| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0108/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/107 |
| Огноо | 2024-11-08 |
| Зүйл хэсэг | 10.1.2.7., |
| Улсын яллагч | О.А |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/107
2024 10 ... ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж, шүүгч Б.Н, шүүгч Б.Бнарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч О.А
Иргэдийн төлөөлөгч Б.Ц
Гэрч Б.Б
Шинжээч Б.Н
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Т-ийн Б-т холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, ... настай, яс үндэс ..., ..., .... боловсролтой, ..., ...,... аймгийн ... сум ... дугаар баг, ... гудамжны ... тоотод оршин суух, урьд ... аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 07-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, ... аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 сарын 19-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 06 сарын 28-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Т-ийн Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь Дорноговь аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг орон байрны урд талд 2024 оны 07 сарын 02-ны өдөр согтуурсан үедээ Ц.Ш-ийн толгой руу 98 см урттай, 3,5 см диаметртэй төмрөөр 5 удаа цохиж хүнийг алах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу онц харгис хэрцгийгээр үйлдсэн хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 10 цаг өнгөрч байхад ... сумын төв талбай дээр нэрийг нь мэдэхгүй настай ах, эгч хоёр, Ш, А, Э, бас нэг залуу байсан нэрийг нь мэдэхгүй байна. Бид нар таарч ... сумын ...-р баг төв талбайн баруун талд байх "..." хүнсний дэлгүүрийн хойд талын зайгаар гарч, баруун талаар нь явж байгаад урд талын дэлгүүр хашаа хоёрын голын зайд ирсэн. Тэр настай эмэгтэй өөрийн гар цүнхнээс 0,75 литрийн нэг шил архи гаргаж ирээд тэнд байсан хүмүүс нэг нь архи гаргаж ирээд тэнд байсан хүмүүсийн нэг нь архийг тойруулж байсан. Би дэлгүүр урд талын хана дагуу болон эсрэг талд нь сууж босоод байсан. Архи тойруулж байхад Ш надаас архи харамлаад хөөгөөд байсан. Энэ үед би “явна” гэхэд А надад хандаж “сууж бай” гэж хэлээд бид нар архи ууж дууссан. Ш архи ууж дуусаад газар зүүн талаараа хашаа руу толгойгоо харуулаад хэвтээд өгсөн. Бид нар архи ууж дуусаад А тэр танихгүй залуу хоёр яваад өгсөн ба тэр настай ах, эгч хоёрыг “та хоёр явж бай” гэж хэлэхэд дэлгүүрийн баруун талаар цувраад яваад өгсөн. Э Ш гэх залуугийн зүүн талд би дэлгүүрийн урд талын хана дагуу суугаад үлдсэн. Шийтэр архи уугаад сууж байхад бид хоёр өмнө архи ууж байхад миний өмдний халаасанд байсан мөнгийг авч явсан байсан тул энэ асуудлаас болж бид хоёр маргалдсан юм. Тэгээд би газар байсан трубаг аваад Ш-ийн толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон байх яг хэдэн удаа цохисон талаар санахгүй байна. Ш-ийг цохисон трубаг газар хаячхаад Э-ийн хамт яг дэлгүүрийн баруун талаар гараад яг хашаа явсан талаар санахгүй байна. Нэг мэдсэн чинь цагдаагийн алба хаагч нарын хамт цагдаа дээр ирсэн. Би талбай дээр дээрх хүмүүстэй таарахад тэд нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан ба бид нар ... дэлгүүрийн урд талд нэг шил 0,75 литрийн архи хувааж уусан. Би цагдаа ирээд согтолт шалгадаг багажаар шалгахад 4 хувьтай гарч байсан. Гэм буруугаа ойлгож, хүлээн зөвшөөрч байна, хохирлыг төлж барагдуулах арга хэмжээ авна гэжээ. /хх-ийн 110-111/
Шүүгдэгч Т.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 сарын 02-ны өдөр цагийг нь санахгүй байна. Талийгаач, Э мөн танихгүй 2,3 хүн архи ууж байсан би араас нь очсон юм. Талийгаач намайг “зайл пизда минь дандаа ирж байх юм” гэж хэлсэн. Тэгээд би явах гэтэл А ах “байж бай” гэж хэлсэн. Тэгээд архи ууж дуусаад байж байтал талийгаач намайг хэл амаар доромжлоод байсан. Архи дуусаад хүмүүс яваад Э, талийгаач бид гурав үлдсэн. Тэгээд би намайг яагаад дандаа дээрэлхээд байдаг юм бол гэж бодоод хашраах гэж газар байсан төмрөөр цохисон гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр би ... аймгийн ... суманд төрсөн охин Б.Т-ын гэрт амьдарч байхад 16 цагийн орчимд манай охин Т гэртээ орж ирээд “ах эмнэлэг дээр ухаангүй байна гэж А эгч ярьсан” гэж хэлсэн. Уг нь манай төрсөн хүүхэд Ц.Ш 07 дугаар сарын 02-ны өглөө 10 цагийн орчимд миний гар утас руу хүний гар утсаар залгаж яриад “хоол авч идэх гэсэн чинь мөнгө байхгүй байна танд мөнгө байвал хоолны 30.000 төгрөг хэрэгтэй байна” гэж ярьж би 30.000 төгрөг хүүгийн өгсөн данс руу хийсэн. Тэрнээс хойш миний гар утас руу залгаж яриагүй. Манай төрсөн хүүхэд сүүлийн 5-6 жилийн хугацаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна. Манай хүү архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зуны улиралд ... суманд яг хаана амьдарч байгаа нь тодорхойгүй байдаг юм. Манай төрсөн хүүгийн зан харилцааны хувьд ямар нэг муухай зан авир байхгүй, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй үедээ төрсөн дүү Т-ын гэрийн ажилд тусалж, ажилд сайн хүү байсан. Манай хүү Ц.Ш ... суманд яг хэнийд очдог талаар сайн мэдэхгүй байна. Өөрийн амьдарч байсан хашаандаа машины кабинд амьдарч байсан байх. Миний төрсөн хүү хүний гарт нас барсан тул гомдолтой байна, оршуулгын зардал болон бусад зардлыг нэхэмжилж гаргуулж авна. Манай хүүгийн оршуулгын зардалд 5.133.469 төгрөг гарсан боловч одоог болтол хохирлыг төлж барагдуулсан зүйл байхгүй байгаа гэжээ. /хх-ийн 26-27/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талийгаачийн төрсөн эх нь юм. Эмнэлэг дээр 8 хоног ухаангүй байж байгаад 07 сарын 09-нд нас барьсан. Гомдолтой байна. Оршуулгын зардалд 5,133,469 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
Гэрч М.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр миний бие нөхөр Ц-ийн хамт хөндөөнөөс ... сумын төв руу хоол хүнс цуглуулах гээд орж ирсэн. 11 цагийн орчимд байх талбай дээр архи суудаг хүмүүстэй тааралдаад ... дэлгүүрийн баруун талын зайгаар орж урд талд нь байх хашаа дэлгүүр хоёрын завсар нэг шил архи хувааж уусан. Бид нар архи ууж дуусаад тарсан ба тухайн газар 3 залуу нь үлдсэн. Би хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд Ш зүүн талаараа газарт эвхрээд хэвтэж байхаар нь би дээш нь харуулж халаасанд нь юм хайж байгаад буцаад яваад өгсөн. Нөхөр бид хоёр төв талбай дээр Э, Ш, Б, А нартай таарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Ш Хараа нэртэй нэг шил архи дэлгүүрээс авсан юм, архи ууж байхад бид нар муудалцаж, маргалдсан зүйл байхгүй. Ш гэх хүнд хэн гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна. Би хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд Ш газар зүүн талаараа хэвтэж байхаар нь би дээш нь харуулсан гэжээ. /хх-ийн 36/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 02-ны өглөө би 11 цагийн орчимд ... сумын төв талбай дээр Ш-тэй уулзаад таньдаг Ц, Ц нартай таарч Ш Ц-ын гар утсаар ээж гэх хүнтэй гар утсаар яриад миний дансаар 30.000 төгрөг шилжүүлж авч 0,75 литрийн нэг шил архи, нэг ундаа авсан. Э, Б, бас нэг залуутай таарч бид нар ... дэлгүүрийн баруун талаар тойрч урд талд нь гарч дэлгүүр, хашаа хоёрын дунд бид нар нэг шил архи ууж дуусаад бид нар тарсан. Тэгээд би талбай дээгүүр явж байгаад Ж, Э, Г, шар Н гэх 8-9 хүнтэй таарч өглөө очиж архи уусан газарт очиж мөн дахин нэг шил архи ууж байхад Ш өглөө архи ууж байсан газарт хэвтэж байсан. Бид нар архи ууж дуусаад тарсан. Би буцаж ирээд Ш-ийг хартал толгой хэсгээс цус гарсан байхаар нь би талбайн хажуугаар явж байсан хоёр цагдаагийн алба хаагчид “манай найзыг хүн зодсон байна” гэж хэлсэн. Өглөө төв талбай дээр таарсан Э, Ш, Б, Ц, Ц, нэг залуутай таарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Дахин би дээрх хүмүүстэй ирж нэг шил архи уусан. Бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхдаа муудалцсан маргалдсан асуудал гаргаагүй. Олон жил хамт архи ууж байна шүү дээ. Би Ш найзыг хэн зодсон талаар мэдэхгүй байна. Сүүлд ирээд архи уухад Шийтэр өглөө архи уусан газарт дээшээ харсан байдалтай хэвтэж байхаар нь хартал толгойноос нь цус гарсан байсан. Ш архи ууж байхад ямар нэг хүнтэй муудалцаагүй гэжээ. /хх-ийн 38/
Гэрч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 07:00 цагийн орчим Ш, Э, А, С, бид нар уулзаад ... дэлгүүрийн хажууд орж архи ууцгаасан. Тэгээд хэсэг ууж байгаад архи ууж байсан хүмүүс нэг нэгээрээ явцгаагаад Ш, Б бид гурав тухайн газарт үлдсэн. Би бие засаад зогсож байтал Б, Ш нар маргалдаад Б Ш-ийг төмрөөр толгой руу нь цохиод байсан. Би тухайн үедээ согтуу байсан учраас бас бүдэг бадаг санаад байна. Тэгээд би салгах гээд Б-ийн барьж байсан төмрийг булааж авах гээд “болиоч хүн аллаа” гэсэн чинь Б хоёр тал руугаа тойрч яваад байсан. Тэгээд Б бид хоёр тэндээс гарч алхаад би ... хойд талын саравчинд ороод унтаад өгсөн. Тэгээд би өөр зүйл мэдэхгүй байна. Би тэндээс гараад тасраад унтчихсан байсан. Би бие засаж босож ирээд “болиоч дээ чи” гэж хэлсэн. Тэгээд цааш яваад өгөхөөр нь Б-ийг дагаад явчихсан. Архинаас болсон байх гэж бодож байна. Би яг нарийн шалтгааныг нь мэдэхгүй байна. Хамт нийлээд архи уудаг болохоороо танина. Мөн ... суманд амьдардаг болохоороо нутгийн хүмүүс учраас танина. Ш, Б бид гурав байсан. Өмнө нь байсан хүмүүс яваад өгчихсөн байсан. Өмнө нь хамт архи уусан хүмүүсээс санаж байгаа нь С эгч, А ах, нарыг санаж байна гэжээ. /хх-ийн 43-44/
Гэрч А.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр дуудлагаас хойш ... суманд эрэн сурвалжлах ажиллагаа явуулж 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Т.Б гэгчийг хаана байгаа газрыг олж тогтоон илрүүлж цагдаагийн хэлтэс дээр авч ирж согтуурлын зэргийг хэмжиж үзэхэд 4,26 бүхэлтэй гарсан байсан. Түүний дараа эрүүлжүүлэх гэтэл архины гүн хордлогод орсон байсан. Т.Б гаднаасаа нүд нь хөхөрсөн, баруун мөр нь хөхөрсөн дотуур гэмтэлтэй байж магадгүй байсан тул ... сумын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэхээр болсон. Түүний дараа шөнө Б нь цагдаагийн хэлтсийн байрнаас зугтааж алга болсон. 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр мэдүүлэг авахаар согтуурлыг шалгахад 0 байсан. Орой нь 08 цагаас шөнө 12 цаг 30 минут орчим байж байхад алга болсон тул хайгаад шөнө эрж хайн гэр байрнаас олсон. Тэгээд удалгүй байж байтал Т.Б нь дахин зугтсан байна гэж 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дэд ахлагч Ц.А эрэн хайж олж тогтоогоод одоо Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэгт эмчлүүлээд архины хордлого гаргуулж байгаа гэжээ. /хх-ийн 46-47/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлгийн яаралттай тусламжийн тасгаар тархиндаа гэмтэл ухаангүй хүн байна гээд тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт шилжүүлж авсан. Ц.Ш гэх хүний биеийн байдал маш хүнд ухаагүй комын байдалтай, тархины СТ болон рентген оношлоход тухайн хүний тархины хүнд гэмтэл оношлогдсон. Эмчилгээний 4 өдрийн хувьд комын байдал үргэлжилсэн байна. Зохиомол амьсгалын аппаратад эмчлэгдэж байна. Эмийн эмчилгээ хийлгэж байгаа. Ц.Ш гэх хүний СТ-н дүгнэлтээр их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнд олон тооны цусархаг голомтуудтай, гавлын субдарул зайд хоёр тал 6 см хүртэл зузаан бүхий цус хуралттай, баруун талын субарахнойд зайд сильвиевийн ховил, transversr, тархины эдийн нягтрал буурсан, гавлын субарахнойд зайд сильвиевийн ховил нарийссан, тархи хаван ихтэй, хажуу ховдлуудын хэм тэгш бус арын эврүүд жигд бус нарийссан баг зэргийн цустай, гурав дөрөвдүгээр ховлын байрлал ердийн хэлбэр зөв өргөслөлгүй дотор кавслын бөөмүүд хоёр талдаа тэгш хэмтэй, гавал ясанд баруун талын зулайн хэсэгт цөмөрсөн зөрүүтэй, хоёр талын зулай дагз ясанд шугман хугаралтай. Тухайн хүн комын байдалтай байгаа тул ямар нэг ухаангүй, дотуур цус алдалт үргэлжилж байна гэжээ. /хх-ийн 49/
Гэрч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Амь хохирогч анх хүргэгдсэн үеийг мэдэхгүй байна. Түргэн тусламжийн тасагт ирсэн байх нь би анх харсан. Ухаангүй, толгой боолттой дээшээ харж хэвтсэн байдалтай байсан. Ямар нэгэн хариу урвал байгаагүй, биеийн байдал хүн хүн байсан. Тэгээд ухаан ороогүй байж байгаад 07 сарын 09-нд нас барсан. Эмнэлэгт байх хугацаандаа байнгын амьсгалын аппаратаар амьсгалж байсан, ухаан ороогүй гэв.
Шинжээч М.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2023 оны 07 дугаар сарын 09-ний өдөр шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоолын дагуу Дорноговь аймгийн .... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... хүнсний дэлгүүрийн ертөнцийн зүгээр урд талын зайд 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас иргэн Ц.Ш-ийн толгой хэсэгт турбаагаар цохиж гэмтэл учруулсан гэх хэрэгт шинжилгээнд хүргүүлэн ирсэн төмөр турбанд гарын мөрийн шинжилгээ хийж гарын мөр илрүүлэх зорилгоор хар өнгийн нунтаг болон үслэг багс ашиглан үзэхэд гарын мөр илрээгүй тул гарын мөр илрээгүй гэж дүгнэлт гаргасан. Турбаны төмөр болохоор гадаргуу гөлгөр биш барзгар зэвэрсэн учраас гарын мөр тогтох боломжгүй гэжээ. /хх-ийн 57-58/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 сарын 23-ний өдрийн ... тоот дүгнэлт: 1. 2. 3. Амь хохирогч Ц.Ш-ийн цогцост хийсэн шинжилгээгээр баруун чамархай, дагзанд шарх, зүүн сарвуу, баруун, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Учирсан баруун чамархай, дагзны ясны хугарал нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Баруун чамархай, дагзны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Зүүн сарвуу, баруун, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 5.Амь хохирогч Ц.Ш нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. /хх-ийн 208-216/
Шинжээч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Уг дагз ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтлүүд нь бичиг техникийн алдаа гарч дүгнэлт хэсэгт тусгагдаагүй байна. Нас барсан буюу амь хохирсон хүний биед хохирлын зэрэг тогтоох журамд заасны дагуу хохирлын зэргүүдийг тогтоох боломжтой. Амь хохирогч Ц.Ш-ийн биед учирсан баруун чамархай, дагзны ясны хугарал нь гавал тархины гэмтэлд бүхэлдээ хамаарна. Дагз ясыг хамарсан гурван хугарал гэмтэл тогтоогдсон байна. Дагз ясны хугарал гэмтэл нь дангаараа үхэлд хүргэхгүй. Дагз ясны хугарлаас болж тархины эд гэмтсэнээр үхэлд хүргэсэн байна. Дагз ясны хугарал нь гавал тархины гэмтэл мөн гэжээ. /хх-ийн 218-220/
Шинжээч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дагз ясны хугарал, тархины эдийн няцрал гэмтлүүд нь бичиг техникийн алдаа гарч дүгнэлт хэсэгт тусгагдаагүй байсан. Амь хохирогч нь дагз ясны хугарлаас болж тархины эд гэмтсэнээр үхэлд хүргэсэн. Ийм гэмтэл авсан хүнийг тээвэрлэх боломжгүй, зөвхөн онгоцоор л тээвэрлэх боломжтой байх. Ухаангүй байх үед хохирогч нь өвдөлт, зовуурь, шаналлыг мэдрэх боломжгүй. Тархины үхжилт явагдаж эхэлсэн байсан.
Иргэдийн төлөөлөгч Б.Ц-д шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.Б 2024 оны 07 сарын 02-ний өдөр архинд согтсон үедээ иргэн Ш-ийг төмрөөр цохиж танхайрсан, үүнээс болж иргэн Ш нас барсан байна. Төмөр трубагаар толгой руу нь олон удаа цохисон. Хүний амь насыг хохироосон гэм буруутай гэж үзэж байна гэв.
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07/
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 09-15/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 22/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 сарын 15-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 73-75/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 81-83/
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 07 сарын 18-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 88-89/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хх-ийн 154-176/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 177/
Хохирлын баримтууд /хх-ийн 197-200/
Амь хохирогч Ц.Ш-ийн 2024 оны 07 сарын 09-нд нас барсан тухай гэрчилгээ /хх-ийн 203/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 204-205/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 221-224/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 09 сарын 17-ны өдрийн .... дугаартай албан тоот /хх-ийн 235/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Улсын яллагчаас шүүгдэгчийг онц харгис хэрцгий аргаар хүнийг алсан гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Онц харгис хэрцгий арга гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, ... зэрэг үйлдлийг хамааруулна. Онц хэрцгий гэдэг нь хүн алах арга, мөн гэм буруутны онц харгис хэрцгий байдлыг гэрчилж байгаа бусад нөхцөл байдалтай нягт холбоотойгоор авч үздэг. Онц харгис хэрцгий гэдэгт мөн хүн алах онц хэрцгий арга, түүний үр дагавар болон гэмт этгээдийн хувийн онц хэрцгий авир гэж ойлгож болно. Хохирогчийн толгойнд 5 удаагийн давтамжтайгаар төмрөөр цохиж байгаа шүүгдэгчийн үйлдлийг “онц харгис хэрцгий арга”-аар хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна. Дээрх нөхцөл байдлууд нь амь хохирогчид болон шүүгдэгчийн үйлдэлд тогтоогдоогүй болно.
Харин хэрэгт авагдсан гэрч М.Ц-ын “...Бид нар архи ууж дуусаад тарсан ба тухайн газар 3 залуу нь үлдсэн. Би хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд Ш зүүн талаараа газарт эвхрээд хэвтэж байхаар нь би дээш нь харуулж халаасанд нь юм хайж байгаад буцаад яваад өгсөн.” /хх-ийн 36/, гэрч Б.А-ийн “...Ш өглөө архи ууж байсан газарт хэвтэж байсан. Бид нар архи ууж дуусаад тарсан. Би буцаж ирээд Ш-ийг хартал толгой хэсгээс цус гарсан байхаар нь би талбайн хажуугаар явж байсан хоёр цагдаагийн алба хаагчид “манай найзыг хүн зодсон байна” гэж хэлсэн.” /хх-ийн 38/ нарын мэдүүлэг, камерын бичлэгт авагдсан баримтаар Ц.Ш согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн. Камерын бичлэгт суусан газраасаа босож чадахгүй, зогсож чадахгүй болтлоо согтон сууж байсан газартаа хэвтэж байгаа дүрс авагдсан байсан. Үүнээс дүгнэхэд амь хохирогч Ц.Ш нь согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэж биеэ хамгаалах чадваргүй болсон байхад нь шүүгдэгч Т.Б нь толгойн тус газарт нь төмрөөр 5 удаа цохиж амь насыг нь хохироосон гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс онц хэрцгий аргаар буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хэрэг үйлдэгдээгүй гэж үзэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй. Шүүгдэгчийн үйлдэл нь онц хэрцгий аргаар үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлгүй боловч хохирогчийн биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж толгой руу нь төмрөөр цохиж амь насыг хохироосон нь тогтоогдсон болно.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хүндрүүлэх нөхцөлийн шинжийг өөрчлөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.Б нь ... аймгийн ... сумын ... дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг орон байрны урд талд 2024 оны 07 сарын 02-ны өдөр согтуурсан үедээ Ц.Ш-ийн толгой руу 98 см урттай, 3,5 см диаметртэй төмрөөр 5 удаа цохиж хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч М.Ц “...Бид нар архи ууж дуусаад тарсан ба тухайн газар 3 залуу нь үлдсэн. Би хэсэг хугацааны дараа буцаад ирэхэд Ш зүүн талаараа газарт эвхрээд хэвтэж байхаар нь би дээш нь харуулж халаасанд нь юм хайж байгаад буцаад яваад өгсөн. Нөхөр бид хоёр төв талбай дээр Э, Ш, Б, А нартай таарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.” /хх-ийн 36/, гэрч Б.А-ийн “...өглөө очиж архи уусан газарт очиж мөн дахин нэг шил архи ууж байхад Ш өглөө архи ууж байсан газарт хэвтэж байсан. Бид нар архи ууж дуусаад тарсан. Би буцаж ирээд Ш-ийг хартал толгой хэсгээс цус гарсан байхаар нь би талбайн хажуугаар явж байсан хоёр цагдаагийн алба хаагчид “манай найзыг хүн зодсон байна” гэж хэлсэн. Өглөө төв талбай дээр таарсан Э, Ш, Б, Ц, Ц, нэг залуутай таарч архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн.” /хх-ийн 38/, гэрч Д.Э-ийн “...Тэгээд хэсэг ууж байгаад архи ууж байсан хүмүүс нэг нэгээрээ явцгаагаад Ш, Б бид гурав тухайн газарт үлдсэн. Би бие засаад зогсож байтал Б, Ш нар маргалдаад Б Ш-ийг төмрөөр толгой руу нь цохиод байсан. Би тухайн үедээ согтуу байсан учраас бас бүдэг бадаг санаад байна. Тэгээд би салгах гээд Б-ийн барьж байсан төмрийг булааж авах гээд “болиоч хүн аллаа” гэсэн чинь Б хоёр тал руугаа тойрч яваад байсан. Тэгээд Б бид хоёр тэндээс гарч алхаад би Б-ийн хойд талын саравчинд ороод унтаад өгсөн.” /хх-ийн 43-44/, гэрч Б.Б-ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ц.Ш гэх хүний биеийн байдал маш хүнд ухаагүй комын байдалтай, тархины СТ болон рентген оношлоход тухайн хүний тархины хүнд гэмтэл оношилгосон. Эмчилгээний 4 өдрийн хувьд комын байдал үргэлжилсэн байна. Зохиомол амьсгалын аппаратад эмчлэгдэж байна. Эмийн эмчилгээ хийлгэж байгаа. Ц.Ш гэх хүний СТ-н дүгнэлтээр их тархины баруун тал бөмбөлгийн зулайн дэлбэнд олон тооны цусархаг голомтуудтай, гавлын субдарул зайд хоёр тал 6 см хүртэл зузаан бүхий цус хуралттай, баруун талын субарахнойд зайд сильвиевийн ховил, transversr, тархины эдийн нягтрал буурсан, гавлын субарахнойд зайд сильвиевийн ховил нарийссан, тархи хаван ихтэй, хажуу ховдлуудын хэм тэгш бус арын эврүүд жигд бус нарийссан баг зэргийн цустай, гурав дөрөвдүгээр ховлын байрлал ердийн хэлбэр зөв өргөслөлгүй дотор кавслын бөөмүүд хоёр талдаа тэгш хэмтэй, гавал ясанд баруун талын зулайн хэсэгт цесерсен зөрүүтэй, хоёр талын зулай дагз ясанд шугаман хугаралтай. Тухайн хүн комын байдалтай байгаа тул ямар нэг ухаангүй, дотуур цус алдалт үргэлжилж байна” /хх-ийн 49/ гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 08 сарын 23-ний өдрийн ... тоот дүгнэлт /хх-ийн 208-216/, шинжээч Б.Н шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 218-220/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-07/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 204-205/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийг гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн дүгнэлт байна гэж үзэв.
Хохирлын хувьд:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц нь нийт 5,133,469 төгрөгийг оршуулгын зардалд нэхэмжилсэн байна. Хохирогч нь тус хэргийн улмаас амь хохирсон. Хэрэгт авагдсан баримтаар 3,323,969 төгрөгийн баримт авагдсан байна. 1,809,500 төгрөгийн баримт хэрэгт байхгүй боловч оршуулгын зан үйлийн зардлыг гаргах нь зүйтэй гэж үзлээ. Үүнд алтан хайрцаг нээлгэх, ажил явдалд оролцсон ламын хөлс, гэртээ ном уншуулсны хөлс, газар ухсан 3 хүний хөлс, зэд, шарил ачсан жолоочид өгсөн хөлс гэх мэт зардлууд нь багтсан болно. Шүүгдэгч уг нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгчээс 5,133,469 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц-д олгож шийдвэрлэх. Хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилсэн шаардлага байхгүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц нь сэтгэцэд учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Т.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэргийг харгалзан үзэж хохих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эд мөрийн баримтын хувьд:
Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирсэн 98 см урттай, 3,5 см диаметртэй төмрийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст хүлээлгэн өгөхөөр, бичлэг бүхий 1 ширхэг СД-ийн хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Б нь 2024 оны 07 сарын 08-ны өдрөөс 2024 оны 10 сарын 07-ны өдрийг хүртэл 92 хоног цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцов.
Шүүхэд иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т заасан хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүн алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7-т зааснаар шүүгдэгч Т-н Б-д 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-х оногдуулсан 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-н цагдан хоригдсон 92 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Т.Б-с 5,133,469 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Ц-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 98 см урттай, 3,5 см диаметртэй төмрийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг хэрэгт хадгалсугай.
7. Шүүхэд иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б
ШҮҮГЧИД Б.Н
Б.Б