| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2024/0115/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/115 |
| Огноо | 2024-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/115
2024 11 01 2024/ШЦТ/115
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Д.З
Хохирогч Э.Б
Шүүгдэгч З.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт З-ийн З-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... аймаг ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., ... боловсролтой, ... мэргэжилтэй, ... аймгийн ... сумын .... ажилтай, ам бүл ..., ... хүүхдийн хамт ... аймаг ... сум ...-р баг ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ж овогт З-ийн З /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 сарын 15-ны өдөр шөнө 21 цаг 00 минутын орчимд Дорноговь аймгийн ... сумын ... дугаар баг ... тоотод Э.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас түүний биед баруун 11,12 дугаар шүдний сулрал, урууланд шарх, эрүүнд зулгаралт, хамар ясны хуучин хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.З мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2024 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 23:00 цагийн орчимд М гэх нутгийн дүү рүү залгаад “хамт ганц хоёр лааз пиво ууя” гэж хэлсэн чинь М “найзуудтайгаа ууж байна та хүрээд ир” гэхээр нь Б-ийн гэрт ирээд тэнд байсан хүмүүс нэг шил виски уугаад дуусаж байсан. Би өөрөө 2 том пиво аваад очсон. Тэрийгээ хувааж ууцгаагаад байж байгаад гэнэт Б “ах хоёулаа гараад нэг үзчих үү” гэхээр нь “дэмий байхаа ахын дүү” гэж хэлээд сууж байтал Б үгээр идээд “найз нөхдийнхөө хажууд л томрох юм байна л даа” гэх мэт зүйл яриад байхаар нь уур хүрээд босож ирээд нүүрний хэсэгт нь нэг удаа өшиглөтөл хойшоогоо савж унаад хэвтсэн. Тэгээд би яваад өгсөн. Тэгээд би гэртээ очоод байж байтал тэнд хамт байсан нэг залуу нь “та хүрээд ир” гэхээр нь би яваад очтол цус нилээн гоожсон дээд талын хоёр шүд нь хөдөлчихсөн байсан. Намайг өшиглөх үед юм ууж байгаад стакан руу өшиглөөд хагарсан юм байна лээ тэрийг нь би сүүлд нь мэдсэн. Э.Б нь намайг найз нарынхаа хажууд томордог, “гараад үзчих үү” гэх мэтээр үгээр идээд байсан тул би өшиглөсөн. Э.Б миний биед халдаж зодсон асуудал байхгүй. Би Б-ийн нүүрний хэсэгт нэг удаа өшиглөсөн өөр зодолдсон асуудал байхгүй. Улаанбаатар хотод эмчилгээ зардал 210,000 төгрөг болсон гэж хэлэхээр нь 400,000 төгрөг шилжүүлсэн. Өөр одоогоор өгсөн төлбөр байхгүй. Миний биед ямар нэгэн учирсан гэмтэл шарх байхгүй. Би Э.Б-ийг өшиглөж гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна гэжээ. /хх-ийн 43-44/
Шүүгдэгч З.З шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн шөнө 2 найзын хамт пиво уусан. Тэгээд эдний найз М луу залгаад хамт пиво уух уу гэхэд найз нарын хамт байна гэхээр нь би очиж болох юм уу гэтэл хүрээд ир гэсэн. Тэгээд очоод пиво ууж байхад Б үгээр идээд байсан юм. Тэгээд би уур хүрээд нэг өшиглөсөн юм. Тэгээд гэртээ байж байтал нэг найз нь яриад намайг ирээч гэсэн. Яваад очтол шүд нь цөмөрсөн байсан. Тэр шөнө эмнэлэг орж үзүүлье гэхэд ороогүй. Тэгээд маргааш нь хот явсан байсан. Хотод очоод хамар гэмтсэн гэсэн зүйл ярьсан тул дахин хамт үзүүлье гэтэл ажил болоогүй юм. Би өөрөө бас хамрын хугарал авч байсан учир гайгүй хагалгаа хийх эмнэлэг мэдэж байсан юм. Тэрийг санал болгоход зөвшөөрөөгүй. Сүүлд нь өөрөө эмнэлгээр яваад 5 сая төгрөгөөр хамрын хагалгаанд орсон гэж хэлсэн. Баримт нь эрүүл мэндийн үйлчилгээ гэж бичигдсэн байсан. Эмчилгээнд нь 400,000 төгрөгийг төлсөн гэв.
Хохирогч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2024 оны 06 дугаар сарын 15-ны орой 09-10 цагийн орчимд найз Г.Б, Х.М, Г.А нарын хамт ... сумын ... тоотод пиво уух гээд сууж байтал манай сумын ах 3.З манай найз М руу залгаад “дүү нар ууж байгаа юм уу хамт сууя” гэж хэлээд 4 лаазтай пиво, 2 том пиво, 200 гр виски, 1 ширхэг 0,75 литрийн архи ууцгаасан. Тэгээд тухайн архи дарсаа ууцгаагаад байж байгаад З ахтай өнгөрсөн жилийн ... сумын сагсан бөмбөгийн лиг дээрээс болж маргалдаад “танай баг түрүүлэх ёсгүй байсан” гэх мэтээр үгээр өдөөд байсан. Тэгэхэд нь би “та тэгээд яах гээд байгаа юм бэ гараад үзчих юм уу” гээд асуухад “үгүй” гээд инээгээд доош хараад сууж байсан. Тэгээд би урдаа байсан шилэн аягатай ундааг аваад ууж байтал миний нүүр лүү гэнэт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хэсэг ухаан балартаад сэртэл би мишок нөмөрчихсөн цус их гоожоод хэвтэж байсан. Би нүүрээ барьж үзтэл миний 2 шүд байрнаасаа хөдөлсөн хойшоогоо хазайсан байсан. Тэгээд намайг өшиглөх үед нүүрэн дээр шилэн аяга хагарсан тул уруул гэх мэт нүүрний хэсгүүдэд зүсэгдсэн байсан. Тэгээд би ... суманд очтол “маргааш өглөө ир шүдний эмч байхгүй” гэхээр нь Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн. Хамт архи ууж сууж байгаад өмнө жилийн сагсны аваргад “танай баг авахгүй байсан юм” гэх мэтээр үгээр идээд байсан. Тэгээд би “та тэгээд яах гээд байгаа юм гараад үзчих үү” гэтэл “үгүй” гэж байснаа л гэнэт намайг ундаа уух үед нүүрний хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Миний биеийн 2 шүд хөдөлсөн, нүүрний хэсэгт олон газарт жижиг зүсэгдсэн, уруулын хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл учирсан. Би өөрт учирсан хохирол болох 5,655,910 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна. Мөн сэтгэцэд учирсан хохирол 3,293,407 төгрөг нэхэмжилж байна. Би цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа мөн тэр зардлаа тухайн үед нь авмаар байна. Миний дээр дурдсан хохирлоос төлсөн төлбөр байхгүй. Харин хамгийн анх зодуулаад эмнэлэгт үзүүлэх үеийн зардал гэж 400,000 төгрөг өгсөн байгаа. Би тухайн зардлын баримт байхгүй учраас хохирлын баримтад оруулж чадсангүй гэжээ. /хх-ийн 07-10/
Хохирогч Э.Б шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: 8 сарын сүүлээр гэмтэл авсан. Тэр хугацаанаас хойш би өөртөө итгэлгүй болсон, хоол унданд муудсан байгаа. Тэр шөнө босоод миний шүд мэдрэгдэхгүй байсан. Сумандаа үзүүлэх гэсэн шүдний эмч байхгүй байсан тул аймаг руу явахаар болсон боловч манай найз нар бүгд архи уусан байсан тул маргааш нь Сайншанд орсон. Эрүүл мэндийн даатгал төлөөгүй байсан тул үзэхгүй гэсэн. Тэгээд би буцаад сумандаа ирээд хамар бас гэмтсэн байна гэж З-д хэлсэн. Тэгтэл манайг ... очиж үзүүл гэж хэлээд би үзүүлэхэд эмч нар нь ажилтай болсон гэж хэлээд үзлэгээ больсон. 8 сарын дундуур З руу залгасан боловч утсаа огт авахгүй алга болсон. Хамар хугарсан тул би амьсгалж чадахгүй болсон. 09 сарын 07-нд би хамрын хагалгаанд орсон. Нийт 8,947,540 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээ хийлгэж байхад 400,000 төгрөгийг авсан. Өгсөн 400,000 төгрөгөөс авсан эмчилгээний зардал, вагоны тасалбараа хэрэгт хавсаргаагүй гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас намайг томилсон тул эрүүгийн хэрэгт нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Э.Буян-Эрдэнэ нь Эрүүл мэндийн Даатгалын сангаас 61,950 төгрөгийн зардал Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч 3.З-аас гаргуулж Эрүүл мэндийн Даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 17-18/
Шинжээчийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн ... дугаартай дүгнэлт 1.Э.Б-ийн биед баруун 11,12-р шүдний сулрал, урууланд шарх, эрүүнд зулгаралт, хамар ясны хуучин хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн гэмтэл тогтоогдлоо. 4.Цаашид хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 23/
Шинжээчийн 2024 оны 08 сарын 26-ны өдрийн ... дугаартай сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох дүгнэлтэд 1.Хохирогч Э-ын Б /РД:.../-ийн сэтгэцэд 2024 оны 06 дугаар сарын 15-наас 16-ны шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хор уршиг учирсан байна. 2.Э-ын Б-ийн сэтгэцэд гэмтлийн дараах стрессийн хариу урвалын шинжүүд хөнгөн түвшинд илэрч байна. 3.Энэ нь хүний сэтгэцэд учирсан хор уршгийн нэгдүгээр зэрэглэлд хамаарна. 4.Шинжилгээний явцад өөр зүйл илрээгүй /хх-ийн 27-28/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/
Хохирогчийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 04/
Иргэний нэхэмжлэгч байгууллагын хохирлын баримт /хх-ийн 12-13/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 38-40/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн лавлагаа, оршин суух газрын хаягийн бүртгэлтийн лавлагаа /хх-ийн 50-52/
Хохирлын баримт /хх-ийн 55-73/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 74-75/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч З.З нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 06 сарын 15-ны өдөр шөнө 09 цаг 00 минутын орчимд Дорноговь аймгийн ... сумын ... тоотод Э.Б-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар нүүрэн тус газарт хөлөөрөө өшиглөсний улмаас түүний биед баруун 11,12 дугаар шүдний сулрал, урууланд шарх, эрүүнд зулгаралт, хамар ясны хуучин хугарал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Б-ийн “...Тэгээд би урдаа байсан шилэн аягатай ундааг аваад ууж байтал миний нүүр лүү гэнэт хөлөөрөө өшиглөсөн. Тэгээд хэсэг ухаан балартаад сэртэл би мишок нөмөрчихсөн цус их гоожоод хэвтэж байсан. Би нүүрээ барьж үзтэл миний 2 шүд байрнаасаа хөдөлсөн хойшоогоо хазайсан байсан. Тэгээд намайг өшиглөх үед нүүрэн дээр шилэн аяга хагарсан тул уруул гэх мэт нүүрний хэсгүүдэд зүсэгдсэн байсан.” /хх-ийн 07-10/ гэх мэдүүлэг, шинжээчийн 2024 оны 07 сарын 22-ны өдрийн ... дугаартай дүгнэлт /хх-ийн 23/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч З.З-ын гэм буруутай үйлдэл, хохирогч Э.Б-д учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Э.Б нь эмчилгээний зардалд нийт 5,654,140 төгрөгийг нэхэмжилсэн боловч хэрэгт 40,000 төгрөгийн Капитрон банкны худалдан авалтын баримт /хх-ийн 57/ нь юунд зарцуулсан нь тодорхойгүй хэрэгт хамааралтай хохирлын баримт болох нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн хохирогч нь InterCharm эмнэлэгт 5,000,000 төгрөгийн хамрын хагалгаанд орсон гэх боловч тус эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 55/, “...” гэх 5,000,000 төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт баримт /хх-ийн 59/ хоёр нь хохирогчийг 5,000,000 төгрөгийн хамрын хагалгаанд орсныг нотлох баримтын шаардлагыг хангахгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч нь хэрэгт гарсны дараа хохирогчид 400,000 төгрөгийг эмчилгээний зардалд төлсөн мөнгөө хохирогчийн нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцохгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгчээс эмчилгээний зардалд 614,140 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,293,400 төгрөг нийт 3,907,540 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д олгож, хамрын хагалгааны 5,040,000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Иргэний нэхэмжлэгч байгууллагын нэхэмжилсэн 61,950 төгрөгийг 2024 оны 11 сарын 01-ний өдөр төлж барагдуулсан байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч З.З нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол, хор уршгийг төлж барагдуулахаа илэрхийлсэн тайлбар, хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг харгалзан үзэж торгох ялыг оногдуулсан болно. Шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлтийн болон орлогын байдлыг харгалзан үзэж торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүхэд эд мөрийн баримт болон түүний иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт З-ийн З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З-ийн З-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.З нь оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 600,000 төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3-д зааснаар шүүгдэгч З.З-аас 3,907,540 төгрөгийг гаргуулж хохирогч Э.Б-д олгож, хамрын хагалгааны зардал 5,040,000 төгрөг болон цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг, нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймаг Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ