Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/141

 

 

 

 

2024           10            29                                     2024/ШЦТ/141

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Бямбажав даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулж, Нийслэлийн Багануур дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2404001470165 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад

 Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                  С.Бат-Эрдэнэ

Улсын яллагч                                                  Б.Баттуяа

Шүүгдэгч                                                      Г.******* нар оролцов.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Баян-Өлгий аймгийн Булган суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт (иргэний үнэмлэхний хаягаар Улаанбаатар хот, *******,*******) одоогоор *******,******* хашаанд оршин суух, урьд Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, ******* овгийн ******* ******* (РД:)

           Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд “...шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт эмчилгээ хийлгэж байсан “I phone 13 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах баримтуудыг хэлэлцүүлэв. Үүнд:

Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...хэлэх зүйлгүй, мэдүүлэг өгөхгүй... гэсэн мэдүүлэг (шүүх хуралдааны тэмдэглэлээс)

Мөрдөн шалгах ажиллагааны үед Г.*******ийн өгсөн “...2024 оны 06 дугаар сарын 7-ноос 08-нд шилжих шөнө Багануур дүүрэгт архи уучихаад, унтах гэсэн чинь очих айл байхгүй байхаар нь Багануур эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт яваад очсон. Тэгээд хүлээн авах тасаг руу ортол нэг эмч надаас “та юун хүн бэ” гэхээр, ах нь хөдөөнөөс ирээд “айлаа олохгүй байна, энд жаахан сууж дулаацаж байгаад гаръя” гэж хэлтэл “за за, дулаацаад гараарай”  гэж хэлээд цаашаа эргээд явсан. Тэгээд би дунд талын өрөөний 3 сандал дээр нилээн сууж дулаацаж байгаад цаад өрөө рүү ортол нэг хүн орон дээр унтаж байсан, хажууд нь нэг гар утас байхаар нь хүн гар утсаа орхисон юм байх гэж бодоод, мөн миний гар утас цэнэггүй болоод унтарсан байсан. Тэгээд тухайн гар утсаар хүнтэй ярих гээд аваад гараад явсан. Тэгээд хойшоо гэр хороолол 4 дүгээр хорооны Хэрлэнгийн ойролцоо явж байтал цагдаа ирээд хүний гар утас яах гэж авч явсан бэ, хаана байна гэхэд нь гаргаад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 32 дахь тал)

            Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч өгсөн “...Би 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 05 цагийн орчимд эмнэлгийн хүлээн авах тасгаас өөрийн эзэмшлийн Ай поне про макс 13 загварын гар утсаа алдсан. 00 цагийн орчимд миний нойр булчирхай өвдөөд яаралтай Багануур дүүргийн эмнэлэгт үзүүлэхээр очсон. Ингээд хүлээн авах дээр үзүүлээд 01 цагийн орчимд тариа хийлгээд хэвтсэн. Орон дээр унтаад 04 цагийн орчимд сэрэхэд миний гар утас хажууд байсан. ...Тэгээд дахин унтаад 05 цагийн орчимд сэрэхэд миний утас байхгүй байсан тэгээд цагдаад дуудлага өгсөн. ...Миний хулгайд алдсан гар утас нь Ай поне 13 про макс загварын гар утас, цэнхэр өнгийн кейстэй, дотор талд нь 1 төгрөгийн америк долларын дэвсгэрттэй байгаа. 2022 онд Улаанбаатар хотоос 3,500,000 төгрөгөөр худалдаж авсан. ...миний гар утас 50 хувийн цэнэгтэй байсан. Би хулгайд алдсан утсаа тухайн үеийн зах зээлийн үнэ ханшаар үнэлж байна...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 дэх тал),

            Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч ын өгсөн “...би 2024 оны 6 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө 22 цагаас 08 цагийн хооронд хуваарийн дагуу Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт ээлжийн сувилагчаар ажилласан. Тухайн үед хүлээн авах тасагт 1 эмэгтэй өвдөөд байна гээд ирсэн. Манай хүлээн авах тасаг тухайн эмэгтэйд эмчилгээ үйлчилгээ хийгээд цаад өрөөнд дусал зоогооп орон дээр хэвтүүлээд үлдээсэн. Би тухайн үед хүлээн авах өрөөндөө орж ирсэн хүмүүсийн бүртгэл судалгааг хийгээд тухайн үед хэн орж гарсныг сайн анзаараагүй. ...эмчилгээ хийгдэж байсан өрөөнд байсан эгч миний гар утас алга болчихлоо гээд ороод ирсэн. Тэгээд тухайн үед нөгөө эгч манай хүлээн авах тасгийн утсаар цагдаа дуудсан. ...Нөгөө эгчийн ID кодоор цагдаа нар ороод байршлыг нь хайгаад байх шиг байсан. Нэг их удалгүй нөгөө эгч эргэж орж ирээд гар утсаа олчихлоо гэж хэлээд гараад явсан...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20 дугаар хуудас),

           

            “Сэлэнгээстимэйт” хөрөнгийн үнэлгээний компанийн 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 321 дугаар шинжээчийн “...I phone 13 pro max загварын гар утасны үнэлэгдэж буй эд зүйлийн өнөөгийн зах зээлийн дундаж үнийг 1.900.000 төгрөгөөр тогтоов...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 28 дугаар хуудас)        

            Шүүгдэгч Г.*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан “...Төв аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзах, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 3 дугаар шүүхийн 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан...” гэх тэмдэглэл, шийтгэх тогтоолын хуулбарууд (хх-ийн 48-59-р хуудас)          

            Хүний биед үзлэг хийсэн “...хувцсанд үзлэг хийхэд хар өнгийн LG загварын гар утас нэг ширхэг, сим картны үүр нэг ширхэг, хар өнгийн кэйс нэг ширхэг, цэнхэр өнгийн “I phone pro max 13” маркийн гар утас байсныг хураан авав...” гэсэн тэмдэглэл (хх-ийн 11-р хуудас)

            Эд зүйл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “I phone 13 pro max загварын гар утас, юнителийн сим, картны үүр, 1 ширхэг 1 долларын дэвсгэрт, тухайн гар утасны цэнхэр өнгийн кэйсийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгөв” гэсэн тэмдэглэл (хх-ийн 15-р хуудас)

Иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа,  хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн тодорхойлолт, нийгмийн даатгалын нэгдсэн сүлжээний лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа  /хх-н 35-41-р хуудас/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримтууд болно.

           Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:

Улсын яллагчаас “…Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай…” гэсэн дүгнэлт

Шүүгдэгчээс “хэлэх зүйлгүй...” гэж тус тус дүгнэлт гаргасан.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд ******* холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэв.

              Шүүх хэлэлцүүлсэн нотлох баримтууд болон талуудын дүгнэлтийг сонсоод дараах дүгнэлтүүдийг хийж байна. Үүнд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн болон гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршигийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь хэргийн үйл баримт, зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй болно.

              Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу гаргуулж бэхжүүлсэн, тэдний мэдүүлгийн агуулга нь өөр хоорондоо зөрүүгүй төдийгүй нотлогдвол зохих нөхцөл байдлуудыг гэрчилсэн байна.

Прокуророос ирүүлсэн яллах дүгнэлтэд заасан гэмт хэргийн зүйлчлэлтэй  шүүгдэгч маргаагүй, яллагдагчаар болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ гэм буруугаа хүлээн мэдүүлсэн нь хохирогчийн мэдүүлэг болон бусад бичгийн баримтуудаар давхар батлагдлаа.

Эд зүйлийн үнэлгээг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан үнэлгээнийхээ хариуцлагыг хүлээх чадвартай тусгай эрх бүхий шинжээч гаргасан байх ба уг үнэлгээтэй талууд маргаагүй байна.

Иймд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны бөгөөд болсон үйл явдал, нөхцөл байдлыг хангалттай нотолж чадсан, үнэн зөв баримтууд гэж дүгнэв.

            Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнийн 05 цагийн орчимд Багануур дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүлээн авах тасагт эмчилгээ хийлгэж байсан “I phone 13 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.900.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хохирогчийн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээ зэрэг дээрхи хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч Г.******* нь хулгайн үйлдэлдээ шунахайн сэдэлттэй, санаатай хандсан болох “согтуудаа хүнтэй утсаар ярих гээд авч гарсан” гэсэн мэдүүлгээр нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “өмчлөх эрх”-ийг зөрчсөн үйлдэл мөн.

Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг “шүүгдэгч нь амар хялбар аргаар эд хөрөнгө, мөнгө олох, хохирогчийн хайхрамжгүй байдал” зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж дүгнэв.

Хулгайн үйлдлийн улмаас хохирогч 1.900.000 төгрөгийн хохирол учирсан болох нь эд хөрөнгийн үнэлгээгээр тогтоогдож байх ба шүүгдэгч нь “I phone 13 pro max” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж дүгнэх үндэслэл боллоо.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болон сэдэлт, үйлдэлдээ хандсан санаа, зорилго, хохирлын шинжийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалттай харьцуулаад Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул Прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.

Хохирогчид 1.900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд эд зүйл, бусад баримтыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлд “I phone 13 pro max загварын гар утас, юнителийн сим, картны үүр, 1 ширхэг 1 долларын дэвсгэрт, тухайн гар утасны цэнхэр өнгийн кэйсийг 2024 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээлгэн өгөв” гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас “…Шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд оруулж байна...” гэсэн

            Шүүгдэгчээс ”... хөдөө мал малладаг учир хөнгөн ялаар шийтгэж өгнө үү...“ гэсэн тус тусын дүгнэлтүүдийг гаргажээ.

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.******* нь ам бүл ганцаараа, тогтмол оршин суугаа хаяг байхгүй, одоогоор тоот хашаанд эгчийндээ оршин сууж байгаа, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилгыг ханган, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэх шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч ******* оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Г.*******ийг энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэв.

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тодорхойлж ирүүлээгүй болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1; 2; 4 дэх хэсгүүд, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* зургаан (6) сарын хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  ******* оногдуулсан зургаан (6) сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч Г.******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, прокурор, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол эсэргүүцлийг шийдвэр гаргасан анхан шатны шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргахыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, ******* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                            А.БЯМБАЖАВ