| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 320/2025/01469/И |
| Дугаар | 001/ХТ2026/00130 |
| Огноо | 2026-05-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2026 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 001/ХТ2026/00130
“Х” ТӨХХК-ийн
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, танхимын тэргүүн Н.Баярмаа, шүүгч Н.Батчимэг, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 320/ШШ2026/00077 дугаар шийдвэр,
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 225/МА2026/00007 дугаар магадлалтай
“Х” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани цаашид /цаашид ТӨХХК гэх/-ийн нэхэмжлэлтэй,
“Г“ хязгаарлагдмал хариуцлагатай компани /цаашид ХХК гэх/, Б.С, С.З нарт холбогдох
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Х” ТӨХХК нь хариуцагч “Г“ ХХК, Б.С, С.З нарт холбогдуулан үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2.Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 320/ШШ2026/00077 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 75 дугаар зүйл 75.2.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч “Г” ХХК болон Б.С, С.З нарт холбогдох үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч “Х” ТӨХХК-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 225/МА2026/00007 дугаар магадлалаар: Нэхэмжлэгч “Х” ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.С-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 320/ШШ2026/00077 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх маргаан бүхий харилцаанд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа хамаарна гэж дүгнэсэн. Монгол Улсын Засгийн газрын Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба байгуулах, орон тооны хязгаарыг батлах тухай 2020.01.08-ны өдрийн 16 дугаар тогтоолоор Тариаланг дэмжих сангийн санхүүгийн бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлага болон Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу Хөдөө аж ахуйг дэмжих санд шилжүүлэхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт даалгасан. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдын 2020.04.24-ний өдрийн А-134 дугаартай тушаалаар Мал хамгаалах сангаас шилжүүлсэн 2,570,217,940.60 төгрөгийн үндсэн хөрөнгө, 32,515,542,001.20 төгрөгийн авлага 13,187,211,927.15 төгрөгийн өр төлбөр, Мал хамгаалан сангаас Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Хөтөлбөр арга хэмжээний тайланд бүртгэлтэй 2 дугаар хавсралтад заасан 22,083,418 төгрөгийн авлагыг тус тус Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлсэн.
Монгол Улсын Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгасантай холбогдуулсан тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон “Х” ТӨХХК-д бүрэн шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Төрийн өмчит бодлого зохицуулалтын газарт тус тус даалгасан байдаг. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг байгуулж, Тариаланг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өглөг, авлагыг Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад, 2023.10.20-нд Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаж, “Х” ТӨХХК-д балансаас балансад шилжүүлэхээр тус тус шийдвэрлэж, “Х” ТӨХХК-д улсын бүртгэлийн гэрчилгээг дахин олгосон байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2-т энэ хуульд өөрөөр заагаагүй бол дараах тохиолдолд хөөн хэлэлцэх тусгай хугацаа үйлчилнэ: 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж хуульчлан зохицуулсан. Харин хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмыг Иргэний хуулийн 72, 76 дугаар зүйл, заалтаар зохицуулсан ба хуулийн 72.1-д хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, 76.1-д шаардах эрх үүссэн үеэс тоолно гэж тус тус заасан.
Хариуцагч “Г” ХХК-тай 2015.07.01-ний өдөр ЭМААХДХ-ГАА/-2015/09 дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд: гэрээний үүрэг гүйцэтгэх хугацаа нь 2020.07.01-ний өдөр дуусгавар болохоор байх ба хөөн хэлэлцэх хугацаа нь 2023.07.01-ний өдөр дуусахаар байна. Гэвч уг хугацаанаас өмнө Засгийн газрын тогтоол гарсан байх тул энэ үеэс Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын алба, түүнчлэн “Х” ТӨХХК-д Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д зааснаар шаардах эрх үүссэн гэж үзнэ. Тодруулбал, нэхэмжлэгч “Х” ТӨХХК нь хөөн хэлэлцэх хугацааны дотор гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэх үндэслэлтэй юм. Мөн Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг маргаантай ижил төрлийн маргааныг 2026.02.04-ний өдрийн 208/МА2026/00009 дүгээр магадлалаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтоосон болно. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026.01.13-ны өдрийн 320/ШШ2026/00077 дугаар шийдвэр, Хөвсгөл аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026.03.18-ны 225/МА2026/00007 дугаар магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
5.Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2026.05.01-ний өдрийн 001/ШХТ2026/00581 дүгээр тогтоолоор нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.
ХЯНАВАЛ:
6.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
7.Нэхэмжлэгч “Х” ТӨХХК нь хариуцагч “Г“ ХХК, Б.С, С.З нарт холбогдуулан үндсэн зээл 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “... Хөдөө аж ахуйг дэмжих сан нь Монгол Улсын Засгийн газрын 2023.07.05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор татан буугдаж, өр авлагыг нь тус корпораци эрх залгамжилж авсан. Х нь газар тариалан, мал аж ахуй үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Г” ХХК нь сангийн дэмжлэгт хамрагдаж, 2015.07.01-ний өдрийн “ЭМААХДХ”-ГАА/2015/09 дугаартай зээлийн гэрээгээр 15,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай авсан бөгөөд энэ зээл нь жилийн 3,6 хувийн хүүтэй буюу хүү 1,620,000 төгрөг болох ба зээлдэгч нь үндсэн зээл 15,000,000 төгрөг, нийт 16,620,000 төгрөг төлөх үүргийг хүлээсэн. Мөн өдөр байгуулсан “ЭМААХДХ”-ГАА/2015/09 дугаартай барьцааны гэрээгээр хариуцагч Б.С, С.З нарын нэр дээрх Хөвсгөл аймгийн *** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаартай, 80 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн тоотод байрлах *** гэрчилгээний дугаартай, 1045.4 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг барьцаанд тавьсан. Хариуцагч нь төлбөрөө гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар анз нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 8,310,000 төгрөг болсон. Иймд зээлийн гэрээний үүрэгт 16,620,000 төгрөг, алданги 8,310,000 төгрөг, нийт 24,930,000 төгрөгийг “Г” ХХК-аас гаргуулна. Хариуцагч Б.С, С.З нарын хувийн сууц болон гэр бүлийн хэрэгцээний газар зэрэг барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийн хангуулна” гэжээ.
Хариуцагч “Г“ ХХК-ийн төлөөлөгч Д.Б нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч, маргахдаа “...би 2016 онд их сургуулийг малын эмч мэргэжлээр төгсөж ирээд “Г” ХХК-ийг түүний захирал Б.С-гаас худалдан авсан. Тухайн үед энэ компанийг надад худалдахдаа өр зээлтэй талаараа хэлээгүй. Түүнээс хойш би мал эмнэлгийн үйл ажиллагаа эрхлээд ажиллаж байна. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан“ гэжээ.
Хариуцагч Б.С, С.З нар нь “... Б.С нь “Г” ХХК-ийн захирал байхдаа 2015.07.01-ний өдөр Үйлдвэр Хөдөө аж ахуйн яамны Мал хамгаалах сангаас 5 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг жилийн 3,6 хувийн хүүтэй зээлж авсан ба барьцаанд Б.С, С.З нарын нэр дээрх 80 м.кв талбай бүхий хувийн сууц, гэр бүлийн хэрэгцээний газруудыг барьцаалсан. Зээлийг гахай үржүүлэх чиглэлээр авсан ч шаардлага хангахгүй цөөхөн хэдэн гахай авснаас гахай үржүүлэх ажиллагааг эрхэлж чадаагүйгээс зээлийн төлөлтийг төлөх боломжгүй болсон. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж зааснаар 2020.06.01-ний өдрөөс шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа эхэлсэн. 2023.06.01-ний өдрийг хүртэлх хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Энэ хугацаанд хариуцагч нарт мэдэгдсэн зүйл байгаагүй. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс хойш буюу 2 жил 9 сарын дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон, шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.
8.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ “... нэхэмжлэгч нь “Мал хамгаалах сан”-аас олгосон зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардахаар нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Зээлийн болон барьцааны гэрээнүүдийн хүчин төгөлдөр байдлын талаар болон “Г” ХХК нь зээлийн төлөлт огт хийгээгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон талаар талууд маргаагүй. Харин талууд хөөн хэлэлцэх хугацааны тухайд маргасан. Хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд хугацааг сэргээх эрх зүйн боломжтой ба хүндэтгэн үзэх шалтгаан гэдэг нь эрхээ зөрчигдсөн гэж үзэж, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар эрх бүхий байгууллагад гомдол, нэхэмжлэл гаргах этгээд нь өөрөөс нь үл хамаарах буюу өөр бусад аргаар шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг ойлгоно. Тухайлбал, өөрөө өвчтэй, эмчилгээ хийлгэж байгаа, өвчтөн асарсан нөхцөл буюу энэ байдал нь гомдол гаргах боломжгүй байдлыг бий болгосон байх, эсхүл гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан, онцгой нөхцөл байдал үүссэн буюу зорчих боломжгүй нөхцөл үүссэн зэрэг нь өөрөөс нь үл хамаарах шинжтэй нөхцөл байдлуудыг харгалзан үзэхийн зэрэгцээ энэ нь холбогдох баримтуудаар нотлогдсон байхыг шаарддаг. Гэтэл нэхэмжлэгч байгууллага нь татан буугдаж, авлага, өр төлбөр нь өөр хуулийн этгээдэд шилжиж байгаа үйл явцыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй бөгөөд төрийн үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэх шинжтэй байна. Мөн уг маргааны үндсэн шаардлага нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан гэрээний харилцаа бөгөөд үүнээс үүдэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т заасантай нийцэхгүй. Нэхэмжлэгчийн шаардах эрх 2020.07.01-ний өдрөөс эхэлж, 2023.07.01-ний өдөр дууссанаас хойш 2 жил, 2 сар, 24 хоногийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд дээрх хугацаанд нэхэмжлэгч нь шаардах эрхээ хэрэгжүүлж хариуцагчаас зээлийн гэрээний үүргийг шаардсан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй” гэсэн агуулгатай дүгнэлт хийсэн.
9.Давж заалдах шатны шүүх “...анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна. Гэтэл нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2025.09.24-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх ба Иргэний хуулийн 78, 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна” гэж дүгнэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон байна.
10.Анхан болон давж заалдах шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2-т заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлж, гомдлыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
11.Хэргийн баримтаас үзэхэд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны “Мал хамгаалах сан” болон “Г” ХХК-ийн захирал Б.С нарын хооронд 2015.07.01-ний өдөр “Гахай үржүүлэгч аж ахуйг өргөтгөх төсөл”-ийг хэрэгжүүлэхэд дэмжлэг болгон 15,000,000 төгрөгийн зээлийг жилийн 3,6 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, зээлийг 2016-2020 оны хооронд хэсэгчлэн төлж дуусгах, хуваарьт төлбөрийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй үүргийн гүйцэтгэлийн үнийн дүнгийн 0.5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулагдсан. Түүнчлэн мөн өдрөө хариуцагч Б.С, С.З нарын нэр дээрх Хөвсгөл аймгийн *** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаартай, 80 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн тоотод байрлах *** гэрчилгээний дугаартай, 1045.4 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газрыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээ хийгджээ.
12.Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал болон зээл олгогдсон, зээлийн эргэн төлөлт хийгдээгүй үйл баримтын талаар зөв дүгнэсэн. Түүнчлэн нэхэмжлэгчийг нэхэмжлэл гаргах этгээд гэж үзсэн нь үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хяналтын шатны шүүх залруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангана.
13.Нэхэмжлэгч тал буюу тухайн үеийн нэрээр “Мал хамгаалах сан” нь гэрээний дагуу 2015.07.10-ны өдөр 15,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч буюу “Г” ХХК-д зээлийг буцаан төлөх үүрэг үүссэн. Улмаар нэхэмжлэгчийн шаардах эрх 2020.07.10-ны өдрөөс эхэлж, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар 2023.07.10-ны өдөр дууссан байна.
14.Нэхэмжлэгч нь 2025.03.10-ны өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байх бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх энэ хугацааг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг өнгөрсөн талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэгчийн энэ хугацааг сэргээлгэх тухай үндэслэлд хуулийг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүй байна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т “Шүүх, арбитр хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснийг хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзвэл уг хугацааг сэргээж, зөрчигдсөн эрхийг хамгаалж болно” гэсэн зохицуулалтын дагуу зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол, нэхэмжлэл гаргахад хөөн хэлэлцэх хугацаагаа хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд уг хугацааг сэргээх эрх зүйн боломжтой.
15.Хариуцагч “Г” ХХК-ийн Мал хамгаалах сангаас 15,000,000 төгрөгийн зээл авах үед 2006 онд батлагдсан Засгийн газрын тусгай сангийн тухай хууль үйлчилж байсан байх бөгөөд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.8-д зааснаар “Мал хамгаалах сан” нь тусгай сангийн нэг төрөл, мөн хуулийн 23 дугаар зүйлээр энэ сангийн хөрөнгийг ямар арга хэмжээд зарцуулах зориулалтыг тусгайлан тодорхойлсон байна. Улмаар тусгай сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэр гаргах харилцааг уг хуулийн 26 дугаар зүйлд заасан. Энэ хууль нь 2019.11.13-ны өдрийн хуулиар хүчингүй болж, 2020.01.01-ний өдрөөс эхлэн үйлчлэл нь зогссон ба мөн өдрийн хуулиар Засгийн газрын тусгай сангийн тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдаж, одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
16.Нэхэмжлэгч тал нь “...улсад хохирол учирч байгаа, шударга ёсны зарчимд нийцэхгүй, ... асуудал олон байгууллага дамжсан, ...Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг сэргээх боломжтой” гэсэн үндэслэлээр тайлбар гарган, мэтгэлцсэн нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
17.Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдах үед үйлчилж байсан хуулийн зохицуулалтаар “Мал хамгаалах сан”-аас олгосон зээл бөгөөд тухайн сан нь Засгийн газрын тусгай сан учраас энэ зээлийн хөрөнгө нь нийтийн өмчид хамаарна. Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.4-т заасан “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг хуульд нэрлэн тодорхойлоогүй хэдий ч шүүх маргааны үйл баримт, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хөөн хэлэлцэх хугацааг сэргээж болно.
18.Хариуцагч “Г” ХХК-д Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны “Мал хамгаалах сан” зээл олгосон байх бөгөөд Засгийн газрын 2020.01.08-ны өдрийн 16 дугаар тогтоолоос үзэхэд Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд шилжүүлсэн хөрөнгө, өглөг, авлагыг холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу “Хөдөө аж ахуйг дэмжих сан”-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
19.Дээрх тогтоолын дагуу гарсан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Хөдөө аж ахуйг дэмжих санд хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” 2020.04.24-ний өдрийн А-134 дугаартай тушаалын 2 дахь заалтад “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн 2019.12.31-ний санхүүгийн тайлан дахь Мал хамгаалах сангаас шилжүүлсэн нийт 2,570,217,944.60 төгрөгийн үндсэн хөрөнгө, 32,515,542,011.20 төгрөгийн авлага, 13,187,211,927.15 төгрөгийн өр төлбөр, Мал хамгаалах сангаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Хөтөлбөр арга хэмжээний тайланд бүртгэлтэй 2 дугаар хавсралтад заасан 22,700,000 төгрөгийн үнэ бүхий бараа материал, 22,083,418 төгрөгийн авлагыг тус тус Хөдөө аж ахуйг дэмжих санд балансаас балансад шилжүүлэхээр тус сангийн ажлын албанд даалгасан.
20.Харин Монгол Улсын Засгийн газрын “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгах тухай” 2023.07.05-ны өдрийн 269 дугаартай тогтоолоор дээрх Хөдөө аж ахуйг дэмжих сангийн ажлын албыг татан буулгаж, тус сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хөрөнгө, өр төлбөр, авлагыг энэ тогтоол батлагдсан өдрөөр тасалбар болгон "Х" төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанид бүрэн шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.
21.Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Авлага, өр төлбөр балансаас балансад шилжүүлэх тухай” 2023.10.20-ны өдрийн А/553 дугаар тушаалын 2 дахь заалтад “Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн тайланд бүртгэлтэй хугацаа хэтэрсэн өр, авлагыг ангилж, улсын төсөвт төлөх өр төлбөрийг 2024 онд багтаан төлж барагдуулах арга хэмжээ авахыг “Х” ТӨХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд даалгажээ.
22.Дээрх дурдсанаар анх зээл олгосон сангийн үйл ажиллагаа Засгийн газрын шийдвэрээр хэд хэдэн санд дамжин шилжсэн, зарим сангуудыг нэгтгэсэн, хамгийн сүүлд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын “Авлага, өр төлбөр балансаас балансад шилжүүлэх тухай” тушаалаар өр авлагыг ангилж, улсын төсөвт төлөх өр төлбөрийг барагдуулах ажлыг эхлүүлэхийг үүрэг болгосон шийдвэр гаргасан үйл баримтыг харьцуулан үнэлсний үндсэн дээр нэхэмжлэгчийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэлтэй гэж дүгнэлээ. Тухайлбал, хэдийгээр төрийн үйл ажиллагаа тасралтгүй, залгамж холбоотой үргэлжлэх учиртай боловч асуудал хариуцсан байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанаас хамааралтайгаар тусгай сангаас олгосон хөнгөлөлттэй зээлийг зээлдэгч нараас буцаан шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцэхгүй.
Нөгөөтээгүүр, хариуцагч нар нь тусгай сангаас 15,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд, жилийн 3,6 хувийн хүү буюу нэг жилд зөвхөн 1,620,000 төгрөгийн хүү төлөх, нийт 16,620,000 төгрөгийг 5 жилийн хугацаанд төлөх үүргийг хүлээж, онцгой хөнгөлөлттэй нөхцөлөөр зээл авсан атлаа өнөөдрийг хүртэл ямар нэгэн эргэн төлөлт хийгээгүй, улмаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байгааг бизнес эрхлэгчийн ёс зүй болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д заасан “үүргийг зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх” үүргийн эрх зүйн зарчимд харш болохыг дурдах нь зүйтэй.
Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 225/МА2026/00007 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 320/ШШ2026/00077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4-т зааснаар нэхэмжлэгч “Х” ТӨХХК-ийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг сэргээж, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч “Г” ХХК-аас нийт 24,930,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х” ТӨХХК-д олгосугай” гэж,
2, 3 дахь заалтын дугаарлалтыг “3, 4” гэж дугаарлан, 2 гэсэн заалт нэмж, 2 дахь заалтыг “Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч “Г” ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Б.С, С.З нарын нэр дээрх Хөвсгөл аймгийн *** тоотод байрлах улсын бүртгэлийн *** дугаартай, 80 м.кв талбай бүхий хувийн сууц болон мөн тоотод байрлах *** гэрчилгээний дугаартай, 1045.4 м.кв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газраас үүргийн гүйцэтгэл хангахыг Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,
3 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “Х” ТӨХХК-ийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч “Г” ХХК-аас 282,600 төгрөг гаргуулж, улсын орлогод оруулсугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
2.Нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Н.БАЯРМАА
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
Д.ЦОЛМОН
Х.ЭРДЭНЭСУВД