| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0114/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/113 |
| Огноо | 2024-10-29 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., 27.11.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 2024/ШЦТ/113
2024 10 29 2024/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Б
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт М-ийн Б-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр ... аймгийн ...суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ..., ..., ам бүл ..., ... хамт ... аймгийн ... сумын ... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Х овогт М-ийн Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэд авагдсанаар/
Шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан, мансуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг эрчмийн ...тоот хашааны гадаа Nissan Sunny /Ниссан санни/ маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Х.Ч-г дайрч эрүүл мэндэд нь цээж хэвлийн хавсарсан гэмтэл, цээжний хоёр талд хавиргануудын хоёрлосон, гурвалсан хугарал, цээж хэвлийн хөндийд цус хуралт, уушгины язрал, няцрал, элэгний язрал, капсул дорх цус хуралт гэмтлүүдийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж амь насыг хохироосон, мөн амь хохирогч Х.Ч-г Nissan Sunny маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрч амь насыг хохироохдоо хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 05 дугаар сарын 10-ний өглөө хөдөөнөөс найз Б-ны хамт мотоциклтой сундалдаж төрсөн дүү Ц-ын гэрт ирсэн тэгтэл С гэх залуу машинаа унаад ирэхээр нь Б С-с машинаа зарах уу гэж асуусан чинь С эхнэрээсээ асууя гээд бид 3 С-ийн гэрт ирээд машины наймаа хийсэн тэгээд С-ийн эхнэртэй Б бид хоёр ... сумын ...-р багт байрлах “...” худалдааны төвийн хаан банкны ЭТМ-ээс 1 сая төгрөг авч өгөөд буцаад С-ийн гэрт нэг шил 0,5 гр Хараа нэртэй архи хувааж уугаад тэндээсээ 13 цаг өнгөрч байхад Б бид хоёр хөдөө гэрээ эргээд буцаад 17 цагт .. суманд ирээд “...” хоолны газарт хоол авч идээд бас 1 ширхэг 500 гр лаазтай пиво авч уусан. 19 цаг өнгөрч байхад хоолны газраас машинаа унаад машины арын суудал дээр Б “сайхан хоол идлээ шөнө хонь манаж хоносон болохоор ядраад байна би хэсэг зуур амарлаа” гээд арын суудал хэвтээд өгсөн. Би Б-ны машиныг унаад хөдөө гэр лүүгээ буцах санаатай “...” барилгын материалын дэлгүүрийн урд гэр хорооллын шороон замаар явж “...” дэлгүүрийн шороон зогсоол дээр зогсох санаатай зөөлөн явж байтал миний хажуу талын машин гарах гээд ухрах үйлдэл хийхээр нь би зай тавьж өгөөд хажуу тийшээ дараад орох гэтэл машины урд талд хүн байсныг хараагүй хаазаа гишгээд орсон чинь машины урд байсан хүнийг мөргөсөн. Тэгээд би “хүн дайрчихлаа” гээд буцаад ухарсан тэгтэл машины урд хүн хэвтэж байсныг харсан би айсандаа сандраад тэр чигтээ гудмаар явж байгаад гэр байрны баруун талын засмал замаар яваад засмалаас салах уулзвар дээр зүүн гар тийшээ эргээд буух гэтэл замын цагдаа зогсоож шалгасан цагдаа “та бичиг баримтаа шалгуулна уу” гэхээр нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөөд шалгуултал тэр цагдаа надаа хандан “танаас архи үнэртэж байна” гэж хэлсэн намайг цагдаагийн хэлтэс дээр авчирч согтуурал шалгах багажаар үлээлгэхэд 2,75 хувийн согтолттой гарсан тэгтэл та машинаараа хүн мөргөж амь насанд хүрсэн байна гэхээр нь би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Тухайн үед талийгаачийг машинаараа дайрч унагаад айсандаа эмнэлгийн тусламж үзүүлээгүй тэр чигтээ зугтаагаад явсан. Буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна. Машин жолоодох эрхийн үнэмлэхийн хугацаа нь дууссан хүчингүй болсон байгаа. Би огт харж байгаагүй хүн байсан танихгүй. Б хараагүй байхаа би хүн мөргөчихлөө гэсэн чинь Б гайгүй юу гэж байсан тэгэхээр нь би гайгүй байхаа гээд шууд яваад өгсөн. Би хүлээн зөвшөөрч байна миний буруу. Хэрэг болдог өдөр Б 2 сая төгрөгөөр худалдан авсан харин 1 сая төгрөгийг нь дараа дараа өгөхөөр С гэх хүнтэй Б тохиролцож авсан машин байсан. Б машин барих эрхийн үнэмлэх байхгүй хөдөө очиж барьж сурах санаатай авсан машин байсан тэгээд би машиныг нь барьж яваад ийм хэрэг хийсэндээ үнэхээр гэмшиж байна. Би 2007 мөнгөөр нь худалдан авсан жолооны курс төгсөөгүй. Би Дорноговь аймгийн ... сумын сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.З 2024 оны 09 сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан тогтоолыг өмгөөлөгчийн хамт уншиж танилцлаа хүлээн зөвшөөрч байна. Би урд өгсөн мэдүүлэгтээ буруу зөрүү мэдүүлсэн байна. Миний буруу би ямар ч жолооны курст сууж байгаагүй жолооч биш гэжээ. /хх-ийн 25-27, 149/
Шүүгдэгч М.Б шүүх хуралдаан дээр өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний төрсөн эцэг Х.Ч нь ... оны ... сарын ...-ны өдөр... аймгийн ... суманд төрсөн ... мэргэжилтэй эхээс гурвуулаа талийгаач маань айлын том ууган хүү, аав маань миний төрсөн ээж болох Х.Г-тай ... онд гэр бүл болж дундаасаа 15 хүүхэд гаргаж амьдарч байгаад 2010 онд тусдаа салж амьдарсан, талийгаач маань ... онд Хилийн цэргийн ...-р ангид хугацаат цэргийн алба хаасан. Аав маань ... суманд хөдөө мал маллаж амьдардаг байгаад 2024 оны 01 дүгээр сард надтай хамт амьдарч байсан. Хааяа архи согтууруулах ундаа хэрэглэдэг төлөв даруу ажилд сайн хүнд тусархуу их сайн хүн байсан. Талийгаач маань 2015 онд тал цус харвалт өгч эмчилгээ хийлгэж байгаад биеийн байдал зүгээр болсон байсан. Би талийгаачтай 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 09 цагт гэрээсээ гарахдаа хамгийн сүүлд уулзсан өдрийн 12 цаг 30 минутын үед утсаар холбогдож аав нь хүүгээ аваад гэртээ ирсэн байна гэж ярьж байсан түүнээс хойш холбоо бариагүй би шөнө 00 цаг өнгөрч байхад гэртээ ирээд шууд амарсан талийгаач руу залгаагүй харин өглөө манай эмээ миний... дугаарын утсаар залгаад аав нь гэртээ ирсэн үү гэж хэлэхээр нь би аав гэртээ ирээгүй ирж хоноогүй гэсэн чинь эмээ маань манайхаар ороод гараад явсан гэж хэлж байсан. Тэгээд 7 настай хүүтэйгээ утсаар холбогдон өвөө чинь хаана байна гэсэн чинь манай хүү мэдэхгүй би эмээгийнд байж байгаад өвөө эмээгийнхээс гараад явсан гэхээр нь талийгаачийн утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Талийгаач аав маань биеийн байдал зүгээр хэвийн байсан. Би өөр зүйл огт мэдэхгүй байна. Тухайн хэргээс болж манай гэр бүл болон ах, дүү, төрөл садангийн зүгээс ямар нэгэн сэтгэцэд учирсан хохирол байхгүй мөн сэжигтэн этгээдээс оршуулгын зардал болох 5,300,000 төгрөгийг өгсөн байгаа. Тухайн хэргээс дахин мэдүүлэг өгмөөргүй буруутай этгээдээс нэхэмжлэх зүйл байхгүй тул миний оролцоогүй энэ хэргийг шийдэж өгнө үү. Гомдол санал байхгүй. Энэ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү гэж хүсмээр байна гэжээ. /хх-ийн 29-35/
Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Ингээд гэртээ ирээд бага насны хоёр хүүхэд болох Н /... настай/, Э /.... настай/ нарын хамт байхад гадаа машинтай юм мөргөх, эсвэл юман дээгүүр гарахаар дуугардаг тийм “Тар, няр” гэсэн чимээ гарсан юм. Манайх монгол гэрт байдаг болохоор энэ чимээ тод, чанга сонсогдсон юм. Яагаад машин мөргөх, юман дээгүүр гарах чимээ гэж бодсон гэхээр өмнө өөрөө Тоёота Приус 20 маркийн машинтай явж байгаад том машины дугуй мөргөж байсан юм. Тиймээс гадаа машин юм мөргөх юм уу, юман дээгүүр гарчихлаа гэж бодсон, мөн манай яг хашааны гадна, тэр хэсэгт заримдаа хүмүүс ирээд машин тэргээ орилуулаад шарваад манай урд ирээд тойроод буцаад байдаг юм. Манай гудамжинд машин засварын газар байдаг юм, тэгээд машинаа засуулчхаад хүмүүс шалгаж байгаа юм уу, яаж байгаа юм манай гадаа ирээд тойроод яваад байдаг. Тэгээд би гэрээсээ гараад эхлээд хашааныхаа завсраар харахад саяны тэр үхсэн хүн байсан газарт нэг машины гэрэл харагдсан юм. Би эхэндээ яг хашаа руугаа ойртож хараагүй болохоор тэр машины гэрлийг нь л харсан, тэр үед араас манай хүү бас “Юун чимээ вэ” гээд гарч ирэх гэхээр нь би түүн рүү “Цаашаа бай, гэртээ ор, согтуу юмнууд хашаа цөмлөөд ороод ирж магадгүй” гэж хэлж оруулчхаад хашааныхаа хаалга нээгээд дөнгөж гарахад манай хадам ах Б яг өөдөөс ирж таарсан юм. Би эхэндээ ах дээр хараа төвлөрөөд цаад талыг нь хараагүй, тэгээд цааш хараа гүйлгээд харсан чинь нөгөө хашааны гадна зогсож байсан ухраад гудамжны голд зогсчихсон. Би тэр хооронд Б ахад “Өчигдөр бас манай гадаа хүмүүс машин орилуулаад байсан юм, энэ машин байж магадгүй” гээд яриад зогсож байхад нөгөө машин эргээд манай гудамжаар баруун тийш явчихсан. Би тэр машиныг яаж эргээд явсныг нь сайн анзаараагүй, тэгээд ахад “Тэр машин энд зогсож байсан” гээд тэр зүг рүү харахад тэнд нь нэг дээлтэй хүн хэвтэж байсан, тэр хүний яг дээгүүр нь гараад буцаад ухраад гараад явсан юм шиг тийм машины дугуйны мөр харагдсан юм. Би утасныхаа гэрлийг тусгаад тэр хүн рүү дөхөж харахад хамар амраас нь цус гарчихсан байсан. Би айгаад ахад “Яанаа энэ хүн хөдлөхгүй байна аа, түрүүнээс хойш” гэхэд Б ах “Тэгвэл хамаагүй хөдөлгөж, ойртож болохгүй шүү” гээд цагдаа, эмнэлэг рүү дуудлага өгсөн юм. Ахыг дуудлага өгөхөд 20 цаг 36 минут болж байсан гэсэн. Би яг хараагүй гэхдээ тэр машин тэр хүнийг дайрсан гэж бодсон. Яагаад гэвэл тийм юм мөргөх, юман дээгүүр гарахаар машины гупр чинь нэг тийм “Тар, няр” гээд чимээ гардаг шүү дээ, яг тийм аймар чанга чимээ гарсан. Тэр машин ухрахад ч мөн яг тэгж дуугарсан юм. Тэгэхээр нь тэр хүнийг дайраад дээгүүр нь гарчихсан юм байна гэж бодсон. Өөрөөр хэлбэл 2 удаа тийм чимээ гарсан. Мөн тэр машин ухраад явсных нь дараа харахад машины байсан мөрнийх нь яг дунд нь тэр хүн хэвтэж байсан юм. Тэр хүн анх намайг харахад л хөдөлгөөнгүй байсан, тэр чигтээ огт хөдлөөгүй, нас барчихсан юм шиг байсан. Тэр машин цайвардуу өнгөтэй байсан. Цагаан гэхээр тод болчихно, тэгэхээр цагаан бол биш, саарал л өнгөтэй харагдах шиг болсон. Гадаа харанхуй болохоор өнгийг нь тэгж л харсан, гэрэл нь тусгал муутай, шарласан гэрэлтэй байсан, мөн тийм нэмэлт гэрэл байгаагүй. Би маркийг нь хэлж мэдэхгүй байна, Тоёота “Chaser”, “Марк 2” ч юм шиг нэг тиймэрхүү суудлын жижиг машин байсан. Би тэр үедээ сандраад тэр машины номер дугаарыг хараагүй, тэр үедээ Б ахаас “Та номерыг нь харсан уу” гэсэн чинь нэг тоо хэлээд байсан. Тэгээд цагдаа, эмнэлэг гээд дуудлага өгч байгаад тоогоо жоохон мартсан юм шиг байна лээ, ямар ч байсан “84”-өөр эхэлсэн гэж ярьж байсан. Би машинаас өөр содон зүйл анзаараагүй ээ. Тэр үед манай ах Б нэг машинтай найзаараа хүргүүлээд ирж таарсан учир тэр машиныг харсан гэжээ. /хх-ийн 37-39/
Гэрч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: ...Ж.Б-ийн амьдардаг ... сум ... дугаар баг ... тоотод хаягт хүргэж өгөх гээд “...” авто засварын хойд талын гудамжаар орж найзын хашааны баруун тийшээ эргэж хашааны машин ордог хаалганы хажуу талд ирж зогсож, манай найз машинаас буух үед хашаанаас манай найзын бэр дүү нь гарч ирсэн. Энэ үед машины гэрэлд машины зүүн урд талд газарт нэг дээлтэй эрэгтэй хүн хэвтэж байсан ба манай найз бэртэйгээ юм яриад надаас цагдаагийн утас мэдэх үү гэж асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд би машинаа хойш нь ухраагаад зүүн тийшээ хөдлөөд явсан. Намайг хашааны гадна очиж зогсоход гудамжинд хоёр суудлын тээврийн хэрэгсэл зогсож байсан яг ямар маркийн тээврийн хэрэгсэл болон улсын дугаарыг хараагүй. Би найзыгаа буулгаж өгөх үед газарт дээлтэй хүн хэвтэж байхаар нь согтуу хүн байна даа гэж бодоод, тэр хоёр тээврийн хэрэгслийг анзаарч хараагүй. Би найзыгаа хүргэж ирэхэд үед манай найзын бэр дүү нь хашаанаас гарч ирсэн, газар нэг хүн хэвтэж байсан, хоёр суудлын тээврийн хэрэгсэл харагдаж байсан, өөр хөдөлгөөн байсан талаар анзаарч хараагүй, буцаад хөдөлгөөн хийхэд яваад өгсөн. Би тухайн үед салхитай шуургатай байсан тул анзаарч хараагүй, ямар ч байсан газарт нэг дээлтэй хүн хэвтэж байсан. Ямар нэг мөр анзаарч хараагүй гэжээ. /хх-ийн 41/
Гэрч Ж.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Орой 20 цаг 34 минутын орчимд манай найз О ... авто засварын хойд талын гудамжаар орж манай гэрийн зүг яваад манай хашаа руу баруун тийшээ эргэж хашааны машин ордог хаалганы хажуу талд манай найз машинаа зогсоож, би машинаас буугаад найздаа өглөө уулзах талаар хэлэхэд үед хашаанаас манай бэр А гарч ирж байсан ба манай найз машинаа хойш нь ухрах үйлдэл хийгээд явсан. Би бэр А-аас “яасан юм бэ ахын дүү” гэж асуухад “юм мөргөх шиг чимээ гарахаар нь би гэрээс гараад ирлээ” гэж хэлсэн, энэ үед цаг агаарын нөхцөл байдлын хувьд харанхуй болж, шороон шуурга намдаж байсан манай хашаанаас ертөнцийн зүгээр баруун тийш байдаг бохирын хоолойны хажуугаар саарал өнгийн суудлын япон машин маш зөөлөн хөдөлгөөн хийгээд баруун тийшээ гудамжаар яваад өгсөн. Энэ үед манай хашаанаас ертөнцийн зүгээр баруун тийшээ 15-20 метрийн зайд дээшээ харсан байдалтай, эрэгтэй хүн хэвтэж байсан ба тухайн хүн суудлын тээврийн хэрэгслийн дугуйны мөрөн дунд хэвтэж байсан. Манай бэр нөгөө газар хэвтэж байсан хүн лүү дөхөж очоод хөөе ах аа гэж дуудахад хөдлөхгүй байна гэж надад хэлэхээр нь би ахын дүү очиж болохгүй шүү саяны машин мөргөчхөөд зугтаачихлаа цагдаа дуудна гэж хэлээд би 20 цаг 36 минутанд Цагдаагийн 70527101 дугаар луу залгаж цагдаа юу дуудлага өгөх гэсэн юм гэж хэлэхэд цагдаа биш байна Онцгой байдлын алба байна манай дугаарын арынх нь 102 гэж залга гэж ярьсан. Тэгээд би 70527102 дугаарын гар утас руу залгаж манай хашааны гадаа хүн байна сая машин мөргөчхөөд зугтаачих шиг боллоо хүн нь хөдлөхгүй байна гэж дуудлага өгсөн. Мөн ... сумын Нэгдсэн эмнэлгийн 70527103 дугаар гар утас руу залгаж манай хашааны гадна хүн хэвтэж байна машин мөргөсөн юм шиг байна гэж ярихад цагдаад мэдэгдсэн юм уу гэж асуухаар нь энэ талаар мэдэгдсэн гэж ярьсан. Удалгүй цагдаагийн алба хаагч нар ирээд манай хажуу талын барилгын дэлгүүр буюу "..." дэлгүүрийн хяналтын камерын бичлэг байж магадаггүй гэж хэлсэн. Би гэрийн гадна найзаараа хүргүүлж ирэхэд манай хашааны баруун талын бохирын хоолойны хажуугаар саарал өнгийн суудлын япон машин хөдөлгөөн хийгээд явсан, улсын дугаарыг сайн анзаарч хараагүй, тухайн машины хойд талын улсын дугаарын эхний тоо нь 8 шиг харагдсан, улсын дугаарын эхний үсэг нь д үсэг шиг харагдсан, хуучин машин шиг харагдсан, хойд талын гупер нь эвдрэлтэй юм шиг харагдсан. Манай найз намайг гэрт хүргэж өгөх гээд ... авто засварын газрын хойд талаар явж байхад бид хоёрын урд тал хар өнгийн Harrier маркийн тээврийн хэрэгсэл хөдөлгөөн үйлдээд явж байгаад манай хашааны баруун талын айлын гадна зогссон. Тухайн хар машин хаашаа явсан талаар анзаарч хараагүй гэжээ. /хх-ийн 42-43/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны өглөө хөдөөнөөс найз Б-ийн хамт мотоциклтой Б-ийн төрсөн дүү болох Ц-ын гэрт ирээд байж байхад С гэх залуу ирэхээр нь би С-аас машинаа зарах уу гэж асуусан чинь С эхнэрээсээ асууя гээд бид 3 С-ийн гэрт ирж эхнэрээс нь машинаа зарах уу гэтэл С-ийн эхнэр нь зарна гэж хэлэхээр нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2 сая төгрөгөөр худалдан авахаар тохиролцож нэг сая төгрөгийг нь бэлэн өгч дараа нэг сая төгрөгийг нь өрөхөөр болоод С-аас машиныг худалдан авсан С-ийн гэрт нэг шил 0,5гр Хараа нэртэй архийг С, Б хоёр хувааж уугаад тэндээсээ 13 цаг өнгөрч байхад Б-өөр машин бариулаад бид хоёр хөдөө гэртээ очоод мал хуйгаа эргээд 17 цагт ... суманд орж ирээд "..." гэх хоолны газарт хоол авч идээд Б 1 ширхэг 500 гр лаазтай пиво авч уусан би 2022 оноос хойш архи согтууруулах ундаа огт хэрэглэхээ байсан учир уугаагүй 19 цаг өнгөрч байхад хоолны газраас Б машин бариад би арын суудал дээр шөнө хонь манаж хоносон болохоор ядраад хэсэг зуур амарсан тэгтэл Б машинтай яваад байсан Б “би хүн мөргөгчөө” гэхээр нь “хүүе ээ гайгүй юу” гэтэл Б “гайгүй байхаа” гэж хэлээд “шууд явъя” гээд буцаж ухраад тэр чигтээ гудмаар яваад гэр байрны баруун талын засмал замаар нийлээд засмалаас салах гэтэл замын цагдаа зогсоож шалгаж бид хоёрыг цагдаагийн хэлтэс дээр авчирч согтуурал Шалгах багажаар үлээлгэхэд би 0,00 хувийн эрүүл гарсан тэгтэл хэсэг цагдаа нар орж ирээд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг хэн барьж явсан бэ гэж асуухаар нь Б би барьж явсан гэж хэлтэл Б-ийг аваад замын цагдаагийн өрөөнөөс гарсан өөр зүйл болоогүй. Тухайн үед Б талийгаачийг машинаараа дайрчхаад би мэдээгүй гудмаар явж байхад Б миний дайрсан хүн гайгүй байхаа гэж байсан талийгаачийг Б машинаар дайрахад ямар нэгэн дуу чимээ мэдрээгүй би хэсэг зуур унтаж байсан юм өөр зүйл мэдэхгүй байна гэжээ. /хх-ийн 47-48/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн ... тоот дүгнэлт: 1.Амь хохирогч Х.Ч-ийн биед хавсарсан гэмтэл: цээж, хэвлийн хавсарсан гэмтэл, цээжний хоёр талд хавиргануудын хоёрлосон, гуравласан хугарал, цээж хэвлийн хөндийд цус хуралт, уушгины язрал няцрал, элэгний язрал, капсул дорх цус хуралт, зүүн дунд чөмөгний хугарал, духны баруун хэсэгт үстэй хэсгийн заагт зулгаралт, баруун хацарт зулгаралт, дээд уруулд цус хуралт, 2 нүдний зовхи болон склерт цус хуралт, хамрын үзүүр хэсэгт зулгаралт, эрүүний зүүн талд зулгаралт, нуруунд бүсэлхий хэсэгт, баруун өгзгөнд зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсэгт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна. Эдгээр гэмтлүүд үхэлд шууд нөлөөлсөн болно. 3.Амь хохирогч нь цээж, хэвлийн хавсарсан гэмтэл, цээжний хоёр талд хавиргануудын хоёрлосон, гуравласан хугарал, цээж хэвлийн хөндийд цус хуралт, уушгины язрал няцрал, элэгний язрал, капсул дорх цус хуралт гэмтлүүдийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж нас баржээ. 4.Нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дунд зэргийн согтолттой байсан байна. /хх-ийн 51-58/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаар дуудлага мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-15/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 16-22/
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59/
“...” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэн шинжээчийн 2024 оны 07 сарын 06-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 70-72/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 сарын 26-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 76-79/
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 81-83/
Ослын техникийн 2024 оны 08 сарын 25-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 83-85/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолууд /хх-ийн 132/
Драгерын бүртгэл, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 133-136/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 140-141/
Хохирол төлсөн баримт /хх-ийн 151/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч М.Б нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтуурсан, мансуурсан үедээ 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн ...сумын... дугаар баг ... тоот хашааны гадаа Nissan Sunny /Ниссан санни/ маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага /ажилтан/-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” мөн дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргаж Х.Ч-г дайрч эрүүл мэндэд нь цээж хэвлийн хавсарсан гэмтэл, цээжний хоёр талд хавиргануудын хоёрлосон, гурвалсан хугарал, цээж хэвлийн хөндийд цус хуралт, уушгины язрал, няцрал, элэгний язрал, капсул дорх цус хуралт гэмтлүүдийн улмаас зүрх судасны хурц дутагдалд орж амь насыг хохироосон,
мөн амь хохирогч Х.Ч-г Nissan Sunny маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслээр дайрч амь насыг хохироохдоо хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Б.А-ын /хх-ийн 37-39/, гэрч С.О-ын /хх-ийн 41/, гэрч Ж.Б-ийн /хх-ийн 42-43/, гэрч Б.Б-ны /хх-ийн 47-48/ нарын мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 сарын 31-ний өдрийн ...тоот дүгнэлт /хх-ийн 51-58/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 59/, “....” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэн шинжээчийн 2024 оны 07 сарын 06-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 70-72/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 07 сарын 26-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 76-79/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 07 сарын 30-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 81-83/, ослын техникийн 2024 оны 08 сарын 25-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 83-85/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, мөн дүрмийн 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг шүүгдэгч М.Б зөрчсөний улмаас Х.Ч-ийн амь нас хохирсон нь шүүгдэгчийн үйлдлээс шууд хамааралтай, шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 7,000,000 төгрөгийг бэлнээр, 4,000,000 төгрөгийн үнэ бүхий 1 толгой үхэр, 2 толгой хонь өгсөн гэх боловч хх-ийн 151 дүгээр хуудсан дахь ХААН банкны болон Төрийн банкны баримтаар нийт 7,000,000 төгрөгийг Ө-ийн дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байна. 4,000,000 төгрөгийн үнэ бүхий мал өгсөн нь баримтын хүрээнд тогтоогдоогүй болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон уг зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа шүүгдэгч нь үйлдсэн хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардалд 7,000,000 төгрөгийг төлсөн, анх удаа хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлэн оногдуулсан болно.
Эд мөрийн баримтын хувьд:
Тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирсэн дээлний мөнгөлөг өнгийн бөөрөнхий товч 1 ширхэг, автомашины номерын цагаан өнгийн хагархай хүрээ 1 ширхэг, дугуй хэлбэртэй тамхины хагархай 1 ширхэг сав зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст хүлээлгэн өгөхөөр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт М-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдэж хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч М-ийн Б-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 8 /найм/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч М.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн нийт 1/нэг/ жил 1 /нэг/ сарын хорих ялаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.1 дүгээр зүйлийн 8.5-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дээлний мөнгөлөг өнгийн бөөрөнхий товч 1 ширхэг, автомашины номерын цагаан өнгийн хагархай хүрээ 1 ширхэг, дугуй хэлбэртэй тамхины хагархай 1 ширхэг сав зэргийг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б