| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бэхбатын.Наранжаргал |
| Хэргийн индекс | 188/2024/1109/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/1162 |
| Огноо | 2024-10-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Халиунаа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 2024/ШЦТ/1162
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Наранжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Н.Халиунаа,
шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн “Г” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********** холбогдох эрүүгийн 2308 03441 0322 дугаартай хэргийг 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ***** дугаар сарын *******-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******** мэргэжилтэй, ******** цахилгаан хангамж, электроникийн ******** ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн ****** дугаар хороо, ******** дугаар байрны ******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, *************,********,***********
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ************ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч ************ нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул түүний “өөрийгөө өмгөөлөх” эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан нөхцөлд хохирогчийг оролцуулна. Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан ба хохирогч ************ нь шүүх хуралдаанд оролцох хүсэлт бичгээр гаргаагүй, шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болоогүйг дурдах нь зүйтэй.
Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт “...Тухайн өдөр камерын хяналтын өрөөнд байж байх үед манай эхнэрийн дүү болох ******* гаднаас орж ирсэн. Манай эхнэрийг ална, нүдийг чинь ухна гээд байхаар нь би боль гэж хэлсэн. Өмнө ийм үйлдэл олон удаа давтагдаж байгаа. Би эгч дүү хоёр учраа олно байх гэж бодоод гарах гэтэл намайг заналхийлж байснаа араас өшиглөөд дайрсан юм. Би намайг унагаачих байх гэж бодоод өөрийн мэдэлгүй 1-2 удаа цохичих шиг болсон. Би өөрөө цохих зорилготой цохиогүй, сандарсандаа цохичихсон. Гэтэл мөнгө нэхнэ гээд толгойгоо дараад хэвчихсэн. Ийм л юм болсон. Дуудлага өгсөн чинь цагдаа нар ирээд камерын бичлэг үзээд, ердөө ийм л зүйл болсон юм уу? гээд гараад явчихсан. Харин камерын бичлэг хадгалах хугацаа дууссан хойно энэ хэрэгт намайг яллагдагчаар дуудсан. Камерын бичлэгт бүх зүйл бичигдсэн байсан...” гэв.
Эрүүгийн 2308 03441 0322 дугаартай хэргээс:
Улсын яллагчаас хохирогч ********* мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал), гэрч ******** мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал), гэрч ******* мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14827 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал), “...согтуу хүмүүс орж ирээд агсраад байна...” гэх дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 07 дахь тал), шүүгдэгч ********** гэрчээр өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),
шүүгдэгчээс эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тогтоол (хавтаст хэргийн 1-2 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14827 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч ******** гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гурав. Гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь өөрийгөө аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн талаар мэтгэлцэж, улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай тус тус оролцсон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч ********* нь 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” худалдааны төвийн хяналтын камерын өрөөнд өөрийн эхнэрийн дүү болох ********* маргалдаж ******** түүний араас татаж, өшиглөх үед дух болон толгойн дагз хэсэгт нь 2 удаа цохисны улмаас эрүүл мэндэд нь дух, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдлоо.
Энэ үйл баримт нь хохирогч ******** “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр гадуур ажлаа хөөцөлдөж байгаад орой 16 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо Баянхошууны шинэ эцэс дээр байрлах **********" нэртэй цайны газарт ажлаа хийж байгаад ажлаа дуусгаад ганцаараа гурван лаазтай пиво уусан юм, тэгээд ууж дуусчихаад ажлаас гараад ****** дэлгүүрийн хажуу талын нарийн гудамжинд хүргэн ********* таараад намайг доромжлоод байхаар нь бид хоёр маргалдаж байгаад ********* яваад орсон юм, тэгэхээр нь би араас нь дагаж ******* худалдааны төв рүү ороод хяналтын камерын өрөөнд нь бид хоёр маргалдаж, муудалцаад байж байхдаа ********* миний дух хэсэг рүү нэг удаа цохихоор нь тонгойсон чинь дагз хэсэг рүү дахиад нэг удаа цохичихсон юм, тэгсэн толгой эргээд сонин болоод байсан ба би тэндээс гараад цагдаагийн байгууллагад хандсан юм. Миний дух, дагз хэсэг рүү нэг, нэг удаа цохисон юм...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27-28 дахь тал),
гэрч ******* “...2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ********* нэртэй худалдааны төв дээр нөхөр ******** хамт ажил дээрээ байсан юм. Тэгээд байж байтал орой манай төрсөн дүү ******* архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд надтай маргалдаад байсан ба тэгсэн нөхөр маань намайг өмөөрөөд өөдөөс нь хэдэн үг хэлтэл бас муухай аашлаад байсан юм. Тухайн үед бид хэд хяналтын камерын өрөөнд байсан ба нэлээн маргалдаж байгаад манай нөхрийг нэг удаа бөгс хэсэг рүү нь өшиглөчихсөн, тэгснээ л бид хэдтэй маргалдаад хэрүүл нь тасрахгүй байгаад байсан ба цагдаад дуудлага өгсөн чинь өөрөө дахиж цагдаа руу залгаж дуудлага өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47-48 дахь тал),
гэрч ******* “...2024 оны 11 дүгээр сарын үеэр, яг хэзээ гэдгээ санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” нэртэй худалдааны төв дотор ажил дээрээ байж байсан юм. Тэгээд байж байтал гаднаас зүс таних ******* архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд хяналтын камерын өрөө рүү яваад орсон... Хяналтын камерын өрөөнд ******, эхнэр өрөөнд байсан ба удалгүй хэрүүл маргаан болоод орилолдоцгоогоод байсан юм. ...Тэгээд би хэсэг байж байгаад хяналтын камерын өрөө рүү очиход ******** ах сандал дээр сууж байсан ба “манай дэлгүүрээс зайл” гээд байсан. Би айгаад буцаад касс дээрээ очсон. Тэгээд ******* гараад явчихсан юм. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд ********* ахтай уулзсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 74-75 дахь тал),
гэрч ********* “...2023 оны 11 дүгээр сарын үеэр, яг хэзээ гэдгийг санахгүй байна. Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” нэртэй худалдааны төв дотор ажил дээрээ байж байсан юм. Би өөрөө худалдагч хийдэг ажилтай юм. Тухайн өдрийн орой дэлгүүр лүү манай захирлын төрсөн ах нэрийг нь мэдэхгүй байна, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай орж ирээд хяналтын камерын өрөө рүү яваад орсон. Тухайн хяналтын камерын өрөөнд захирал *******, нөхөр *********нар байсан ба гэнэт хэрүүл маргаан болоод орилолдоод байхаар нь би болиулъя гэж бодоод яваад орсон чинь захирлын төрсөн ах нь суучихсан, ******** цамцнаас заамдаад барьчихсан байдалтай байсан юм. Би явж ороод тухайн залууд “яагаад хэрүүл хийгээд байгаа юм” гэхэд над руу дайрах гээд байхаар нь би айгаад гараад явчихсан юм. Тэгээд би ажлаа хийгээд байж байтал хяналтын камерын өрөөнд маргалдаж, муудалцаад орилолдоод, зодоон болоод байгаа бололтой байх шиг байсан.Тэгсэн удалгүй захирлын төрсөн ах гараад явчихсан, удалгүй цагдаагийн алба хаагч нартай цуг орж ирээд ************ уулзаад байх шиг байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 78-79 дэх тал),
гэрч ******* “...Би 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 19 цагаас эхлэн эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч ******** хамт Ачит-112 чиглэлд үүрэг гүйцэтгэж ирсэн. Үүрэг гүйцэтгэх хугацаанд дээрх дуудлага, мэдээлэл ирсний дагуу шууд очиж шалгахад ******* гэх хүн архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай, ******* гэх хүнтэй маргаан хийгээд зогсож байсан ба болсон асуудлын талаар асуухад ********* сая намайг эгч ******* нөхөр нь цохиж зодсон. Сая гараад явчихсан, би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргээ тогтоолгох хүсэлтэй байна” гээд байсан. Тэгээд ****** юу болсон талаар асуухад “би сая цагдаад дуудлага өгсөн юм. Сая манай дүү ********* архи уучихсан орж ирээд манай нөхөртэй муудалцаад байсан юм. Би тухайн үедээ болсон явдлын талаар тодруулж ******* мэдүүлэг авахад “энэ хоёр муудалцаад харилцан бие биенийгээ цохисон юм” гэж надад мэдүүлэг өгч байсан. ...Тухайн үед надад ******** нөхөр гэх залууд зодуулсан, толгой руугаа цохиулсан гэж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 82-83 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14827 дугаартай “...******** биед дух, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 18-19 дэх тал), “...согтуу хүмүүс орж ирээд агсраад байна...” гэх дуудлага лавлагааны хуудас (хавтаст хэргийн 7 дахь тал),
Шүүгдэгч ******** шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Би эгч дүү хоёр учраа олно байх гэж бодоод гарах гэтэл намайг заналхийлж байснаа араас өшиглөөд дайрсан юм. Би намайг унагаачих байх гэж бодоод өөрийн мэдэлгүй 1-2 удаа цохичих шиг болсон. Би өөрөө цохих зорилготой цохиогүй, сандарсандаа цохичихсон...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогч ******** эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч ******** түүний дух, толгой хэсэгт нь цохисон идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй субьект болох хохирогч *******,******,********** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас, түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдсон гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан.
Эрүүгийн эрх зүйн онолын хувьд гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус санаатай гэсэн төрөлтэй бөгөөд аль аль нь гэмт этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай шинжийг мэдэж, ухамсарласан оюун санааны шинжээрээ адилхан боловч хор уршигт зориуд хүргэхийг хүссэн эсэх шинжээрээ ялгагдана.
Хэдийгээр шүүгдэгч ******** шууд хүний эрүүл мэндэд хохирол учруулах сэдэлт, зорилго байгаагүй байх боловч тухайн үйлдлийн улмаас тодорхойлох боломжгүй хор уршиг учрах боломжтойг урьдчилсан мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, үйлдлээрээ хор уршигт хүргэснийг гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж дүгнэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалт нь аюул занал бодитой оршиж, довтолгоон, халдлага үргэлжилж буй үед өрсөж хамгаалах үед хууль ёсны үйлдэлд тооцогдоно.
Шүүгдэгч ******** нь шүүхийн хэлэлцүүлэгт “намайг ардаас өшиглөөд татахаар нь татаад унагаачих юм болов уу гээд өөрийгөө хамгаалж цохисон” гэж мэдүүлдэг ба шүүгдэгчийн хөл, өгзөгний ард хэсгээс нэг удаа өшиглөсөн үйлдлийг өөрийгөө хамгаалах зайлшгүй шаардлагатай бодит аюул занал учирсан, амь, биед аюултай довтолгоон үргэлжилсэн нөхцөл байдал буюу аргагүй хамгаалалт хэрэглэх зайлшгүй шаардлагатай нөхцөл гэж үзэх боломжгүй.
Шүүгдэгчийн мэдүүлэг нь бусад хэрэгт цугларсан нотлох баримтаар давхар нотлогдоогүй тохиолдолд дангаараа түүнийг цагаатгах үндэслэл болохгүй ба түүний хууль бус үйлдлийг тус дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.
Иймд шүүгдэгч ************ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардлын баримт шүүхэд ирүүлээгүй, “гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзсан” мэдүүлэг гаргасан (хавтаст хэргийн 28 дахь тал) байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч баримт ирүүлж хохирол нэхэмжлээгүй нь түүний гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршгийн зардлыг нэхэмжлэх эрхийг хязгаарлахгүй бөгөөд цаашид баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүгдэгч ********** нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Дөрөв. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч ********* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах...” санал, дүгнэлтийг гаргав.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялаас аль нэгийг сонгон оногдуулахаар хуульчилсан.
Шүүхийн оногдуулах ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зохистой харьцаагаар нийцсэн байх учиртай.
Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч ******** гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.
Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **********,**********,*********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч ********** нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *************** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НАРАНЖАРГАЛ