| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2021/03328/И |
| Дугаар | 183/ШШ2022/00431 |
| Огноо | 2022-02-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2022/00431
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, И овогт Б-ын Б /РД:00000000/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 00 тоот хаягт оршин суух, О овогт Н-ийн Я /РД:0000000/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Н.Я, нарийн бичгийн дарга Б.С нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Б.Б миний бие 2012 онд Н.Я-тай танилцаж, 2012 оны 10 дугаар сараас хамтран амьдарсан. Бид 2013 оны 7 дугаар сарын 19-ний өдөр Д аймгийн Д сумын Иргэний бүртгэлийн хэлтэст гэрлэлтээ бүртгүүлж гэрлэлтийн гэрчилгээ авсан. Бидний хүү Б.Т 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр, Б.Т нь 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн. Сүүлийн хэдэн жил бид зан харьцаа болон бусад зүй бус тааламжгүй байдлын улмаас байнгын гэр бүлийн маргаантай амьдарч байна. Цаашид Н.Я-тай хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байна. Анх эхнэр маань 2018 оны 10 сард ажилд ороод бид хоёрын ойлгомжгүй асуудал эхэлсэн. Их маргалддаг болоод 2 жил болж байна. Би анх 2021 оны 04 сард салъя гэж хэлээд 2021 оны 07 дугаар сарын 20-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хүүхдийн тэтгэмжийн хувьд хуулийн дагуу шийдүүлнэ. гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Анх би нөхөртэйгээ 2012 онд танилцан гэр бүл болсон. Бид хоёрын хамтын амьдралын дундаас 3 хүү төрсөн. Том хүү Б.Б 2013 оны 8 дугаар сарын 13-нд төрсөн. Удаах хүү Б.Т 2016 оны 5 дугаар сарын 19-нд төрсөн. Бага хүү Б.Т 11 дүгээр сарын 18-нд төрсөн. Том хүү маань 2021 оны 6 дугаар сарын 12-нд нас барсан. Хүү маань нас бараад удаагүй байхад эцэг эх нь гэрлэлтээ цуцлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг миний бие маш хүнд байдлаар хүлээн авсан бөгөөд нөхөртөө их гомдож байна. Хүний амьдралын эрээн барааны явцад эхнэр нөхөр аль тэр маргалдахыг эс билээ. Маргалдах тоолонд миний бие буууж өгөх үедээ бууж өгч байсан. Гэтэл одоо том хүүг нас барснаас удалгүй, бага хүү 1 нас хүрэхээс өмнө намайг ийм байдалтай орхиж, гэрлэлтээ цуцлуулж байгааг ойлгохгүй байна. Амьдралд алдаа, оноо маргалдах зүйл байлгүй яахав. Манай гэр бүлд харилцан яриа гэдэг зүйл огт байдаггүй. Би аль болох гэж хичээж ярилцахыг оролддог гэтэл би их хэтрүүлээд яриад байдаг юм шиг байгаа юм. Анх байраа минийх гэж хэлж байсан. Би ажил хийгээд олсон мөнгөөрөө аль болох байраа тохижуулж байсан. Гэвч эгчийнх нь байсан. Нэг л өдөр намайг байрнаас гар гэхэд бэлэн байгаа. Би ийм л эрсдэлтэй орчинд амьдарч байна. Хариуцлагыг арай өөрөөр хараасай гэж хүсч байна. Өмнө нь өртэй, зээлтэй байсан ч хамтдаа гэж бодоод сэтгэл хөнгөн байдаг байсан гэтэл одоо бол хэцүү байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Н.Я-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзвэл талууд цаашид эвлэрч амьдрах боломжгүй гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Гэрлэгчид зан харилцааны таарамжгүй байдлаас болсон байх бөгөөд нэхэмжлэгч Б.Баасанбат нь цаашид хамтран амьдрах хүсэлгүй гэж тайлбарлах тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар И овогт Б-ийн Б /РД:0000000/, О овогт Н-ийн Я /РД:0000000/ нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00хороолол, 00 байр, 00 тоот 2 өрөө байраар Б.Т, Б.Т нарын амьдрах баталгааг хангахаар, хэрэв байрнаас гаргахаар болвол нөхцлийг дордуулахгүйг буюу өөр 2 өрөө байраар хангахаар, 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Т, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Т нарыг эх Н.Я-ийн асрамжид үлдээхээр тохиролцсон болно.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-т хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй гэж заасны дагуу хүү Б.Т, хүү Б.Т нарт эцэг Б.Б-аас тэтгэлэг гаргуулж олгох нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байхыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.6, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан И овогт Б-ийн Б /РД:000000/, О овогт Н-ийн Я /РД:00000000/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүү Б.Т, 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Б.Т нарыг эх Н.Я-ийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 1-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хүү Б.Т Б.Т нарт эцэг Б.Б-аас сар бүр тэтгэлэг гаргуулан олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Б.Б нь Хан-Уул дүүргийн 0 дугаар хороо, 00 хороолол, 00 байр, 00 тоот 2 өрөө байраар Б.Т, Б.Т нарын амьдрах баталгааг хангахаар, хэрэв байрнаас гаргахаар болвол нөхцлийг дордуулахгүй буюу өөр 2 өрөө байраар хангахаар тохиролцсоныг баталсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Я-с улсын тэмдгийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХЦЭЦЭГ