулах үлгэрчилсэн журмын дагуу сонгон шалгаруулах комиссыг 2015 оны А/02 тоот Засаг даргын Тамгын газрын тушаал, Сумын Засаг даргын 20147 оны 127 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсгийг 2 удаа байгуулан сонгон шалгаруулалтыг журмын дагуу явуулсан боловч Б.Ө  нь тухайн шалгалтын журамд заагдсан шаардлагатай өндөр оноог аваагүй тул уг ажилд томилон ажиллуулахаас татгалзаж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ө  2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ихэсгэсэн шаардлагадаа: “Борнуур сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 05-ны өдрийн А/127 дугаар байгуулагдсан Сонгон шалгаруулалтын комиссын 2017 оны 05 сарын 17-ны өдрийн тэмдэглэлийн хүчингүй болгуулах. 2017 оны 07 сараас 2018 оны 01 сарыг дуустал цалин, 2017 оны 06 сарын цалин нийт 4 622 608 төгрөг гаргуулахаар нэмэгдүүлж байна.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ө  2018 оны 08 сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, нэмэгдүүлэхдээ: “Ажлаас чөлөөлөх захирамжийг хүчингүй болгуулах, Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчоор эгүүлэн тогтоолгох,

ажилгүй байсан 2017 оны 07 сарын 04-ний өдрөөс 2018 оны 09 сарын 24 хүртэл 14 сар 24 хоногийн цалин 8483 539 төгрөгтэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах

2017 оны 06 сард бүтэн ажилласан цалин 577 826 төгрөг гаргуулах, үнийн дүн нийт 9 061 365 төгрөг,

Ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлүүлж, дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх гэжээ. /2хх/

Хариуцагч Төв, БН, ЗДдарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн нэхэмжлэлийн шаардлага тодруулах, нэмэгдүүлэх тухай гэсэн шаардлагатай танилцлаа. Өмнө нь гаргасан байсан шаардлагуудтай одоо байгаа мөн олон удаа энэ асуудалд тайлбар өгсөн. Хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүх хурал дээр тайлбараа гаргана.” гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ө  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” ...2015 онд Төв, БН, ЗДдаргын захирамжаар сумын санхүүгийн алба байгуулж, миний бие тус санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчоор түр хугацаагаар томилогдон, 2 жил 3 сарын хугацаанд өөрийн хариуцсан ажлаа хариуцлагатай сайн ажилласаар ирсэн. Энэ хугацаанд надтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. 2017 оны 05 сард шинээр томилогдсон Засаг дарга Б.Ууганбаяр нь миний ажиллаж байсан албан тушаал дээр сонгон шалгаруулалт зарлаад сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн 2017 оны 05 сарын 24-ний өдөр намайг ажлаас халсан тухай захирамж гаргасан. Энэ тушаалыг миний бие хууль бус гэж шүүхэд гомдлоо гаргасан. Учир нь Засаг дарга Б.Ууганбаяр хувийн эрх ашгийн үүднээс намайг халсан гэж үзэж байна. Сонгон шалгаруулалт зарлана гэдгийг надад хэлсэн, захирамж гаргасан тул би бүртгүүлж, оролцсон. Сонгон шалгаруулалтын комисс нь оролцогч Ш.Энхтунгалагтай ашиг сонирхлын зөрчилтэй бөгөөд шалгаруулалтын явцад түүнийг тэнцүүлэхийн тулд дэмжлэг үзүүлсэн нь илэрхий байсан тул би шалгаруулалтын явцад танхимыг орхиж гарсан. Гэтэл Ш.Энхтунгалагийг сонгон шалгаруулалтанд тэнцсэн гэж үзээд намайг ажлаас халсан нь хууль бус юм. Тус сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулахаар шаардлага гаргасан боловч энэ шаардлагаас татгалзсан байгаа. Ажлаас чөлөөлөх тушаалд хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэлээ заагаагүй байдаг. Иймд санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн ажилд тогтоож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Ө ыг 2015 онд Засаг дарга Гүенбаатар анх томилохдоо түр хугацаагаар томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдаг. Түр хугацаагаар томилсон ч гэсэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллах байтал гэрээ байгуулаагүй тул хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй гэж үзэж байна. Түр хугацаагаар томилогдсоны дараа үндсэн ажилтнаар томилсон захирамж гараагүй тул түр ажилтныг чөлөөлөх эсхүл жинхэлэх шаардлагатай юм. Сонгон шалгаруулалт зарлахад Б.Ө  зөвшөөрч оролцсон боловч 2 дахь шалгалтын үед орхиж гарсан бөгөөд ажлын хэсгийн дүнг үндэслэн түүнийг ажлаас чөлөөлсөн. Б.Ө  сонгон шалгаруулалтын талаар одоог хүртэл холбогдох байгууллагад, шүүхэд гомдол гараагүй байгаа нь тухайн шалгаруулалтыг хүлээн зөвшөөрсөн байна. Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд тавигдах шаардлага нь дээд боловсролтой байх ёстой гэтэл Б.Ө  нь тусгай дунд боловсролтой, эгүүлэн тогтоосон ч шаардлага хангахгүй, Засаг даргын ажлаас чөлөөлсөн Б/05 тоот тушаал хууль зүйн үндэслэлтэй. Б.Ө  2017 оны 06 сард ажилласан гэж цалингаа нэхэмжилж байгааг мөн зөвшөөрөхгүй, 06 сард компьютерээ аваад ажилдаа ирээгүй байдаг. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргасаны дараа япон улс руу 3 сар яваад ирсэн, гэтэл энэ хугацааныхаа цалинг хариуцагчаас нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй юм. Б.Ө  Б/05 тоот захирамжийг 2017 оны 07 сарын 04нд хүлээж авсан гэдэгтэй маргахгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө ыг Төв аймгийн Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төвийг хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Төв, БН, ЗДдаргаас нэхэмжлэгч Б.Ө д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх 8 331 444 төгрөгийн олговрыг олгож,

Нэхэмжлэлийн шаардлагаас 152 095 төгрөгийг мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар 577 826 төгрөгийг тус тус тус хэрэгсэхгүй болгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө-ны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Төв, БН, ЗДдаргад даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5д зааснаар нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хариуцагч Төв, БН, ЗДдаргаас улсын тэмдэгтийн хураамжид 148 253 төгрөг гаргуулан төрийн сангийн орлогод олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчшийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ. 

     Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал  гаргасан давж заалдах гомдолдоо: “Төв аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараахь гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2, 3 дах заалтууд нь тодорхой бус шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна. Өөрөөр хэлвэл Төв, БН, ЗДдарга Б.Ууганбаяр нь төрийн албыг төлөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа ба шүүхийн шийдвэрээр хувь хүнээс цалин орлого гаргуулж, улсын тэмдэгтийн хураамж төлүүлж, бичилт хийлгүүлэхээр даалгасан байгаа нь шүүхийн шийдвэр ойлгомжгүй, хуульд үндэслээгүйг харуулж байгаа тул гомдолтой байна.

Шүүхийн шийдвэрт дурьдсан үндэслэлүүд нь өмнөх 2017 оны 09 сарын 13-ны өдрийн 151/ШШ2017/00974 дугаартай хүчингүй болсон шүүхийн шийдвэртэй ялгагдах зүйлгүй. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 сарын 08-ны өдөр хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Ө-ны нэхэмжлэлтэй иргэний хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж 223/ДШМ2017/00031 дугаартай магадлал гаргасан. Энэ талаар нэхэмжлэгч, хариуцагч аль аль нь гомдол гаргаагүй тул магадлалд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарласан, хэрэглэсэн, эрх зүйн дүгнэлт өгөх боломжгүй нөхцөл байдлуудыг дурьдсаар байхад дахин үндэслэл муутай, хууль нотлох баримтад тулгуурлаагүй дүгнэсэнд гомдолтой байх тул хэргийг бүхэлд нь хянуулахыг хүсэж байна.

Анхан шатны шүүх хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбар, эрх зүйн үндэслэлд тулгуурлаж, няцаалт өгөөгүй шүүхийн шийдвэрт тусгаж өгөөгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг нотолсноо тодорхой дурьдаагүй. Хэт ерөнхий дүгнэлт хийсэн нь буруу байгаа юм. Хуулийг буруу хэрэглэсэн.

Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэг талыг буюу нэхэмжлэгчийн эрхийг хангахаар хэт нэг талыг барьж ажилласан. Тодруулвал: 2018 оны 05 сарын 07-ны өдөр шүүх бүрэн хэлэлцүүлэг явуулж, нэхэмжлэлийн шаардлага, татгалзлыг бүрэн тодруулж, санал хүсэлт байхгүйг сонсож шүүх хуралдаанд өдрийн тал завсарлаад шүүх хэргийг шийдвэрлэх ёстой байтал шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан нь илт мэргэжлийн алдаа, нэг талын эрх ашгийг үйлчилсэн үйлдэл юм. Энэ талаар дуу, дүрсний бичлэгийг гаргуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болно. Борнуур сумын Засаг даргын 2017 оны 08 сарын 24-ний өдрийн Б/05 тоот захирамж, сонгон шалгаруулалт явуулсан комиссын дүгнэлт хүчин төгөлдөр байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 128.12, 69.1-д зааснаар хэргийг шийдвэрлэх ёсгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурьдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.

           

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.Ө ыг Төв аймгийн Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн эгүүлэн тогтоохдоо  хэргийн оролцогчоос шүүхэд гаргаж ирүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв,  эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан журмыг бүрэн хэрэгжүүлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан зөрчил гаргаагүй байна.

 

Нэхэмжлэгч Өлзийсайхан нь  Төв, БН, ЗДдаргад холбогдуулан 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/05 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, Борнуур сумын Санхүүгийн албаны Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх, олгоогүй цалин хөлсийг нөхөн гаргуулах  шаардлага тавьсныг хариуцагч байгууллага буюу Төв аймгийн Борнуур сумын  Засаг дарга зөвшөөрөөгүй маргасан байна. 

 

Нэхэмжлэгч Б.Ө  нь Төв, БН, ЗДдаргын 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн В/01 дугаар санхүүгийн алба байгуулж, санхүүгийн албаны бүтэц орон тоо, цалингийн шатлал хэмжээг тогтоох тухай захирамжаар сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалд түр хугацаатай томилогдож, 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Б/ 05 дугаар захирамжаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгджээ.

 

Ажилтны хөдөлмөрийн эрх зүйн харилцааг дуусгавар болгож, ажлаас халсан ажил олгогчийн дээрх шийдвэр нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, сумын засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/ 127 дугаар захирамжаар байгуулагдсан санхүүгийн албаны сургууль, цэцэрлэг, соёлын төв хариуцсан нягтлан бодогчийг нээлттэй сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн  гарсан байна.

 

Ажил олгогч нь хэдийгээр анх Б.Ө ыг ажил албан тушаалд томилохдоо түр гэж заасан боловч 2 жил 3 сарын хугацаагаар ажиллуулсан, дээд боловсролгүй тул тухайн ажил албан тушаалд тэнцэхгүй гэж тайлбар гаргаж маргасан боловч уг албан тушаалд зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад бүртгэж оролцуулсан үйл баримтыг зохигчид маргаагүй байна. 

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлд  заасан байнгын болон түр  ажлын байр, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 40 дүгээр зүйлийн зохицуулалтад ажил олгогчийн шийдвэр, үйл ажиллагаа нийцээгүй талаар эрх зүйн  үндэслэлтэй дүгнэлт өгч нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ. 

 

Түүнчлэн анхан шатны шүүх ажилтныг ажлаас халсан шийдвэрийн гол үндэслэл болсон сонгон шалгаруулах ажлын хэсгийн үйл ажиллагаа, дүгнэлтийн талаарх нотлох баримтыг үнэлэхдээ  сонгон шалгаруулалтад оролцогч нартай холбоотой маргаан гарсан, сонгон шалгаруулалтад оролцогчийн бичгийн хэв нь маргааны үйл баримттай холбоотой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоныг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзсэнийг үгүйсгэх боломжгүй байна. Хууль ёсны эсэх нь эргэлзээтэй сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэж ажилтныг ажлаас халсан ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэх боломжгүй юм.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагын 2016 оны үндэслэлгүйгээр цалин бууруулж, дутуу олгосон цалингийн хохиролд 307 524 төгрөг, алданги 350 270  төгрөг, сонгон шалгаруулах комиссын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгуулах гэсэн шаардлагуудаас  татгалзсаныг шийдвэртээ тусгахгүй орхигдуулсныг залруулах, мөн шийдвэрийн тогтоох хэсгийн цалин, тэмдэгтийн хураамж гаргуулах хариуцагчийг хуульд нийцүүлэн найруулгын хувьд зөвтгөн   өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дүгээр сарын 11-ний өдрийн 151/ШШ2018/01086 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2, 5 дугаар заалтын “...Засаг даргаас...” гэснийг ...Засаг даргын тамгын газраас...” гэж, 3 дугаар заалтын “... засаг даргад...” гэснийг “...Засаг даргын тамгын газрын санхүүд...” гэж, шийдвэрийн тогтоох хэсэгт “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Ө    2016 оны үндэслэлгүйгээр цалин бууруулж, дутуу олгосон цалингийн хохиролд 307 524 төгрөг, алданги 350 270  төгрөг, сонгон шалгаруулах комиссын 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэлийг хүчингүй болгуулах  шаардлагуудаасаа  татгалзсаныг баталсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийдвэрийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Төв, БН, ЗДдарга Б.Ууганбаярын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 дугаар дансанд давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 150 000 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                            Т.ЭНХМАА

           

                  ШҮҮГЧИД                                                            Г.БОЛОРМАА

 

                                                                                           Ц.ӨРНӨНДЭЛГЭР