| Шүүх | Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алтангэрэлийн Бямбажав |
| Хэргийн индекс | 107/2024/0147/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/140 |
| Огноо | 2024-10-28 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Б.Батцэцэг |
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/140
2024 10 28 2024/ШЦТ/140
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2404002080158 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Б.Наранжаргал
Улсын яллагч Б.Батцэцэг
Шүүгдэгч нар оролцов.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, халх, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тэтгэвэрт, ам бүл ганцаараа амьдардаг, (иргэний үнэмлэхний хаягаар Улаанбаатар хот, *******,*******,******* тоот), одоо Улаанбаатар хот, *******,*******,******* хашаанд түр оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял шийтгүүлж байсан, ******* овгийн ******* (РД:).
Яллах дүгнэлтэд холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүрийн 1 дүгээр хороонд байрлах Хүний хөгжлийн ордны гадна талын тоглоомын талбайд ийн тоглож байхдаа гээгдүүлсэн “Samsung Galaxy A24” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:
Шүүгдэгч ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэр буудаг өдөр таксиндаа явж байхад нэг согтуу хүн баарнаас гарч ирээд суусан юм. Тэгээд сүүлд нь машинаасаа нэг гар утас олсон. Тэгээд хүн ирж авахгүй болохоор нь өөрийнхөө симийг хийгээд барьчихсан юм...” гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)
Шүүгдэгч ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн ”...2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр тэтгэвэр буусан өдөр таксинд явж байгаад орой 03 цаг өнгөрч байхад гэртээ харисан. Тэгээд өглөө 09 цаг өнгөрч байхад машинаа цэвэрлээд таксинд гарах гэж байхдаа машин дотроосоо гар утас олсон. Гар утсанд сим карт хийх гэхэд болохгүй болохоор нь хүнээс асуутал наадах чинь программ уншуулж байж ашигладаг юм гэхээр нь “Залуус” төвийн 1 давхарт байдаг засвар дээр очтол кодыг нь гаргаж чадахгүй байхаар нь би Улаанбаатар хот руу таксинд өгч явуулаад кодыг нь гаргуулж авчираад сим картаа хийтэл ажиллаж байхаар нь тухайн гар утсыг ашиглаж эхлэсэн, би тухайн гар утсыг хэний утас болохыг мэдээгүй, дэлгэц нь цоожтой байсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 дахь тал),
Насанд хүрээгүй хохирогч өгсөн “...би 2024 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн өглөө найз Цэлмүүний хамт Хүний хөгжлийн ордны дэргэд байдаг тоглоомын талбай дээр очиж тоглосон юм. Тухайн үед би гар утсаа талбайн захад байдаг сандал дээр тавиад дээрээс нь цүнхээ тавиад үлдээсэн юм. Хэсэг тоглож байгаад ирээд хартал байхгүй байсан. ...миний гар утас хар өнгийн, өнгөгүй гэр хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 12-13 дахь тал),
“Сэлэнгээстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн “Samsung Galaxy A24” загварын гар утасны зах зээлийн үнэлгээ 400,000 төгрөг” гэсэн 343 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18 дахь тал)
“Skytel” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн “...35053255474971, 355827705474978 имэй кодыг шалгахад 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл дугаар бүртгэгдсэн байна. “” дугаарын эзэмшигч *******, , УБ хот, *******, 3-р хороо, 49-19 тоот” гэсэн 24/9576 дугаартай албан бичиг (хх-ийн 54 дэх тал)
“Mobicom” ХХК-ийн 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн “...35053255474971 имэй кодыг шалгахад 2024 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 18:50:26 цагт дугаар бүртгэгдсэн байна. “” дугаарын эзэмшигч *******, ” гэсэн 4/6345 дугаартай албан бичиг (хх-ийн 55-56 дахь тал)
Эд зүйл хүлээн авсан 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тэмдэглэлд “...Самсунг А24 маркын IMEI:350532455474971, IMEI2:355827705474978 дугаартай хар өнгөтэй, дэлгэц бүтэн, дэлгэцэнд шилэн наалттай гар утсыг 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 15 цаг 50 минутанд Цагдаагийн хэлтсийн 109 тоот өрөөнд хүлээн авч, тэмдэглэв...” гэжээ. (хх-ийн 5 дахь тал)
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн тэмдэглэлд “...Самсунг Галакси А24 маркын гар утсыг 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 09 цаг 30 минутанд д хүлээн өгч, тэмдэглэл үйлдэв...” гэжээ. (хх-ийн 6 дахь тал)
ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2004 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар 1 сар баривчлах ял шийтгүүлж байсан...” гэх хуудас, (хх-ийн 34 дэх тал)
ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт зэрэг хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд (хх-ийн 41-42 дахь тал) зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болно.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар
Улсын яллагчаас “…Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна...” гэсэн дүгнэлт
Шүүгдэгчээс “...жаахан хүүхдийн гар утас гэдгийг ёстой мэдээгүй...” гэсэн дүгнэлт тус тус гаргасан.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.
Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.
Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.
Иймд хэргийн бодит байдлыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд мөн.
Шүүгдэгч нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Багануур дүүрийн 1 дүгээр хороонд байрлах Хүний хөгжлийн ордны гадна талын тоглоомын талбайд ийн тоглож байхдаа гээгдүүлсэн “Samsung Galaxy A24” загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч завшиж, хохирогчид 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний компанийн шинжээчийн дүгнэлт, “Skytel” ХХК-аас болон “Мобиком корпораци” ХХК-иас ирүүлсэн албан бичгүүд зэрэг дээрх хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигч, ашиглагчийн хайхрамжгүй, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан, тодруулбал гэмт этгээд бусдын өмчийг өөртөө олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулан захиран зарцуулсан үйлдлийг ойлгоно.
нь гэмт үйлдэлдээ шунахай сэдэлттэй санаатай хандсан болох нь “машинаа цэвэрлээд таксинд гарах гэж байхдаа машин дотроосоо гар утас олсон, ...Залуус төвийн 1 давхарт байдаг засвар дээр очтол кодыг нь гаргаж чадахгүй байхаар нь би Улаанбаатар хот руу таксинд өгч явуулаад кодыг нь гаргуулж авчираад сим картаа хийтэл ажиллаж байхаар нь тухайн гар утсыг ашиглаж эхлэсэн...” гэсэн мэдүүлгээр нь тогтоогдож байна.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “хууль зүйн болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний талаар зохих мэдлэггүй, иргэний үүргээ ухамсарлаагүй, үнэгүй эд хөрөнгөтэй болох санаатай, хувь хүний хэнэггүй байдал” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.
Монгол улсын Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.1 дэх хэсэгт зааснаар “Гээгдэл эд хөрөнгийг олсон этгээд өмчлөгч, эзэмшигчийг мэдэж байгаа бол нэн даруй хүлээлгэн өгөх, хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж шилжүүлэх үүрэгтэй” гэж заажээ. Шүүгдэгч энэ үүргээ биелүүлээгүй төдийгүй гар утсыг өөрийн эзэмшилд байлгаж, эзэмшигчийг мэдэж байсан боловч өгөөгүй, зохих байгууллагад мэдэгдээгүй нь гээгдэл эд хөрөнгийг завшсан үйлдэл мөн.
Гээгдэл эд зүйлс болох гар утас нь нийт 400.000 төгрөгийн үнэтэйг үнэлгээний байгууллага тогтоосон байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг түүнээс доош хэмжээг хэлнэ” гэж заасан тул хохирогчид 400.000 төгрөг буюу бага хэмжээнээс дээш хохирол учирсан гэж үзнэ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйлдэл болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч ын дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч Э.Энэрэл нь “...Утсаа буцааж авсан, надад гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр шүүгдэгч нь хохирол төлбөргүй болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Улсын яллагчаас “…Шүүгдэгч т Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 90 хоногийн дотор төлүүлэхийг даалгах саналтай...” гэсэн дүгнэлт,
Шүүгдэгчээс “...хэлэх зүйлгүй...” гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.
Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь нэг удаагийн ял шийтгэлтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл ганцаараа, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн нөхцөл байдлууд тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.
Иймд улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хянаад, шүүгдэгч Э.Ганбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, бусдад төлөх хохирол төлбөргүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялуудаас торгох ялыг сонгон хэрэглэж 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг т мэдэгдэх нь зүйтэй.
Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргаагүйг тэмдэглэе.
Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн
1, 2, 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл,
36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг
удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар т дөрвөн зуун тавин (450) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган (450.000) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг, биелүүлээгүй бол хорих ялаар солихыг шүүгдэгч т мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурьдсугай.
5. Тогтоол хүчин төгөлдөр болтол т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжилж ирүүлээгүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БЯМБАЖАВ