Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/106

 

 

 

 

 

     ...      

    ...                                                              

  

                   

 

 

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч О.А

Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1-р танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-ийн Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны ... сарын ...-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ний өдөр ... аймгийн ...  төрсөн, ... настай, ..., ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ..., ам бүл ..., ... хамт, ... аймгийн ... сумын ... баг ... тоотод оршин суух, урьд ... аймгаг дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ... аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 960,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Б овогт Г-ийн Г /РД:..../-д

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны ... сарын ...-ны өдөр ... аймгийн ... сумын төвд байрлах тээврийн зогсоолын хажууд хохирогч Л.О-ын зүүн гарыг архины шилний хагархайгаар зүсэж биед нь зүүн гарын шуунд шарх гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр вокзалаас урагш яваад ... хажууд байрлах сааданд Э, Б, Ш гэх хүмүүстэй хамт 3 шил 0,75 литрийн архи өглөө 09:00 цагаас эхлээд ууцгаасан. Тэгээд хэсэг сууж байгаад би нэлээн согтоод Л.О-тай муудалцаж байсан тэгээд сайн санахгүй байгаа. Нэг сэрсэн гэртээ ирчихсэн Л.О “та яаж байгаа юм бэ намайг зүсээд” гээд зогсож байсан. Тэгээд би хамт архи уусан хүмүүсээс асуухад намайг Л.О-ын гарыг шилээр зүссэн талаар хэлсэн. Би архи их ууснаас болоод ухаанаа алдаад тийм зүйл хийчихсэн. Би тухайн шинжээчийн дүгнэлттэй танилцсан. Тухайн дүгнэлтэд заагдсан гэмтлийг би Л.О-д учруулсан. Л.О нь надаас хохирол мөнгө нэхээгүй байгаа. Нэхсэн тохиолдолд би хохирол мөнгө барагдуулна гэжээ. /хх-ийн 53-54/   

Шүүгдэгч Г.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа нэмж ярих зүйл байхгүй. Найзынхаа гарыг шилээр зүссэн миний буруу. Хохирол гарвал нөхөн төлнө.

Хохирогч Л.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр 15:00 цагийн орчим манай ах Б “воохорын хажууд хүрээд ир ах нь согтоод байна намайг хараад байж байгаарай” гэсэн. Намайг очих үед Б, үл таних нэг залуутай архи ууж байсан. Тэгээд би тэр архинаас 3 татсан. Тэгээд архи нь дуусаад вокзал руу алхаж байтал нөгөө Б ахын найз үл таних залуу шил хагалаад миний шуу хэсгийг шилээрээ зүссэн. Тэгээд би эмнэлэгт очиж 5-6 оёдол тавиулчхаад, буцаад үл таних залуугийн гэрт очоод уулзах гэтэл миний нүүр хэсэг рүү нэг удаа гараараа цохисон. Намайг зүгээр алхаж байтал хойноос дуудаад “хөөе бацаанаа” гээд шууд миний гар луу шилээр зүссэн. Миний гарын шуу хэсгийг шилээр зүссэн. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй байна. ... сумын ...-р баг воохорын ар талд уурын зуухны хажууд болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэжээ. /хх-ийн 07-08/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Л.О нь Эрүүл мэндийн даатгалын сангаас 100,309 төгрөгийн зардал Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.Г-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү. Эрүүл мэнд нь хохирсон иргэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх ажлыг хариуцан харьяалах шүүхэд нэхэмжлэл гарган ажиллаж байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа явуулан шалгагдаж байгаа эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцон төрд учирсан хохирлыг гаргуулан авна гэжээ. /хх-ийн 15-16/

Гэрч Л.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тус өдөр би зүс таних хамт архи уудаг хүмүүстэй өглөө 09:00 цагаас эхлээд ... сумын...-р баг воохорын хажууд байх сааданд суугаад архи ууж байгаад дүү Л.О руу залгаад “ах нь согтоод байна ирээд аваадах” гэж хэлсэн. Тэгээд 15:00 цагийн орчим дүү О ирээд мөн архинаас хамт ууж байгаад тэгээд тэнд байсан хүмүүс нэг нэгээрээ явцгаагаад би О, Г нарын хамт вокзалын зүгт хойшоо явж байтал ард талд О, Г хоёр муудалцаад байх шиг байхаар нь яваад очтол О-ын гар нь жоохон зүсэгдсэн байсан. Яасан талаар асуухад “Г зүсчихсэн” гэж хэлээд яваад өгсөн. Г их согтуу байсан тул гэр лүүгээ явсан. Архи ууж байхад зүгээр л байсан ямар нэг муудалцсан зүйл байгаагүй. Харин Г их согтсон байсан согтуугаас болсон байх гэж бодож байна. Г, О хоёр хойно алхаж байсан. Тэгээд иргээд хартал О “Г миний гарыг зүссэн” гэж хэлж байсан. Г бид хоёр өглөөнөөс эхлээд уусан. Г нэлээн согтуу байсан. О сүүлд ирээд сүүлийн шил архинаас уусан. Бараг эрүүл шахуу байсан гэжээ. /хх-ийн 22-23/

Шинжээчийн 2024 оны ... дугаар сарын...-ны өдрийн ... дугаартай дүгнэлт: 1.Л.О-ын биед зүүн гарын шуунд шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтлүүд нь ир, ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. /хх-ийн 29/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/

Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн баримтууд /хх-ийн 09-11/

Согтуурал шалгасан магадалгаа /хх-ийн 33/

Шүүгдэгчийн иргэний мэдээлэл /хх-ийн 41/

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай 2024 оны 08 сарын 07-ны өдрийн прокурорын ... дугаартай тогтоол /хх-ийн 45-46/

Эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, 2000 оны ..., 2015 оны ... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 57-72/

Иргэний нэхэмжлэлд шүүгдэгч 100,309 төгрөг төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлэг баримт /хх-ийн 75/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 76-77/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Гэм буруугийн хувьд:

Шүүгдэгч Г.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2024 оны 06 сарын 13-ны өдөр ... аймгийн ... сумын төвд байрлах тээврийн зогсоолын хажууд хохирогч Л.О-ын зүүн гарыг архины шилний хагархайгаар зүсэж биед нь зүүн гарын шуунд шарх гэмтэл үүсгэн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Л.О-ын мэдүүлэг /хх-ийн 07-08/, гэрч Л.Б /хх-ийн 22-23/ нарын мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 29/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Г.Г-ийн гэм буруутай үйлдэл, хохирогч Л.О-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Дорноговь аймгийн ... сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогч Л.О нь эрүүл мэндэд учирсан хохирол нэхэмжлээгүй.

Иргэний нэхэмжлэгч байгууллагын хохирлыг шүүгдэгч нь төлж барагдуулсан нь Төрийн банкны мөнгөн шилжүүлэг /хх-ийн 75/-ээр тогтоогдсон болно. Иймд шүүгдэгчийн бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын хувьд:

Шүүгдэгч Г.Г-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүл мэндийн байдалд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахад саад болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй тул түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Г-ийн Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Гантөмөрийн Гандөлийг 500 /таван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч нь шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Э.Б