Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 177

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга И.Буманбаяр,

Улсын яллагч М.Гантулга,

Шүүгдэгч Н.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Өөлд овгийн Наймаахүүгийн Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201625023013 дугаар хэргийг 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1995 оны 10 дугаар сарын 24-ны өдөр Өмнөговь аймаг Мандаловоо суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бага боловсролтой,
мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг сүүж 2 дугаар гудамжины 5 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй,

 

            Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг шүүх тэнсэж 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Өөлд овогт Наймаахүүгийн Дөлгөөн /РД:КД95102418/,

 

 Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

         Шүүгдэгч Наймаахүүгийн Дөлгөөн нь 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг шүүх 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан тэнсэнгийн хугацаандаа:

-2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Хос ган” эмийн сангаас хохирогч Ц.Оргилмаагийн 580.000 төгрөгний үнэтэй Айфоне-6 маркийн гар утсыг,

-2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдвартын автобусны эцсийн буудал дээр Зүүн салаа чиглэлд суух гэж байсан хохирогч Э.Энхмандахын халааснаас Самсунг галакси Эс-5 маркийн 300.000 төгрөгний гар утсыг,

-2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17 цагийн орчим шинэ Драгон худалдааны төвийн гар утасны нэгж зардаг лангуун дээрээс хохирогч А.Нямдэлгэрийн 350,000 төгрөгний үнэтэй Айфоне 5 маркийн гар утас, 15,000 төгрөгний үнэтэй чихэвч, 8000 төгрөгний үнэтэй гар утасны гэр зэрэг нийт 373,000 төгрөгний үнэтэй эд зүйлсийг давтан үйлдлээр хулгайлж бусдад нийт 1.253.000 төгрөгний бага бус хэмжээний хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн,

 

         Мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 46 дугаар байрны гадна иргэн Д.Хандаагийн барьж явсан 780.000 төгрөгийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлмөөр байна. Хурлын өмнө надад хүн туслаж хохирол төлбөр төлөх гэсэн амжаагүй…” гэв.

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчимд би Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төв дотор ганцаараа дэмий тэнээд ганц 2 пиво уучихсан халамцуу явж байсан. Тэгтэл Драгон төвийн үсчинд орж үсээ засуулахаар болж үсээ засуулчихаад гарч явахад уг төвийн 1 давхарт гар утасны нэгж, ахуйн бараа зардаг лангууны хойд талд байх дөрвөлжин модон тавиур дээр Айфоне маркийн цагаан өнгийн гар утас чихэвч нь залгаатай байхаар нь хулгайлж аваад гарсан. Тэгээд 30.000 төгрөгөөр зараад авсан мөнгөөрөө 2-3 шил пиво аваад Өргөө кино театрын ард байдаг "ОА-9" нэртэй тоглоомын газар тоглож хоносон. Би 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 2 жилийн тэнсэн харгалзах ялаар шийтгүүлсэн бөгөөд тэнсэнтэй байх хугацаандаа Далай ээж захын хажууд явж байгаад “Ач Фарм” гэх эмийн сангаас “Айфоне” маркийн гар утас хулгайлсан бөгөөд Сүхбаатарын цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсээд хоригдож байгаа юм. Би 2016 оны 10-р сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хороо 45-р байрны орц руу нэг настай эгч тортой юм бариад орох гэж явахад нь араас дагаж яваад сугандаа хавчуулсан явж байсан жижиг цүнхтэй мөнгийг булааж авч зугтсан тэгэхэд цүнх задраад мөнгө нь газар цацагдсан би цүнхийг аваад байрны хажуугаар тойроод хүнсний дэлгүүр рүү орсон тэгэхэд нөгөө эгч миний араас ороод ирхээр нь би цүнхийг дэлгүүрийн хөлдөөгч рүү хийсэн тэр үед дэлгүүрийн худалдагч эгчид таны цүнхийг хөлдөөгч рүү хийсэн гэж хэлсэн нөгөө эгч цүнхээ хөлдөөгчөөс аваад цагдаагийн газарт дуудлага өгсөн тэгээд удалгүй цагдаагийн хүмүүс ирээд намайг аваад явсан. Би 2016 оны 12-р сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3-р хороо Хангай зочид буудлын урд байрлах цагаан өнгийн 5 давхар байшингийн хажууд байрлах эмийн санд орж ширээн дээр байсан Айфоне маркийн мөнгөлөг өнгөтэй гар утасыг хулгай хийж авсан тэгээд тэндээсээ гараад Цэцэг төвийн урд явж байгаад үл таних хүнд унааны мөнгө төгрөг байхгүй байна та энэ гар утасыг аваач гээд 70,000 төгрөгөөр зарж борлуулсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 94-105 дугаар хуудас/,

 

               Хохирогч Ц.Оргилмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 13 дугаар байранд байрлах Тан хос" эмийн санд ажлынхаа байранд байхдаа лангуун дээрээсээ “Ай фоне 6” маркийн гар утсаа алдсан. Тэгээд ажлынхаа камерыг шүүж үзэхэд 20-25 орчим насны эрэгтэй хүн миний гар утсыг хулгайлж байгаа нь бичигдсэн байсан. Тухайн этгээд нь камерын бичлэгээр ганцаараа явж байгаа харагдсан. 2016 оны 07 дугаар сарын 27-ны өдөр хуучин хэрэглэж байсан гар утсыг 770,000 төгрөгөөр авч байсан одоо 680.000 төгрөгөөр үнэлнэ…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

               Хохирогч Д.Хандаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутагт Ардын эрхийн автобусны буудлын урд талд байрлах АТМ-ээс бэлэн 780,000 төгрөг авч түрийвчиндээ хийгээд хойшоо гуравдугаар сургуулийн урд замаар хөндлөн гараад 45 дугаар байр луу тойроод явтал миний сугавчилж явсан түрийвчтэй мөнгийг нэг залуу булааж аваад эргээд зугтсан ....тэр залуу миний түрийвчийг аваад байр тойроод зугтсан би ...араас нь хүнсний дэлгүүр орсон тэгтэл нөгөө залуу зогсож байсан би очоод түрийвчээ авъя гэтэл би мэдэхгүй надад байхгүй гээд байсан тэгтэл дэлгүүрийн худалдагч хүүхэн наад залуу чинь хогийн сав руу юм хийх шиг болсон гэхээр нь хогийн савыг үзтэл миний түрийвч байсан түрийвчээ нээгээд үзтэл бүх юм бүрэн бүтэн байсан. ..Миний түрийвчийг булааж авсан залуугийн нэг хөл нь муу байх шиг байсан би шууд дор нь барьж авсан тэгээд хажууд явж байсан залууд хэлээд цагдаа дуудаж өгсөн. Энэ залуу надаас гадна өөр хүмүүсийн эд зүйлсийг булааж байсан эсэхийг шалгах нь зүйтэй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр дугаар хуудас/,

 

               Хохирогч Ш.Энхмандахын мэдүүлэг: “…2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Халдвартын автобусны эцсийн буудалд "Зүүн салаа" чиглэлийн автобусанд суух үедээ куртикныхээ зүүн талын халааснаас гар утсаа хулгайд алдсан. Тэгтэл нэг энгийн хувцастай өөрийгөө цагдаа гэж хэлсэн хүн намайг “чи гар утсаа алдсан уу” гэж асуухад би тиймээ гэж хэлэхэд ийшээ машинд суугаад хүлээж бай гэсэн. Би гар утсаа 2016 оны 10 дугаар сард 380.000 төгрөгөөр Тэди төвийн мобикомын салбар төвөөс худалдан авч байсан. 300.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү…” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 50 дугаар хуудас/,

 

               Хохирогч А.Нямдэлгэр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 1 дүгээр сарын 25-ны орой 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутагт байрлах Шинэ драгон төв дотор 1 давхарт байх ажлынхаа байранд сууж байгаад хажуу талын лангууны хүнд туслахаар явсан байхад арынхаа лангуун дээр тавьсан байсан “Ай фоне-5” маркийн гар утас, чихэвч, гадуурхи 3 а кейсийн хамт алдсан. Би гар утсаа 2014 онд худалдан авч байсан бөгөөд одоо гадуур худалдаанд 350.000 төгрөгөөр зарагдаж байгаа тул гар утсаа би 350.000 төгрөгөөр үнэлж байна. Уг этгээдийг олж хохирлоо гаргуулж авмаар байна…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68 дугаар хуудас/,

 

    Гэрч Д.Ганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…Би Улаанбаатар хотын Цагдаагийн газрын 4 дүгээр хэлтсийн эрүүгийн төлөөлөгч ажилтай. Н.Дөлгөөн нь манай халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтэний бүртгэлд байдаг хүн байгаа юмаа. 2017 оны 1 дүгээр сарын 09-ны өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт Халдвартын автобусны эцсийн буудал орчим албан үүргээ гүйцэтгэж явахад халаасны гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн сэжигтэний бүртгэлд авагдсан Н.Дөлгөөн нь "Зүүн салаа" чиглэлийн автобусны урд хаалга орчим зогсож байхаар нь очиж шалгахад “Самсунг галакси голд S-5” маркийн гар утсыг автобусан доогуур шидсэн.Тэгээд би автобусыг ухрааж байгаад гар утсыг авч хохирогчийг Н.Дөлгөөний хамт ажил руугаа авч явж тайлбар байцаалт авсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/,

 

Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор

“Оргилмаа” гэсэн хар бичигтэй саарал өнгийн дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргав…” гэжээ /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл:

“…Бичлэгийн эхний секундэд эмийн сангийн лангуу харагдах ба лангуун дээр тооцооны пос машины дэргэд нь хар өнгийн гар утас байрласан байдалтай харагдаж байв. Бичлэгийн 11 дэх секундэд сэжигтэн Н.Дөлгөөн орж ирэх ба эмийн сангийн лангууны дэргэд ирж зогсох ба хохирогчийн гар утсыг хулгайлж байгаа нь бичигдсэн байна…” гэжээ /хх-ийн 11-13 дугаар хуудас/, 

 

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл: “...IMEI /990004906310598/00/ сериал дугаартай шаргал өнгийн SAMSUNG GALAXY S-5 маркын гар утас тэмдэглэл хөтлөн хураан авав...” гэжээ /хх-ийн 45 дугаар хуудас/

 

Эд зүйлийн үнэлгээ: “...

  • “...“Айфоне 6” маркийн гар утас – 580.000 төгрөг...” гэжээ /хх-ийн 8 дугаар хуудас/

Эд зүйлийн үнэлгээ: “... “

  • “Самсунг галакси эс 5 гоулд” маркийн гар утас – 300.000 төгрөг… гэжээ /хх-ийн 47 дугаар хуудас/,

 

Эд зүйлийн үнэлгээ: “... “

  • “Айфоне 5” маркийн гар утас – 350.000 төгрөг
  •  чихэвч - 15.000 төгрөг
  • Гар утасны гэр – 8.000 төгрөг… гэжээ /хх-ийн 66 дугаар хуудас/,

 

            Гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5, 21, 41, 59 дүгээр хуудас/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 46 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Дөлгөөний иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 111 дүгээр хуудас/, ял шалгасан хуудас /хх-ийн 112 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримт /хх-ийн 117-120, 125-148 дугаар хуудас/, гэрч Э.Ариунзаяагийн мэдүүлэг /хх-ийн 149 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

 Шүүгдэгч Н.Дөлгөөн нь урьд бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж ялтай байх хугацаа дуусаагүй байхдаа давтан үйлдлээр

-2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо “Хос ган” эмийн сангаас хохирогч Ц.Оргилмаагийн 580.000 төгрөгийн үнэ бүхий “Айфоне-6” маркийн гар утсыг,

-2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр Халдвартын автобусны эцсийн буудал дээр Зүүн салаа чиглэлд суух гэж байсан хохирогч Э.Энхмандахын халааснаас 300.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг галакси Эс-5” маркийн гар утсыг,

-2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 17 цагийн орчим шинэ Драгон худалдааны төвийн гар утасны нэгж зардаг лангуун дээрээс хохирогч А.Нямдэлгэрийн 350.000 төгрөгийн үнэтэй “Айфоне 5” маркийн гар утас, 15.000 төгрөгийн үнэтэй чихэвч, 8.000 төгрөгийн үнэтэй гар утасны гэр зэрэг нийт 373.000 төгрөгийн үнэтэй эд зүйлсийг хулгайлж, бусдад нийт 1.253.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

      Мөн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 46 дугаар байрны гадна иргэн Д.Хандаагийн барьж явсан 780.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.Дөлгөөний шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч Д.Хандаа, Ц.Оргилмаа, Э.Энхмандах, А.Нямдэлгэр нарын мэдүүлэг, гэрч Д.Ганбаярын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, эд мөрийн баримтаар хэрэгт хавсаргах тогтоол, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

 Шүүгдэгч Н.Дөлгөөнийг бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэргийг давтан үйлдлээр хулгайлсаны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бөгөөд “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш зургаан сар өнгөрсөн” хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Дөлгөөнд ял оногдуулахдаа хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд гэмт хэрэг давтан үйлдсэн байх тул сүүлийн буюу энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас заримыг нэмж нэгтгэн биечилэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.  

Шүүгдэгч Н.Дөлгөөн нь эрхэлсэн тодорхой ажилгүй, түүний нэр дээр ямар нэг хөрөнгө байгаа болох нь баримтаар нотлогдон тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх боломжгүй байна. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хадгалах хугацаа дуустал хавсаргаж, шүүгдэгч Н.Дөлгөөнөөс хохирогч Э.Энхмандах, Д.Хандаа нарын хохирлын эд хөрөнгийг буцаан өгсөн ба харин шүүгдэгчээс 953.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Оргилмаад 580.000 төгрөгийг, хохирогч А.Нямдэлгэрт 373.000 төгрөгийг тус тус олгох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Дөлгөөний цагдан хоригдсон 26 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                    

                                                                                               ТОГТООХ нь:           

 

            1. Өөлд овгийн Наймаахүүгийн Дөлгөөнд давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасны улмаас бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус бүр тооцсугай.

2. Шүүгдэгч Н.Дөлгөөнд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар “хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар Н.Дөлгөөнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Шүүгдэгч Н.Дөлгөөнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Дөлгөөнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн №03 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 08 /найм/ сарын хугацаагаар хорих ялын зарим болох 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Н.Дөлгөөний эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дөлгөөний цагдан хоригдсон 26 /хорин зургаа/ хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь хавсаргасугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дөлгөөнөөс 953.000 төгрөгийг гаргуулж Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо 10-р гудамжны 96 тоотод оршин суух хохирогч Ц.Оргилмаад /УЮ95061701/ 580.000 төгрөгийг, Орхон аймаг Баян-Өндөр сум булагийн 17-р гудамжны 7 тоотод оршин суух хохирогч А.Нямдэлгэрт 373.000  төгрөгийг /ФА94052220/ тус тус олгосугай.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Н.Дөлгөөнд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр байлгаж, эдлэх ялыг 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт тус тус зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Дөлгөөнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ДУЛАМСҮРЭН