Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/339

 

 

 

 

 

 

 

   2024       10        16                                        2024/ШЦТ/339

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Г.Ганзориг,

улсын яллагч М.Мөнхтайван,

шүүгдэгч А.Л, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Х овгийн А Л-д холбогдох эрүүгийн ххххххххххххх дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Т аймгийн Б суманд ххх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт Т аймгийн Б сумын ....... багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын ...-ний өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар 480,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 1 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан гэх, бие эрүүл, ... дугаарын регистртэй, Х овгийн А Л

 

Холбогдсон хэргийн талаар

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэгт  холбогджээ.

 

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт

Шүүгдэгч А.Л:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаар хүсэлтээ өгсөн... гэж мэдүүлжээ.

 

Үйл баримтын талаар: 

Эрүүгийн ххххххххххххх дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч А.Лы Т аймгийн З сумын ... багийн нутаг дэвсгэрт 2024 оны 7 дугаар сарын 31-ний өөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар ....... улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Toyota aqua маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

Үүнд: Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 21 цаг 30 минутад хүлээн авсан “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл... /хх-ийн 4 дүгээр хуудас/, эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай /хх-ийн 21, 41 дүгээр хуудас/, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 21, 41 дүгээр хуудас/, тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 22, 42 дугаар хуудас/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23 дугаар хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хаан банкинд төлбөр тушаасан баримт /хх-ийн 26 дугаар хуудас/, 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Ш.Ж-ны гаргасан хүсэлт /хх-ийн 27 дугаар хуудас/, эрх бүхий албан тушаалтны 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн “Зөрчлийн хэрэг нээх тухай” тогтоол /хх-ийн 40 дүгээр хуудас/, зөрчлийн талаарх бүртгэл /хх-ийн 48-49 дүгээр хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны  өдрийн №008824... дугаартай “”шийтгэлийн хуудас” /хх-ийн 50 дугаар хуудас/, 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Хаан банкинд төлбөр тушаасан баримт /хх-ийн 51 дүгээр хуудас/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 52 дугаар хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн №... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 56-59 дүгээр хуудас/, Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №... дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 60-62 дугаар хуудас/,

гэрч А.Лы:

...Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой 18 цагийн М, Б нарын хамтаар Төв аймгийн Зуунмод сумын нутаг ..... нутаг дэвсгэр дээр Хундьей Портер маркийн ............ улсын дугаар тээврийн хэрэгсэл дотор 2 шил 0,75 граммын Экс нэртэй архи уусан. Архи дуусаад бид гурав Э руу ахын найз дээр очих замдаа Акуа маркийн тээврийн хэрэгсэл мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Тэгээд цагдаа нар ирээд хэмжилт хийсэн. Би мэднэ. 2023 оны 11 дүгээр сард Төв аймаг Зуунмод сумын нутаг дэвсгэрт согтуу тээврийн хэрэгсэл жолоодож байгаад эрхээ хасуулсан юм. Миний биед учирсан гэмтэл байхгүй болно. Би архи согтууруулах ундаа хэмжигч драгер багаж үлээсэн. 3.45 хувьтай гарсан юм. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 6 дугаар хуудас/,

Гэрч Ш.Ж-ны ...Би өмгөөлөгчгүй мэдүүлэг өгнө. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой 19 цагийн үед би хүү болох Х-ний эзэмшлийн ........ улсын дугаартай Тоёота Акуа маркийн тээврийн хэрэгсэлтэй Төв аймгийн Зуунмод сумын ........ баг ажлын хувцасны хувцас үйлдвэрийн ... давхар байрны ертөнцийн зүгээр урд талын туслах зам руу орох гээд эргэж байтал гэнэт цагаан өнгийн Портер маркийн машин гэнэт урдуур ороод машины зүүн урд талаас авхуулаад баруун тал хүртэл шүргэж зогссон. Буугаад хартал миний унаж явсан Акуа маркийн машины урд хэсэг нэлэнхүүдээ гэмтэж газарт унасан байсан. Портероос 2-3 залуу бууж ирж байсан. Тэгээд даатгал гэж нэлээн удаж байгаад манай хүү Х цагдаа дуудсан санагдаж байна. Би ганцаараа жолоо бариад явж байсан ба хамгаалах бүс зүүсэн байсан. Миний биед гэмтэл учраагүй тул шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Үүлэрхэг, цас бороогүй, шуургагүй байсан. Халтиргаа гулгаагүй асфальтан зам байсан. Үзэгдэх орчин хэвийн байсан. Би эргэлт хийж байсан болохоор 10-15 км цагийн хурдтай явж байсан. Хэр хурдтай явж байсныг санахгүй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 8 дугаар хуудас/,

Сүлд үнэлгээ ХХК-ийн 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн №7... дугаартай тайлан /хх-ийн 13-18 дугаар хуудас/,

Яллагдагч Б.Лы ...Би 2024 оны 07 дугаар сарын 31-ний орой Төв аймгийн Зуунмод сумын нутаг .....нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тоёота акуа маркийн тээврийн хэрэгслийн араас мөргөж, цагдаа нарт баригдсан юм. Би уг мөргөсөн гэх тээврийн хэрэгслийн жолооч Ш.Ж-ны хохирол мөнгийг бүрэн барагдуулсан юм. Би драгер багаж үлээхэд 3,45 хувьтай байсан юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй, хориглосон талаараа хуульчилсан байдаг гэдгийг мэднэ. Хууль дүрэм зөрчсөндөө харамсаж байна. Би 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилээр хасуулсан юм. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 38 дугаар хуудас/,

Холбогдогч А.Лы ...Би 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймаг Зуунмод сум ........ баг .......-д айлд 2 найзын хамт 1 шил 0,75 литрийн Экс гэдэг нэртэй архи хувааж уусан. Тэгээд 6-р баг Э орох гээд найзын машин болох “Toyota Prius-20” маркийн .............. дугаарын тээврийн хэрэгслээ жолоодоод явж байтал цагдаа зогсоож шалгасан. Би 5-р баг ..........-с 6-р баг хүртэл 2 км гаран газар авто машиныг жолоодсон. Энэ “Toyota Prius-20” маркийн ........ дугаарын тээврийн хэрэгсэл манай найз Б гэдэг хүний машин байгаа юм. Би өдөр Баянцагаан сумаас аймаг орж  хүнтэй уулзаад ирье гээд гуйгаад авсан юм. Хүчинтэй байгаа. В ангилалтай. Урьд нь эрхээ хасуулаад үнэмлэхээ аваагүй байсан юм. Би үлээгээд 1.96% гарсан. Миний буруу. Би гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Надад Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3.1-д зааснаар зөрчлийн арга хэмжээ авахад татгалзах зүйл байхгүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй... /хх-ийн 43 дугаар хуудас/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бичгийн нотлох баримтууд болно.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч А.Л болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд шүүгдэгч нь анхнаасаа үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар өгсөн мэдүүлэг, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт зэргийг үндэслэн хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч, хохирогчид танилцуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шилжүүлжээ.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр саналтай ирүүлсэн хэргийг хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хугацааны дотор ял оногдуулах шүүх хуралдааныг зарлан шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан 5 нөхцөл байдлуудыг хянаж үзэхэд дээрх нөхцөл байдлуудыг аль нэг нь хангагдаагүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул шүүгдэгч А.Л-ыг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохих зүйл, заалтуудыг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх тухай шийдвэр гаргах боломжтой гэж дүгнэлээ.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч М.Мөнхтайван:

...Шүүгдэгч А.Л нь Төв аймгийн Зуунмод сумын ........ багийн нутаг дэвсгэрт 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан зщпээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа осол гаргасан нөхцөл байдал тогтоогдсон. Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн  шинжийг хангаж байх тул дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Шүүгдэгч А.Л нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан зщпээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Toyota Aqua маркийн ...... улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэргийн үйлдсэн. Шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй байгаа учраас прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээж авсан. Прокурорын саналыг дэмжиж оролцож байна... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.Л:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч А.Л болон түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нар маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч А.Л нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл,  гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Л болон түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг хэдий ч дээрх дөрвөн нөхцөлүүдийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг хүлээн зөвшөөрдөггүй болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”... гэж тус тус хуульчилсан.

 

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.

 

Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн бүлгийн гэмт хэргүүдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  нь ...Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн... нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчлан тогтоосон байна.

 

Хуулийн энэхүү зохицуулалтаар ...тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэргийг хэлбэрийн шинжтэй байхыг шаардсан бөгөөд Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хэм хэмжээг зөрчин тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэн тээврийн хэрэгсэл жолоодсоноор төгсдөг, хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм.

 

Тодруулбал, шүүгдэгч А.Л урьд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нь өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч А.Лд тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч А.Л нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон байна.

 

Шүүх хавтас хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, үнэлгээний тайлан зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч А.Лы тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй атлаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ гэрч Ш.Ж-ны тээврийн хэрэгсэлд 3.785.000 /гурван сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийн хохирол учруулсан байна. 

 

Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч А.Л гэмт хэрэг үйлдэх явцдаа учруулсан 3.785.000 /гурван сая долоон зуун наян таван мянга/ төгрөгийн хохирлоо нөхөн төлсөн бөгөөд гэрч Ш.Ж гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан тэдний мэдүүлгээр тогтоогдож байна гэж үзэв.

  

   Жич: Мөрдөгч прокуророос шүүгдэгч А.Л-д холбогдох эрүүгийн хэрэгт гэрч Ш.Ж-ыг иргэний нэхэмжлэгчээр тогтоох ёстой байтал тогтоогоогүй ирүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил бөгөөд шүүхээс эд хөрөнгийн хохирол хүлээсэн иргэний нэхэмжлэгчээр тогтоогдвол зохих этгээд болох Ш.Ж нь хохиролгүй болсон, гомдол саналгүй гэсэн тул хэргийг буцаах шаардлагагүй гэж үзсэн.

 

Иймд шүүгдэгч А.Л энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж байгаа болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд

Улсын яллагч М.Мөнхтайван:

...Шүүгдэгч А.Л нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээн зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялаас хасуулж, түүний нийт эдлэх ялыг 292 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын саналыг гаргаж байна. Хэрэгт хураагдан ирсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн:

...Шүүгдэгч А.Л нь 2024 оны 7 дугаар сарын 31-ний тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан зщпээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн Toyota Aqua маркийн ....... улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэргийн үйлдсэн. Шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй байгаа учраас прокурорт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хүлээж авсан. Прокурорын саналыг дэмжиж оролцож байна ... гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч А.Л:

...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна... гэсэн дүгнэлт, мэдүүлгийг тус тус гаргадаг.

 

Тухайн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван долдугаар бүлэгт заасан “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” явуулж, гэм буруу, хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэл тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус тогтоох шаардлагагүй, зөвхөн прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзсэн.

 

Шүүгдэгч А.Л-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Улмаар шүүх шүүгдэгч А.Л-д оногдуулсан гурван зуу цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагийн хугацаагаар тогтоож, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй.

 

Шүүхээс шүүгдэгч А.Л-д нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

 

түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн ххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Л энэ хэрэгтээ шүүхийн шатанд 1 /нэг/ хоног цагдан хоригдсоныг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг

        хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4., 36.1., 36.2., 36.6., 36.7.,

               36.8., 36.10, 36.12., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2

                       дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг

                                  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  Х овгийн А Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Шүүгдэгч Х овгийн А Л-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн А Л-д шүүхээс оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, ялыг Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн А Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Х овгийн А Л-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн А Л-ы шүүхийн шатанд цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлаар тооцож, эдлэх ялаас хассугай.

 

7. Эрүүгийн ххххххххххххх дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч А.Л энэ хэрэгтээ 1 /нэг/ хоног цагдан хоригдсонг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Х овгийн А Л-д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.

 

9. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х овгийн А Л-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

10. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Х овгийн А Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН