Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 121/ШШ2022/0058

 

 

      

2022 оны 07 сарын 19-ний өдөр           Дугаар 121/ШШ2022/0058                                    Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн Б дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Нэхэмжлэгч: Т овогт Ш-ийн Н,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: И овогт Н-ын А,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: С.А нарын хооронд үүссэн иргэний бүртгэлийн маргааныг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ш.Н нь Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан “Төрсний бүртгэлд өөрчлөлт оруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.                             2. Нэхэмжлэгч Ш.Н шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “...Миний 2 дахь охин А нь 2007 оны 12 дугаар сарын 24-нд охин Бг төрүүлсэн. Ингээд охин минь хүүхдээ 3 сартай байхад нь бидэнд үлдээгээд ажил хийхээр хот руу явсан, сүүлд буюу 2008 онд бид албан ёсоор Бг үрчлэн авч, төрсний гэрчилгээг нь өөрсдийн нэр дээр овоглож авсан. Үүнээс хойш Б нь одоог хүртэл бидний асрамжид өсөж бойжиж байна.                                                                                                                                               2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр нөхөр Ж.Н маань өвчний улмаас нас барснаар Бдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох гэтэл охин Бгийн маань төрсний бүртгэлийн лавлагаа ээж Аээр гарч ирж, үрчлэгдсэн талаарх бүртгэл Улсын бүртгэлд байхгүй болсон байх ба үрчлэгдсэний гэрчилгээг нь үрэгдүүлсэн, бидэнд байгаа нь 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр олгосон төрсний гэрчилгээ. Үүнээс өөр нотолгоогүй болж охин Бдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгож чадахгүй хохироход хүрээд байна.          Иймд охин Б нь 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ж.Н болон надад үрчлэгдсэнийг улсын бүртгэлийн ажилтан гэрчилгээ олгосон боловч хүүхэд Бгийн төрсний бүртгэлд өөрчлөлтийг хийж баталгаажуулаагүй, хариуцлагагүй буруутай үйлдлээс хүүхэд үрчлэгдсэн эцгээ нас барснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхээ алдаад байна. Охин Бгийн төрөлт үрчлэлттэй холбогдох асуудлын талаар улсын бүртгэлийн байгууллагад хүсэлт гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдсэн.                                                                                                                                             Иймд И овгийн Аийн Бгийн /эмэгтэй 2007-12-24 төрсөн/ эцэг нь И овгийн Н, эх нь Т овгийн Ш-ийн Н болох талаар иргэний бүртгэлд өөрчлөлт оруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү” гэжээ.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Агаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Бүрд сумын 4 дүгээр багийн иргэн Ш.Н нь “Миний охин А нь 2007 оны 12 дугаар сарын 24-ний өдөр охин Бг төрүүлсэн. Ингээд охин минь хүүхдээ 3 сартай байхад нь бидэнд үлдээгээд ажил хийхээр хот руу явсан. Сүүлд буюу 2008 онд бид албан ёсоор Бг үрчлэн авч, төрсний гэрчилгээ нь өөрсдийн нэр дээр овоглож авсан. Үүнээс хойш Б нь одоог хүртэл бидний асрамжид өсөж бойжиж байна.

1. Иргэний улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд ........ регистрийн дугаартай И овгийн Аийн Б нь нэрийн сан, төрөлт, архив лавлагааны сан хэсэгт тус тус бүртгэлтэй.

2. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг үндэслэн төрөлт бүртгэгдсэн байна.

3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Монгол улсын иргэн бүр регистрийн дугаартай байх ба уг дугаар нь төрсний, гэрлэсний, нас барсны, улсын бүртгэлийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, үндэсний гадаад паспорт, тэдгээртэй адилтгах баримт бичигт бичигдэнэ” гэж заасны дагуу дээрх иргэний төрөлтийн бүртгэл бүртгэгдсэн байна. Дараагийн бүртгэл бүртгэгдсэн байгаа нь үндэслэлгүй юм. Иргэн А.Б нь иргэний хэргийн шүүхэд хандан төрсний бүртгэлд өөрчлөлт оруулж өгнө үү” ... “Ариунболдын Бг төрөхөд нь манайд бүртгүүлсэн юм байна лээ. Тэрнээс өөрөөр нотлох баримт гэвэл архивын лавлагаа, төрөлтийн сангийн хэсэгтэй. Дараагийн бүртгэл хийгдсэн зүйл байхгүй. Үүнийг үндэслээд Бгийн төрсний бүртгэлд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд, 00000000000 дугаартай төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар дээр ........ регистрийн дугаартай, И овогтой Н-ын Бг Арвайхээр суманд төрснийг Өвөрхангай аймгийн Бүрд сумын улсын бүртгэгч Ц.М 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгосон гэжээ.

Харин 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газар улсын бүртгэлийн мэдээллийн сангаас авсан 000000000 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаагаар ........ регистрийн дугаартай И овогт А-ийн Бг эмнэлэгт төрснийг Өвөрхангай аймгийн Бүрд суманд 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэсэн гэсэн зөрүүтэй хоёр бүртгэл байна.

Нэхэмжлэгч Ш.Нгээс “Төрсний бүртгэлд өөрчлөлт оруулахыг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэслт даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “...Миний 2 дахь охин А нь 2007 оны 12 дугаар сарын 24-нд охин Бг төрүүлсэн. Ингээд охин минь хүүхдээ 3 сартай байхад нь бидэнд үлдээгээд ажил хийхээр хот руу явсан, сүүлд буюу 2008 онд бид албан ёсоор Бг үрчлэн авч, төрсний гэрчилгээг нь өөрсдийн нэр дээр овоглож авсан. Үүнээс хойш Б нь одоог хүртэл бидний асрамжид өсөж бойжиж байна ... Б нь 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Ж.Н болон надад үрчлэгдсэнийг улсын бүртгэлийн ажилтан гэрчилгээ олгосон боловч хүүхэд Бгийн төрсний бүртгэлд өөрчлөлтийг хийж баталгаажуулаагүй, хариуцлагагүй буруутай үйлдлээс хүүхэд үрчлэгдсэн эцгээ нас барснаар тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхээ алдаад байна...” гэж маргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “...иргэн Бд холбогдох нотлох баримт бүртгэлийг шалгахад манай иргэний бүртгэлийн цахим мэдээллийн сан болон эх нотлох баримтын архивт үрчлэлтийн бүртгэл хийгдэж байсан нь нотлогдохгүй байна. Тийм учраас энэ талаар манай байгууллагаас дур мэдэн дүгнэлт гаргах боломжгүй, шүүхээс шийдвэр гарсан тохиолдолд засварлах боломжтой ...” гэж тайлбарлаж байна.

Мөн Өвөрхангай аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн 411 тоот албан бичигт “Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд хайлт хийхэд А.Б /......../ нь үрчлэлтийн бүртгэл хийлгэж байгаа” гэжээ.

Маргаан бүхий харилцаа үүссэн гэх 2008 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүчин төгөлдөр үйлчилж байсан 1999 оны 10 дугаар сарын 14-ний өдөр батлагдсан иргэний бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Үрчлэн авагч нь хүүхдийг үрчлэн авсан тухайгаа иргэний гэр бүлийн байдлын бүртгэлд бүртгүүлнэ” 16.2-т “Үрчлэн авагч, хүүхэд үрчлэн авах тухай өргөдлөө /өргөдөлд хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн болон үрчлэн авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын хаяг, шаардлагатай бол аль улсын харьяат болохыг дурдсан байна/ хүүхдийн оршин сууж байгаа буюу урьд оршин сууж байсан газрын сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтанд гаргах бөгөөд өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана” 16.6-д “Иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба, сум, дүүргийн Засаг даргын тамгын газар, дипломат төлөөлөгчийн болон консулын газар энэ хуулийн 16.2, 16.5-д заасан баримт бичгийг хүлээн авч хүүхэд үрчилсэн тухай бүртгэж, төрсний гэрчилгээг шинээр бичиж, үрчлэн авсан эцэг, эхэд олгоно. Хүүхдээ үрчлүүлсэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид хүүхэд үрчлүүлсний гэрчилгээ олгоно. Хүүхэд үрчлүүлсний гэрчилгээнд дараахь зүйлийг тусгана” 16.6.1 хүүхдийн овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр, хүйс, төрсөн газар; 16.6.2.үрчилж авсан болон үрчлүүлсэн эцэг, эх, эсхүл асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн овог, эцгийн нэр, нэр; 16.6.3.үрчилсний бүртгэл үйлдсэн газрын нэр, гэрчилгээний дугаар; 16.6.4 үрчилсний бүртгэл үйлдсэн он сар, өдөр, албан тушаалтны гарын үсэг, тамга, тэмдэг гэж тус тус хуульчилжээ.

Дээрх хуулийн заалтуудаас харахад үрчлэгч иргэний хүсэлт, хавсаргасан баримтуудад үндэслэн иргэний бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний гэрчилгээг шинээр бичиж олгохоор хуульчилсан байна.

            Улсын бүртгэлийн байгууллагаас иргэн Бд олгосон төрсний бүртгэлийн гэрчилгээ дээр И овгийн Н-ын Б гэж бичилт хийсэн байгаагаас харахад дээрх хуульд заасан үрчлэлттэй холбоотой харилцаа хийгдсэн байна гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Мөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 48 дугаартай тодорхойлолтод “Тус багийн иргэн Н-ын А нь 2007 оны 12 дугаар сарын 24-нд охин Бгээ төрүүлсэн бөгөөд аав Ж.Н, ээж Ш.Н нартаа үрчлүүлж бичиг баримтаа солиулсан боловч одоогоор үрчлүүлсэн гэрчилгээгээ олохгүй байгаа болно” гэсэн байна.

            Ийнхүү иргэн Н.Бгийн эцгийн нэрийг төрсний бүртгэлийн гэрчилгээ, иргэний бүртгэлийн мэдээллийн санд зөрүүтэй бүртгэснээс шалтгаалан Монгол Улсын иргэнд хуулиар олгогдсон нийгмийн халамж үйлчилгээнд хамрагдах боломж нөхцөл хязгаарлагдаж, иргэний хувьд баталгаатай эдлэх эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн нөхцөл байдал бий болжээ.

Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Улсын бүртгэгч шүүхийн шийдвэр, эсхүл хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн энэ хуулийн дагуу иргэний улсын бүртгэлийн мэдээлэлд нэмэлт, өөрчлөлт оруулж болно” гэж заасан.   

Хэрэгт авагдсан баримтууд, төрсний бүртгэлийн гэрчилгээ, нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зориг зэргийг харгалзан түүний овог нэрийг төрсний бүртгэлийн мэдээллийн И овгийн Н-ын Б гэж өөрчлөн бүртгэх нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална: 4.1.4-т үнэн зөв, бодитой,...байх, 4.1.6-д иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж,...” гэж заасан зарчимд нийцэхээр байх бөгөөд энэ нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүй гэж шүүхээс дүгнэж байна.

   Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан дахь Н.Бгийн төрсний бүртгэлд И овгийн Н-ын Б гэж залруулан бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.6, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.Нгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан дахь Н.Бгийн төрсний бүртгэлд И овгийн Н-ын Б гэж залруулан бүртгэхийг Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2 дугаарт  тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд тушаасан 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй. 

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                  Ц.НЭРГҮЙ