| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Хуушааны Эрдэнэсувд |
| Хэргийн индекс | 306/2025/00241/И |
| Дугаар | 001/ХТ2026/00136 |
| Огноо | 2026-05-28 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 001/ХТ2026/00136
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн
2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 306/ШШ2026/00030 дугаар шийдвэр,
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2026/00005 дугаар магадлалтай,
“Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй
Ш-д холбогдох
2025.04.08-ны өдрийн 20060136/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13,000 м.кв газрыг битүүмжилсэн, хураасан тогтоолыг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, 2025.06.12-ны өдрийн 20060136/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025.06.13-ны өдрийн 20060136/19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, “Б” ХХК-ийн 2025.06.19-ний өдрийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч Ш-д холбогдуулан 2025.04.08-ны өдрийн 20060136/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13,000 м.кв газрыг битүүмжилсэн, хураасан тогтоолыг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, 2025.06.12-ны өдрийн 20060136/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025.06.13-ны өдрийн 20060136/19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, “Б” ХХК-ийн 2025.06.19-ний өдрийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 306/ШШ2026/00030 дугаар шийдвэрээр: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4, 55 дугаар зүйлийн 55.3, 55.7, 122 дугаар зүйлийн 122.5-д тус тус заасныг баримтлан 2025.04.08-ны 20060136/10 дугаартай битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13,000 м.кв газрын битүүмжлэлийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай, 2025.06.12-ны өдрийн 20060136/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025.06.13-ны 20060136/19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах тухай, “Б” ХХК-ийн 2025 оны үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, урьдчилан шийдвэрлэх журмыг баримтлан шүүхэд дахин нэхэмжлэл гаргах шаардлагын тухайд энэ шийдвэр саад болохгүйг дурдаж, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025.07.21-ний өдрийн 306/ШЗ2025/00842 дугаартай “Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” шүүгчийн захирамжаар хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2026/00005 дугаар магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 306/ШШ2026/00030 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4-т зааснаар “Ч” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Шд холбогдох 2025.04.08-ны 20060136/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож, мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар “Б” ХХК-ийн 2025.06.19-ний өдрийн Т/2516 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон үнэлгээг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн 2025.06.12-ны өдрийн 20060136/17 дугаартай газар битүүмжлэх тогтоол, 2025.06.13-ны өдрийн 20060136/19 дугаартай газар хураах тогтоол, 2024.05.20-ны өдрийн 20060136/12 дугаартай “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 210,600 төгрөгөөс 140,400 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж,
3 дахь заалтыг бүхэлд нь хасч, өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар орон нутгийн төсвийн орлогоос буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...2025.04.08-ны өдөр 20060136/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1-д зааснаар хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, тухайн хөрөнгийг захиран зарцуулах, түүнчлэн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлах ажиллагаа нь хууль журмын дагуу явагдсан. Нэхэмжлэгчийн өмчлөлийн эсгийн үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2025.04.08-ны өдөр 20060136/10 тогтоолоор битүүмжилж, 2025.05.09-ний 20060136/14 тогтоолоор хурааж, 2025.05.13-ны 03/771 дүгээр албан бичгээр үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг баталгаат шуудангаар төлбөр төлөгч “Ч” ХХК-ийн захиралд хүргүүлсэн. Мэдэгдэлд заасан хугацаанд талууд үнийн саналаа ирүүлээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу 2025.05.19-ний өдрийн тогтоолоор шинжээч томилсон. Дараа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2-т заасныг үндэслэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор 20060136/12 тогтоол, 20060136/16 тогтоолуудыг тус тус хүчингүй болгох ажиллагааг зөвтгөсөн.
Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулан 2025.06.12-ны өдрийн тогтоолоор битүүмжилж, 2025.06.13-ны өдөр тогтоолоор хураасан. Төлбөр төлөгчид үнийн саналаа ирүүлэх тухай сануулж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд энэ талаар тусгасан. Талуудаас үнийн санал ирээгүй тул хөндлөнгийн шинжээч томилж, үнэлгээний мэдэгдлийг талуудад баталгаат шуудангаар хүргүүлж, төлбөр төлөгч хуулийн этгээдийн захирал Л.Одбаясгалангийн утсаар мэдэгдэл хүргүүлсэн болохыг мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан тул магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
5. Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю-ийн гаргасан гомдлыг хэлэлцээд хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр 2026.04.22-ны өдрийн 001/ШХТ2026/00552 дугаар тогтоолыг гаргажээ.
ХЯНАВАЛ:
7. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь хариуцагч Ш-д холбогдуулан 2025.04.08-ны өдрийн 20060136/10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах, тус компанийн эзэмшилд байхгүй 13,000 м.кв газрыг битүүмжилсэн, хураасан тогтоолыг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, 2025.06.12-ны өдрийн 20060136/17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025.06.13-ны өдрийн 20060136/19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолыг тус тус хүчингүйд тооцуулах, “Б” ХХК-ийн 2025.06.19-ний өдрийн үнэлгээний дүгнэлтийг хүчингүй болгуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг уг асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түдгэлзүүлэх тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ: “...Эсгийний үйлдвэрийн барилгыг өмнө нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хүрээнд битүүмжилсэн байтал 20060136/10 дугаартай битүүмжлэх тогтоол гарснаар 2 дахь удаагаа битүүмжилсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 47 дугаар зүйлд заасан үл хөдлөх эд хөрөнгийг хураах, шилжүүлэх журмын үндсэн зарчим, дарааллыг зөрчиж болзошгүй байна, хэрвээ битүүмжлээгүй бол бид уг барилгыг банкны барьцаанд тавих замаар өр төлбөрөө барагдуулах боломжтой байсан. Компанийн зүгээс өмнөх тогтоолоос чөлөөлүүлэх хүсэлтийг 2024.09.11-ний өдөр гаргасан боловч бичгээр хариу өгөөгүй,
Компанийн улсын бүртгэлийн эрх түдгэлзүүлсэн тухай бидэнд албан бичиг, мэдэгдэх хуудас огт ирүүлээгүй нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 10 дугаар зүйлд заасныг зөрчсөн бөгөөд Компанийн тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан “сонирхогч этгээдэд шийдвэр танилцуулах, мэдээлэх” үндсэн зарчмуудыг зөрчсөн. Шийдвэрийг бидэнд танилцуулаагүй тул гомдол гаргах эрхээ эдэлж чадахгүй байдалд хүрч байна,
*** дугаартай 13,000 м.кв талбай бүхий газар нь Голомт банкны өр төлбөр барагдуулах Ш-ны гүйцэтгэх ажиллагааны үр дүнд тус банкны өмчлөлд шилжсэн байхад манай компанийн нэр дээр байгаа гэж үзэн битүүмжлэх тогтоол гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан шаардлагыг зөрчсөн хууль бус ажиллагаа юм.
Ш-наас 2025.06.12-ны өдрийн 25/01 дугаар тогтоолоор өмнө гаргасан битүүмжлэх болон хураах тогтоолуудыг хүчингүй болгосон нь тухайн тогтоолууд хууль зөрчсөн болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл болж байна. Гэсэн атлаа уг шийдвэрийн дараа дараах шинэ тогтоолуудыг гаргасан нь өмнөх хууль зөрчсөн үйлдлийг нэр өөрчлөн үргэлжлүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй алхам болсныг нотолж байна. Иймд 2025.06.12-ны өдрийн 20060136-17 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025.06.13-ны өдрийн 20060136-19 дугаар Эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн...” гэж тайлбарласан.
8. Хариуцагч хариу тайлбартаа: “...2020.02.04-ний өдрийн 134/ШШ2020/00024 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу “Ч” ХХК-аас 146,220,674 төгрөг гаргуулан Н-т төлүүлэх шийдвэрт 2020.08.03-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсэн. Төлбөр төлөгч төлбөрөө сайн дураараа барагдуулаагүй тул тус компанийн өмчлөлийн Ү-1901000122 дугаартай 340.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2025.04.08-ны 20060136/10 дугаартай тогтоолоор битүүмжилсэн. Битүүмжлэхээс өмнө 2025.04.06-ны 20060136/09 тогтоолоор битүүмжилсэн хураасан хөрөнгийг чөлөөлөх тухай тогтоол гарсан тул энэ ажиллагаа хууль зөрчөөгүй, битүүмжилсэн тогтоолын 1 хувийг баталгаат шуудангаар явуулсан,
Нэхэмжлэгч компанийн 25 хувийн хувьцаа эзэмшигч О-ийн эзэмшлийн газрын түүхчилсэн лавлагаагаар кадастрын зураг, мөн газрын хэмжээ өөрчлөгдсөн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 271.2.1, 271.2.2-т заасныг үндэслэн 2025.04.23-ны 20060136/12 дугаар тогтоол, 2025.05.09-ний 20060136/14 дүгээр тогтоол, 2025.05.19-ний 20060136/16 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгох тухай 2025.06.12-ны 25/01 дугаартай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор ажиллагааг хүчингүй болгож зөвтгөсөн. “Ч” ХХК-д холбогдох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаж байна...” гэж маргасан.
9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: “...2025.04.08-ны 20060136/10 тогтоолыг нэхэмжлэгчид мэдэгдсэн, тогтоолын хувийг хүргүүлсэн, өмнөх тогтоолыг хүчингүй болгосон баримттай тул давхардуулан битүүмжлэх, хураах ажиллагаа явуулаагүй,
2025.05.20-ны 20060136/11 тогтоолоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийг түдгэлзүүлсэн ч энэ талаар нэхэмжлэгч гомдол гаргаж, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдсан, уг тогтоол хууль зөрчөөгүй байна,
2025.06.12-ны 25/01 тогтоолоор 2025.04.23-ны 20060136/12 тогтоол, 2025.05.09-ний 20060136/14 тогтоолыг хүчингүйд тооцсон байх тул дээрх шаардлагыг хангах боломжгүй,
2025.06.12-ны 20060136/17 тогтоол, 2025.06.13-ны 20060136/19 тогтоолыг хүчингүй болгох тухайд хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй байна,
“Б” ХХК-ийн 2025.06.19-ний өдрийн үнэлгээг нэхэмжлэгчийн төлөөлөгчид мэдэгдсэн, баталгаат шуудангаар хүргүүлсэн, гардаж авсан баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч хуульд заасан хугацаанд үнэлгээнд гомдол гаргаагүй болох нь баримтаар тогтоогдсон тул нэхэмжлэлийг хангах боломжгүй,
Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хүсэлт гаргаж, хүсэлтийг 2025.07.21-ний өдрийн 306/ШЗ2025/00842 захирамжаар шийдвэрлэж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна,
Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэл нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар зохицуулах харилцаа биш бөгөөд энэ талаар холбогдох байгууллагын удирдах албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх боломжтой...” гэж дүгнэсэн.
10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ “…ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025.06.12-ны 25/01 тогтоолоор холбогдох тогтоолуудыг хүчингүй болгосны дараа 20060136/17, 20060136/19 тогтоолууд дахин гарсан, нэхэмжлэгч 2025.07.07-ны өдөр шүүхэд хандаж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна. Анхан шатны шүүх 2025.04.20-ны 20060136/12 тогтоолыг хүчингүй болгох шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо 2-р хавтаст хэргийн 76-р талд байх 01/784 албан бичгийг үндэслэн урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж дүгнэсэн нь буруу байна, уг албан бичгээр эсгийний үйлдвэрийг битүүмжилсэн болон 13,000 м.кв газар битүүмжилсэнтэй холбоотой ажиллагааны талаар дээд шатны албан тушаалтан дүгнээд, газар битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн ба эрхийг түдгэлзүүлсэн тогтоолтой холбоотой асуудал хөндөгдөөгүй,
…шүүх нэг маргааныг нэг удаа хэлэлцэж, таслан шийдвэрлэх зарчимтай бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар иргэний хэрэг үүсгэлгүй, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах учиртай, төлбөр төлөгчийн зүгээс газар битүүмжлэх, хураах, улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4-т заасан журмын дагуу гомдол гаргаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдсон. Иймд дээрх шаардлагуудын талаар урьдчилан шийдвэрлүүлэх гомдол гаргах хугацаа өнгөрөөгүй байхад дараагийн арга хэмжээнүүдийг авсан гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байна, хариуцагч шинжээч томилохдоо хуульд заасан журмыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн энэ хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй…” гэж дүгнэсэн.
11. Дээр дурдсанчлан хоёр шатны шүүх үйл баримтыг зөв тогтоосон атлаа нотлох баримтыг өөр өөрөөр үнэлснээс зөрүүтэй шийдвэр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хэргийг хянан хэлэлцлээ.
12. “Ч” ХХК-аас 146,220,674 төгрөгийг гаргуулж Н-т олгохоор шийдвэрлэсэн Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 134/ШШ2020/00024 дугаартай захирамжид 2020.05.07-ны өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэнээр Ш шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж үйл ажиллагаа явуулсан байна.
Төлбөр төлөгч тогтоосон хугацаанд төлбөрийг сайн дураар гүйцэтгээгүй үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч 2025 оны 04 дүгээр сараас компанийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болон компанийн хувьцаа эзэмшигчийн эзэмшлийн газрыг төлбөрт битүүмжлэн, хурааж, “Б” ХХК-ийг шинжээчээр томилж, эд хөрөнгөд үнэлгээ хийлгэсэн, компанийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн үйл ажиллагаа явуулсанд төлбөр төлөгч буюу нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэлээр гомдол гаргаж, хууль бус үйл ажиллагаа явуулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахыг хүсчээ.
13. Анхан шатны шүүх шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 2025.04.28-ны өдрийн хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох, албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг хэвээр үлдээж, “Б” ХХК-ийн үнэлгээний тайланг хүчингүй болгож, үлдэх шаардлагад холбогдох нэхэмжлэлийг урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэх боломжтой гэж дүгнэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
14. Хяналтын шатны шүүхээс шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
15. Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Ш-д холбогдуулан 2025.04.28-ны өдрийн 20060136-10 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025.06.12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, 2025.06.13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тогтоолуудыг хүчингүй болгох, “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрх түдгэлзүүлсэн 2024.05.20-ны өдрийн 20060136/12 тогтоолыг шийдвэрийг хүчингүй болгож, “Б” ХХК-ийн 2025.06.19-ний өдрийн Т/2516 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгуулах, дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас тус компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
15.1. Нэхэмжлэлийн шаардлагаас 2025.04.28-ны өдрийн 20060136/10 дугаартай хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгуулах, хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгч компанийг хохироосон албан тушаалтнуудад хариуцлага тооцуулахыг хүссэн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт зөв, шүүх хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн ба шүүхийн энэ шийдвэрт зохигч гомдол гаргаагүй байна.
15.2. Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшил ашиглалтад байхгүй 13,000 м.кв талбай бүхий газрыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч дээрх шийдвэрээ өөрөө хүчингүй болгосон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, 2025.06.12-ны өдрийн 20060136-17 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025.06.13-ны өдрийн 20060136-19 дугаартай эд хөрөнгө хураах тухай тогтоолуудыг хүчингүй болгуулахаар шаардсан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй өмнөх шаардлагыг хамтад нь шийдвэрлэсэн байсанд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийж, өөрчлөгдсөн шаардлагыг шийдвэрлэсэн нь зөв.
Харин эд хөрөнгө хурааж, битүүмжилсэн дээрх тогтоолууд болон “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу ахлах, болон ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид хандаж, урьдчилан шийдвэрлүүлэх журам зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэлийн энэ шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т “Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болно”, 44.4-т “Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана, тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д “...энэ хуулийн ...65.1.3-65.1.8, ...-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно...”, хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т “шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн ба энэ журмыг хэрэгжүүлэх боломжтой байвал...” гэж тус тус заажээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд “урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж болно” гэж зохицуулсан байх ба нэгэнт шүүхэд хэрэг хянагдах явцад нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нэмэгдүүлсэн шаардлага гаргасныг нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэх боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэлд хамаарах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулахаар явуулсан арга хэмжээг нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мэдэж, улмаар өмнө гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилж, сүүлд явуулсан арга хэмжээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлгүй, урьдчилан шийдвэрлэх журам зөрчсөн гэж үзэн, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ.
Өөрөөр хэлбэл, энэ тохиолдолд нэхэмжлэлийг заавал урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэх нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд ач холбогдолгүй юм.
Иймд нэхэмжлэлийн дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдэл буруу байх ба харин нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл буруу биш байна.
Нэхэмжлэгч “Ч” ХХК нь Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.04-ний өдрийн 134/ШШ2020/00024 дугаартай захирамжид заасан Н-т олгох 146,220,674 төгрөгийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр 2020.08.03-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, улмаар гүйцэтгэх баримт бичгийн шаардлагыг биелүүлэх зорилгоор төлбөр төлөгч хуулийн этгээдийн эрхийг түдгэлзүүлэх, эд хөрөнгийг битүүмжлэх, хураах зэрэг шийдвэр гүйцэтгэлийг баталгаажуулах арга хэмжээ авсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 44.2.14, 49 дүгээр зүйлийг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэр гүйцэтгэгчийн дээрх арга хэмжээг хүчингүйд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
15.3. Үнэлгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.9-д “шийдвэр гүйцэтгэгч нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилсэн, ...хураан авсан эд зүйл, хөрөнгийг үнэлэх, уг ажиллагаанд үнэлгээчнийг оролцуулах арга хэмжээг гүйцэтгэнэ”, 55 дугаар зүйлийн 55.2-т “дараах тохиолдолд хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлнэ”, 55.2.2-т “үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө” гэж зохицуулсан ба Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно...” гэжээ.
Хэрэгт цугларсан баримтаар шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг битүүмжилсэн, хураан авсны дараа эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа явуулсан болохоо нотлоогүй, улмаар Эд хөрөнгө хураах тухай тогтоол гарсан 2025.06.13-ны өдрийн Шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлд заасан “...төлбөр төлөгч нь 2025.06.20-ны өдрийн дотор үлдэгдэл төлбөр болох 117,645,679 төгрөгийг төлөөгүй тохиолдолд талуудаас үнийн санал авч, харилцан тохиролцоогүй тохиолдолд хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлж, албадан дуудлага худалдаанд оруулах болохыг мэдэгдэв” гэж тусгасан байх боловч дээрх мэдэгдэлд заасан талуудын саналыг авахаас өмнө буюу 2025.06.18-ны өдөр шинжээч томилох тогтоол гаргаж, хөрөнгийг үнэлүүлсэн байх тул шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцээгүй гэж үзнэ.
Нэгэнт шинжээч томилсон шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагаа хуульд заасан журмыг зөрчсөн байх тул тус тогтоолыг үндэслэн хийсэн Шинжээчийн дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй, иймд үнэлгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ. Иймд “...шийдвэр гүйцэтгэгч шинжээч томилсон ажиллагаа явуулахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй...” гэх агуулгатай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.
16. Дурдсан үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын заримыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 216/МА2026/00005 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 306/ШШ2026/00030 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4, 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан “Б” ХХК-ийн 2025.06.19-ний өдрийн Т/2516 дугаартай Шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн үлдэх шаардлага буюу 2025.04.28-ны өдрийн 20060136-10 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025.06.12-ны өдрийн 20060136-17 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2025.06.13-ны өдрийн 20060136-19 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2024.05.20-ны өдрийн 20060136-12 дугаартай “Ч” ХХК-ийн улсын бүртгэлийн эрхийг түдгэлзүүлсэн тогтоолуудыг тус тус хүчингүй болгох, хууль бус ажиллагааны улмаас компанид хохирол учруулсан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй.” гэснийг “...үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю-ийн гомдлын заримыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД