Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 183/ШШ2021/01518

 

2021 оны 07 сарын 08 өдөр            Дугаар 183/ШШ2021/01518        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, 5 дугаар хороолол, ХД39 дүгээр байр 00 тоот хаягт оршин суух, М овогт Г.Б /РД:УП000000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, Их хуралдай оффис 000 тоотод байрлах, ЗЭЭ /РД:0000000/-д холбогдох,

Гэрээний үүрэгт 51,090,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Г.Б нь 2020 оны 3 дугаар сарын 20-ний өдөр А.Г ХХК- ийн гүйцэтгэх захирал Г.П-тай Мерседес Бенз С63 маркийн автомашиныг 50,000,000 төгрөгөөр зээлээр худалдах худалдан авах гэрээ байгуулж 0000 дугаартай нотариатын гэрээ байгуулсан. Энэхүү гэрээний дагуу А.Г ХХК-ний нэр дээр Мерседес Бенз С63 маркийн автомашиныг шилжүүлсэн.Гэрээгээр автомашины үнийн дүн 50,000,000 төгрөг ба сарын 2 %-н хүү төлөх, гэрээ байгуулсан өдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс эхэлж 2 сарын хугацаанд хүү тооцохгүй ба 2 сарын дараагаас эхэлж үнийн дүнгийн 2 хувь буюу 1,000,000 төгрөгийг cap бүрийн 20-ны дотор төлж, 2021 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 50,000,000 төгрөгийг төлөхөөр гэрээ байгуулсан боловч хариуцагч А.Г ХХК нь хүү төлөхгүй гэрээний үүргээ биелүүлэхгүй байна. Хариуцагч гэрэээний хүү, алдангид 3,839,129 төгрөг төлсөн, Приус маркийн авто машиныг 17,000,000 төгрөгийн үнэд тооцуулж өгсөн. Хариуцагчаас шилжүүлсэн нийт 3,839,129 төгрөгийг гэрээний хүү алдангид тооцож, гэрээний үнэ 50,000,000 төгрөгийн үнээс 17,000,000 төгрөгт тооцсон приус машины үнийг хасаж үлдэх 34,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ...А.Г ХХК нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу Mercedes Benz С63 маркийн 0000 УБС загварын автомашиныг худалдан авсан. Бидний зүгээс гэрээний үндсэн төлөлтөд 2021 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Prius маркийн автомашиныг 17,000,000 төгрөгт тооцон нэхэмжлэгчид шилжүүлсэн. Гэрээнд заасан хүүгийн төлөлтөд 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 1,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр 766,660 төгрөг, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 733,333 төгрөг, 12 дугаар сарын 22-ны өдөр 233,333 төгрөг, 10 дугаар сарын 21-ний өдөр 734,000 төгрөг, 01 дүгээр сарын 25-ны өдөр 200,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сараас 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хүүгийн төлбөрт нийт 3,839,129 төгрөгийн төлөлтийг төлсөн.

Түүнчлэн гэрээ байгуулах үед бид машиныг 50,000,000 төгрөгийн үнэлгээтэй хэмээн итгэж, эд зүйлийн үнийн талаар төөрөгдөн гэрээ байгуулсан. Автомашиныг бусад этгээдэд төлбөрт тооцон өгөхөөр хэлэлцээр хийхдээ зах зээлийн үнэлгээ 30,000,000 төгрөг болох талаар олж мэдсэн юм. Тухайн үед нэхэмжлэгч Г.Б ойрын хүн бидэнд худалдсан автомашиныг 35,000,000 төгрөгт тооцон худалдахаар фэйсбүүкт зар тавьсан байсныг олж мэдсэн тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас нийт 24,506,461 төгрөгийг хасаад 25,493,539 төгрөг дээр эвлэрэх боломжтой. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү ...." гэв.

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч А.Г ХХК-д холбогдуулан 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгож, 51,090,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээг хүчингүй болгох шаардлагаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 51,090,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байжээ. /х.х-ийн 31 хуудас/

Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 17,090,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 34,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Нэхэмжлэгч Г.Б 2020 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ... нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, өөрчлөх, эвлэрэх, .... бүрэн эрхийг 3 жилийн хугацаатай Д.Б-т итгэмжлэлээр олгосон байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг багасгах эрхтэй байна. /х.х-ийн 10 дугаар хуудас/

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Г.Б 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр WDW000000F000000 арлын дугаартай, 0000 УБС улсын дугаартай, Мерседенз бенз C63 /Mercedes benz C63/ маркийн, 00000000 гэрчилгээний дугаартай тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр, төлбөрийг бүрэн төлөх хүртэлх хугацаанд нэг сарын 2 хувийн хүү тооцохоор, төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар хариуцагч А.Г ХХК-тай зээлээр худалдах,худалдан авах гэрээ гэх нэртэй талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасантай нийцэж байна. /х.х-ийн 5 хуудас/

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

Зохигчдын хооронд хийсэн 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 0000 дугаартай Зээлээр худалдах-худалдах авах гэрээ дээрх хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул нэхэмжлэгч хариуцагчаас гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

Дээрх гэрээний дагуу хариуцагч А.Г ХХК-ийн өмчлөлд гэрээний зүйл болох WDW0000000F000000 арлын дугаартай, 0000 УБС улсын дугаартай, Мерседенз бенз C63 /Mercedes benz C63/ маркийн, 00000000 гэрчилгээний дугаартай тээврийн хэрэгсэл шилжсэн болох нь Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн өмчлөгчийн дэлгэрэнгүй лавлагаагаар тогтоогдож байна. /х.х-ийн 44-46 хуудас/

Хариуцагч А.Г ХХК гэрээний хүүд нийт 4,834,659 төгрөг шилжүүлсэн болох нь дансны хуулгаар /х.х-ийн 69-77 хуудас/, гэрээний үнэд тооцож приус автомашиныг 17,000,000 төгрөгт шилжүүлж авсан талаар хэргийн зохигчид маргаагүй байна.

Иймд хариуцагчаас гэрээний үүрэгт 34,000,000 /50,000,000-17,000,000/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч А.Г ХХК-иас 34,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Б-нд олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 413,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Г ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 327,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ